Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 182/ШШ2020/00848

 

2020 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 182/ШШ2020/00848

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэгт оршин суух, Б овогт Гийн О/РД:ГГ88/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэгт оршин суух, Х овогт Т ын О /РД:ЧБ76/-д холбогдох,

Автомашины үлдэгдэл төлбөр 7,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Бадамсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Г.О ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгчийн гаальд мэдүүлж Монгол Улсад оруулж ирсэн Хьюндай Портер маркийн арлын дугаар KMFZCS7HP6U156583 тоот цагаан өнгийн автомашиныг хариуцагчид нийт 14,000,000 төгрөг худалдсан болно.

Талууд урьдчилгаанд 7,000,000 төгрөгийг бэлнээр өгч үлдэгдэл 7,000,000 төгрөгийг 1 сарын хугацаанд төлж барагдуулахаар тохирч худалдсан болно.

Дээрх гэрээг бичгээр байгуулаагүй бөгөөд талууд үлдэгдэл 7,000,000 төгрөгийг төлөх талаар нотариат орж баримт үйлдсэн болно.

Уг автомашин улсын дугаарыг аваагүй байсан ба тухайн өдөр нэхэмжлэгч нь хариуцагчид автомашиныг хүлээлгэн өгч мөн итгэмжлэл үйлдэн бичиг баримтыг өөрийн нэр дээр гаргуулах болон бусдад шилжүүлэн өгөх эрхийг олгон өгсөн болно.

Гэвч хариуцагч нь өнөөдрийг хүртэл үлдэгдэл төлбөрийг буцаан төлөөгүй байна.

Иймд хариуцагчаас автомашин худалдан авсны үлдэгдэл төлбөр болох 7,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Г.О нь хариуцагч Т.О дхолбогдуулан Автомашины үлдэгдэл төлбөр 7,000,00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Г.О нь Т.О тай Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу 2006 онд үйлдвэрлэгдсэн ачааны Хьюндай Портер маркийн арлын KMFZCS7HP6U156583 тоот цагаан өнгийн автомашиныг 14,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, худалдан авагч Т.О 7,000,000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг төлснөөр худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэн өгч, үлдэгдэл төлбөрийг 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 1 сарын хугацаанд 7,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан амаар тохиролцсон болох нь хэрэгт авагдсан баримт болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Хьюндай Портер маркийн автомашиныг 14,000,000 төгрөг худалдсан болно. Талууд урьдчилгаанд 7,000,000 төгрөгийг бэлнээр өгч үлдэгдэл 7,000,000 төгрөгийг 1 сарын хугацаанд төлж барагдуулахаар тохирч худалдсан болно.

Иймд хариуцагчаас автомашин худалдан авсны үлдэгдэл төлбөр болох 7,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэж тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Г.О нь 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн итгэмжлэлээр хариуцагч Т.О д2006 онд үйлдвэрлэгдсэн Хьюндай портер маркийн ачааны автомашиныг худалдах, гэрээ байгуулах, гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах, төлбөр тооцоо хүлээн авах, бүртгэлийн байгууллагад өмчлөх эрх шилжүүлэх үйлдэлд төлөөлөх үйлдэл хийх бүрэн эрхийг төлөөлөгчид шилүүлсэн байна. /хх-ийн 6 дугаар тал/

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заажээ.

Талуудын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцаа нь худалдах-худалдан авах гэрээний харилцаанд хамаарах бөгөөд энэхүү харилцаанаас үүссэн маргаан буюу аливаа шаардах эрх нь Иргэний хуульд заасан худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн зохицуулалтад хамаарч байх бөгөөд хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

Хэлцлийн дагуу хариуцагч Т.О нь автомашины урьдчилгаа төлбөр 7,000,000 төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

Дээр дурдсанаас үзвэл хариуцагч Т.О нь автомашины үнэ 14,000,000 төгрөгөөс 7,000,000 төгрөгийг төлөөгүй байх бөгөөд уг төлбөрийг худалдагч тал болох нэхэмжлэгч Г.О нь дээрх төлбөрийг нэхэмжлэх эрхтэй юм.

Шүүх хариуцагч Т.О Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1, 72.2, 72.3-т заасан журмын дагуу 2020 оны 03 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэлийг гардуулан өгч, 14 хоногийн дотор буюу 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэйг тайлбарлаж өгсөн.

Гэвч хариуцагч Т.О нь хуульд заасан хугацаанд тайлбар өгөөгүй, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй болно.

Хариуцагч Т.О нь шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүргээ биелүүлээгүй, хэргийн оролцогчдын эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжит хугацааг шүүхээс олгож байсан.

Шүүх хариуцагч Т.О 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 11.30 цагт товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн шүүхийн мэдэгдэх хуудсаар өөрт нь 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр шүүх хуралдааныг товыг мэдэгдэж гарын үсэг зуруулсан боловч хариуцагч тал нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийн дагуу мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд хуульд зааснаар хариуцагч Т.О нь автомашины үнийн үлдэгдэл төлбөр 7,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Г.Отгонбатад төлөх үүрэгтэй байх тул нэхэмжлэгч үнийн үлдэгдэл төлбөр 7,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд хариуцагч Т.О автомашины үлдэгдэл төлбөрт 7,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Отгонбатад олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Т.Очирбатаас 7,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.О д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.О ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.О аас 126,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.О д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.АМАРТӨГС