Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2025/0789

 

                       “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч А.Сарангэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Адъяасүрэн

Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн “М” ХХК-ийн төлөөлөгч Ц.Б

Нэхэмжлэгч: “М” ХХК

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Ц, Б.О

Нэхэмжлэлийн шаардлага: “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Ц, Б.О нарын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №НА-35240000153 дугаар татварын нөхөн ногдуулалтын актын Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн 442,449,226.88 төгрөгийн торгуулийг хүчингүй болгуулах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 681 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Т, хариуцагч Ц.Ц, Б.О, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг

Хэргийн индекс: 128/2025/0759/з

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэг. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 681 дүгээр шийдвэрээр Татварын ерөнхий хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.4, 7.4.3, 10 дугаар зүйлийн 10.1, 30 дугаар зүйлийн 30.1, 30.2, 30.6-д заасныг тус тус баримтлан “Мөнгөнхасшонхор” ХХК-иас Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Ц, Б.О нарт холбогдуулан гаргасан “...Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Ц, Б.О нарын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №НА-35240000153 дугаар татварын нөхөн ногдуулалтын актын Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн 442,449,226.88 төгрөгийн торгуулийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            Хоёр. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

2.1. “...Нэхэмжлэгч "М" ХХК-ийн нэхэмжлэлтэй Хариуцагч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Ц, Б.О нарт холбогдуулан гаргасан "Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Ц, Б.О нарын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн НА-35240000153 дугаартай татварын нөхөн ногдуулалтын актыг Нийслэлийн Татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлөөс нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн 442,449,226.88 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүхэд 2025 оны 10 дугаар сарын 06-ний өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

2.2. Анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн хэрэг маргаанд дурдагдсан Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Ц.Ц, Б.О нарын 2020 оны 01-р сарын 01-ний өдрөөс 2022 оны 12-р сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд "Мөнгөн хас Шонхор" ХХК-ийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж 2024 оны 10-р сарын 03-ны өдөр НА-35240000153 тоот нөхөн ногдуулалтын актаар нийт 5 төрлийн зөрчилд 523,214,596.89 төгрөгийн нөхөн татвар, 208,401,111,28 төгрөгийн торгууль, 122,432,215.63 төгрөгийн алданги, нийт 854,047,923.8 төгрөгийн төлбөр ногдуулсан.

2.3. Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2025 оны 02-р сарын 26-ны өдрийн №13 дугаар тогтоолоор Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн НА-35240000153 тоот нөхөн ногдуулалтын актаар 5,232,145,968.91 төгрөгийн зөрчилд 523,214,596.89 төгрөгийн нөхөн татвар, 208,401,111.28 төгрөгийн торгууль, 122,432,215.63 төгрөгийн алданги нийт 854,047,923.8 төгрөгийн төлбөр ногдуулснаас Эрх борлуулсны орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй зөрчилд 251,896,387.35 төгрөгийн нөхөн татвар, 100,758,554.94 төгрөгийн торгууль, 58,943,754.63 төгрөгийн алданги, нийт 411,598,696.92 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож, 2,713,182,095.41 төгрөгийн зөрчилд ногдуулсан 271,318,209.54 төгрөгийн нөхөн татвар, 107,642,556.34 төгрөгийн торгууль, 63,488,461.00 төгрөгийн алданги, нийт 442,449,226.88 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн ба уг шийдвэрээс 411,598,696.92 төгрөгийг хүчингүй болгосон шийдвэрийг зөвшөөрч байгаа ба үлдэгдэл 442,449,226.88 төгрөгийн торгуулийг хэвээр үлдээсэн шийдвэрүүдийн гол үндэслэл болсон "Мөнгөн хас шонхор" ХХК-ийн хувьцаа борлуулсны орлого олсон нь гэгдэж байгаа хувьцаа худалдсан, компанийн эрх шилжүүлсэн гэрээнүүд нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 191/ШШ2025/00268 дугаар захирамжаар О.Тийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Б, “У” ХХК нарт холбогдох Компанийн хувьцаа худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах Иргэн О.Тийн нэхэмжлэлийг хангаж "М" ХХК-ийн 51 хувийн хувьцааг иргэн Ц.Б болон “У” ХХК нарт шилжүүлсэн Хувьцаа худалдах худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон.

2.4. Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1. дэх хэсэгт "Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно", мөн зүйлийн 57.2. дахь хэсэгт "Шүүхээс хүчин төгөлдөр бус гэж тооцсон хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байна" гэсэн заасан байхад Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Ц.Ц, Б.О нарын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн НА-35240000153 дугаартай 854,047,923.8 төгрөгийн татварын нөхөн ногдуулалтын актад гаргасан гомдлыг хянан хэлэлцсэн Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл нь нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн 854,047,923.8 төгрөгөөс 411,598,696.92 төгрөгийг хүчингүй болгож 442,449,226.88 төгрөгийг төлөхөөр шийдвэрлэсэн нь анхнаасаа үндэслэлгүй байсан.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 06-ний өдрийн 128/ШШ2025/0681 дугаартай шийдвэрийг хүчингүйд тооцож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

            1. Хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

            2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

            3. Нэхэмжлэгч “М” ХХК-иас Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Ц, Б.О нарт холбогдуулан “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Ц, Б.О нарын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №НА-35240000153 дугаар татварын нөхөн ногдуулалтын актын Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн 442,449,226.88 төгрөгийн торгуулийг хүчингүй болгуулах”-аар маргажээ.

            4. Хэргийн үйл баримтаас үзвэл, нэхэмжлэгч “М” ХХК нь Гадаад худалдаа, ашигт малтмалын хайгуул, ашигт малтмал ашиглалт, ачаа тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, тусгай зөвшөөрөлтэй бөгөөд тус компанийн 51 хувийн хувьцаа эзэмшигч О.Т нь 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр өөрийн эзэмшлийн нэг бүр нь 10000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 310 ширхэг 31 хувийн энгийн хувьцааг “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ц.Бт, 200 ширхэг 20 хувийн энгийн хувьцааг Улаанбаатар контент энд энтертайнмент ХХК-д хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлсэн ба 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр тус компанийн эцсийн өмчлөгчөөр Ц.Быг, хувьцаа эзэмшигч гишүүнээр “Улаанбаатар контент энд энтертайнмент” ХХК-ийг бүртгэсэн байна.

            5. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Тухайн татварын жилд албан татвар ногдох орлого олсон, эсхүл орлого олоогүй боловч хуульд заасны дагуу албан татвар төлөх үүрэг бүхий аж ахуйн нэгж нь албан татвар төлөгч байна”, 7 дугаар зүйлийн 7.4-д “Албан татвар төлөгчийн дараах орлогод албан татвар ногдоно”, 7.4.3-т “хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого”, 10 дугаар зүйлийн 10.1-д “Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод дараах орлого хамаарна”, 10.1.2-т “төрийн байгууллагаас олгосон эрх борлуулсан, шилжүүлсний орлого”, 30 дугаар зүйлийн 30.1-д “"Эцсийн эзэмшигч" гэж Татварын ерөнхий хуулийн 6.1.48-д заасныг ойлгоно”, 30.2-д “Эцсийн эзэмшигчийн эзэмшиж байгаа хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийг борлуулах, шилжүүлэх замаар Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу олгосон газар эзэмших, ашиглах эрх, ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг бүрэн буюу хэсэгчлэн борлуулах, шилжүүлэхтэй холбогдон олсон орлогыг тухайн эрх эзэмшигч аж ахуйн нэгжийн энэ хуулийн 10.1.2-т заасан орлогод тооцно”, 30.6-д “Энэ хуулийн 30.4-т заасан орлогод албан татвар ногдуулах журам, газар эзэмших, ашиглах эрх, ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн үнэлгээ тооцох, татварын ногдлыг тодорхойлох аргачлалыг тус тус санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж тус тус заасан.

            6. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд хувьцаа худалдах, эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрх борлуулсны орлогод аж ахуйн нэгжийн албан татвар ногдуулж төлөх үүрэг нэхэмжлэгч хуулийн этгээдэд үүссэн байна.

            7. Тодруулбал, “М” ХХК нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших Өлзийт нэртэй газарт 100.38, 515.05 гектар талбай бүхий уурхайн талбайд ашигт малтмал ашиглалтын МV-0, MV-0 дугаартай, тус сумын Бурхант нэртэй газар 254.56 гектар талбайг хамарсан хайгуулын талбайд ашигт малтмалын МV-0 дугаартай тусгай зөвшөөрлүүдийг эзэмшдэг бөгөөд тус компанийн 51 хувийн хувьцаа эзэмшигч О.Г-ийн эзэмшиж байсан хувьцааг шилжүүлж, эцсийн өмчлөгч өөрчлөх замаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрх борлуулсан, эрх борлуулсны орлогод албан татвар ногдуулж төлөөгүй болох нь тогтоогджээ.

8. Иймд хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх гэрээ байгуулж, эцсийн өмчлөгчийг өөрчлөх замаар Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-ийн “төрийн байгууллагаас олгосон эрх борлуулсан, шилжүүлсний орлого” гэж үзэхээр байх бөгөөд уг орлогод албан татвар ногдуулж төлөөгүй гэж үзэж нөхөн ногдуулалтын акт үйлдсэн хариуцагчийн шийдвэр хуульд нийцжээ.

            9. Нэхэмжлэгч нь “...манай байгууллага ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг бусдад худалдан борлуулаагүй, шилжүүлээгүй. ...2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн компанийн хувьцаа худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээнүүд нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 268 дугаар захирамжаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон. Иймд М ХХК-ийг эрх шилжүүлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй...” гэж  тайлбарлан маргаж байх боловч хяналт шалгалт хийх үед хүчин төгөлдөр байсан гэрээ, улсын бүртгэлийг үндэслэж нөхөн ногдуулалтын акт тогтоосон хариуцагчийн шийдвэрийг буруутгах, уг үндэслэлээр маргаан бүхий 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн НА-35240000153 дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгох боломжгүй юм.  

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан үндэслэлтэй зөв дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 681 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн  төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

            ШҮҮГЧ                                               А.САРАНГЭРЭЛ

 

            ШҮҮГЧ                                               Б.АДЪЯАСҮРЭН

 

            ШҮҮГЧ                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН