Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 00256

 

 2020 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 153/ШШ2020/00256

   Жаргалант сум

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

  

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 21-18 тоотод оршин суух, Бууралууд овогт Ц-н Т //-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багт байрлах, А ХХК-д холбогдох,

газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 153/2020/00044/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Т нь   шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Т миний бие Ховд аймгийн Засаг даргын 2005 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 141 дугаартай захирамжаар Жаргалант сумын 8-р баг Нарангийн 21 дүгээр гудамж 18 тоотод 1200 м.кв. газар өмчилж, 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 200702205 нэгж талбарын дугаартай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-1617000799 дугаарт бүртгүүлж, 0001376684 дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээгээр тус газрыг өмчилж авсан.

Миний өмчлөлийн газрыг А ХХК-н эзэмшил газартай давхцуулж кадастрын зурагт тусгасан тул Аптайн буян ХХК нь миний өмчлөлийн газрыг манай байгууллагын эзэмшил газар гээд миний өмчлөлийн газрыг чөлөөлж өгөхгүй миний Үндсэн хуулиар олгогдсон өмчлөлийн газраа өмчлөх эзэмших эрхийг зөрчиж байгаа тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.

Миний бие миний өмчлөлийн газрын зарим хэсэг А ХХК-ийн эзэмшил газартай давхцаж байгаа тул газрын маргааныг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг Ховд аймгийн Газрын харилцаа Барилга Хот байгуулалтын газарт гаргаж өөрийн өмчлөлийн газрын кадастрын зургийг гаргуулж одоо хашаа татсан байгаа газрын хэмжээг тодорхойлуулахад миний өмчлөлийн газрын зарим хэсэг А ХХК-ийн эзэмшил газартай давхцаж байгаа болохыг тодорхойлж маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай гэсэн хариуг өгсөн болно.

Миний өмчлөлийн газар А ХХК-ийн эзэмшил газартай давхцаж, миний өмчлөлийн газрыг А ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 21 дүгээр гудамжны 18 тоотод байрлах газар өмчлөх эрхийн 00137684 дугаарын гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Г-161700799 дугаарт бүртгэгдсэн 1200 метр квадрат гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газрыг чөлөөлөхийг А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг хүлээн зөвшөөрсөн.

Дээрх газар дээрх үнс болон хог хаягдлыг нэхэмжлэгч  Ц.Т өөрийн зардлаар чөлөөлөхийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг зөвшөөрч эвлэрсэн....гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 21 дүгээр гудамжны 18 тоотод байрлах газар өмчлөх эрхийн гэрчилгээтэй өмчлөлийн газрыг чөлөөлөхийг шүүхэд хариуцагчаар татагдсан А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрсөн бөгөөд эвлэрэх эрхийг надад итгэмжлэлээр олгосон байгаа.

Нэхэмжлэгч тал тухайн газарт байгаа их хэмжээний олон жил хураагдсан үнс, болон хог хаягдлыг нэхэмжлэгч өөрийн зардлаар чөлөөлөхөөр харилцан тохирч эвлэрсэн...гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Т нь А ХК-д холбогдуулан газар чөлөөлүүлэх тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг нь Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 21 дүгээр гудамжны 18 тоот хаягт байршилтай, газар өмчлөх эрхийн гэрчилгээний 000137684 дугаартай, улсын бүртгэлийн Г-1617000799 дугаарт бүртгэгдсэн 1200 м2 гэр бүлийн хэрэцээний зориулалттай өмчлөлийн газрыг чөлөөлөхийг зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг нь дээрх газар дээрх үнс болон хог хаягдлыг нэхэмжлэгч Ц.Т нь өөрийн зардлаар чөлөөлөхийг зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг нар эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулан зохигч эвлэрсэн байна.

Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ц.Т нь 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр иргэн Д.Эрдэнэчимэгт, хариуцагчийн төлөөлөгч Б.Энхжаргал нь 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр иргэн Н.Оюунчимэгт тус тус итгэмжлэл олгосон байх бөгөөд итгэмжлэлд эвлэрэх эрхийг олгосон болохыг дурдлаа. /хх-ийн 11, 24 дүгээр тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Тын 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Төрийн сангийн 100160000945 тоот дансанд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийн тал хувь болох 35,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Тт олгохоор тогтов.

Энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч А ХХК нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.Тын нэхэмжлэлтэй, хариуцагч А ХХК-д холбогдох, газар чөлөөлүүлэх тухай иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг нь Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 21 дүгээр гудамжны 18 тоот хаягт байршилтай, газар өмчлөх эрхийн гэрчилгээний 000137684 дугаартай, улсын бүртгэлийн Г-1617000799 дугаарт бүртгэгдсэн 1200 м2 гэр бүлийн хэрэцээний зориулалттай өмчлөлийн газрыг чөлөөлөхийг зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг нь дээрх газар дээрх үнс болон хог хаягдлыг нэхэмжлэгч Ц.Т нь өөрийн зардлаар чөлөөлөхийг зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг нар эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Тын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 35,100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Тт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч А ХХК нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 С.ОЮУНЖАРГАЛ