Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2022/0211

 

 

 

 

 

 

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: С.Б

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Засаг дарга нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.А хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, хариуцагч Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч С.Б-аас Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 300 дугаар захирамжийн Р.Б-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

           2. Нэхэмжлэгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээд Р.Б-д газар эзэмшүүлсэн захирамж утга агуулгын илэрхий алдаатай гарсан гэж үзэж байна.

            3. Нэхэмжлэгч С.Б 2021 оны 8 дугаар сарын 20-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

4. Нэхэмжлэгч С.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Д овогтой С-ийн Б миний бие 2000 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 210 дугаартай Сүхбаатар дүүргийн Засаг даргын шийдвэртэй ГД:010400*** дугаар гэрчилгээтэй Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Бэлхийн зуслан 49-256 тоот 500 м.кв газрын өөрийн хүргэн дүү Ш.А-оос авсан.

            Манайх анх 2000 онд тус газрыг аваад 2015 онд нүүж ирсэн ба өнөөдрийг хүртэл 16 жил амьдарч байна. Тухайн үед Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 18-р хороо, Бэлхийн зуслангийн байршлын бүсэд маш бага айл байсан. Миний бие Сүхбаатар дүүргийн газрын албанд холбогдох хуулийн дагуу газрыг шилжүүлэн авах талаар өргөдөл гаргасан. Гэтэл тус газрын албанаас тухайн газрын кадастр нь Р.Б гэх хүний газартай кадастр нь давхардсан байна гэх хариуг өгсөн. Миний бие энэ талаар газрын албанд хандахад Р.Б нь кадастр хийлгэсэн боловч Сүхбаатар дүүргийн Засаг даргын шийдвэр гарч газрын гэрчилгээ олгоогүй байсан.

            Бид үүний дагуу Сүхбаатар дүүргийн Засаг дарга болон түүний харьяа алба газарт 2005 онд мөн 2007-2018 он хүртэл хугацаанд удаа дараа хандсан боловч одоог хүртэл уг асуудлыг шийдвэрлэсэн талаар огт хариу өгөөгүй. Гэтэл манай Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Бэлхийн зуслан 49-256 тоот 500 м.кв газар дээр дахин 2007 оны 10 дугаар сарын 22-ны 300/2 дугаартай Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамж гаргаж, Сүхбаатар дүүрэг, 18-р хороо, Бэлхийн зуслан 49-339 тоот 700 м.кв Г-000097*** дугаар газрын гэрчилгээг Р.Б-д олгосон байна.

            Миний бие удаа дараа тухайн асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг дарга болон түүний харьяа алба газарт хандаж 2000 оны 9-р сарын 12-ны өдрийн 210 дугаартай Сүхбаатар дүүргийн Засаг даргын шийдвэртэй ГД:010400*** дугаар гэрчилгээтэй Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 18-р хороо, Бэлхийн зуслан 49-256 тоот 500 м.кв газар нь кадастрын давхцалтай, мөн тоотын зөрүүтэй байдал үүссэн. 2000 оноос өмнө тухайн газрыг Р.Б-д олгосон шийдвэр байхгүй байхад яагаад 2007 оны 10-р сарын 22-ны өдрийн 300/2 дугаартай Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамж гаргаж газрын гэрчилгээг дахин олгосон нь миний хуулиар олгосон эрхийг зөрчиж, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж, маш их хохирч байна. Би холбогдох хуулийн дагуу зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, хууль ёсны дагуу олгогдсон газраа эзэмшиж ашиглах, хамгаалахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Сүхбаатар дүүргийн Засаг дарга нь урьд гаргасан шийдвэртэй байхад дахин захирамж гаргасан нь буруу ба ямар ч судалгаа баримтыг нягталж шалгалгүй шууд ямар ч шийдвэр захирамжгүй хүнд дахин захирамж гаргасан нь хууль зүйн хувьд хүчингүй гэж бодож байна гэжээ.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн н.Б маргаан бүхий захиргааны  актаар н.Б-д олгогдсон газар дээр 2006 оноос хойш 17-н жил амьдарч байгаа. Засаг даргын тодорхойлолт, 4-оос 5-н гэрчийн мэдүүлэг, тайлбар болон бусад сансрын зургааг нотлогддог. Үүсээд байгаа нөхцөл байдал нь 2020 онд 2007 оны н.Б-д олгосон шийдвэрийг үндэслэн газрыг н.Б-д олгосон.

Гэрчилгээ шинээр олгохдоо хуучин 2007 оны захирамжийн дугаарыг тавиад ард талд нь налуу зураас 2 гэсэн бичиглэл хийсэн байдаг.

Иргэн н.Б-д олгосон гэрчилгээг сунгасан мэт ойлгогдохоор С.Б-т гэрчилгээг олгосон байдаг. Үүнийг тодруулах гэж Газрын албанд гомдол гаргахаар шүүхийн байгууллагад хандах хэрэгтэй гэж буцаадаг. Харин Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад налуу зураас 2 гэдэг захирамж байхгүй гэсэн. Үүнийгээ захиргааны байгууллага шүүхэд тайлбарлахдаа бид бичиглэлийн алдаа хийсэн гэж тайлбарладаг. Эрх зүйн үр дагавар үүсэхгүй гэдэг. 2007 оны захирамжийн хувьд н.Б өөрт хамааралтай эзэмшил гараа хөөцөлдөж байна гэж итгүүлсэн. Газрын албаны мэргэжилтэн газар олгох гэрчилгээ авахын тулд газрын үзлэг хийх үеэр н.С-ийн эзэмшилд байсан өөрөө амьдардаггүй газрыг зааж гэрчилгээ авч түүнийгээ мэдэгдэхгүй 10 гаруй жил болсон. Тухайн газраа бодитоор огт ашиглаж байгаагүй. Газар эзэмших гэрээний үүргээ биелүүлж байгаагүй. Захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхэлсэн байдаг. Тухайн үеийн Засаг дарга н.Я гэрчээр мэдүүлэг өгсөн үүнд тодорхой харагддаг. Түүний дараа тухайн газраа ашиглахгүй байсан атлаа 2018 оноос эхлэн Иргэний хэргийн шүүхэд албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан. Иргэний хэргийн шүүх хутайн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэж тухайн газар эзэмших боломжгүй хаягийн зөрчилтэй тухайн газар дээр амьдарч байгаагүй гэдэг нь нотлогдсон. Шүүхээс нэгэнт нотлогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй гэж үзвэл гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөхгүй. Гуравдагч этгээд тухайн гэрчилгээг үндэслэн газар эзэмших эрх шаардах эрхгүй гэж шүүх дүгнэсэн. Тухайн асуудал тодорхой болж захиргааны байгууллага үүсэн нөхцөл байдлыг зөвөөр үнэлж Захиргааны ерөнхий хуулийн 4 дугаар зүйлийн 4.2-т заасан зорилгодоо нийцсэн шийдвэр гарсан байх, тухайн шийдвэр үүрэг нөлөөтэй байх зарчмыг биелүүлж, үүссэн нөхцөл байдлыг шударгаар дүгнэж 2007 онд газрын тухай хууль батлагдсан үеийн хууран мэхэлсэн үйл ажиллагааг засаж залруулах боломжтой гэдэг агуулгаар бид хандсан боловч захиргааны байгууллага үндсэн үйл баримтад тайлбар өгдөггүй. Захиргааны байгууллага тайлбар өгөхдөө та эхлээд Л.Б-тэй учраа ол гэдэг. Л.Б сүүлийн 10 гаруй жил огт байгаагүй өөрийн дурддаг хаягт өөр иргэн 2008 оноос хойш амьдарч байгаа. Захиргааны байгууллага н.Б-ийн газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэх боломж байсан. Харин захиргааны байгууллага энэ хэрэг дууссаны дараа шийдвэрлэх боломжтой гэдэг хариу хэлсэн. Л.Б-д газар эзэмшүүлсэн захирамжид 49 дүгээр гудамжийг 48 гэж бичсэн нь утга агуулгын илэрхий алдаатай тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх хэсэгт зааснаар илт хууль бусад тооцож өгнө үү” гэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “С.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. 2007 онд н.Б-ээс дүүргийн газрын албанд хандаж ирүүлсэн материал хавтаст хэрэгт авагдсан. Хэргийн материалд н.Б-ийн өөрийн гараар бичиж өгсөн өргөдөл дээр 339 гээд гудамжаа тавиагүй байсан. Хавтас хэргийн 103 дугаар хуудсанд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт байдаг. Тухайн иргэн н.Б-ийн хувийн хэргийн материалд 18 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт байдаг. Уг тодорхойлолтод Бэлхийн 48-339 тоот гэсэн хаягийн тодорхойлолт хавсаргасан байдаг. Үүнийг үндэслэн захирамж гарсан байдаг. Хорооны засаг даргын тодорхойлолтын улмаас уг гудамжны тоо зөрсөн асуудал гарсан. Энэ захирамж нь хорооны Засаг даргын тодорхойлолт болон иргэний өөрийн хүсэлтийг үндэслэн гарсан хууль ёсны захирамж. Утга агуулгын илэрхий алдаатай захирамж гараагүй. Тухайн иргэний өөрийн өгсөн материалд үндэслэн гарсан.

