Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/131

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батжаргал,

улсын яллагч А.Лхагваа,

шүүгдэгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Лхагваагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт *******гийн *******од холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* аймаг, ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “*******” ХХК-д туслах ажилтан ажилтай, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Налайх дүүргийн хороо, гудамжны тоотод оршин суух,  урьд ял шийтгэл үгүй,

******* овогт *******гийн ******* /РД: /.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.******* нь 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Налайх дүүргийн хороо, Замчин *******-19 тоот хаягт байрлах өөрийн гэрт, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч С.******* нь 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Налайх дүүргийн хороо, Замчин *******-19 тоот хаягт байрлах өөрийн гэрт, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүнийг зодож биед нь баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун зулайд шарх, баруун, зүүн дээд зовхинд цус хуралт, баруун зулайд шарх, баруун, зүүн дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нуруу, баруун, зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун хацарт зулгаралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, нуруунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

- Хохирогч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2015 онд дүүргийн хороонд амьдардаг байсан. Тухайн үед Д. манай хажуу талын хашаанд амьдардаг байсан. Хөршүүд байсан учраас танилцаж сайн найзууд болцгоосон. Тэр цагаас хойш одоог хүртэл найз нөхдийн холбоотой байдаг. С.*******ын хувьд манай найзын нөхөр юм. Өчигдөр буюу 07 дугаар сарын 05-ны өдөр С.*******той танилцсан. Би Налайх дүүрэгт найз Д.тэйгээ уулзах гэж 07 дугаар сарын 05-ны орой 00 цагийн орчимд ирсэн. Тэгээд намайг Налайхад ирэхэд найз Д. маань намайг тосож аваад тэдний гэрт очсон. Тэгээд бид нар хоол унд идэнгээ хоорондоо буу халж суугаад хоёр ширхэг Сэнгүр гэх нэртэй 2,5 литрийн том пиво хувааж уучхаад ор засуулаад унтаад өгсөн. Маргааш нь 07 дугаар сарын 06-ны өдөр нөхөр С.******* нь гадагшаа гарчхаад эргээд 11 цагийн орчимд гэртээ орж ирэхдээ жоохон уучихсан мөн хоёр ширхэг Нийслэл гэх нэртэй 2,5 литрийн пиво авч ирсэн. Тэгээд авчирсан пивоноос нь нэгийг нь хувааж уугаад сууж байтал эхнэр Д.гээ доромжлоод эхэлсэн. Тухайн үед нь миний уур хүрээд чи миний найзыг яахаараа доромжилдог юм гэтэл шууд л намайг чи муу гичий юу юм гээд барьж аваад цохиж зодоод эхэлсэн. Намайг гэрээсээ үснээс чирч гаргаж, газар хэвтүүлж байгаад толгой дээр дэвсэж нүүр болон бие рүү өшиглөж, цохиж зодож байгаад тайвшраад гэр рүүгээ орсон. Тэгээд би араас нь орсон чинь миний гар утас болон эд зүйлийг минь аваад нуучихсан, огт өгөөгүй, ингээд цагдаа дуудаарай гэж хэлээд явуулаагүй. Удалгүй С.******* пиво ууж байгаад тасраад унтаад өгсөн. Тэгэхээр нь найз Д. бид хоёр гарч зугтаад эмнэлэг орсон, тэгээд цагдаад мэдэгдэж байгаа юм. Миний найзыг доромжлоод байхаар нь би өмөөрөөд миний найзыг дээрэлхээд байдаг юм биш үү гэж хэлсэн чинь намайг чи муу гичий юу гээд байгаа юм гээд шууд учир зүггүй цохиж зодоод эхэлсэн. Миний нүд хавдсан, толгойндоо 7 оёдол тавиулсан, гар сарвуу хэсэг хавдаж хөхөрсөн. ...Би эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн зүйл байхгүй, өөрөө гэрээрээ эмчилгээ хийсэн. Надад эм тариа авсан 156.100 төгрөгийн баримт байгаа, тэрийг нэхэмжлэх болно. Би 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр нүдний ухархайн хагалгаанд орно, тэр мөнгийг бас нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5-7 дахь тал),

 

- Гэрч Д.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Налайх дүүргийн хороо Нарангийн 26- тоот болох гэртээ би хамтран амьдрагч С.*******ын хамт байж байх үед манай найз Б. 23 цагийн үед манай гэрт ирсэн. Тэгээд бид гурав 2,5 литрийн Сэнгүр гэх нэртэй пиво 5 ширхгийг хувааж уугаад унтаад өгсөн. 2023 оны 07 дугаар сарын 06-ны өглөө 10 цагийн үед бид нар сэрээд хоол унд хийж идээд байж байгаад манай нөхөр болох С.******* дэлгүүр яваад 2,5 литрийн Сэнгүр пиво авчирсан. Тэгээд тэрийг нь хувааж уусан. Тэгсэн С.******* дахин дэлгүүр яваад 2,5 литрийн пиво 4 ширхгийг авчирсан, тэрнээс нь бол бид хоёр огт уугаагүй, тэгсэн С.******* ганцаараа ууж байсан, тэгсэн Б. чи миний найзыг дээрэлхээд байдаг юм биш биз дээ гэж хэлээд цээж рүү нь цохисон, тэгээд дахиад нүүр рүү нь цохисон. Тэгсэн чинь С.******* босож ирээд яагаад байгаа гичий вэ гэж хэлээд, шууд Б.ийн толгой хэсэг рүү алгадаад унагаачихсан, тэгээд шууд үсдэж чирээд гэрээс аваад гарсан, тэгээд шууд нүүр, толгой, нуруу хэсэг рүү нь хөлөөрөө дэвсээд байсан. Тэгэхээр нь би гүйж очоод салгах гэсэн чинь намайг цаашаа бай ална шүү гээд ойртуулахгүй байсан. Тэгээд нэлээн зодож байгаад сүүлдээ Б. гуйгаад, толгой хэсгээс нь цус гараад, цусыг нь угаая гээд, зодохоо больчихсон. Тэгсэн С.******* гэр рүү ороод үргэлжпүүлж пиво ууж байгаад унтаад өгсөн. Б.ийн толгой хэсгээс цус гарсан, зүүн гар, зүүн нүд, дух нь хавдчихсан харагдаж байсан өөр гэмтлийг нь мэдэхгүй байна…” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал),

 

  • Налайх дүүргийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 280 дугаартай “...ын ийн биед баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун зулайд шарх, баруун, зүүн дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нуруу, баруун, зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун хацарт зулгаралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо, хатуу мохоо зүйлийн олон удаагийн цохигдох үйлдлээр үүсгэгдэнэ, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 13-14 дэх тал),

 

  • Шүүгдэгч С.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Б. манай гэрт 21 цагийн орчим ирсэн, эхнэр болох Д. бид хоёр Б.ийг ордонгийн урдаас тосож аваад гэртээ ирэх замдаа 2,5 литрийн Сэнгүр гэх пиво 6 ширхгийг аваад гэртээ очоод уугаад унтаад өгсөн. Маргааш нь би босоод дэлгүүр ороод 2,5 литрийн Сэрүүн пиво 2 ширхгийг аваад гэртээ ирээд уусан. Тэгээд ууж дуусгаад дахиж 2,5 литрийн пиво аваад ууж байсан, тэгээд би тасарчихсан нэг ухаан ороход би Б.ийг гэрийн гадаа гаргачихсан газар хэвтүүлчихсэн нүүр лүү нь дэвсэж байсан. Тухайн үед Б.ийн нүүр хэсэг нь цус болчихсон, тэгээд би шууд ухаан ороод зодохоо болиод гэр лүү ороод унтаад өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дахь тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч С.*******ын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Шүүгдэгч С.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэргийн улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Б. нь мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар 151.000 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч С.******* нь 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 151.100 төгрөгийг төлсөн болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцож, харин хохирогч Б. нь нүдний ухархайн ясанд хагалгаа хийлгэх эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч С.*******оос жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  С.*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******од оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б. нь цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч С.*******оос нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Э.ЭНХЖАРГАЛ