Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/930

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Шүүгч Б.Булгантамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жавхлантөгс,

Улсын яллагч С.Батгэрэл,

шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар тус дүүргийн Прокурорын газрын хяналтын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Мыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308000000897 дугаар хэргийг 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Баянговь суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1,

урьд Баянхонгор аймгийн сум дундын эрүүгиин хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 7 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хорих ял,

Өмнөговь аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхиин 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 80 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 6 жил 5 сарын хорих ял,

Баянхонгор аймгийн сум дундын эрүүгиин хэргиин анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдриин 152 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял,

Баянхонгор аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн шүүгчийн 406 дугаар шийтгэх тогтоолоор 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торргох ял тус тус шийтгэгдсэн,

Д овогт Дын М

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Толгойтын эцсийн ойролцоо 2023 оны 4 дүгээр сарын 26-ны орой хохирогч Р.Чг зодож, биед нь дух, баруун хацарт зулгаралт, 1 шүдний булгарал, уруул буйланд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 694 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд зэргийг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Хэргийн үйл баримтын талаар:

            - Шүүгдэгч Д.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагаанд би гэм буруугаа хүлээж мэдүүлсэн. Намайг барилга дээр дээрэлхээд байсан. Миний буруу. Би хохирогчтой уулзаад 150,000 төгрөг өгсөн. Баримт хавтаст хэрэгт байгаа. Би Өмнөговь аймгийн Цогтцэций суманд барилгын ажил хийдэг. Миний буруу үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Би өдрийн 130,000 төгрөгийн цалинтай.” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

- Хохирогч Р.Чгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 14 цагийн үед Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт баих Сансарт ажил дээрээ байсан. Хамт ажилладаг Д М нь миний ах Чулуунбатын утас руу давтан залгаад байхаар нь аваад ярихад “чи түр гараад ирээч ахтайгаа” гэж хэлсэн. Манай ах намайг гараад уулзчих гээд би ажлын гадаа гарсан. Д.М надад машин худалдаж авсан гээд үзүүлсэн. “Орой би та хоёрыг гэр лүү чинь хүргээд өгье” гэхээр нь “за” гэж хэлээд эргээд ажил руугаа орсон. Орой 18 цаг болж байхад ажил тараад гарч ирэхэд Д.М нь гадаа хүлээгээд сууж байсан. Машинд нь ах бид хоёр суухад 2,4 литрийн Сэнгүр нэртэй пиво авсан байсан. Бид хоёрыг дагуулаад “манай найзын гэрт очиж ууя” гэж хэлээд Сонгинохайрхан дүүргийн Толгойтын эцэс дээр ирээд Д.Мын машин асахгүй болохоор нь “пиво ууя” гээд нэг ширхэг савтай байсан пивоо уугаад дууссан. Удалгүй ууж байсан пиво дуусаад дахин Д.М машиныхаа ард багаажнаас дахин 2,4 литрийн Сэнгүр нэртэй пиво гаргаж ирээд машин дотроо дөнгөж задлаад ууж байгаад гэнэт Д.М над руу агсраад “чи ер нь яагаад байгаа юм” гэж хэлээд “намайг ална” гээд цохих гээд далайхаар нь хоёр гарыг нь барьсан. Тэгэхэд гарыг нь барьсан байсан болохоор шууд миний толгой руу мөргөсөн. Мөргүүлээд би доошо тонгойтол толгойн ард дагз хэсэг рүү 2 гараараа ээлжлэн цохиод байсан. Чулуунбат надаас Мыг салгасан. М намайг машинаас буусны дараа “чи зугтах гэж байна уу” гэж хэлээд машиныхаа түлхүүрийг баруун гараараа хаахад миний хөмсөгний зүүн дээд хэсэгт зүсээд өнгөрсөн. ...Би өөрт учирсан хохирол болох шүдийг хийлгэнэ. Мөн эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9 дэх тал),

- Гэрч Р.Чын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр ...Р.Чгийн хамт ...18 цаг 30 минутын үед ажлаа тараад гарч Д.Мтай уулзахад “хоёр найзыгаа гэрт нь хүргэж өгнө” гээд машиндаа суулгаад хамт явсан. Тэгэхэд замдаа явж байхад Д.М нь “машины ард багаажинд 2 ширхэг пиво байгаа, Сонгинохайрхан дүүргийн Орбитод байдаг найзынх нь гэрт очъё” гээд бид хоёрыг дагуулаад хамт очихоор явсан. Машиных нь гааз дуусаж Сонгинохайрхан
дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Толгойтын эцэс дээр явж байгаад машин нь гэнэт унтарч зогссон. Д.М нь “за за энэ машиныг энд нь орхиод пиво хувааж уучихаад харьцгаая” гэж хэлээд машиныхаа ард багааж хэсгээс 2,4 литрийн Сэрүүн нэртэй пиво гэж санаж байна гаргаж ирээд хамт бид гурав хувааж уусан юм. Бид гурвыг пиво уугаад сууж байтал Д.М нь уусан пивондоо согтсон бололтой манай дүү Р.Чтэй маргалдаж “би хүний нүд ухдаг шүү гөлөг минь ” гээд таарч тохирохгүй хэрүүл маргаан хийгээд дүүгийн маань өмсөж явсан цамцаар хоолойг нь боогоод хамар
ам хэсэг рүү нь духаараа мөргөж, барьж байсан машиныхаа түлхүүрээр духыг нь
шалбалчихсан...” гэсэн мэдүүлэг
(хавтаст хэргийн 16-17 дахь тал),

            - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 5665 дугаар хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний: “Р.Чгийн биед дух, баруун хацарт зулгаралт, 1 шүдний булгарал, уруул, буйланд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид 1 шүдний булгарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувь алдагдуулна.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 20-21 дэх тал),

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 32 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 74-94 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 53 дахь тал), дансны хуулга (хавтаст хэргийн 54-59 дэх тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанд шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Д.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Толгойтын эцсийн ойролцоо 2023 оны 4 дүгээр сарын 26-ны орой хохирогч Р.Чг зодож, биед нь дух, баруун хацарт зулгаралт, 1 шүдний булгарал, уруул буйланд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Р.Ч, гэрч Р.Чу нарын мэдүүлэг, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 5665 дугаар дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулснаар гэмт хэргийн үндсэн шинж хангагдана.

Шүүгдэгч Д.Мын хохирогч Р.Чгийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Иймд шүүгдэгч Д.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

           

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.

Энэ хэргийн улмаас хохирогч Р.Чгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд хохирлын баримт гаргаж өгөөгүй, харин “...Би өөрт учирсан хохирол болох шүдийг хийлгэнэ. Мөн эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9 дэх тал) авагдсан байх тул түүний гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тогтоол дурдав.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Д.М нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Түүнчлэн шүүгдэгч Д.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгж торгох ял оногдуулах”,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Улсын яллагчийн саналыг дэмжиж байна. Торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн тус тус санал гаргасан.

Шүүгдэгч Д.Мт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал (урьд 3 удаа гэмт хэрэгт ял шийтгэгдсэн, эрхэлсэн тодорхой ажилтай гэх боловч нотлогдоогүй), бусдад учруулсан хохирлын хэмжээ (хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хохирол төлсөн зүйлгүй), эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Д.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

Шүүгдэгч Д.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Д овогт Дын Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Шүүгдэгч Д.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

            3.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

4.Хохирогч Р.Ч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Мт сануулсугай. 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.БУЛГАНТАМИР