Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/922

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шүүгч Б.Булгантамир даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жавхлантөгс, Улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ, шүүгдэгч Т.А нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар тус дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308000001177 дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, механикч мэргэжилтэй, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт оршин суух,

урьд, Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 62 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 320 цагийн албадан ажил хийлгэх ял шийтгэгдсэн,

Ө овогт Тын А

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.А нь 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр С гэртээ эхнэр болох хохирогч Н.Н-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний толгойн тус газар нь цохиж, духанд нь зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал зүүн бугалга, тохойд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл), хохирогч Н.Нын мэдүүлэг (хавтаст хэргийн 8-10, 31 дэх тал), гэрч С.Уранчимэгийн мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал), Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 7394 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 17-18 дахь тал), Аюулын зэргийн үнэлгээ хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 54-58 дахь тал), Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 59-65 дахь тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулснаар гэмт хэргийн үндсэн шинж хангагдана. Харин дээрх гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэнээр тус гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдалд тооцогддог болно.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэх хүндрүүлэх шинжийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.

Тухайлбал, Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 23 дугаар зүйлийн 1-д “Гэр бүл бол нийгмийн жам ёсны үндсэн нэгж бөгөөд нийгэм, төрөөр хамгаалуулах эрхтэй.” гэж тунхагласан бөгөөд Монгол Улс 1974 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр соёрхон баталснаар гэр бүлийн харилцаа, хүчирхийллэлийг төр хамгаалах үүрэг хүлээжээ.

Нотлох баримтаар тогтоогдсон шүүгдэгч Т.Аийн эхнэр Н.Нын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Т.А нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн бөгөөд түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч Н.Нын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ илэрхийлсэн (хавтаст хэргийн 85 дахь тал) байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчийн санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар улсын яллагчийн саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Т.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр ял шийтгэж, түүнд оногдуулсан торгуулийг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Гурав. Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Т.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ө овогт Тын Аийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Шүүгдэгч Т.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 700,000 төгрөгийн торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Т.Ад сануулсугай.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.БУЛГАНТАМИР