Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1004

 

 

 

 

 

 

 

 

 

    2023           8               23                                          2023/ШЦТ/1004

 

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Шүүгч Б.Булгантамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жавхлантөгс,

Улсын яллагч Д.Ууганцэцэг,

шүүгдэгч Н.Х******, түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарыг оролцу****** тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар тус дүүргийн Прокурорын газрын хяналтын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Х******г холбогду****** яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208007270140 дугаар хэргийг 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт, Чингэлтэй дүүргийн оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

Б****** овогт Н****** Х****** /РД:УХ96092724/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Х****** нь 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Мандалын 9 дүгээр гудамж, 183в тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Ц.С******, Б.Х****** нарыг хутгаар зүсэж, Ц.С******ын эрүүл мэндэд зүүн бугалга, зүүн мөр, зүүн суганы ар хэсэг, нуруу, хүзүү, баруун гарын ядам хуруу, зүүн гарын долоовор хуруунд хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол, иргэн Б.Х******гийн эрүүл мэндэд зүүн бугалганд зүсэгдсэн шарх, зүүн бугалга, өвчүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан,

мөн 2022 оны 11 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******” диско бааранд хохирогч Ц.Н******ийг шалтгаангүйгээр толгойн хэсэг рүү нь гар утсаараа 1 удаа цохиж, биед духанд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан тус тус гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 383 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд зэргийг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Хэргийн үйл баримтын талаар:

            - Шүүгдэгч Н.Х******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Тэр хоёр хамт амьдардаг байдаг байсан. Тухайн өдөр гурвуулаа хамт гарах болоод миний талаар хэлсэн хов живнээс л болоод маргалдсан. Х****** миний биед түрүүлээд халдсан болохоор зодоон эхэлсэн. Баянхошуунд байх гэрт нь очих болсон шалтгаан нь өмнө нь пүүзээ сольчихсон байсан. Тэгээд нэгнийх нь найз залуу нь Цогоо гэх хүн, мөн Х******г таньдаг болохоор нь Цогоо гэх хүнийг дагуулж очсон. Би ганцаараа тэр гурван хүнд зодуулчихсан болохоор очиж чадахгүй хүн дагуулж очсон. Би Х******гийн гэр лүү орохдоо ширээн дээр хутга байхыг харсан. Тэгээд С******тай барьцалдаж байгаад яагаад тэр хутгыг авснаа санахгүй байна. Намайг эхэлж түлхсэн болохоор өндөр шар үстэй хүүхэн рүү нь гар утсаа шидих гэж байгаад Н******ийг оночихсон. Н******ийн толгойноос цус гарч байсан. Энэ гэмтэл миний үйлдлийн улмаас Н******т учирсан болохоор хүлээн зөвшөөрч байна. Х******, С****** хохирол нэхэмжлээгүй.” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

            - Хохирогч Ц.С******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 24-ний шөнө 00 цаг өнгөрч анд С******, Ө****** бид гурав хорооллын өргөөгийн урд байдаг бааранд орж ууж идэж, бүжиглэж байсан. Найз Халиун “яваад очъё” гээд бид гурвын байгаа газар ирсэн. Х******, Ө****** бид 3 баарнаас гараад Х******гийн ажлуулдаг ТҮЦ дээр очиж, бид дөрөв 3 том ливо хувааж уусн. Халиун Х******г хэлэх хэлэхгүй үгээр хэлээд доромжлоод байсан. Тэр хоёр гарч зодолдоод, үсдэлцээд байсан. Ө****** бид хоёр салгаад Халиун машинд суугаад яваад өгсөн. Х******, Ө****** бид гурав Сонгинохайрхан дүүргийн 11 хороо, Мандал 9-183 тоотод нийтийн байрандаа ирээд унтаад өгсөн. Унтаж байхад Халиун ирсэн намайг татаж чангааж босгож ирснээ шууд миний нуруу болон баруун зүүн гар хэсэгт хутгаар зүсээд эхэлсэн. Би тухайн үед нойрмог архи уусан байдалтай байсан болохоор биеэ хамгаалж чадаагүй юм. Би “болиоч ээ” гэж хэлэхэд Халиун учир зүггүй хутгаар зүсээд байсан. Халиунтай хамт явж байсан нэг залуу нь Х******с “одоо болно, чи хүн аллаа ш дээ” гэж хэлээд татаж чангаагаад авсан. Би босож ирээд байж байсан чинь Х****** цамнаас нь чинь цус гараад байна, мөрнөөс чинь бас гарсан байна гэж хэлсэн. ...Миний нуруу хэсэгт 7 ширхэг шархтай, зүүн болон баруун гаранд 1 хутганы шархтай байгаа...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 24-25, 28 дахь тал),

            - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 31ий өдрийн 2211 дугаар хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний: “...Ц.С******ын биед зүүн бугалга, зүүн мөр, зүүн суганы ар хэсэг, нуруу, хүзүү, баруун гарын ядам хуруу, зүүн гарын долоовор хуруунд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 53-54 дэх тал),

            - Хохирогч Б.Х******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 01 дүгээр сарын 23-ны орой Ө******, С****** бид гурав баар орж үйлчлүүлээд хүний нэг шил пиво уугаад байж байтал С****** “гадаа Х****** ирсэн таксины мөнгө өгөөч гэнэ” гэж хэлсэн. Ө******, С****** бид гурав баарнаас гарахад Х****** согтуу байдалтай байсан. С****** надад Х******г байхгүй байхад “чамайг Х****** зодно, ална гээд томроод байна лээ” гэж хэлж байсан. Тухайн үед Х******, С****** хоёулаа байхаар нь би өмнөх С******ын хэлсэн үгийг санаад “чи намайг ална гэсэн юм уу” гээд асуутал Х****** над руу хашгираад “тэгж ярьсан ч яадаг юм бэ” гэхээр нь би эхлээд түцэн дотор Х******гийн нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохисны дараа Х****** “Гараад ир, гадаа зодолдъё” гэхээр нь Х****** бид хоёр үсдэлцээд байж байтап Ө******, С****** нар салгахаар нь би Ө******ын машинд ороод суусан. Ө****** “би Х******г таксинд суулгаад өгчихлөө, гэрт чинь ирээд хутгална гэж хэллээ” гэж надад хэлсэн. ...Нэг сэртэл Х****** гэрт ороод ирсэн над руу ширээн дээр байсан сэрээг аваад дайрч байхаар нь би босож ирээд Х******г түлхсэн чинь Х****** Цогоо ахынхаа араар орсон. Би С******ыг хартал С******ын нуруу болон баруун гар хэсэгт нил цус болчихсон байхаар нь би С******д “наадах чинь цус болсон байна ш дээ” гэж хэлээд байж байтал миний зүүн гарын бугалга хэсэгт хөндүүрлээд нэг сонин болоод байхаар нь би зүүн гарын бугалга хэсгээ хартал миний зүүн гарын бугалганаас цус гарсан байсан. Х****** “энэ бол эхний сануулга шүү” гэж хэлээд Цогоо гээд зүс таних залуугийн хамт гэрээс гараад явсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 31-32 дахь тал),

            - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 31ий өдрийн 2213 дугаар хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний: “...Б.Х******гийн биед зүүн бугалганд зүсэгдсэн шарх, зүүн бугалга, өвчүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх зүүн бугалганы зүсэгдсэн шарх гэмтэл нь ир үзүүртэй, зүүн бугалга, өвчүүнд зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 65-66 дахь тал),

