Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1020

 

 

 

                                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Шүүгч Б.Булгантамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жавхлантөгс,

Улсын яллагч Б.Энэрэл,

хохирогч Ц.М,

шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар тус дүүргийн Прокурорын газрын хяналтын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Эыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308011790835 дугаар хэргийг 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1975 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух,

урьд Налайх дүүргийн шүүхийн 1997 оны 9 дүгээр сарын 23-ны өдргийн 108 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 278 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

Баянгол дүүргийн шүүхийн 1999 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 315 дугаар талсан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Б овогт Бийн Э

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Мтай тухайн үед үүссэн үл ойлголцлын улмаас хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар Ц.Мын толгойн тус газар нь цохиж, зодон, эрүүл мэндэд нь тархи доргилт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 726 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд зэргийг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Хэргийн үйл баримтын талаар:

- Шүүгдэгч Б.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би тухайн өдөр нутгийн архи аваад, хохирогч арай үнэтэй Хараа гэх архи авсан. Үүнээс болж дэлгүүр дотор маргалдсан. Ах эхлээд дэлгүүрээс гарсан. Би араас нь гарахад хохирогч ийм архи авдаг юм гэж хэлээд гараад явсан. Эхлээд хохирогч үг хаяад байсан. Би тэгээд хохирогчийг түлхэж унагаасан нь үнэн. Хохирогч “та муу сайнууд ийм архи авч чадахгүй байж битгий архи ууж бай” гэж хэлэхээр нь би “бид нар мөнгө нийлүүлээд нутгийн архи авч байна, танаас гуйгаагүй” гэж хэлсэн. Жагаа гэх хүн байсан. Би өмнө нь уусан байсан. Би хохирогчийг араас нь татаад хавирч унагаасан. Модтой жалга руу доошоо харж унасан. Гэм буруу, хэргийн зүйлчлэлтэй маргахгүй. Би одоогоор ажилгүй байгаа. Хохирлыг ажил хийхээрээ өгнө. Би эхнэр, хүүхдүүдийн хамт амьдарч байгаа. Би куртикний захнаас нь татаад хавирч унагаасан. Хохирогч унахдаа мод мөргөж унасан.” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

            - Хохирогч Ц.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би нилээн согтуу байсан. Болсон үйл явдлыг санахгүй байна. Би нүүрэндээ 3 оёдол тавиулсан. Би гадуур эмчлүүлсэн төлбөрөө нэхэмжилж байна. Миний баримтууд байгаа. Миний санаж байгаагаар нэг хүн араас ирээд цохисон би унасан. Хохирлыг төлөөгүй.” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

- Хохирогч Ц.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр 22 цаг орчимд би гэрээсээ дэлгүүр лүү гарсан. Дэлгүүрээс 0,33 литрийн архи авсан. Архив аваад гараад ирэхэд үл таних нэг хүн миний хойноос шууд татаад толгой руу цохьсон. Би ухаан балартаад унасан. Намайг ухаан ороход би зодуулсан. Хамаг бие хөндүүр байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дэх тал),

- Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 24-29 дэх тал),

            - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 3744 дугаар хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний: “...Ц.Мын биед духанд зулгаралт, дух, зүүн нүдний зовхинд шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн нүдний зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, амны зүүн буланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 33-34 дэх тал),

            - Шүүгдэгч Б.Эын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гэрээсээ гарсан. Найзуудтайгаа таарсан. 2 шил хувааж уусан. Улмаар салж яваад 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх шар дэлгүүр орсон. Ороход надад зодуулсан ах дэлгүүрээс архи авч байсан. Бид хоёр дэлгүүрт түлхэлцэж маргалдсан. Би дэлгүүрээс архи авахдаа хямдхан архи авсан. Гараад тэр ах “над шиг гайгүй архи авч ууж чадахгүй байж архиар яадаг юм” гэж доромжлоод байсан. Би “мөнгөө цуглуулж архи авсан” гэхэд “архи ийм байдаг юм” гээд өврөөсөө Хараа нэртэй архи гаргаж ирээд цаашаа яваад өгсөн. Улмаар би уурандаа очиж татаж унагаахад тэр ах нүүр хэсгээрээ мод жалга мөргөөд унасан. Гэм буруу дээрээ маргахгүй тул хэргийг маань хөнгөнөөр шийдэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 44 дэх тал),

            - Иргэний нэхэмжлэгч “”-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ц.М нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 209,000 төгрөгийн зардал гарсан болох нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 04/1991 дугаар албан бичгээр гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагчаас гаргуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 102 дахь тал),

            - Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэл (хавтаст хэргийн 81 дэх тал),

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 71 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 49 дэх тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 50 дахь тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Б.Э нь согтуурсан үедээ 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Мыг доромжилсон шалтгаанаар зодож, Ц.Мын биед нь тархи доргилт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Ц.Мын мэдүүлэг, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 3744 дугаар дүгнэлт, дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулснаар гэмт хэргийн үндсэн шинж хангагдана.

Шүүгдэгч Б.Эын хохирогч Ц.Мын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Иймд шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

           

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.М 693,920 төгрөгийн хохирлын баримт (хавтаст хэргийн 57-69 дэх тал) гаргаж өгсөн бөгөөд шүүх хуралдаан завсарлуулсан хугацаанд шүүгдэгч хохирогчид 300,000 төлсөн байх тул үлдэх 393,920 төгрөгийг шүүгдэгчээс хохирогчид гаргуулахаар шийдвэрлэв.

Түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ”, 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” гэж тус тус хуульчилсан бөгөөд эрүүл мэндийн даатгалын байгууллагаас хохирогч Ц.Мад 209,000 төгрөгийн зардал гарсан болох нь иргэний нэхэмжлэгч “”-ын төлөөлөгч Д.Гийн мэдүүлэг, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэл зэргээр тогтоогдох тул шүүгдэгч шүүгдэгчээс 209,000 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгохоор шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.Э нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Түүнчлэн шүүгдэгч Б.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” санал гаргасан.

Шүүгдэгч Б.Эт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал (ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй), бусдад учруулсан хохирлын хэмжээ (хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хохирлыг тодорхой хэмжээнд төлсөн), эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эд мөрийн баримтаар хураагдсан компакт диск 1 ширхгийг хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

Шүүгдэгч Б.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Бийн Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

            3. Эд мөрийн баримтаар хураагдсан компакт диск 1 ширхгийг хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

            4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эоос 393,920 (гурван зуун ерэн гурван мянга есөн зуун хорь) төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.Мад олгосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Эт сануулсугай. 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д тус тус зааснаар Б.Эоос 209,000 (хоёр зуун есэн мянга) төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгосугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эрдэн-Очирт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.БУЛГАНТАМИР