Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 00264

 

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 153/ШШ2020/00264

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                             

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 4-38 тоотод оршин суух, А овогт Х-н Ц //-ы нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 153/2020/00192/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгч Х.Ц нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би 1970 онд Ховд аймгийн Манхан суманд төрсөн. Сургуульд сураагүй. Эцэг эхийн хамт Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Баянгол бригадад 16 наснаасаа 1995 он хүртэл эцэг эхийн хамт мал маллаж байсан. Би хувиараа нийгмийн даатгалын шимтгэлийг төлдөг.

Одоо тэтгэвэрт гарах нас болсон тул шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэл гаргасан.

Иймд намайг Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Баянгол бригадад 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл малчнаар, Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал ХК-д 1992 оны 2 дугаар сарын 09-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....Би Ховд аймгийн Буянт суманд 1988-1989 онд амьдарч байгаагүй....Регистр солиулж байгаагүй....Намайг Гааяа, Галуудай гэж дууддаг….гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Ц нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.Ц нь нэхэмжлэлийн шаардлага Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Баянгол бригадад 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл малчнаар, Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал ХК-д 1992 оны 2 дугаар сарын 09-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Х.Ц нь Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Баянгол бригадад 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл малчнаар, Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал ХК-д 1992 оны 2 дугаар сарын 09-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ний өдрийн 1192 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Манхан сумын Баянгол бригадын 1990-1993 оны цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 569 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Манхан сумын Баянгол бригадын 1988, 1989 оны цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд, гэрч О.Бадамжавын “....Х.Цы эцэг эхтэй би найз нөхөд байсан. Х.Ц нь 1970 онд төрсөн хүүхэд юм. Х.Ц нь Ховд аймгийн Манхан сумын 10 жилийн дунд сургуульд сурч байгаад 3 дугаар ангиасаа сургуулиас гарсан. Х.Ц нь 8 дугаар анги төгсөөгүй. Х.Ц нь 16 насанд хүрээд Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн 1 дүгээр бригадад эцэг эхийнхээ хамт малчнаар ажиллаж эхэлсэн. Х.Ц нь 1990 онд нэгдэл тартал малчнаар ажилласан....Х.Цыг бид нар Галуудаа гэж дууддаг юм. Би Галуудаа гэдэг нэрээр нь мэддэг бөгөөд өнөөдөр Ц гэдэг нэртэй болохыг өнөөдөр бэр дүүгээс нь мэдлээ....” гэх мэдүүлэг, гэрч Д.Сарантуяагийн “....Би Х.Цы ажиллаж байсан байдлын талаар мэдэхгүй....Бид нар Х.Цыг Галуудаа гэж дууддаг. Хадмынх нь хүмүүс Цэцэгээ гэж дууддаг юм....” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 8-9, 44-46, 38-39, 40-41 дүгээр тал/

Харин нэхэмжлэгч Х.Ц нь Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Баянгол бригадад 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар, Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал ХК-д 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан талаар мэдүүлэх гэрч О.Бадамжавын мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн тулд Х.Ц нь Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Баянгол бригадад 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар, Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал ХК-д 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Х.Ц нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ний өдрийн 1192 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Манхан сумын Баянгол бригадын 1986, 1987 оны цалин хөлсний 70 дугаар дансны хуулбаруудад нэхэмжлэгчийн нэр бичигдээгүй буюу нотлох баримтыг үнэлэхэд эргэлзээтэй, хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудсанд авагдсан иргэн О.Бадамжав, Д.Сарантуяа нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хавтаст хэргийн 17-27 дугаар хуудсанд авагдсан 1991 оны 5 дугаар сарын 01-ний өдөр нээсэн Халтхүүгийн Цы хөдөлмөрийн дэвтэрт нэхэмжлэгчийн төрсөн он зөрүүтэй бичигдсэн, Баясгалан амьдрал нэгдлийн тамгаар баталгаажаагүй буюу нотлох баримтаар үнэлэхэд эргэлзээтэй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.

Нэхэмжлэгч Х.Цы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Айрагнууд овогт Халтхүүгийн Ц //-ы Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Баянгол бригадад 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл малчнаар, Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал ХК-д 1992 оны 2 дугаар сарын 09-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Нэхэмжлэгч Х.Ц нь Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Баянгол бригадад 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар, Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал ХК-д 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Х.Цы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 С.ОЮУНЖАРГАЛ