            - Гэрч Б.Ө******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 23-ны орой С******, Х****** нарын хамт бааранд үйлчлүүлсэн. Бид гурав байрнаас гарсан чинь Х****** ганцаараа жоохон уусан байдалтай ирсэн. Бид 4 Х******гийн ажиллуулдаг түцэнд Боргио нэртэй 2,5 литрийн 2-3 савыг хувааж уусан. Гэнэт Х******, С******, Х****** нар хоорондоо хэрэлдээд Х******, Х****** нар түцнээс гараад бие биенээ үсдээд зодолдохоор нь С****** бид хоёр салгаад би Х******г таксинд суулгаж явуулсан. Х******, С****** бид гурав Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Мандалын 9-1838 тоотод байрлах нийтийн байранд 2022 оны 01 дүгээр сарын 24-ний үүрээр ирээд унтацгааж байсан чинь гэнэт чимээ гарахаар нь сэрээд хартал С******ын нуруу болон гарнаас цус гарсан байдалтай байсан. Мөн Х******гийн зүүн талын мөрнөөс цус гарсан байдалтай, Х****** үүдэн дээр 2 залуугийн хамт байсан. Тэр хоёр залуу Х******г хориглосон байдалтай байсан. ...Х******, С****** бид гурвыг нийтийн байранд ирэхэд Х******, С****** нарын биед гэмтэл шарх байгаагүй. Харин унтаад сэрэхэд Х******, С****** нар хутгалагдсан байдалтай байсан. Тухайн үед Х****** “ахаа, та миний хоёр хутгыг хоё******г нь авсан шүү, би хоёр хутгатай орж ирсэн шүү” гэж сүүлд үлдсэн залууд хэлсэн. С******ын биед учирсан гэмтлүүдийг Х****** Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Мандалын 9-1836 тоотод байхдаа учруулсан. Х******гийн биед учирсан зүүн бугалга, өвчүүнд зулгаралт гэмтлийг Х******тай Өргөөгийн ард байдаг түцний гадаа байхдаа зодолдож Х****** учруулсан. Харин зүүн бугалганд зүсэгдсэн шархыг Х****** нийтийн байранд байхдаа хутгаар зүсэж гэмтээсэн...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 47-48, 50-51 дэх тал),

            - Гэрч Д.М******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 24-ний өглөө 06 цагийн орчимд Х****** залгаад “ахаа би хүнд зодуулчихлаа, та гараад ирээч” ...гэж хэлсэн. Удалгүй Х****** нэг таксигаар ирээд намайг авсан. “Х******, Укана 2 намайг зодчихлоо, би байгаа газрыг нь мэднэ, нийтийн байранд байгаа, Төмөр замаас нэг ахыгаа аваад гурвуулаа очъё” гэхээр нь би “тэгье” гэж хэлсэн. Төмөр замаас Цогоо гэх залууг аваад бид 3 Хөтөлийн орчимд байдаг нийтийн байранд ирэхэд... Укана, Х******, өөр нэг танихгүй залуу унтаж байсан. Би тэр залуу дээр очоод “хөөе босоод ир” гээд дуудсан чинь тэр танихгүй залуу, Укана, Х****** нар босоод ирсэн. Тэгсэн чинь Х****** миний хажуугаар дайрч орж ирээд Уканатай барьцалдаж аваад хаанаас хутга авсан талаар мэдэхгүй, ямар ч байсан нэг хутгаар Укана, Х****** 2-луу дайраад хутгаараа зүсээд байхаар нь би Х******гаас хутгыг нь булааж аваад ширээ рүү шидсэн. Би Х******г “чи яаж байгаа пизда вэ, намайг хэрэгт хийх гээ юу, би гарч ирээд удаагүй байна шүү, цаашаа гар” гээд Цогоо, Х****** хоёрыг хөөгөөд гаргасан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 182-183 дахь тал),

            - Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургиийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 15-19 дэх тал)

