Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1005

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Шүүгч Б.Булгантамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жавхлантөгс,

Улсын яллагч А.Намдаг,

шүүгдэгч Н.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар тус дүүргийн Прокурорын газрын хяналтын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Гийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308000001138 дугаар хэргийг 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 2, хамран амьдрагчийн хамт оршин суух,

урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 717 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Б овогт Н Г

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч тоотод оршин суух хамтран амьдрагч Т.Уыг бусадтай хардан маргалдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн үснээс нь зулгаах, нүүрэн тус газарт цохих зэргээр зодож эрүүл мэндэд зулайн орой, баруун доод хэсэг, дагзны хуйх, баруун, зүүн шилбэнд зулгаралт, баруун дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун хацар, баруун шанаа, хүзүү, баруун хөхлөг сэртэн, баруун чихний дэлбэн, хүзүү, зүүн хөхлөг сэртэн, зүүн чих, амны зүүн булан, эрүү, цээж, баруун бугалга, баруун шуу, баруун дал, зүүн мөр, бугалга, баруун тохой, шуу, зүүн сарвуу, зүүн гарын алга, ар нуруу, баруун гуя, зүүн гуя, баруун шилбэ, зүүн өвдөг, зүүн шилбэ, баруун шилбэнд цус хуралт, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 821 дүгээр яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд зэргийг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Хэргийн үйл баримтын талаар:

- Шүүгдэгч Н.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би тухайн өдөр эхнэрээ Уа гэх найзтай нь авсан. Би пиво уучихсан байсан. Гэртээ ирээд утсыг нь үзэхэд өөр хүн рүү мессеж бичсэн байхаар нь нүүр лүү нь 2-3 удаа алгадсан... Би газраар чирсэн тэгэхэд хохирогчид гэмтэл учирсан байх...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

Н.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...би үснээс татаж орноос нь унагааж, хэд хэдэн удаа нүүр орчим рүү алгадсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал),

- Хохирогч Т.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие 2023 оны 05 дугаар сарын 26-ны орой найз Жамьяанмядагтай хамт ганц нэг пиво ууж караокед орсон бөгөөд орой 00:00 цагийн орчимд хамтран амьдрагч Г машинаараа ирээд авсан. Улмаар гэтээ буюу Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчин 1-36 байрны 2-6 тоотод унтаад өглөө 08:00 цагийн орчимд сэрэхэд хамтран амьдрагч Г уурлачихсан байдалтай байсан. Миний гар утасны мессежийг унтсан хойгуур уншсан бөгөөд хэд хэдэн хүний дугаар асуугаад улмаар танихгүй дугаарын хүнтэй хардаж маргаан эхэлсэн. Маргалдаад байж байтал миний үснээс татаж унагааж нүүр хэсэг рүү хэд хэдэн удаа алгадсан. Тэгээд Г өөрөө цагдаад дуудлага дуудсан ба би 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Гэмтэл, согог судлалын үндэсний төвд очиж үзүүлэхэд цагдаад бас дуудлага мэдээлэл өгсөн байсан. Миний утсаар өөр хүн бусад руу мессеж бичсэн байсан бөгөөд түүнийг нь хамтран амьдрагч Г нь намайг бичсэн байна гэж ойлгод хардаж маргаан үүсгэсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 6-10 дахь тал),

- Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 7152 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний: “Т.Уын биед зулайн орой, баруун доод хэсэг, дагзны хуйх, баруун, зүүн шилбэнд зулгаралт, баруун дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун хацар, баруун шанаа, хүзүү, баруун хөхлөг сэртэн, баруун чихний дэлбэн, хүзүү, зүүн хөхлөг сэртэн, зүүн чих, амны зүүн булан, эрүү, цээж, баруун бугалга, баруун шуу, баруун дал, зүүн мөр, бугалга, баруун тохой, шуу, зүүн сарвуу, зүүн гарын алга, ар нуруу, баруун гуя, зүүн гуя, баруун шилбэ, зүүн өвдөг, зүүн шилбэ, баруун шилбэнд цус хуралт, зүүн чамархайд зөөлөн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 15-16 дахь тал),

- Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 04/2386 дугаар албан бичиг, хавсралт (хавтаст хэргийн 87-88 дахь тал),

- Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01/576 алба бичиг, мөрдөгчийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Иргэний нэхэмжлэгчийг тогтоох тухай тогтоол (хавтаст хэргийн 89-90 дэх тал),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

- Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 31 дэх тал), байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 32 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 33 дахь тал),  мэргэжлийн боловсролын үнэмлэхний хуулбар (хавтаст хэргийн 35 дахь тал),  хаанбанкны депозит дансны хуулга (хавтаст хэргийн 36-78 дахь тал), зөрчлийн талаарх лавлагаа (хавтаст хэргийн 80-85 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 35 дахь тал), “” ХХК-ийн тодорхойлолт (хавтаст хэргийн 98 дахь тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Н.Г нь 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 08:00-09:00 цагийн хооронд  оршин суух хамтран амьдрагч Т.Уыг бусадтай хардан маргалдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн үснээс нь зулгаах, нүүрэн тус газарт цохих зэргээр зодож эрүүл мэндэд зулайн орой, баруун доод хэсэг, дагзны хуйх, баруун, зүүн шилбэнд зулгаралт, баруун дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун хацар, баруун шанаа, хүзүү, баруун хөхлөг сэртэн, баруун чихний дэлбэн, хүзүү, зүүн хөхлөг сэртэн, зүүн чих, амны зүүн булан, эрүү, цээж, баруун бугалга, баруун шуу, баруун дал, зүүн мөр, бугалга, баруун тохой, шуу, зүүн сарвуу, зүүн гарын алга, ар нуруу, баруун гуя, зүүн гуя, баруун шилбэ, зүүн өвдөг, зүүн шилбэ, баруун шилбэнд цус хуралт, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Тодруулбал, хохирогч Т.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Маргалдаад байж байтал миний үснээс татаж унагааж нүүр хэсэг рүү хэд хэдэн удаа алгадсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 6-10 дахь тал), Н.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...би үснээс татаж орноос нь унагааж, хэд хэдэн удаа нүүр орчим рүү алгадсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал), Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 7152 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 87-88 дахь тал) зэргээр шүүгдэгч Н.Г нь хамтран амьдрагч хохирогч Т.Уыг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, үснээс нь зулгаах, нүүрэн тус газарт алгадах зэргээр тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулснаар гэмт хэргийн үндсэн шинж хангагдана. Харин дээрх гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэнээр тус гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдалд тооцогддог болно.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэх хүндрүүлэх шинжийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.

Шүүгдэгч Н.Г нь хамтран амьдрагч Т.Уын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Иймд шүүгдэгч Н.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ. 

Хохирогч Т.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гомдолгүй...” гэсэн хүсэлт (хавтаст хэргийн 100 дахь тал)-ийг үндэслэн шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” гэж заасны дагуу шүүгдэгч Н.Гээс 1.213.900 /нэг сая хоёр зуун арван гурван ма есөн зуу/ төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Нийгмийн даатгалын Ерөнхий газарт олгохоор шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Н.Г нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Түүнчлэн шүүгдэгч Н.Гэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.Гэд 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах”,

Шүүгдэгч “хэлэх зүйл байхгүй” гэсэн саналуудыг гаргасан.

Шүүгдэгч Н.Гэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд  тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна. 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал (эрхэлсэн тодорхой ажилтай), бусдад учруулсан хохирлын хэмжээ (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан), эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх  нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ.

            Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Н.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 7,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуу) төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Н.Г нь урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт н Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч Н.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуу) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гэд оногдуулсан 700.000 төгрөгийн торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

5. Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Гээс 1.213.900 (нэг сая хоёр зуун арван гурван ма есөн зуу) төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Нийгмийн даатгалын Ерөнхий газарт олгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Н.Гэд сануулсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Гэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.БУЛГАНТАМИР