Р.Б-ийн газар хууль ёсных байсан уу гэдэг асуудал нэхэмжлэлийн шаардлагад байхгүй. н.Б хоёр жил дараалан ашиглаагүй гэдэг үндэслэлээр Засаг даргад холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Нэхэмжлэлийн шаардлага нь илт хууль бус болохыг тогтоох. Эрх зүйн үүднээс авч үзвэл утга агуулгын алдаа гэдэг нь жишээ нь Р.Б-д өгсөн хүсэлт өгсөн байхад өөр хүний нэр дээр гэрчилгээ гарсныг, Бэлхийн аманд байх газрыг өөр газар гаргасан гэвэл үүнийг илт хууль бус гэж үзнэ. Манай хэрэг зөвхөн гудамжны 48, 49 тоотын маргаан байгаа. Дүүргийн Засаг дарга өөрөө зохиогоод 48, 49 гэдэг тоотоор захирамждаа оруулаагүй.  Иргэн Р.Б-ийн 2007 онд ирүүлсэн газар хүссэн өргөдөлд хавсаргасан тодорхойлолтод энэ тоо байсан учир захирамж гарсан. Тухайн байгаа хаяг, газрын мэдээллийн санг үндэслэн 48, 49-ийн алийг зөв гэдэгт засвар хийж үүнийг зөвтгөх үндэслэлтэй гэж хариуцагчийн зүгээс үзэж байгаа. Р.Б гэдэг хүний гаргаж өгсөн мэдээллийг үндэслэн дүүргийн Засаг дарга  гэрчилгээ олгосон байна. Газрын тухай хуульд Монгол улсын иргэн энэ газрыг гэрээ болон гэрчилгээний үндсэн эзэмших эрхтэй. н.А гэдэг хүнд энэ газрыг эзэмшүүлээгүй. 2000 оны дүүргийн Засаг даргын 210 дугаар захирамжаар гэрчилгээ олгох шийдвэр гарсан. Гэтэл  2000 оны 01 сарын 08-ны өдөр гэрчилгээг олгохдоо  Бэлхийн аманд гэж олгогдсон. Үүнээс харахад нэхэмжлэгчийн яриа байгаа Ариунболдын захиргааны акт нь илт хууль бус гэдэг нь харагдаж байна.

Тухайн иргэн 2000 оны гэрчилгээний хугацаа нь дууссан байхад шийдвэрлүүлэхгүй зөвшөөрөлгүй амьдарсан байж дүүргийн Засаг даргын гаргасан захирамжийг илт хууль бус гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Одоо уг газар бараг 1000 м.кв байгаа учир нэхэмжлэгч, гуравдагч этгээдэд хуваан эзэмшүүлэх боломжтой. Тэглээ ч гуравдагч этгээд захирамжид заасан хэмжээгээр газар эзэмшихээс биш түүнээс илүү хэмжээгээр эзэмшүүлэхгүй гэжээ.

8. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бид энэ газарт амьдарч байсан үүнийг нотлох баримт байна. 2005 оноос 2007 онд хог хаягдал тухайн хаяг дээрээ өгч байсан. Мөн тухайн үед Засаг даргын тодорхойлолтод 49-339 тоотод амьдардаг гэсэн тодорхойлолт байна. Кадастрын зургаар шүүлгэхэд нэгж талбарын дугаар нэг байна. 49-339 тоот гэж гарч ирдэг. Мөн хадам эцэг болох н.Л-ийн мэдүүлгээр 2000 онд анх хүүтэйгээ газрыг өөрийн нэр дээр авч байсан нь баримтаар нотлогдож байгаа.

Р.Б 2012 онд Баянзүрх дүүрэгт шилжсэн дүүрэгт шилжихэд  шилжин явах тодорхойлолтыг Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооноос хийж өгсөн. Удаа дараа манай газрыг чөлөөлнө үү гэж С.Б-аас шаардаж байсан. Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо 49-256 тоот хаягаар С.Б болон талийгаач н.С эцгийнх нь нэр дээр газар эзэмших гэрчилгээ болон кадастрын зураг байхгүй. Ш.А гэдэг хүн Р.Б-ийг энэ газарт байж бай. Бид өөрөө энэ хөгшинд өөр газар олж өгнө гэж хэлсэн. Тэр хүнд бид очоод наад газар чинь эзэнтэй шүү гэж хэлсэн. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн материал нь 2009 оноос хойших материал байгаа. Үүнд тог цахилгааны мөнгө төлсөн баримт, хүүхдийн сургуулийн тодорхойлолт мөн хорооны засаг даргын тодорхойлолт байгаа. Үүнийг би тодорхойлолт гэж үзэхгүй. Учир нь Засаг даргын тодорхойлолт гаргуулахад оршин суугаа хаягийн гэрчилгээ, кадастрын зургийг үндэслэн гаргаж өгдөг. 2007 онд аав хүндээр өвдөж дүүргийн газарт очиход таны газар өөр хүний нэр дээр байна гэж хэлсэн гэж байсан. 2009 оноос хойш н.Б гэдэг хүний нэр дээр байгааг мэдсэн атал хүний амьдрах эрхэнд халдаж шаардлага тавихаар нүүхгүй дураараа оршин суусан.

Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхэд н.Т гэдэг хүнийг С.Б өөрөө дуудан ирүүлж мэдүүлэг өгүүлсэн. Гэрч тэр газар эзгүй байсан манай газар зөрчилтэй байдаг учраас С.Б-ыг дагуулж очиход тэр газар нь Р.Б гэдэг хүний нэр дээр байна, тэр хүнтэйгээ уулз гэж хэлсэн гэдэг мэдүүлэг өгсөн байдаг. Тэгэхээр 2009 оноос 2012 оны хооронд Р.Б-ийн газар гэдгийг мэдэж байсан. Хүчээр газар дээр нь байхаар авч болдог гэсэн ойлголттой байна гэж би бодож байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Иргэн С.Б-ын нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 300 дугаар захирамжийн Л.Б-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг дараах үндэслэлээр дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэн шийдвэрлэлээ.

2. Маргаан бүхий захиргааны акт болох 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Газар эзэмшүүлж, ашиглуулах, эрх баталгаажуулах хугацаа сунгах, газар эзэмших, ашиглах эрхийг бусдын нэг дээр шилжүүлэх тухай” 300 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтын 69 дүгээрт “Л овогтой Б-д Бэлхийн 48-339 дүгээр хашаанд 700 м.кв газрыг эзэмшүүлэхээр” шийдвэрлэсэн байна. /1-р х.х-н 133-134/

3. Нэхэмжлэгч газар эзэмших эрхтэй эсэх талаарх үйл баримтын тухайд:

3.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “... тус газрыг манай аав хүргэн  Ш.А-оос худалдаж аваад 2005 онд нүүж ирсэн, өнөөдрийг хүртэл 16 жил амьдарч байна” гэж /1 х.х-н 1-р тал/,  “тухайн газраа өөрсдийн нэр дээр шилжүүлэхээр 2007-2018 он хүртэл хугацаанд Сүхбаатар дүүргийн Засаг дарга болон түүний харьяа алба газарт хандан өргөдөл гаргасан” гэх боловч Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 14/2390 дугаар албан бичгээр “С.Б нь 2005-2018 оны хооронд манай албанд хандаж газар эзэмших тухай өргөдөл, хүсэлт гаргасан баримт байхгүй” гэсэн лавлагаа ирсэн бөгөөд хэрэгт 2021.3.11-нд  гаргасан өргөдлийн шийдвэрлэлтийн баримт авагдсан байна. /1-р х.х-н 32-34/

3.2 Нэхэмжлэгчид уг газрыг худалдсан гэх Ш.А-ын 010400*** дугаар гэрчилгээнд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2000 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 210 дугаар шийдвэрээр Бэлхийн аманд зуслангийн зориулалтаар 500 м2 газрыг 5 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн гэжээ. /1-р х.х-н 65-р хуудас/

3.3 Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2000 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 210 дугаар захирамжаар 15 дугаар хороо, Гоодойн зусланд иргэн Ш.А нарын 4 айлд 0,2 га газрыг эзэмшүүлсэн байна. /1-р х.х-н 228/ Үүнээс үзвэл маргаан бүхий газрыг Ш.А эзэмшиж байгаагүй болох нь харагдана.

3.4 Тухайн үед Засаг даргаар ажиллаж байсан гэрч Ц.Я-ийн мэдүүлэгт “... С нь 2009 он хүртэл баталгаатай амьдарч байсан” гэсэн мэдүүлэг, /1 х.х-н 39/, хорооны Засаг дарга нарын тодорхойлолт, хүн, ам өрхийн бүртгэлийн дэвтэр, сансраас авсан зураг, фото зураг,  цахилгааны төлбөр төлсөн баримт, 71 дүгээр сургуулийн тодорхойлолт /х.х-н 5-14, 22-23, 43-50, 90-100/, шүүхээс хийсэн газрын үзлэг зэргээс үзвэл тухайн газар дээр Б.С болон түүний хүүхдүүд болох С.Б түүний гэр бүл 2006 оноос өнөөдрийг хүртэл амьдарч байгаа, 2013 онд байшин барьсан нь тогтоогдож байна.  

4. Гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийн тухайд:

4.1. Иргэн Л.Б Сүхбаатар дүүргийн Газрын албанд 2007 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан газар эзэмших тухай өргөдөлд “Бэлхийн 339 тоот газарт... ”/1 х.х-н 137/ газар хүссэн өргөдөл гаргасан байх бөгөөд Сүхбаатар дүүргийн 18-р хорооны Засаг даргын 2007 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Эрэлт хүсэлтийн тодорхойлолтод Бэлхи 48-339 тоот гэж тодорхойлсон, кадастрын зурагт Бэлхи 49-339 тоот гэж, Л.Б-ийн хуучин иргэний үнэмлэхний хаягт Бэлхи 49-339 тоот гэснээс үзвэл иргэн Л.Б нь Сүхбаатар дүүргийн 18-р хороо, Бэлх 49-339 тоот газрыг /одоогийн хаяг нь 49-256 тоот/ эзэмшихээр хүсэлт гаргажээ.

4.2 Гэтэл Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 300 дугаар захирамжийг 1 дүгээр хавсралтын 69 дүгээрт “Л овогтой Б-д Бэлхийн 48-339 тоот 700 м.кв газрыг эзэмшүүлэхээр” шийдвэрлэж, уг захирамжийг үндэслэн олгосон газрын гэрчилгээнд эзэмших газрын байршлыг “18 дугаар хороо Бэлх 48-339” гэж,  гэрчилгээнд газар эзэмшигч иргэний байнгын хаяг, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал гэдэгт“... 18 дугаар хорооны Бэлхийн 49-339 тоот” гэж бичжээ /1 х.х-н 193-р тал/  

4.3 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Засаг даргын тодорхойлолтоор захирамждаа хаягийг бичсэн гэсэн тайлбар нь үндэслэлтэй байх бөгөөд дээр дурдсан баримтуудаас үзвэл Л.Б Бэлх 49-339 тоот газрыг эзэмшихээр хүсэлт гаргасан атал Засаг даргын захирамжийг гаргахдаа хаягийг нь нягтлан шалгалгүйгээр техникийн алдаа гаргасан хариуцагчийн буруутай үйлдэл байна гэж үзэх үндэслэлтэй.

4.4 Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн Сүхбаатар дүүргийн Засаг даргад Л.Б-д газар эзэмшүүлэхдээ 48-339 гэсэн нь утга агуулгын илэрхий алдаатай байх тул илт хууль бусад тооцож өгнө үү гэсэн тайлбар үндэслэлгүй. Учир нь утга агуулгын илэрхий алдаа гэдэг нь ихэвчлэн нэхэмжлэгчид өөрт хамаарах асуудлаар гарсан захиргааны актад яригдах асуудал бөгөөд харин энэ тохиолдолд гуравдагч этгээдийн эзэмших газрын хаягийг “49”-ийг “48” гэж техникийн алдаатай бичсэн бичиглэлийг энэ агуулгад хамааруулахгүй юм.

5. Хэрэгт авагдсан баримтууд, хэргийн оролцогчдын тайлбараас нэгтгэн дүгнэж үзвэл нэхэмжлэгч С.Б-ын аав С нь маргаан бүхий газрыг хүргэн Ш.А-оос худалдан авсан гэж тайлбарлаж байх боловч уг газар нь Ш.А-ын эзэмшиж байсан газар биш байна.

6. Мөн нэхэмжлэгч нь газар эзэмших хүсэлтээ холбогдох байгууллагад гаргасан гэж тайлбарлаж байх боловч 2021 онд гаргасан баримтаас өөр баримт байхгүй байгаагаас үзвэл С.Б нь хуульд зааснаар маргаан бүхий газрыг эзэмших эрхгүй, амьдарч байгаа газар нь  гуравдагч этгээд Л.Б-д олгосон газартай давхцсан болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 1/613 тоот албан бичигт хавсаргасан зургаар болон кадастрын зургаар нотлогдох /1-р х.х-н 42-50, 139/ бөгөөд талууд үүнд маргадаггүй.

7. Харин гуравдагч этгээд Л.Б нь маргаан бүхий газрыг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1. “Газар эзэмшигч дараахь эрхтэй, 35.1.1-д “Гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах”, 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт “Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ”, 35.3.1 дэх заалтад “Газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх” гэж заасан эрх, үүргээ биелүүлээгүй байна.

8. Тодруулбал, гуравдагч этгээд нь 2007 оноос хойш Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад зааснаар газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгах үүргээ хэрэгжүүлээгүй, улмаар мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6.”хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” бол эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцөл бүрдсэн, дээрх эрх, үүргээ хэрэгжүүлээгүйгээс нэхэмжлэгч С.Б нь 2013 онд хашаандаа байшин барьсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, агаараас авсан зураг, үзлэгийн зургаас харагдана.

9. Иймд Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байх.” гэж заасан байх тул гуравдагч этгээд Л.Б шаардах эрхээ хэрэгжүүлээгүйгээс тухайн газар дээр нэхэмжлэгч С.Б үл хөдлөх эд хөрөнгө барьсан, нэхэмжлэгч уг газар дээр 16 жил амьдарсан, гуравдагч этгээд огт амьдарч байгаагүй, одоо байгаа газрын хэмжээ нь 996 м2, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс газрыг хуваан олгох боломжтой гэсэн тайлбар гаргасан зэрэг нөхцөл байдлыг харгалзан Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2. “газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн ... маргааныг зохих шатны Засаг дарга;” гэж зааснаар маргаан бүхий газрыг нэхэмжлэгч, гуравдагч этгээдүүдэд тэнцүү хэмжээгээр хуваан эзэмшүүлсэн захирамж гартал Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 300 дугаар захирамжийн Л.Б-д холбогдох хэсгийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт зааснаар иргэн С.Б-т байшин байгаа газрыг хамааруулан босоо чиглэлтэй хуваан, орц гарцыг шийдвэрлэсэн захирамжийг энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор гаргахыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгав.

11. Дээрх хугацаанд нэхэмжлэгч, гуравдагч этгээдэд маргаан бүхий газрыг хуваан эзэмшүүлсэн захирамж гараагүй тохиолдолд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 300 дугаар захирамжийн Л.Б-д холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11 дахь заалтыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 4 дүгээр зүйлийн 4.1.7, 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.3.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 60 дугаар зүйлийн 60.1.2 дахь заалтад заасныг тус тус баримтлан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 300 дугаар захирамжийн Л.Б-д холбогдох хэсгийг маргаан бүхий газрыг нэхэмжлэгч, гуравдагч этгээдүүдэд тэнцүү хэмжээгээр хуваан эзэмшүүлсэн захирамж гартал 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5, 107.6 дахь хэсэгт зааснаар иргэн С.Б-т байшин байгаа газрыг хамааруулан босоо чиглэлтэй хуваан, нэхэмжлэгч, гуравдагч этгээдэд орц гарцтай газрыг тэнцүү хэмжээгээр эзэмшүүлсэн захирамжийг энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор гаргахыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгаж, дээрх хугацаанд нэхэмжлэгч, гуравдагч этгээдэд маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн захирамж гараагүй тохиолдолд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 300 дугаар захирамжийн Л.Б-д холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

         4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.  

 

   

 

  ШҮҮГЧ                                                         Л.ӨЛЗИЙЖАРГАЛ