            -  Хохирогч Ц.Н******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 11 сарын 07-08-нд шилжих шөнө найз Л******, Б****** нарын хамт гурвуулаа Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, “******” нэртэй бааранд орой орсон. Бид гурав хамт нилээн сууж байгаад Б****** бид хоёр тусдаа байдаг караокены өрөөнд нь орсон байсан. Манай найз Л****** зааланд ганцаараа үлдчихээд нэг эрэгтэй, хоёр эмэгтэй хүнтэй маргалдсан байсан. Тухайн үед би 2 найзтайгаа гарах гээд хаалга руу явж байхад маргаан үүсгэсэн 3 хүний эрэгтэй нь манай найз Л****** зодох гээд далайх үед би тэр эрэгтэйг нь болиулах гээд хажуунаас нь татсан. Тэгтэл хар хувцастай, тарган эмэгтэй нь хүрч ирээд миний толгой руу гартаа барьчихсан утсаараа цохисон. Гэмтэл дээр очоод духны хэсэгтээ 3 оёдол тавиулсан. ...Манай найз Л******тэй маргаан үүсгэсэн эмэгтэй нь миний дух хэсэг рүү гартаа утас барьсан байснаараа удаа 1 удаа цохисон юм. ... Би тухайн өдрөө Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлчихээд 2-3 өдрийн дараа шүүх эмнэлэгт очиж үзүүлсэн. Миний толгой хөндүүртэй, доргисон байсан тул Баянхошуунд байдаг бариач дээр очиж 10 хоног бариулсан. 2022 оны 12 дугаар сард Мамба дацан уламжлалт эмнэлэгт 5 хоног хэвтэж эмчлүүлсэн. 5 хоногийн 900.000 төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 225 дахь тал),

            - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 16ы өдрийн 15535 дугаар хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний: “...Ц.Н******ийн биед духанд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 241-242 дахь тал),

            - Гэрч Г.Л******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Найз Б******, Н****** нарын хамт “******” нэртэй бааранд орсон. Бид гурав хэсэг бүжиглэж байгаад тусдаа өрөөтэй караокед нь орсон. Шөнийн 2 цаг болж байхад би зааланд бүжиглэж байсан. Тэгэхэд хар хувцастай, намхан, тарган, саравчтай малгай өмссөн, халамцуу байдалтай эмэгтэй нь хажуугаас түлхээд хэрүүл өдөөд байсан. Би тэр эмэгтэйтэй маргалдсаны дараа ...2 найз руугаа очоод болсон асуудлыг хэлээд куртикээ өмсөөд гарах гээд явж байхад надтай маргалдаад байсан эмэгтэйтэй хамт явж байсан эрэгтэй над руу гар далайхад манай найз Н****** хажуугаас нь гарыг нь барьж болиулсан. Тэгэхэд надтай эхэлж маргалдсан эмэгтэй шууд ирээд манай найз Н******ийн толгой руу гараараа цохисон...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 232 дахь тал),

            - Гэрч Б.Б******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Найз Л******, Н****** нарын хамт караокед ороод пиво уугаад дуу дуулсан. Л****** нилээн согтсон диско бааранд нь орж бүжиглээд буцаж орж ирж пивоо уугаад яваад байсан. Л****** “намайг хүмүүс дээрэлхээд зодоод байхад та 2 энд суугаад байх юм” гэж орж ирэхээр нь Н****** бид хоёр “Лхагваа ер нь согтсон байна, аваад гаръя” гэж ярилцаад бүжгийн талбайн дундуур гарч явж байх үед нэг залуу Л****** рүү гараа далайгаад цохиж байгаа юм шиг харагдсан. Би Л****** цохьчихлоо гэж хараад тэр залууг нь хойш нь түлхсэн чинь нэг хүүхэн араас нь гарч ирээд нөгөө залуу 2 над руу дайрах үед хүмүүс ирээд салгасан. Тэр үед Н******ийн нүүрнээс цус асгарсан зогсож байхаар нь би “Юу болов” гэж асуутал махлаг биетэй, намхан нуруутай, хар хувцастай хүүхнийг заагаад “энэ цохьчихлоо” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 236 дахь тал),

            - Гэрч Э.П******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 08-ны шөнө бааранд ороод 1 шил 0,75 литрийн Эдэн нэртэй архи, 2, 3 шил пиво авсан. Архийг тал хүртэл А****** бид хоёр хувааж уусан. Х****** “архи уухгүй” гээд 2 шил пиво уусан байсан. А****** бүжгийн талбай дээр бүжиглэж байхад цагаан цамцтай хүүхэн байн байн ирээд байхаар нь Х****** эхлээд явуулсан. Би утсаа ширээн дээр тавьсан байсан бөгөөд надад “утсаа аваарай, хулгай гарна шүү” гэж хэлсэн. Сууж байтал нөгөө цагаан цамцтай хүүхэн дахиад ирэхээр нь Х****** тухайн эмэгтэйг “яв” гэж хэлээд түлхээд унагаасан юм. Би араас нь Х******г татаад явсан. Энэ үед нөхөр нь ирээд “юу болоод байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгээд салаад явсан бөгөөд А******г дахиад бүжиглэж байтал нөгөө цагаан цамцтай эмэгтэй дахиад ирсэн. Тэгэхээр нь би “цаашаа бай” гээд цээж рүү нь гараараа түлхсэн. Цаашаа яваад эргээд ирэхдээ 2 эмэгтэй хүн дагуулаад ирсэн. Өндөр шар урт үстэй хүүхэн нь ирээд хэрүүл өдөөд байсан. Тэр хүүхэн нь Х******г цохиод авсан. Зөрүүлээд Х****** нь хамт явж байсан намхан хүүхэн рүү нь утсаа шидчих шиг болсон. Тухайн утсаар цохиулсан эмэгтэйн духнаас нь цус гараад цагдаа ирсэн...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 234 дэх тал),

            - Гэрч Э.А******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би бүжгийн талбай дээр гараад бүжиглэж байх үед манай ширээн дээр нэг охин оччихсон байсан. Тэр охин манай ширээ рүү 2-3 удаа очсон. Баарны сүүлийн ая яваад дуусч байхад би ширээн дээр очоод хувцсаа өмсөөд гарах гэж байхад нэг эмэгтэй нь Х******г алгадаад, нөгөө эмэгтэй нь түлхээд газар унагаасан. Би очиж салгасан чинь Х****** өөрийнхөө гартаа барьсан утсаа шидчих шиг болсон...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 238 дахь тал),

            - Шүүгдэгч Н.Х******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 08-ны 01 цагийн үед нөхөр А******, найз Пүүжээ нарын хамт 17 диско бааранд ороод би 0,5 литрийн Сэнгүр пиво, А******, Пүүжээ нар 0,5 литрийн Соёрхол нэртэй архи аваад уусан. Манай нөхөр А****** бүжгийн талбай дээр гарч бүжиглэсэн. Бид 2 ширээнээс босоогүй. Гэтэл цагаан өнгийн куртиктэй, өндөр нуруутай хүүхэн манай ширээн дээр ирээд байсан. 3 удаа ирсэн. Сүүлдээ бид 2 тэр хүүхнийг “яваачээ, чи зайлаачээ” гэж хэлэхээр явчихаад л буцаж ирээд байсан. Баар хаах болоод гэрлээ асаасан байсан чинь цагаан куртиктэй хүүхэн ахиж манай ширээн дээр ирэхээр нь би “чи яах гээд байн байн манай ширээн дээр ирээд байгаа юм бэ” гэж хэлтэл өөдөөс хэрэлдээд байсан чинь хамт явж байгаа бололтой өсгийтэй гуталтай, шар үстэй, өндөр нуруутай хүүхэн намайг түлхээд би газар унасан. Манай нөхөр намайг газраас босгохоор нь би гартаа барьсан байсан утсаа намайг түлхсэн охин руу шидэх үед нөгөө охины толгойд нь оносон гэж бодож байна. Тэгтэл цагаан куртиктэй болон шар үстэй 2 эмэгтэйтэй хамт явж байсан намхан хүүхний духнаас нь цус гарчихсан байсан...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 6-7 дахь тал),

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дугаар хавтаст хэргийн 10 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 9 дэх тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 79 дэх тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Н.Х****** нь 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Мандалын 9 дүгээр гудамж, 183в тоотод таарамжгүй харьцааны улмаас иргэн Ц.С******, Б.Х****** нарыг хутгаар зүсэж, Ц.С******ын эрүүл мэндэд зүүн бугалга, зүүн мөр, зүүн суганы ар хэсэг, нуруу, хүзүү, баруун гарын ядам хуруу, зүүн гарын долоовор хуруунд хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол, иргэн Б.Х******гийн эрүүл мэндэд зүүн бугалганд зүсэгдсэн шарх, зүүн бугалга, өвчүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан болох нь хохирогч Ц.С******, Б.Х******, гэрч Б.Ө******, Д.М****** нарын мэдүүлэг, шинжээчийн 2211, 2213 дугаар дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг зэрэг,

мөн 2022 оны 11 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******” диско бааранд хохирогч Ц.Н******ийг шалтгаангүйгээр толгойн хэсэг рүү нь гар утсаараа 1 удаа цохиж, биед духанд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Ц.Н******, гэрч Г.Л******, Б.Б******, Э.П******, Э.А****** нарын мэдүүлэг, шинжээчийн 15535 дугаар дүгнэлт, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлэг зэрэг тус тус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулснаар гэмт хэргийн үндсэн шинж хангагдана. Харин тус гэмт хэргийг 2 болон түүнээс дээш хүний эсрэг үйлдсэнээрээ хүндрүүлэх нөхцөл байдал тооцогдох буюу өөр цаг хугацаа, орон зайд тус тусдаа үүссэн өөр сэдэлтээр хоёр, түүнээс олон хүнд гэмтэл учруулсан үйлдэл нь энэ зүйлд заасан гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл мөн.

Шүүгдэгч Н.Х******гийн хохирогч Ц.С******, Б.Х******, Ц.Н****** нарын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүний эсрэг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Иймд шүүгдэгч Н.Х******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрийг хоёр, түүнээс олон хүний эсрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

           

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.С******, Б.Х******, Ц.Н****** нар нь хохирлын баримт гаргаж өгөөгүй болохыг тэмдэглэж, тэдний гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ”, 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” гэж тус тус хуульчилсан бөгөөд эрүүл мэндийн даатгалын байгууллагаас хохирогч Ц.Н******т 262,000 төгрөгийн зардал гарсан болох нь иргэний нэхэмжлэгч “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар”-ын төлөөлөгч Д.Гантуяагийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 228 дахь тал), эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэл (2 дугаар хавтаст хэргийн 19 дэх тал) зэргээр тогтоогдох тул шүүгдэгч шүүгдэгчээс 262,000 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгохоор шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Н.Х****** нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Түүнчлэн шүүгдэгч Н.Х******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,200 нэгж торгох ял оногдуулах”,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн тус тус санал гаргасан.

Шүүгдэгч Н.Х******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал (ажил эрхэлдэг болох нь нотлох баримтаар тогтоогдоогүй), бусдад учруулсан хохирлын хэмжээ (3 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан), эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Н.Х******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.Х****** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

Мөн шүүгдэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******” диско бааранд хохирогч Ц.Н******ийг шалтгаангүйгээр толгойн хэсэг рүү нь гар утсаараа 1 удаа цохиж, биед духанд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шүүхийн харьяалал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх юм.

Тодруулбал, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд адил эрх бүхий өөр шатны шүүхэд харьяалагдах нь мэдэгдсэн бөгөөд хэргийн оролцогч нарын санал, тайлбарыг харгалзан хэргийн бодит байдалд нөлөөлөхгүй гэж үзэн тус хуулийн 2.2 дахь хэсгийн 8-д зааснаар шүүх хуралдааныг үргэлжлүүлэн шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Н.Х******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б****** овогт Н****** Х******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч Н.Х******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 360 (гурван зуун жар) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

            3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.Х****** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

4. Иргэний нэхэмжлэгч Ц.С******, Б.Х******, Ц.Н****** нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д тус тус зааснаар Н.Х******гаас 262,000 (хоёр зуун жаран хоёр мянга) төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.Х******д сануулсугай. 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Х******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.БУЛГАНТАМИР