Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 00216

 

2020 оны 04 сарын 06 өдөр Дугаар 153/ШШ2020/00216 Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                   

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

нэхэмжлэгч:  Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио багт оршин суух, Авгас овогт Б-н Дн //-ийн нэхэмжлэлтэй, хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Оыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 153/2020/00222/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хосбаяр нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Дн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хосбаяр нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио багийн нутаг дэвсгэрт Б.Дн нь өөрийнхөө эзэмшлийн 88-89 ХОА улсын дугаартай пургон маркийн тээврийн хэрэгслээ жолоодон замын хөдөлгөөнд оролцож явтал Э.О 10-48 УНЗ улсын дугаартай Приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9, 12.3 дахь хэсгүүдэд заасныг зөрчсөний улмаас Б.Днгийн тээврийн хэрэгслийг мөргөж онхолдуулсан. Тухайн үед Цагдаагийн газарт мэдэгдэж хэргийн газрын үзлэг хийлгэсэн. Зам тээврийн ослын талаар гарсан актаар тухайн үед Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг Б.Дн зөрчөөгүй Э.О зөрчсөн болох нь тогтоогдсон. Тухайн тээврийн хэрэгслийн эвдэрсэн эд ангиудад үнэлгээчнээр үнэлгээ гаргуулахад 22,965,000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон байдаг. Тухайн үед Э.О нь Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 22 дугаар хороо Тахилт, сургуулийн 1 дүгээр гудамжны 130 тоотод оршин суудаг болох нь иргэний цахим үнэмлэх болон өөрийнх нь өгсөн мэдүүлэг тайлбаруудаар тогтоогдож байсан.

Зөрчилд холбогдогч болон хохирогч нар нь тухайн үед харилцан тохиролцож хохирлыг даатгалын байгууллагаас барагдуулах талаар холбогдогч хүлээн зөвшөөрч материалаа бүрдүүлж өгсөн боловч түүнээс хойш даатгалын байгууллагаас ямар нэгэн хариу ирээгүй.

Э.Отай удаа дараа холбоо барьж хохирлоо барагдуулах талаар шаардсан боловч барагдуулна гэж явсаар байгаад өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн хохирол барагдуулаагүй байна. 2020 онд Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хохирол гаргуулах талаар нэхэмжлэл гаргахад Э.О оршин суугаа хаяг дээрээ байхгүй байгаа учраас нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шүүгчийн захирамж гаргасан. Э.Оын оршин суугаа газрыг тогтоолгох, эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байна....Цагдаагийн байгууллага шалгаад хохирлын хэмжээ эрүүгийн хэргийн шинжид хүрэлцэхгүй байгаа учраас эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн. Э.Оыг Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9, 12.3-д заасныг зөрчсөн байна гэж замын цагдаагийн байцаагчийн шийтгэврээр шийтгэсэн байдаг.... Б.Днд учирсан хохирол болох 23,000,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт Э.Оаас гаргуулахаар нэхэмжлэл гаргах гэсэн боловч хаяг нь тогтоогдохгүй байгаа учраас эрэн сурвалжлуулж байж энэ хохирлоо гаргуулах шаардлагатай байгаа....гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Дн нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Оыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Б.Дн нь Э.От холбогдуулан гэм хорын хохирол 23,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Э.Оын хаяг болох Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Тахилт сургуулийн 1 дүгээр гудамжны 130 тоот хаягаар буюу Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 184/ШЗ2020/01546 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлд дурдсан хаягт боловч оршин суудаггүй болох нь тус хорооноос ирүүлсэн албан бичгээр тогтоогдож байна буюу хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.

Нэхэмжлэгч нь Э.От холбогдуулан гэм хорын хохирол гаргуулах тухай нэхэмжлэл гаргах гэх үндэслэлээр оршин байгаа газрыг олж тогтоолгохоор түүнийг эрэн сурвалжуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Э.О нь Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Тахилт сургуулийн 1 дүгээр гудамжны 130 тоотод бүртгэлтэй боловч тус хаягтаа оршин суухгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 184/ШЗ2020/01546 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 9 дүгээр тал/

Иймд Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Тахилт сургуулийн 1 дүгээр гудамжны 130 тоотод бүртгэлтэй, ПО88032212 регистрийн дугаартай, Хулгай цувдаг овогт Эрдэнэбадрахын Оыг эрэн сурвалжилж, оршин байгаа газар, хаягийг олж тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Хулгай цувдаг овогт Эрдэнэбадрахын Оыг эрэн сурвалжилж, түүний оршин байгаа газар, хаягийг олж тогтоох ажиллагааг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгахаар тогтлоо.

Э.Оын талаарх мэдээлэл: Хулгай цувдаг овогт Эрдэнэбадрахын О нь Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Тахилт сургуулийн 1 дүгээр гудамжны 130 тоотод бүртгэлтэй, эрэгтэй, ПО88032212 регистрийн дугаартай, Жи Си Ар Монголиа ХХК-д ажилладаг гэх, утасны дугаар нь 91190322, эхнэр н.Батцэцэгийн утасны дугаар 90304043 гэх болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ПО88032212 регистрийн дугаартай, Хулгай цувдаг овогт Эрдэнэбадрахын Оыг эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар Хулгай цувдаг овогт Эрдэнэбадрахын Оыг эрэн сурвалжилж, түүний оршин байгаа газар, хаягийг олж тогтоох ажиллагааг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3.Э.Оын оршин байгаа хаягийг олж тогтоомогц нэхэмжлэгч Б.Днд нэн даруй мэдэгдэхийг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Днгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ          С.ОЮУНЖАРГАЛ