Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 00219

 

2020 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 153/ШШ2020/00219

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                             

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн багт оршин суух, З-н овогт П-ын Х//-ийн нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 153/2020/00193/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Хнь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зааныхан овогт Пүрэвжавын Хминий бие нь 1966 оны 06 сарын 05-ны өдөр Ховд аймгийн Дарви суманд Б.Пүрэвжавын 6 дахь охин болон мэндэлсэн. Бага насаа аав, ээжийн гар дээр өнгөрөөж 1974 онд Ховд аймгийн Дарви сумын 8 жилийн дунд сургуулийн 1 дүгээр ангид элсэн орсон боловч 1975 онд миний аав Б.Пүрэвжав нь өвчний улмаас нас барж, ээж маань нэгдлийн малтай, бага насны дүү нартай минь үлдсэн учир удалгүй сургуулиас гарсан. Сургуулиас гараад Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн 3 дугаар бригад буюу Мөрөн бригадад нэгдлийн мал малладаг өөрийн ээж Ц.Галсангийн бог малын суурьт мал малласан.

Миний бие нь 1987 онд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат Гааяа овогтой Галбадрахтай гэр бүл болж, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн 3 дугаар бригад буюу Бураа бригадад малчнаар шилжин ажилласан. Бид гэр бүл болоод 9 хүүхэд төрүүлж өсгөсөн. Архиваас 70 дугаар данс авахад манай нөхөр Г.Галбадрахын нэрийг дансан дээр Г.Бадраа гэж бичигдсэн байна.

Ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хуулийн дагуу миний бие нь улсаас ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулж аваагүй болно.

Иймд Зааныхан овогт Пүрэвжавын Хнамайг 1982 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн Мөрөн бригадад малчнаар, 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар, 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр хувьцаат компанид малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Нэхэмжлэгч П.Хнь 9 хүүхэд төрүүлж өсгөсөн. Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу улсаас авах боломжоо эдэлж чадаагүй. Амьдралын түвшний хувьд нэн ядуу өрхөд хамаардаг. Олон хүүхэдтэй цөөн малтай айл байгаа. Хэрэгт байгаа баримтын хүрээнд нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэж өгнө үү....гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Хнь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч П.Хнь Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн Мөрөн бригадад 1983 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн 3 дугаар бригадад 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл малчнаар, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр ХК-д 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан  болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 89 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Ховд аймгийн Дарви сумын Мөрөн бригадын 1984 оны цалин хөлсний 70 дугаар дансны хуулбар, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бураа бригадын 1987-1992 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд, Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжилт нэгдлийн даргын 1983 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 40 дугаартай “Илгээлтийн эздийг ажилд томилох тухай” тушаалын хуулбар, Пүрэвжавын Хоролсүрэнгийн 1984 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Г.Галсандоржийн “....П.Хнь 1987 оны 3 дугаар сард Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн малчин Гааяагийн Бадраатай гэр бүл болж, манай суманд бэр болж ирсэн. Ингээд 1987 оны 3 дугаар сараас хойш нэгдэл тарах хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд манайхтай хамт айл саахалт байж нэгдлийн мал малласан. Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэл 1991 онд тарсан. Нэгдэл тараад ямар нэгэн компани болоогүй. П.Хнь одоог хүртэл Ховд аймгийн Зэрэг суманд мал маллаж амьдарч байгаа хүн юм....” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 7, 10, 13-18, 35, 39-41, 44-46, дугаар тал/

Харин Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжилт нэгдлийн даргын 1983 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 40 дугаартай “Илгээлтийн эздийг ажилд томилох тухай” тушаалаар нэхэмжлэгч Пүрэвжавын Хоролсүрэнг 1983 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн Мөрөн бригадад малчнаар томилон ажиллуулсан байх бөгөөд энэ тушаалыг үгүйсгэх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.

Иймд нэхэмжлэгч П.Хнь Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн Мөрөн бригадад 1982 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хавтаст хэргийн 19-20 дугаар хуудсанд авагдсан иргэн Г.Галсандорж, Л.Оюунцэцэг нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хавтаст хэргийн 8-9, 11-12 дугаар хуудсанд авагдсан Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн Мөрөн бригадын 1982, 1983, 1985, 1986 онуудын цалин хөлсний 70 дугаар данснуудад П.Хоролсүрэнгийн нэр бичигдээгүй, хавтаст хэргийн 36-38 дугаар хуудсанд авагдсан гэрч Л.Оюунцэцэгийн мэдүүлэг нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс зөрсөн буюу нотлох баримтаар үнэлэхэд эргэлзээтэй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар тус шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 153/ШЗ2020/00429 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч П.Хоролсүрэнг улсын тэмдэгтийн хураамж 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдав. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Зааныхан овогт Пүрэвжавын Х//-ийн Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн Мөрөн бригадад 1983 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн 3 дугаар бригадад 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл малчнаар, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр ХК-д 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн Мөрөн бригадад 1982 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар тус шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 153/ШЗ2020/00429 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч П.Хоролсүрэнг улсын тэмдэгтийн хураамж 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 С.ОЮУНЖАРГАЛ