| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
| Хэргийн индекс | 128/2025/0674/З |
| Дугаар | 221/МА2025/0768 |
| Огноо | 2025-12-10 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2025/0768
Б.Т-ын нэхэмжлэлтэй захиргааны
хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа
Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Э
Нэхэмжлэгч: Б.Т-
Хариуцагч: Монголын Нотариатчидын Танхимын дэргэдэх Сахилгын зөвлөл
Нэхэмжлэлийн шаардлага: “Монголын Нотариатчидын Танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 20 дугаартай тогтоолоор нотариатч Б.Т-т ногдуулсан сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 695 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч Б.Т-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Э, Т.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн Д.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул
Хэргийн индекс: 128/2025/0674/З
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 695 дугаар шийдвэрээр Нотариатын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.1.6, 45 дугаар зүйлийн 45.2.1, 46 дугаар зүйлийн 46.5-т заасныг тус тус баримтлан “Монголын Нотариатчидын Танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 20 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч Б.Т-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хоёр. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
2.1. “...Нэхэмжлэгч Б.Т- нь "Нотариатын мэдэгдэх хуудас"-ыг бичихдээ Нотариатын тухай хуулийн төлбөр авагч "М" ХХК-ийн 2023 оны 08 дугааp сарын 03-ны өдрийн 01100/473 дугаартай албан хүсэлт, талууд гэрээний үүргээ үл маргах журмаар биелүүлэхээр харилцан тохиролцож, нотариатаар гэрчлүүлсэн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн №23/01 дугаартай "Төлбөр тооцоо нийлэх гэрээ" зэргийг үндэслэн "Нотариатын мэдэгдэх хуудас"-ыг бичиж, 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр төлбөр төлөгч "И" ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батаад гардуулсан байдаг. Нотариатчийн мэдэгдэх хуудсанд заасан хугацаанд төлбөр төлөгч нь төлбөрөө төлөөгүй учир төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд хүсэлт гаргаж, энэхүү мэдэгдэх хуудсыг албадан гүйцэтгүүлэхээр Баянгол Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 102/Ш32023/14770 захирамж гарсан байдаг.
2.2. Хавтаст хэрэгт авагдсан эдгээр нотлох баримтуудаар нэхэмжлэгч нь Нотариатын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д "Талууд үл маргах журмаар төлбөрийг төлөх, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс гаргуулахаар харилцан тохиролцож байгуулсан нотариатаар батлагдсан гэрээ, төлбөрийг нотолсон баримт бичгийг үндэслэн төлбөр төлөгчөөс мөнгө, эдийн болон эдийн бус хөрөнгийг гаргуулахаар төлбөр авагчийн хүсэлтээр нотариатч мэдэгдэх хуудас үйлдэнэ" гэснийг, мөн Нотариатын үйлдэл хийх журмын 15 дугаар зүйлийн 15.3-т "Нотариатч мэдэгдэх хуудсыг төлбөр авагчийн болон түүний төлөөлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн олгоно", 15.4-т "Талуудын хооронд төлбөрийг нотолж бичгээр хийсэн хэлцэл болон төлбөрийг үл маргах журмаар биелүүлэхээр тохиролцож нотариатаар гэрчлүүлсэн гэрээг тус тус үндэслэн нотариатч мэдэгдэх хуудас бичнэ" гэж заасныг зөрчөөгүй нь тогтоогддог.
2.3. Мөн МНТ-ын дэргэдэх Сахилгын зөвлөл нь төлбөр төлөх үүргээ биелүүлэхээс ямар нэг аргаар зайлсхийж буй нотариатын үйлчлүүлэгч бус этгээд болох "И" ХК-ийн гаргасан гомдлоор Б.Т-т холбогдуулан сахилгын хэрэг үүсгэж, шалгахдаа "Сахилгын зөвлөлийн ажиллах журам"-ын 12-р зүйлд заасан ажиллагаануудыг хийж, үйл баримтыг тал бүрээс нь бодитой хянан шалгах үүргээ гүйцэтгээгүй, мөн нотариатч Б.Т-ын бүрдүүлсэн баримт бичгийн архивын эх баримтад ч үзлэг хийгээгүй зэргээр хууль зүйн үндэслэлгүйгээр сахилгын сануулах шийтгэл ногдуулсан болох нь тогтоогддог.
