Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2016/0711

 

“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Нацагдорж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.******* нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 639 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг Г.Билгүүн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүх шийдвэртээ: “Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 37 дугаар зүйлийн 37.1, 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасныг баримтлан “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/500 дугаар захирамжийн “*******” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, “*******” ХХК-д өмнө эзэмшиж байсан байршилд 24 555 м.кв газар олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгуулах” тухай нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* давж заалдах гомдолдоо: “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 639 дүгээр шийдвэрт дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

  1. Нэхэмжлэгч 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж “...Нийслэлийн Засаг даргын А/500 дугаар захирамжийн “*******” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага гаргасан.

Нэхэмжлэгчийн зүгээс энэ шаардлагынхаа үндэслэлийг тайлбарлахдаа Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас Нийслэлийн Засаг даргад “*******” ХХК-ийн эзэмшил газрын шилжилт хөдөлгөөнийг түдгэлзүүлэх тухай 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2/6093 тоот албан бичиг ирүүлсэн байхад Засаг дарга нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн “Шийдвэр гүйцэтгэгчийн шаардлагыг заавал биелүүлэх” тухай 90 дүгээр зүйлийн 90.2-т “Шүүх, бусад байгууллагаас гаргасан шийдвэрийг энэ хуульд заасны дагуу гүйцэтгэх талаар шийдвэр гүйцэтгэгчээс тавьсан шаардлагыг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгаа иргэн, хуулийн этгээд, албан тушаалтан биелүүлнэ” гэж заасныг зөрчин нэхэмжлэгчийн эзэмшил газрын хэмжээнд өөрчлөлт оруулан захирамж гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан маргаан бүхий актыг илт хууль бус захиргааны актад тооцох үндэслэлтэй болохыг нотолсон юм.

Гэтэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт нотлох баримтаар авагдсан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албаны 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2/6093 тоот албан бичгийг үнэлээгүй, шийдвэр гүйцэтгэгчийн шаардлагыг биелүүлээгүй Нийслэлийн Засаг даргын үйлдэл нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн эсэх тал дээр дүгнэлт хийлгүйгээр шийдвэрлэсэн байна.

  1. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолоор төлбөр гаргуулахаар шийдвэрлэснээс газрын өмчлөл, эзэмшлийн асуудлыг шийдвэрлэсэн гэж үзэхгүй”, “...******* ХХК-д ... А/500 дугаар захирамжаар 20 555 м.кв газрын эзэмшүүлсэн нь ... Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 ... дэх хэсгийг зөрчөөгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд саад болохгүй юм” гэж дүгнэж, шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.

Учир нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7-д зааснаар газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ барьцаалах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч энэ эрхийнхээ хүрээнд газар эзэмших гэрчилгээгээ “Стардевелолмент” ХХК-ийн зээлийн барьцаанд тавьсан, үүргийн гүйцэтгэлийг хангах барьцааны зүйл нь нэхэмжлэгчийн эзэмшил газар бус харин тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээ юм.

Мөнгөн дүнгээр илэрхийлэгдэж буй үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар барьцааны зүйлийн үнээс буюу манай тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний үнээс шаардлагаа хангуулахаар зохицуулсан.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 29-өөс 31 дүгээр зүйлд зааснаар барьцааны зүйлийг хуульд заасан журмаас бусад хэлбэрээр бүхэлд нь буюу хэсэгчлэн бусдын эзэмшил, өмчлөлд шилжүүлэх нь барьцаалагч, барьцаалуулагчийн эрхийг зөрчөөд зогсохгүй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд саад учруулах үр дагаврыг үүсгэж байна.

Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоолоор “Стардевелолмент” ХХК-д 10 149 547 403 төгрөгийг гаргуулж, “Анод банк” ХК-ийн эрх хүлээн авагчид олгохоор шийдвэрлэсэн. Монгол банкинд “Анод банк” ХК-ний эрх хүлээн авагчаас 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдөр шаардах эрх шилжүүлэх гэрээгээр “Стардевелолмент” ХХК-д холбогдох 8 149 547 403 төгрөгийн зээлийн өр шилжиж ирсэн байдаг. 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр “*******” ХХК нь Монгол банктай /”Анод банк” ХК-ийн эрх хүлээн авагч/ төлбөр төлөх 0214/497 тоот гэрээг байгуулан 8 149 547 403 төгрөгийн төлбөрийг хуваарийн дагуу төлж байгаа юм.

  1. Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт “*******” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдөр дууссан байхад 2013 оны 06 дугаар сарын 18-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтээ гаргасан байх тул Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ гаргах”-аар заасан хугацаанд гаргаагүй гэж үзэн мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д зааснаар газар эзэмших эрх нь дуусгавар болсон гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна гэж дүгнэж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.

Учир нь, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний 5 дугаар зүйлийн 5.5-д “Газар эзэмших гэрээний хуагцаа дуусмагч талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд газар эзэмшигч газраа эзэмшсээр байгаа бол энэхүү гэрээг 1 жилийн хугацаанд хүчинтэй гэж үзнэ” гэж заасан байдаг бөгөөд тухайн сунгасан хугацаандаа буюу Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх заалтын дагуу 2013 оны 06 дугаар сарын 18-ны өдөр уг хугацааг дахин сунгуулах хүсэлтээ тавьсан байдаг. Энэ хүсэлтийг үндэслээд НӨТГ-ын Техникийн зөвлөлийн 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хурлаар “*******” ХХК-д 24 555 м.кв , “Титэмт Орд” ХХК-д 3800 м.кв газар олгохыг тус тус зөвшөөрсөн дүгнэлт гарсан байдаг. Уг дүгнэлтэд дурдсан 24 555 м.кв талбай бүхий газрыг үндэслээд 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр “*******” ХХК нь Монголбанктай /”Анод банк” ХК-ийн эрх хүлээн авагч/ Төлбөр төлөх 0214/497 тоот гэрээг байгуулсан байдаг.

  1. Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хугацаа хэтгүүлсэн байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Учир нь, 2014 оны 05 дугаар сарын үед НӨХГ-аас дуудсаны дагуу очиж уулзахад Нийслэлийн Засаг даргын 2013 оны 379 тоот захирамж гарсны дагуу бүх компаниудаас анхны дуудлага худалдааны үнийг нөхөн төлүүлэх болсон, тэгээд эдийн засгийн боломжоос болж төлбөрийг бүтэн болон хэсэгчилж төлж болох тухай нөхцлийг бидэнд тавьсан. Тухайн үед бид хөрөнгө оруулагчидтай зөвшилцөөд эхний ээлжинд 180 орчим сая төгрөгийг дуудлага худалдааны үнэд төлөөд, үлдсэнийг нь хөрөнгө оруулагчдад хувьцааг албан ёсоор шилжүүлсний дараа төлье гэж тохиролцсоны үндсэн дээр НӨХГ-аас 2014 оны 05 дугаар сарын 06-ны өгсөн нэхэмжлэлийн дагуу 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдөр дуудлага худалдааны үнэ болох 180 000 000 төгрөгийг төлөөд нийт газар эзэмших эрхээ сунгуулах хүсэлтээ өгсөн. 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн Засаг даргын А/500 дугаар захирамж гарч 20 455 м.кв газрыг “*******” ХХК-д, 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн Засаг даргын А/643 дугаар захирамж гарч 4000 м.кв газрыг Нийслэлийн Боловсролын газарт эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байдаг боловч өнөөдрийг хүртэл эдгээр газрын кадастрын зураглал хийгдээгүй, газрын кадастрын мэдээллийн санд бүртгэлгүй, газар эзэмших гэрээ байгуулагдаагүй, гэрчилгээ олгогдоогүй байгаа нь уг захирамжууд нь одоог хүртэл хүчин төгөлдөр шийдвэр болоогүй байгааг харуулж байна...

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 639 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.                   

ХЯНАВАЛ

“Стардеволопмент” ХХК, “Анод банк” ХК-ийн хооронд 2008 оны 06 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдахад батлан даагч “*******” ХХК нь өөрийн 5 жилийн хугацаатай эзэмших эрх бүхий Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 30 000 м.кв газрыг үүргийн гүйцэтгэлд барьцаалжээ.

Улмаар 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 34 тоот шийтгэх тогтоол гарч, уг тогтоолоор “Стардеволопмент” ХХК-аас 10 149 547 403 төгрөгийг гаргуулан “Анод банк” ХК дахь банкны эрх хүлээн авагчид олгож, эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн “*******” ХХК-ийн эзэмшлийн 30 000 м.кв газрыг төлбөрт тооцуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхээр шийдвэрлэснээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба уг газрыг 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 1/34 тоот тогтоолоор битүүмжилж, 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хураан авч, Нийслэлийн гүйцэтгэх албаны 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2/6093 тоот албан бичгийг үндэслэн Нийслэлийн өмчийн харилцааны газар захиран зарцуулах эрхийг нийслэлийн газрын мэдээллийн санд түдгэлзүүлж тэмдэглэсэн байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны тогтоолоор битүүмжлэгдэн, хураагдаж, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн газрын хэмжээг өөрчлөн Нийслэлийн Засаг дарга 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдөр А/500 дугаар захирамж гаргасан нь Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх  үүрэгтэй” гэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д “Шүүх, бусад байгууллагаас гаргасан шийдвэрийг энэ хуульд заасны дагуу гүйцэтгэх талаар шийдвэр гүйцэтгэгчээс тавьсан шаардлагыг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгаа иргэн, хуулийн этгээд, албан тушаалтан биелүүлнэ” гэж тус тус заасныг зөрчжээ.

Ийм байхад анхан шатны шүүх “Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгаагүй, харин 20 555 м.кв газрын дуудлага худалдааны анхны үнэ төлж, гаргасан хүсэлтийн дагуу нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/500 дугаар захирамжаар Газрын тухай 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4  дэх “газар эзэмшүүлэх шийдвэр гаргах” заалтыг баримтлан өмнө эзэмшиж байсан байршилд нь, хүсэлт гаргасан хэмжээгээр нь газар эзэмших эрхийг баталгаажуулсан байх тул Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/500 дугаар захирамж нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуульд нийцжээ” гэж дүгнэсэн нь бодит нөхцөл байдалд нийцэхгүй, Нийслэлийн Засаг дарга нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар эзэмших эрхэнд халдах хуульд заасан үндэслэл байхгүй байжээ.

            Харин хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “*******” ХХК нь 24 555 м.кв газар олгуулах талаар Нийслэлийн Засаг даргад хандаж байгаагүй, үүнийг нь шийдвэрлэлгүй орхигдуулсан, татгалзсан хариуцагчийн эс үйлдэхүй тогтоогдоогүй төдийгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлага гаргаагүй атлаа захиргааны акт гаргахыг даалгуулахаар шаардсан байх тул нэхэмжлэгчийн “*******” ХХК-д өмнө эзэмшиж байсан байршилд 24 555 м.кв газар олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгуулах” тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/500 дугаар захирамжийн “*******” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, энэ талаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 639 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-д заасныг баримтлан нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/500 дугаар захирамжийн “*******” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан ““*******” ХХК-д өмнө эзэмшиж байсан байршилд 24 555 м.кв газар олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгуулах”  тухай нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 50 дугаар зүйлийн 50.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮГЧ                                                                       Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН