Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 28

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Баттөмөр хөтлөн

улсын яллагч Б.Жаргал

хохирогч Д.Хүнбиш

хохирогч Б.Алтанзул тэдгээрийн өмгөөлөгч Б.Өлзийбаяр,  М.Энхжаргал

шүүгдэгч Б.Даваадорж, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан

шүүгдэгч О.Батхүү түүний өмгөөлөгч Б.Ганбаатар нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  хэргийн шүүгдэгч:                  

 

1.Монгол улсын иргэн, 1992 оны 8 дугаар сарын 15-нд Орхон аймгийн Баян-ндөр суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, машин механизмын ашиглалтын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Урт булаг багийн 5-24-10 тоотод оршин суух албан ёсны хаягтай, одоо Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 7-б байрны 58 тоотод оршин сууж байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, /РД:ПА92081531/ Боржигон овогт Онолбатын Батхүү.

 

2.Монгол улсын иргэн, 1992 оны 8 дугаар сарын 24-нд Хөвсгөл аймгийн Их-Уул суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Монланд дриллинг” ХХК-д засварчин, ам бүл 2  ахын хамт Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Очир хотхоны 804 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй /РД:РЖ92082411/ Хонин онход овогт Баянмөнхийн Даваадорж  нарт холбогдох 201626021893 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Шүүгдэгч Б.Даваадорж, О.Батхүү нар бүлэглэн 2016 оны 6 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны 10 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлах “Айзам” караокед үйлчлүүлсэн тооцоогоо хийхгүй явахын тулд Ц.Давааням, Д.Хүнбиш, Б.Алтанзул нарыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин зодож Ц.Давааням, Б.Алтанзул нарын бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан  гэх гэмт хэрэгт холбогджээ.  

 

Шүүгдэгч Б.Даваадорж шүүхийн хэлэлцүүлэгт:  2016 оны 6 дугаар сарын 18-ны орой Айзам караокед найз Батхүү, Жүгдэр, Баярмаа нарын хамт орсон.  Бид нар 4 ширхэг  пиво захиалахад зөөгч Алтанзул аваад ирсэн. Тэгтэл Баярмаа, 4 пиво хэрэггүй, 2 пиво л авна гээд 2-ыг нь буцаасан. Зөөгч Алтанзул 2-ыг нь буцаагаад авч явахдаа 1-ыг нь өөрөө газар унагаад  хагалчихсан. Тэр хагарсан пивио  бидний тооцоон дээр нэмж бичсэн байснаас болж маргаан гарсан. Тэгтэл Даваадорж “архичид мөнгөө төлөхгүй зугатах гэлээ” гэхээр нь би учрыг нь тайлбарлаад хэлж байтал Хүнбиш ирээд миний нүүр рүү утастай гараараа цохисон. Би Даваанямыг түлхтэл Давааням ар нуруугаараа хаалганыхаа шилийг хагалсан гэв. 

 

Шүүгдэгч О.Батхүү шүүхийн хэлэлцүүлэгт: 2016 оны 6 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө би ангийнхаа Жүгдэр, Даваадорж, Баярмаа нартай хамт Айзам караокед хамт орсон. Бид архи, пиво захиалж ууж байхдаа дуу захиалж дуулъя гэж би хэлсэн. Нэмээд 4 пиво захиалсан чинь 2-ыг нь буцаая гэж Баярмааг хэлэхэд зөөгч Алтанзул 2-ыг нь буцаагаад аваад явахдаа замдаа 1-ыг унагаад хагалчихсан. Хагалсан пивио зөөгч цэвэрлэж байх хооронд нь би дуулъя гээд дуу захиалсан. Тэгтэл зөөгч нилээн бухимдалтайгаар оочероороо дуул гэсэн. Түүнээс болж зөөгч Алтанзул, бид 2-ын дунд маргаан үүссэн. Алтанзулын биед би гэмтэл учруулсан гэв.

 

Хохирогч Д.Хүнбиш шүүхийн хэлэлцүүлэгт: 2016 оны 6 дугаар сарын 18-ны орой 20 цагийн үед нөхөр Даваанямын хамт би өөрийн түрээслэн ажиллуулдаг Айзам караокед  очсон. Нөхөр бид хоёр тусдаа өрөөнд ороод байж байтал зааланд чанга чанга дуугарах чимээ гараад байхаар нь би нөхрийн хамт заал руу ортол Батхүү, Баярмаа хоёр манай зөөгч Алтанзул руу “ийм зөөгч байдаггүй юм” гээд, цаанаас нь Даваадорж “ийм газрын тооцоог хийхгүй” гэсэн.  Тооцоогоо хийхгүй бол гаргахгүй гээд манай нөхөр Давааням хаалган дээр зогссон. Тэгтэл Даваадорж, Даваанямыг заамдаж аваад хаалганы шилтэй хэсгийг мөргүүлж шилийг нь хагалсан. Даваадоржийн үйлдлээс миний биед гэмтэл учирсан тул гомдолтой. Даваадоржоос өмгөөллийн хөлсөнд 150.000 төгрөг, эмчилгээ болон цалинд 632850 төгрөг нэхэмжилж байна. Батхүүд гомдол саналгүй гэв.

 

Хохирогч Б.Алтанзул шүүхийн хэлэлцүүлэгт: 2016 оны 6 дугаар сарын 18-ны орой 21 цагийн үед  Батхүү, Жүгдэр, Даваадорж, Баярмаа нар орж ирээд манай тусдаа өрөөнүүд бүгд үйлчлүүлэгчтэй байсан учир нийтийн зааланд сууцгаасан. Би тэдэнд үйлчилдэг журмаараа л үйлчилж байхад  Батхүү над дээр ирээд казакаар яриад хацар луу алгадаж жаахан тавьтиргүй зантай байсан. Тэгэхээр нь би Батхүүд хүн шиг үйлчлүүлээрэй гэж хэлэхэд Батхүү казак хэл ойлгохгүй байгаа юм уу 4 пиво авъя гэсэн. Ширээнд нь  захиалсан 4 пивыг нь аваачиж өгөхөд Баярмаа хэн 4-ыг захиалсан юм бэ, 2-ыг нь буцаана гэсэн. Тэгэхээр нь би 2-ыг нь буцаагаад аваад явж байтал 1 пиво нь гарнаас мултраад унаад газарт хагарчихсан. Түүнийгээ би цэвэрлэж байтал  Батхүү  намайг “чи өөрөө унагаж хагалчихаад яагаад уурлаад байгаа юм бэ” гэсэн.  Эд нар тооцоогоо хийхгүйн тулд биднийг зодсон. Миний зүгээс тооцоон дээр нь нэмж өөрийнхөө унагаж асгасан пивыг нэмж бичсэн асуудал байхгүй. Давааням ах, Хүнбиш эгч, бид 3 тус тусдаа 150000 төгрөг буюу нийтдээ 450000 төгрөг төлсөн.  Ер нь бол дуу дуулах дарааллаас болж эхэлж Батхүү надтай маргасан.  Миний биед Батхүү гэмтэл учруулсан бөгөөд Батхүүтэй би харилцан тохиролцож 1.175.000 төгрөгийн төлбөр авсан. Үүнээс өмгөөлөгч нарт би өөрийн зүгээс төлсөн 150000 төгрөгийг хасаж тооцох бөгөөд Батхүүгээс нэхэмжлэх зүйлгүй, ямар нэг гомдол саналгүй гэв. 

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотойгоор: О.Батхүүгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 67/,  ял шалгах хуудас /хх-ийн 73/,

Б.Даваадоржийн: иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 69/, ял шалгах хуудас /хх-ийн 72/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 74/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Даваадорж, О.Батхүү нар бүлэглэн 2016 оны 6 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө “Айзам” караокед бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан  гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогчоор Ц.Даваанямын...”Баянгол дүүргийн 10 дугаар хороололд Айзам нэртэй нийтийн караокег манай эхнэр Д.Хүнбиш ажиллуулдаг юм. 2016 оны 6 дугаар сарын 18-ны орой 23 цагийн үед байх цагийг нь сайн санахгүй байна. Эхнэр бид хоёр хамт караокед очсон. Эхнэр бид хоёр ажилчдын өрөөнд хоол идээд сууж байсан чинь караокены зааланд хүн чанга дуугараад байхаар нь гараад харсан чинь танихгүй 2 согтуу эрэгтэй хүн манай зөөгч рүү хэрэлдээд, маргалдаад байсан. Би тэр залууг эхлээд холоос хараад ажиглаад байхад тэр 2 залуу хэрэлдээд байсан. Би тэр 2 залууд одоо боль гэж хэлсэн чинь тэр хоёр залуу над руу дайраад чи яг юу нь юм бэ гээд байсан.  Би тэр хоёр залууг огт цохиж зодоогүй. Харин тэр хоёр  залуу  миний хүзүүнээс боогоод толгойноос барьж хаалга мөргүүлсэн. Би тэр залууг гаргахгүй цагдаа иртэл ноцолдсон. Тэр хоёр залуу ухаанаа алдтал согтсон зүйл байхгүй. Биеэ авч явах чадвартай байсан. Тэр хоёр залуутай хамт өөр бас хоёр эрэгтэй, 1 эмэгтэй явж байсан. Маргаан болоод зууралдаад эхэлсэн чинь 1 залуу нь гарч явсан. 1 залуу нь хажуунаас утсан дээрээ бичлэг хийгээд хараад зогсож байсан. Над руу дайраад байсан 2 залуугийн 1 залуу нь манай эхнэр, зөөгч 2-ыг караокены үүдэнд цохиж зодчихоод зугтаагаад гараад явсан.

Над руу дайрч байсан 2 залуугийн подволк, шорттой залуу нь эдгээр гэмтлийг учруулсан. Тэр подволк шорттой залуу нь миний зүүн хацар, баруун мөр хэсгээс хазаад хуруугаа чих рүү хийгээд татаад, толгой руу цохиод байсан. Нөгөө 1 залуу нь намайг цохисон боловч учирсан гэмтэл байхгүй  /хх-ийн 12-13/ гэсэн,

 

хохирогчоор Б.Алтанзулын...”2016 оны 6 дугаар сарын 18-ны оройн 20 цагийн үед манай нийтийн караокед 3 эрэгтэй, 1 эмэгтэйн хамт орж ирсэн. Тэр залуучууд 1 шил 0,75 гр Вива нэртэй архи, 2 шил пиво, 2 лааз ундаа авсан. Дараа нь дахин 1 шил архи, 2 пиво, 2 лааз ундаа авч байсан. Тэгээд тэр залуучууд согтож эхэлсэн. Тэр дундаас цагаан өнгийн подволктой туранхай, жижиг биетэй залуу нь намайг текэн дээр сууж байхад ирээд казакаар яриад байсан.

...ширээн дээр нь 4 шил пиво аваад очсон чинь хамт эмэгтэй нь 2 шил пивыг нь буцаагаад 2 шил пиво авч үлдсэн. Би тэр хоёр шил пивыг буцаагаад авч явах замдаа 1 шилийг нь унагаагаад хагалсан. Тэгээд үлдсэн 1 шил пиво хураагаад тэр залуучуудын ширээн дээрээс микрофоныг нь аваад нөгөө ширээн дээр сууж байсан хүмүүст аваачиж өгөөд хагалсан пиво цэвэрлэж байхад надтай казакаар яриад байсан залуу  1 дуу тавиад өгчих гэж хэлсэн. Би тэр залууд энэ хүмүүс 3 ширхэг дуугаа дуулчихаад танай ширээний дуулах ээлж ирнэ гэж хэлсэн. Тэгсэн тэр залуу юун сүртэй юм энэ хүмүүс дуугаа хайж байх үед 1 дуу тавиад өгчих гэж хэлээд байхаар нь би болохгүй, дарааллаараа явахгүй бол болохгүй гэж хэлсэн. Тэгээд тэр залуу бухимдаад надруу дайраад чи зөөгч байж бид нарт үйлчилсэнгүй, чи өөрөө пиво унагаж хагалчихаад бид нарруу уурлаад байх юм ийм үйлчилгээтэй газар бид нар уусан юмныхаа тооцоог хийхгүй гэж хэлсэн. Тэгээд тэр залуучууд надруу дайраад чанга чанга дуугараад байсан. Тэгсэн ажилчдын өрөөнд байсан Айзам караокены эзэн Хүнбиш Давааням нар гарч ирсэн. Тэр залуучууд над руу дайраад байхаар нь Хүнбиш эгч хажуунаас нь уусан юмныхаа тооцоог хийчих гэж хэлсэн тэр залуучууд ийм үйлчилгээтэй газар тооцоо хийхгүй гээд гарах гэсэн чинь Давааням ах гаргахгүй урд таглаад зогссон. Тэгсэн надтай казакаар яриад байсан залуутай хамт явж байсан подволктой, шорт өмссөн байсан залуу гэнэт Давааням ах руу дайраад доромжлоод толгойруу нь цохиод байсан. Хүнбиш эгч бид нар залуучуудыг салгах гээд дундуур нь орсон чинь казакаар яриад байсан залуу караокеноос гараад зугтаачихсан. Надад учирсан гэмтлийг надтай казакаар яриад байсан залуу учруулсан. Бусад нь энэ гэмтлийг учруулаагүй. /хх-ийн 15-16/

 

хохирогчоор Д.Хүнбишийн:..” би нөхөртэйгээ хамт 2016 оны 6 дугаар сарын 18-ны орой 20 цагийн үед түрээслэн ажиллуулдаг байсан Айзам нэртэй нийтийн караокед очсон. Би караокены гадна машинаа байрлууж тавиад орох үед хар өнгийн цамцтай намхан, туранхай биетэй залуу караокены гадна үүдэнд шээх гэж байхад нь би боль гэж хэлээд орсон. Нөхөр бид хоёр тусдаа өрөөнд орж хоол идэх гээд сууж байсан чинь дотор нийтийн зааланд хүмүүс орилолдоод чанга чанга дуугараад байсан. Тэгэхээр нь нөхөр бид хоёр гараад очсон чинь гадаа үүдэнд шээх гэж байсан залуу хамт явж байсан найзуудтайгаа хамт манай зөөгч Алтанзултай хэрэлдээд дайраад байсан. Тэр залуутай хамт өөр 2 эрэгтэй, 1 эмэгтэй хамт явж байсан. Би тэр залуучуудад болиоч юунаас болсон юм бэ гэж асуухад манай зөөгч Алтанзул энэ хүмүүс өөр ширээн дээр дуулж байгаа хүмүүсийн урдуур орж дуу захиалаад дуулна гэж уурлаад байна. Пиво захиалахад нь аваачиж өгөхөд заримыг нь буцаахаар нь би авч яваад унагаад хагалсан чинь намайг өөрөө унагаж хагалчихаад яагаад уурлаад байгаа юм гэж хэрүүл өдөөд казакаар яриад ойлгохгүй байгаа юм уу гээд инээгээд байна гэж хэлсэн. Тэгээд хамт явж байсан нэг залуу нь Алтанзулыг цохих гээд байхаар нь нөхөр бид хоёр болиоч гэж хэлсэн чинь  нөхөр бид хоёрыг цохих гээд дайраад байсан. Нэг залуу нь манай нөхрийг багалзуурдаж түлхээд хаалганы шил хагалсан. Би дундуур нь орж салгаад, цагдаад дуудлага өгсөн. Тэр 2 залуу манай нөхрийг 2 талаас дайраад зууралдаад хэл амаар доромжлоод байсан. Тэр намхан туранхай биетэй залуу Алтанзул бид хоёрыг үсдэж дараад хагарсан шилэн дээр дарж унагаад караокеноос гарч зугтаасан.

Харин нөгөө  үлдсэн залуу нь манай нөхрийг зодоод хэл амаар доромжлоод байсан. Тэр залуучууд тооцоогоо хийгээгүй байсан болохоор манай нөхөр тэр залууг гаргахгүй зодуулаад байсан. Тэр залуучууд тэр өдөртөө тооцоогоо өгөөгүй, 2 хоногийн дараа тооцоогоо авчирч өгөөд хаалганы хагарсан шилний төлбөрийг төлсөн. Би тэр 2 залууд олон удаа цохиулсан. Миний тухайн үед өмсөж байсан хар өнгийн цамцыг урсан. Би тэр хоёр залууд цохиулснаас болж миний толгой гар хөндүүрлэж өвдөж байсан. Би хараагүйчүүдийн төв дээр очиж 7 хоногийн хугацаатай бариа засал хийлгэсэн. Би 1 удаа бариа засал хийлгэхэд 10.000 төгрөг төлсөн. Ямар нэгэн баримт аваагүй. ...эмчилгээний зардлыг нэхэмжилж байна. /хх-ийн 55/

гэрчээр Т.Баярмаагийн:..” Батхүү караокены зөөгчөөс дууны номоо өгчих гэж асуухад нөгөө зөөгч нь байж бай би одоохон өгнө шүү дээ гэж уурлаж хэлсэн. Тэгсэн чинь Батхүү яагаад чи үйлчлүүлэгч нартайгаа эвгүй харьцаад байгаа юм гэж хэлсэн чинь тэр зөөгч эмэгтэй би чамайг түрүүнээс хойш үг хэлэхээр чинь тэвчээд байсан гээд Батхүү, зөөгч эмэгтэй нар хоорондоо чанга чанга маргалдаад байсан. Тэгсэн цаанаас нь захирал гэж 1 эмэгтэй, 1 эрэгтэй хүн ирээд юу болсон талаар асуусан чинь Батхүү тэр хоёр хүнд танай зөөгч эмэгтэй 1 шил пиво өөрөө унагаж хагалчихаад бид нар луу уурлаад бид нартай хэрүүл хийгээд байна гэж хэлсэн чинь нөгөө караокены эзэн гэх эмэгтэй бид нарыг та нар тооцоогоо хийхгүй зугтах гээд байгаа юм биш үү гэж хэлсэн. Батхүү тэр эгчид тооцоогоо хийнэ гэж хэлсэн чинь тэр эзэн гэх эмэгтэй сандал дээрээс шар өнгийн улаан өнгийн резинэн бээлийг аваад шууд Батхүүг цохисон. Тэгсэн Даваадорж босоод ахаа би тайлбарлаж өгье гэж хэлээд тэр ахын мөрөн дээр нь гараа тавьсан чинь хажууд нь байсан караокены эзэн гэх эгч Даваадоржийг түлхэж унагаасан. Даваадорж босоод яагаад намайг түлхэж байгаа юм гээд нөгөө ахыг түлхсэн чинь тэр ах арагшаа болох үедээ ардаа байсан хаалгыг тулсан чинь тэр хаалганы шил нь хагарчихсан. Тэгээд л хоорондоо маргалдаад ноцолдоод байсан. Би Батхүү Даваадорж нарыг салгах гээд Айзам караокены зөөгч эмэгтэй эзэн гэх ах эгч 2 ээлжилж ирээд Батхүү, Даваадорж хоёрыг цохиж зодоод байсан. Хаалганы хажууд зөөгч эмэгтэй Батхүүг үснээс нь зулгааж доош нь дараад байсан. Би  Даваадоржийг тэр ахтай ноцолдож байхад нь салгах гэж  эзэн нь гэх эгч Даваадоржийг ирж цохиод Батхүүг очиж цохиод байсан. Эзэн гэх эгч, зөөгч эмэгтэйтэй нийлж Батхүүг үсдээд зодоод байсан. Харин Даваадорж тэр ахтай ноцолдоод байсан. Батхүү тэр эгчийг түлхээд гарч явсан. Хэрүүл маргааныг зөөгч эмэгтэй анх үүсгэсэн. Тэр хаалганы шилийг санаатай хагалаагүй. Санаандгүй ноцолдож байгаад шилийг нь хагалчихсан. /хх-ийн 18/

 

гэрчээр Д.Жүгдэрийн:..”2016 оны 6 дугаар сарын 18-ны орой 20 цагийн үед найз Даваадорж, Батхүү, Баярмаа нартай уулзаад хамт 10 дугаар хороололд байрлах Айзам нэртэй караокед орсон. Караокед ороод 2 шил пиво, 1 шил 0,75 грамм архи, 3 лаазтай ундаа, 3 ширхэг жижиг ус захиалж авсан. Тэгээд ууж идээд дуулж суугаад орой 23 цагийн үед Батхүү, Баярмаа 2 зөөгчтэй хэрэлдээд байсан.

Тэгсэн Даваадорж гаднаас орж ирсэн эрэгтэй эмэгтэй хоёртой маргалдаад зууралдаад, түлхэлцээд байсан. Батхүүг цаана нь зөөгч эмэгтэй нөгөө эгчтэй нийлээд цохиж зодоод цаашаа гарсан. Сүүлд Батхүү байхгүй болсон байсан. Тэгээд бид нарыг гаргахгүй Даваадорж тэр эрэгтэйтэй нь гарах гээд ноцолдоод байсан. /хх-ийн 19/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд болон,

 

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 8580 дугаартай: Хүнбишийн биед баруун бугалганы зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. /хх-ийн 21/

 

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 8581 дугаартай: Алтанзулын биед тархи доргилт, уруулын зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, баруун бугалга, шуунд цус хуралт, зүүн сарвуу 2 дугаар хуруунд өнгөц зүсэгдсэн шарх, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх шарх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлээр, зулгаралт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 23/

 

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 8579 дугаартай:Даваанямын биед тархи доргилт, хүзүүнд цус хуралт, зүүн хацар, баруун мөр, дагзны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, мөр, зүүн бугуй, баруун тохойд баруун чихний сувагт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д  зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хх-ийн 25/ гэсэн дүгнэлтүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 60-63/ зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Прокуророос Б.Даваадорж, О.Батхүү нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-д заасан шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хэлэлцэж шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Боржигон овогт Онолбатын Батхүү, Хонин онход овогт Баянмөнхийн Даваадорж нарыг бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж догшин авирлаж танхайрах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар тус тус хорих ял оногдуулах хуулийн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч О.Батхүү, Б.Даваадорж нарт ял оногдуулахдаа шүүгдэгч нар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, Батхүү хохиролоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөлд, нэр бүхий шүүгдэгч нар гэмт хэрэг согтуугаар үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв. 

 

Түүнчлэн тэдгээрийн гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан ялыг ялгамжтай оногдуулж, шүүгдэгч О.Батхүүд оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзах боломжтой, харин шүүгдэгч Б.Даваадоржид оногдуулсан  хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шүүх шийдвэрлэлээ.

 

Шүүх хуралдааны шүүмжлэлийн явцад

Шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Баярбаясгалан, өмгөөлөгч Б.Ганбаатар нараас...”хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү” мөн Д.Хүнбиш энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон нь буруу юм гэсэн  хүсэлт бүхий тайлбар гаргалаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон хэргийн үйл баримтыг нотлосон СД бичлэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг  шинжлэн судлахад

шүүгдэгч нар болон хохирогч нарын хооронд ямар нэг хувийн тодорхой сэдэлттэй хувийн таарамжгүй харилцаа үүссэн гэх байдал мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогдоогүй байна.

 

Танхайн сэдэлт нь нийгэмд тогтсон эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээ, уламжлагдаж ирсэн зан заншлыг үл тоомсорлон, өөрийн ичгүүргүй догшин зан авир бүдүүлэг үйлдлээ бусдын анхаарлын төвд байлгахыг эрмэлзэж, үл ялих зүйлээр шалтаглан, сэдэлтийн хувьд танхайн сэдэлттэйгээр гэмт хэрэг үйлдэхийг ойлгох бөгөөд шүүгдэгч О.Батхүү, Б.Даваадорж нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд заасан “Танхайрах” гэмт хэргийн бүрэлдэхүүний бүхий л шинжийг агуулж байна.

 

Мөрдөн байцаалтын явцад энэ хэрэгт  Д.Хүнбиш  хохирогчоор тогтоогдсон байх бөгөөд  түүний бие махбодид “... баруун бугалганы зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдсон...гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.... эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй”  /хх-ийн 21/ гэж шинжээч дүгнэсэн байна.

 

Танхайрах гэмт хэрэг нь нэг болон хэд хэдэн обьектод халддаг онцлогтой бөгөөд хохирогчид заавал гэмтэл учирсан байх буюу гэмтлийн зэрэг тогтоогдсон байхыг шаардахгүй юм.

 

Эдгээр үндэслэлүүдээр шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс гаргасан хүсэлтүүдийг хүлээн авах боломжгүй гэж шүүх дүгнэсэн болно.

 

Хохирол төлбөрийн тухайд

Хохирогч Б.Алтанзулаас хавтаст хэрэгт өөрт учирсан гэх хохиролтой холбогдолтой баримт гаргаагүй байх бөгөөд шүүгдэгч О.Батхүүгээс 1175000 төгрөг сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож авсан, өмгөөллийн хөлсөнд төлсөн 150000 төгрөгийг нэхэмжлэхгүй гэж  мэдүүлж байна.

Харин хохирогч Ц.Давааням шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцоогүй бөгөөд түүний өмгөөлөгч нараас...”шүүх хуралдаан дээр Ц.Давааням Сутайн Буянт ХХК-д ажилладаг нь үнэн, сарын дундаж цалин 1071824 төгрөг,

Д.Хүнбиш Сутайн Буянт ХХК-д ажилладаг нь үнэн, сарын дундаж цалин 681591 төгрөг  гэх тухайн компаний ерөнхий ня-бо  Ш.Тогосмаа гэсэн гарын үсэг бүхий 2 хуудас, тодорхойлолт гэх 1 хуудас баримтуудыг тус тус гаргалаа.

 

Мөн хохирогч нарын өмгөөлөгчдөөс...”хохирогч Ц.Даваанямын 10 хоногийн цалин 616.950 төгрөг, хохирогч Д.Хүнбишийн  10 хоногийн цалинд 232850 төгрөг, Д.Хүнбишийн эмчилгээний зардалд 250000 төгрөг, Ц.Давааням,  Д.Хүнбиш нараас тус бүр өмгөөллийн хөлсөнд төлсөн 150000х2=300000 төгрөг нийтдээ 1549800 төгрөг нэхэмжилж байна” гэв.

Шүүх хуралдаан дээр шүүгдэгч Б.Даваадоржоос...”300000 төгрөгийг хохирогч Ц.Даваанямд өгөх хүсэлтэй байгаагаа өмгөөлөгчөөрөө дамжуулан илэрхийлж баримт үйлдэн Ц.Даваанямын эхнэр Д.Хүнбиш”-д хүлээлгэн өгөв.  

 

Хохирогч Ц.Давааням, хохирогч Д.Хүнбиш нараас өмгөөлөгч нарт төлсөн гэх 300000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй.

 

Учир нь хохирогч нар өмгөөлөгч нартай сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож төлсөн өмгөөллийн хөлс нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.4-д заасан өмгөөлөгчид төлсөн зардал биш бөгөөд хуульд заасан “Байцаан шийтгэх ажиллагааны зардалд“ хамаарахгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Хохирогч Ц.Давааням, Д.Хүнбиш нарын ажилгүй байсан хугацааны цалин хөлс нэхэмжилсэн баримт нь хуулийн шаардлага хангахгүй бөгөөд холбогдох нотлох баримтгүй тухайлбал ажилд томилогдсон  тушаал, хөдөлмөрийн гэрээ,  нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг баримтууд байхгүй,   

мөн нэр бүхий хохирогч нар эмчилгээтэй холбогдуулан мөнгө нэхэмжлэх боловч түүнийгээ нотолсон баримт байхгүй тул энэ шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

 

Харин, хохирогч Ц.Давааням, Д.Хүнбиш нар эмчилгээ болон цалин хөлстэй холбогдох нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

Түүнчлэн, хохиролтой холбогдох ямар нэгэн шаардлага хангасан нотлох баримтгүйгээр шүүгдэгч О.Батхүү хохирогч Б.Алтанзулд 1175000 төгрөг, шүүгдэгч Б.Даваадорж хохирогч Ц.Даваанямд 300000 төгрөг төлснийг тус тус дурьдаж, нэр бүхий шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцсон болно.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Боржигон овогт Онолбатын Батхүү, Хонин онход овогт Баянмөнхийн Даваадорж нарыг бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж догшин авирлаж танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар О.Батхүүд 3 /гурав/ жил 1 /нэг/ сар, Б.Даваадоржид 3 /гурав/ жил 3 /гурав/ сар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

3.Шүүгдэгч О.Батхүү, Б.Даваадорж нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.Шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-г Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

5.Шүүгдэгч О.Батхүү хохирогч Б.Алтанзулд 1175000 төгрөг, шүүгдэгч Б.Даваадорж хохирогч Ц.Даваанямд 300000 төгрөг тус тус төлсөн, нэр бүхий шүүгдэгч нар  энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

6.Хохирогч Ц.Давааням, Б.Хүнбиш нараас өмгөөллийн хөлсөнд нэхэмжилсэн 300000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, харин бусад холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7.Шүүгдэгч Б.Даваадоржийн батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8.О.Батхүүд оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж түүнд  хяналт тавихыг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл О.Батхүүгийн батлан даалтын, Б.Даваадоржийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ц.ДАЙРИЙЖАВ