2.4. Гэтэл анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн эдгээр нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлж дүгнэлгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дах хэсэгт заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй.
2.5. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах заалтыг зөрчсөн талаар:
Монголын Нотариатчидын Танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн 2025 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн 20 дугаартай тогтоолоор "нотариатч Б. Т-т сануулах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.
2.6. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагын хүрээнээс хэтэрсэн. хэргийн оролцогчийн маргаагүй асуудлаар дүгнэлт хийж хууль зөрчсөн. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ Үндэслэх хэсгийн 8 дах заалтад: "...нэхэмжлэгч нь 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 006 бүртгэлийн дугаартай нотариатын Мэдэгдэх хуудсыг үйлдэх үндэслэл болсон "М" ХХК болон "И" ХХК нарын хооронд байгуулсан 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн №23101 дугаар "Төлбөр, тооцоо нийлэх гэрээ"-г гэрчлэхдээ их хэмжээний хэлцэл гэж үзэх эсэхтэй холбоотой тус компанийн санхүүгийн үзүүлэлтийг нотлох санхүүгийн тайлан гэх мэт баримтуудыг шалган үзэж, их хэмжээний хэлцэл хийхийг зөвшөөрсөн шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл, эсхүл хувьцаа эзэмшигчдийн хурлаас гаргасан эсэхийг шалгаж тодруулах зэргээр хуулийн этгээдийн хувийн байдлыг гүйцэд тогтоох ёстой байсан ба нотариатч үүнтэй холбоотой баримтуудыг хуулбарлан, архивлан авч үлдэх нь Нотариатын тухай хууль, нотариатын үйлдэл хийх зааварт нийцэх юм" гэж нотариатч Б.Т-ыг буруутгаж дүгнэсэн.
2.7. Гэтэл анхан шатны шүүхийн ийнхүү дүгнээд байгаа энэ үйл баримт болох 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн №23\01 дугаар "Төлбөр, тооцоо нийлэх гэрээ"-г өмнө нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 181/ШШ2024/05143 дугаартай шийдвэрээр "...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.5,56.1.8,56.1,10, Компанийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1, 59 дүгээр зүйлийн 59.6-д заасан үндэслэлгүй тул гэж дүгнээд, нэхэмжлэгч "И" ХК, "М" ХХК нарын хоорондох 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн "төлбөр тооцоо нийлэх гэрээ"-г хүчин төгөлдөр бусад тооцуулж, төлбөр тооцоо дахин нийлэхийг хариуцагч "М" ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр өнөөдөр хүчин төгөлдөр болсон байдаг.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2025/0695 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
ХЯНАВАЛ
1. Хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
3. Нэхэмжлэгч Б.Т-аас Монголын Нотариатчидын Танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлд холбогдуулан Монголын Нотариатчидын Танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 20 дугаартай тогтоолоор нотариатч Б.Т-т ногдуулсан сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулах”-аар маргажээ.
4. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд,
4.1. Нийслэлийн Тойргийн нотариатч Б.Т- 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 006 дугаар нотариатын мэдэгдэх хуудас үйлдэж, “...“И” ХК-иас 2,021,794,284 төгөгийг “М” ХХК-д олгохоор, мэдэгдэх хуудсыг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор мэдэгдэлд заасан үүргийг биелүүлэхийг “И” ХК-д даалгаж, дурдсан хугацаанд мэдэгдэлд заасан үүргийг биелүүлээгүй бол албадан гүйцэтгүүлэх болно” гэжээ.
4.2. Үүний дараа “И” ХК-иас “М” ХХК, нотариатч Б.Т- нарт холбогдуулан “И ХК, “М” ХХК нарын хоорондох 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн төлбөр тооцоо нийлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, дахин тооцоо үйлдэхийг даалгах, нотариатч Б.Т-ын 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 006 тоот “Нотариатын мэдэгдэх хуудас”-ыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг Сүхбатаар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байна.
4.3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2024/005143 дугаар шийдвэрээр “...Нотариатч үйлдэл хийхдээ баримтуудыг авч үлдэнэ гэж дээр дурдсанаар үйлдэл хийх зааварт заасан. Гэтэл их хэмжээний хэлцэлд хамаарч байгаа эсэхийг санхүүгийн тайланг үзсэн ч хуулбарлаж аваагүй гэж тайлбарлаж байгаа нь үйлдэл хийх заавартайгаа нийцэхгүй байна, ...Нотариатын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Нотариатч баримт бичиг, үйл явдлыг гэрчлэхдээ нотариатын бүртгэл хөтөлж түүнд нотариатчийн хийсэн нотариатын үйлдлийг он, сар өдрийн дарааллаар нь үнэн зөв, засваргүй, гаргацтай, тодорхой бичнэ. Нотариатч гэрчилсэн үйлдлийн цахим бүртгэлийн хэвлэмэл эх хувийг цаасан хэлбэрээр хадгална гэж заасан байх тул цахим болсноор хүсэлт тусдаа бүртгэлийн дэвтэрт бүртгэхээ больсон тухай хариуцагчийн тайлбарыг хүлээж авахгүй, ... нотариатч мэдэгдэх хуудсыг талуудын хэлэлцэн тохиролцсон хугацаа дуусгавар болоогүй байхад 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр бичсэн байна. ...Түүнчлэн шаардах эрх үүсээгүй байхад бүхэл дүнгээр мэдэгдэх хуудас бичжээ гэж тус тус дүгнэж Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар нотариатч Б.Т-ын 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 006 дугаартай “нотариатын мэдэгдэх хуудсыг хүчингүйд тооцож шийдвэрлэжээ.
4.4. Мөн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА2025/00451 дүгээр магадлалаар “...гэрээнд заасан бүх төлбөрийн дүнгээр, гэрээнд заасан төлбөр төлөх хугацаа дуусаагүй байхад мэдэгдэх хуудсыг бичсэн Нотариатын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.3.4-т нийцээгүй байна., Түүнчлэн, Нотариатын үйлдэл хийх зааврын 15 дугаар зүйлийн 15.1-д нотариатч мэдэгдэх хуудсыг төлбөр авагч болон түүний төлөөлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн олгоно, 15.5-д мэдэгдэх хуудас бичихдээ үндэслэн баримт бичгийн эх хувийг нотариатч өөртөө авч үлдэнэ, 15.8-д мэдэгдэх хуудсыг тусад нь бүртгэлийн дэвтэрт бүртгэж, хүлээн авсан хүнээр гарын үсэг зуруулна гэж тус тус заасан байна. Нотариатын үйлдэл хийх уг зааврын дагуу нотариатын мэдэгдэх хуудас үйлдэгдсэн гэдгийг хариуцагч Б.Т- баримтаар нотлоогүй байна, ....нотариатч Б.Т- нь Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.6-д заасны дагуу хуульд заасан бусад үндэслэл байвал нотариатын үйлдэл хийхээс татгалзах эрхтэй байсан” гэж тус тус дүгнэн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2024/005143 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн бөгөөд магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
4.5. Улмаар “И” ХК-иас 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Монголын Нотариатын Танхимын дэргэдэх сахилгын зөвлөлд хандан гомдол гаргасан бөгөөд Монголын Нотариатчидын Танхимын дэргэдэх Сахилгын зөвлөл 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр гомдлыг хянан хэлэлцээд мөн өдрийн 20 дугаартай тогтоолоор нэхэмжлэгч Б.Т-т сануулах сахилгын шийтгэл оногдуулжээ.
4.6. Нэхэмжлэгчээс уг тогтоолыг эс зөвшөөрч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 23/01 дугаар Төлбөр тооцоо нийлэх гэрээгээр 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс хэтрэхгүй гэдэг байдлаар төлөөд явна гэж тохирсон. Үүнийгээ дахиад зөрчсөн учраас төлбөр авагч “М” ХХК үл маргах журмаар төлүүлнэ гээд хүсэлт гаргасан учраас би бүтэн дүнгээр нь бичсэн. ... гүйцэтгэх захирал гарын үсэг зурсан нь зөв гээд шүүх шийдчихсэн. Б.Т- нотариатч мэдэгдэх хуудсыг түрүүлээд биччихлээ гэх маргаан байгаагүй. ...Нотариатын танхимын дэргэдэх сахилгын зөвлөл нь үйл баримтыг үнэлж дүгнээгүй, ...3 хоногийн өмнө хурлын товыг мэдэгдэнэ гэж Сахилгын зөвлөлийн ажиллах журамд хоёрдмол утгагүйгээр заачихсан байгаа. Гэтэл 2 хоногийн өмнө мэдэгдэж байгаа нь хувь хүн өөрийнхөө буруугүй үйлдлээ нотлох, тайлбар гаргах, хүсэлт гаргах гэх мэт мэтгэлцэх боломжийг огт олгоогүй ... гэж,
4.7. Хариуцагчаас маргаан бүхий тогтоолын үндэслэлээ “...Б.Т- нь 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр нотариатчийн мэдэгдэх хуудас үйлдэхдээ Нотариатын тухай хууль болон Нотариатын үйлдэл хийх зааврын холбогдох заалтыг зөрчсөн. ...Нотариатч нь мэдэгдэх хуудас үйлдэхдээ "талууд үл маргах журмаар төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон" гэх үндэслэлийг сайтар нягтлан шалгаж байж, улмаар хэн хэн нь хэдэн төгрөг төлөх болохыг баримтаар тогтоож тооцоо нийлсний эцэст ямар нэгэн зөрүүгүй, маргаангүй, эргэлзээгүй бол нотариатын мэдэгдэх хуудас үйлдэх ёстой..., ...Шаардах эрх үүсээгүй байхад бүхэл дүнгээр мэдэгдэх хуудас бичсэн. Энэ нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон...” гэж тайлбарлан маргадаг.
4.8. Нотариатын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Нотариатч баримт бичиг, үйл явдлыг гэрчлэхдээ нотариатын бүртгэл хөтөлж түүнд нотариатчийн хийсэн нотариатын үйлдлийг он, сар өдрийн дарааллаар нь үнэн зөв, засваргүй, гаргацтай, тодорхой бичнэ. Нотариатч гэрчилсэн үйлдлийн цахим бүртгэлийн хэвлэмэл эх хувийг цаасан хэлбэрээр хадгална”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Нотариатч үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоохдоо түүний иргэний баримт бичиг, хурууны хээ, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийг үндэслэх бөгөөд итгэмжлэл, төлөөлөл нь зохих ёсоор бүрдсэн эрх зүйн чадамжтай эсэхийг шалгаж, шаардлагатай бол эрх бүхий байгууллагын тодорхойлолт, цахим мэдээллийн сангийн мэдээлэл, эсхүл тухайн хүнийг таних хоёр гэрчээр тодорхойлуулан тогтоож болно”, 31 дүгээр зүйлд “Нотариатын үйлдэл хийхээс татгалзах” гээд 31.1-д “Нотариатч дараахь тохиолдолд нотариатын үйлдэл хийхээс татгалзана”, 31.1.6-д -хуульд заасан бусад”, 45 дугаар зүйлийн 45.1-д “Талууд үл маргах журмаар төлбөрийг төлөх, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс гаргуулахаар харилцан тохиролцож байгуулсан нотариатаар батлагдсан гэрээ, төлбөрийг нотолсон баримт бичгийг үндэслэн төлбөр төлөгчөөс мөнгө, эдийн болон эдийн бус хөрөнгийг гаргуулахаар төлбөр авагчийн хүсэлтээр нотариатч мэдэгдэх хуудас үйлдэнэ”, 45.2-т “Энэ хуулийн 45.1-д заасан мэдэгдэх хуудас үйлдэхдээ нотариатч дараахь нөхцөлийг харгалзана”, 45.2.1-д “баримт бичиг нь төлбөр төлөгчөөс төлбөр авагчид төлбөр төлөх нь маргаангүй гэдгийг нотолж байгаа эсэх”, 45.3.4-т “төлбөр гаргуулах хугацаа”, 46 дугаар зүйлийн 46.5-д “Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хийж байгаа гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ түүнийг хуулийн дагуу төлөөлж байгаа этгээдийн эрх хэмжээ нь гэрээ, дүрэм, Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрт тусгагдсан эсэхийг шалгана” 54 дүгээр зүйлийн 54.1.”Хууль болон нотариатчийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм, журам, бусад хэм хэмжээг зөрчсөн нотариатчид гаргасан зөрчлийн шинж байдлыг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг оногдуулна”, 54.1.1-д “сануулах”, 54.2-т “Энэ хуулиар тогтоосон журам, нотариатчийн ёс зүйн болон бусад нотариатчийн үйл ажиллагаанд хориглосон хэм хэмжээг ноцтой зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол энэ хуулийн 54.1.1-д заасан сануулах шийтгэлийг Сахилгын зөвлөл... оногдуулна” гэж,
Хууль зүй дотоод хэргийн сайдын 2011 оны 171 дүгээр тушаалаар батлагдсан “Нотариатын үйлдэл хийх заавар”-ын 15.5-д мэдэгдэх хуудас бичихдээ үндэслэсэн баримт бичгийн эх хувийг нотариатч өөртөө авч үлдэнэ”, 15.7-д “ирүүлсэн баримт бичгийг үндэслэн мэдэгдэх хуудас бичих бололцоогүй тохиолдолд нотариатч энэ тухай үндэслэлээ хүсэлт гаргасан этгээдэд тодорхой тайлбарлаж баримт бичгийг буцаана”, 15.8-д “Мэдэгдэх хуудсыг тусад нь бүртгэлийн дэвтэрт бүртгэж, хүлээн авсан хүнээр гарын үсэг зуруулна” гэж нотариатын үйл ажиллагаанд баримтлах тус тус заасан.
4.9. Маргаан бүхий тохиолдолд нэхэмжлэгч Б.Т- нь дээрх хууль болон Наториатын үйлдэл хийх зааврын зохицуулалтыг зөрчиж нотариатын мэдэгдэх хуудас бичсэн болох нь хэрэгт авагдсан хуулийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлалаар тогтоогдсон байх бөгөөд, хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг захиргааны хэргийн шүүх дахин нотлохгүй, энэ үндэслэлээр нэхэмжлэгчид сануулах сахилгын шийтгэл ногдуулсан тогтоол Нотариатын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.2-д заасантай нийцсэн ба Нотариатчидын Танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 20 дугаар тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
4.10. Тодруулбал, уг марааны хувьд төлбөр авагч “М” ХХК болон төлбөр төлөгч “И” ХК-иудын хооронд байгуулсан 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн гэрээ хүчин төгөлдөр эсэх, гүйцэтгэх хуудас бичигдэж төлбөр барагдуулах ажиллагаа дууссан эсэхээс үл хамааран нэхэмжлэгч нотариатын мэдэгдэх хуудас бичихдээ холбогдох хууль болон журамд зааснаар ажилласан эсэх талаар дүгнэлт өгч шийдвэрлэх шаардлагатай бөгөөд хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нотариатч Б.Т-ыг Наториатын тухай хууль, үйлдэл хийх зааврыг зөрчсөн болохыг тогтоож мэдэгдэх хуудсыг хүчингүй болгосон энэ тохиолдолд шүүхээс дахин энэ талаар дүгнэлт өгч шийдвэрлэх боломжгүй.
4.11. Түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан “...Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 14770 дугаар захирамжаар гүйцэтгэх хуудас албажсан. Энэ мэдэгдэх хуудас хуульд нийцсэн юм байна гэж дүгнэж болохоор байгаа. Үүний дагуу гүйцэтгэх ажиллагаа явагдаад дуусчихсан. ...энэ 2 шүүхийн шийдвэрийн аль нь хүчинтэй вэ гэдэг дээр дүгнэлт авах нь зүйтэй, анхан шатны шүүх үүнд дүгнэлт өгөөгүй...” гэх гомдлыг хүлээж авах үндэслэлгүй.
4.12. Учир нь дээрх шүүхийн шийдвэр, магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 14770 дугаар захирамж, гүйцэтгэх хуудасны талаар “...шүүхээс нотариатын мэдэгдэх хуудсыг баталгаажуулж гүйцэтгэх хуудас олгохдоо зөвхөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 184 дүгээр зүйлийн 184.1-д заасан “үл маргах журам тохиролцсон эсэх, мөн зүйлийн 184.3-т заасан биелүүлэх боломжийг нь шүүх хянан үзэх зохицуулалттай. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасан “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” зарчимд хамаарахгүй” гэх дүгнэлт хийж шийдвэрлэсэн байна.
4.13. Мөн нэхэмжлэгчийн “...намайг оролцуулахгүйгээр энэ асуудлыг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хурал болох талаар надад 2 хоногийн өмнө мессежээр мэдэгдсэнийг би хараагүй. Сахилгын зөвлөлийн ажиллах журмын 14.2-т заасныг зөрчсөн...” гэх гомдлоор нэхэмжлэлийг хангах боломжгүй. Энэ үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг бүхэлд нь үгүйсгэж, хүчингүй болгох үндэслэлгүй байна.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 695 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН