Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 00217

 

2020 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 153/ШШ2020/00217

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                      

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн 19-12 тоотод оршин суух, Б овогт Б-ийн Н //-ийн нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 153/2020/00214/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгч Б.Н нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би Ховд аймгийн Чандмань суманд 1967 оны 1 дүгээр сарын10-ны өдөр төрсөн, 8 настайдаа Ховд аймгийн Чандмань сумын дунд ерөнхий боловсролын дунд сургуульд элсэн орж 1983 онд 8-р анги төгссөн. 8-р ангиа төгсөөд Төв аймгийн Чандмань сумын Техник мэргэжлийн сургуулийг Фермийн механикжуулагч мэргэжлээр 1986 онд төгссөн. 1986 онд Ховд аймгийн Ховд хотын 8-р гуанзанд үйлчлэгчээр, Ховд аймгийн Нисэхийн 5-р гуанзанд зөөгч хийж байгаад 1989 онд жирэмсэн болоод ажлаас гарч хувиараа хөдөлмөр эрхэлсэн.

Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах тухай хуулинд хамрагдаж 11 жил нөхөн тооцуулсан. 4 хүүхдийнхээ 6 жилийг авсан. 1986-1989 оныг дуустал Худалдаа бэлтгэлийн тресстэд ажилд орсон, гарсан тушаал байгаа боловч дэвтэр дээр бичилт байхгүй байгаа.

Одоо тэтгэвэрт гарах хугацаа болсон тул ажилласан жилээ тогтоолгох гэж хүсэлт гаргасан. Иймд намайг Ховд аймгийн Ховд хотын Худалдаа бэлтгэлийн трестийн 8 дугаар гуанзанд 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 7 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл үйлчлэгчээр, 5 дугаар гуанзанд 1987 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал зөөгчөөр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Н нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Н нь нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Ховд хотын Худалдаа бэлтгэлийн трестийн 8 дугаар гуанзанд 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 7 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл үйлчлэгчээр, 5 дугаар гуанзанд 1987 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал зөөгчөөр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Н нь Ховд аймгийн Ховд хотын Худалдаа бэлтгэлийн трестийн 8 дугаар гуанзанд 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 7 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл үйлчлэгчээр, 5 дугаар гуанзанд 1987 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал зөөгчөөр тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 641 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1986 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 138 дугаартай Ажилчид зохицуулан ажиллуулах тухай тушаалын хуулбар, Ховд хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1987 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 132 дугаартай Ажилчид зохицуулан ажиллуулах тухай тушаалын хуулбар, Ховд хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1990 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 64 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, Б.Нийн 1986 оны 6 дугаар сарын 23-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч И.Болормаагийн ...Би Б.Нийг 1986 оноос өмнө таньдаггүй байсан. Намайг Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд ажиллаж байх үед 1986 онд нөгөө ээлжинд зөөгчөөр ажилд орж байсан. Тухайн үед Худалдаа бэлтгэлийн трестийн гуанз нь 2 ээлжээр ажилладаг байсан. Би Оюунчимэг тогоочийн ахлаж байсан ээлжинд зөөгч хийдэг байсан. Харин Б.Н нь З.Оюунцэцэг тогоочийн ахлаж байсан ээлжинд зөөгч хийдэг байсан. Б.Н нь Худалдаа бэлтгэлийн трестэд 1989 он 6 дугаар сар хүртэл зөөгчөөр ажилласан. Би яг хэзээ ажлаасаа гарсныг мэдэхгүй байна.... гэх мэдүүлэг, гэрч Н.Одхүүгийн ...Намайг Худалдаа бэлтгэлийн трестийн 5 дугаар гуанзад кассчинаар ажиллаж байх үед Батхүүгийн Н нь 1986 оны 7, 8 дугаар сард манай гуанзад зөөгчөөр анх ажилд орсон. Б.Н нь 1989 оныг дуустал зөөгчөөр ажилласан. Б.Н нь Амараа гэдэг хүнтэй гэр бүл болоод удалгүй ажлаасаа гарсан. Дахиж манай нисэхийн гуанзад ажиллаагүй... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 4-7, 9, 25-27, 28-30 дугаар тал/

Б.Н нь Ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан талаарх 1600001695 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хэрэгт авагдсан болно. /хх-ийн 12 дугаар тал/

Хавтаст хэргийн 14-17 дугаар хуудсанд авагдсан иргэн И.Болормаа, Н.Одхүү нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.

Нэхэмжлэгч Б.Нийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Боржигон овогт Батхүүгийн Н //-ийн Ховд аймгийн Ховд хотын Худалдаа бэлтгэлийн трестийн 8 дугаар гуанзанд 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 7 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл үйлчлэгчээр, 5 дугаар гуанзанд 1987 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал зөөгчөөр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Нийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

   

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               С.ОЮУНЖАРГАЛ