Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/922

 

 2023        9           13                                      2023/ШЦТ/922   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 185/2023/0838/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Халиунаа,

улсын яллагч С.Энхзул,

хохирогч С.А,

гэрч Н.С,

шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Р.Мөнхтариа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-д холбогдох эрүүгийн 2209024960256 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1991 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймгийн Тэс суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, .... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй,

-2010 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 72а дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.7, 91.2.11, 91.2.16, 91.2.1 дэх хэсэгт зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ял,

-2014 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 985 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял,

-2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 273 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

-2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 180 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Д.Б /РД:/

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Д.Б нь хохирогч С.А-ын фэйсбүүк орчинд оруулсан “... задгай цемент их хэмжээгээр авна...” гэсэн зарын дагуу түүнтэй үүрэн телефоны 9581**** дугаараар холбогдож “...400 тонн цемент байна, авахаар бол урьдчилгаа хийж баталгаажуул...” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж Ш.Баярмаагийн эзэмшлийн Хаан банкны 5925779396 дугаартай дансаар 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 18.800.000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн үед 9 сард ээжийн маань бие муу байсан. Мөнгө маш их хэрэг болсон. 2022 оны 9 дүгээр сарын 16-нд надаас мэдүүлэг авахад ээж эрчимт эмчилгээнд байсан учраас тийм худал мэдүүлэг өгсөн. Залруулга хийж чадахгүй байсаар ийм байдалд хүрчихсэн юм. Би хохирогч С.А-д цемент зарна гэж мөнгийг нь залилж авсан хэргээ хүлээж байна. Би энэ мөнгийг ээжийнхээ эмчилгээнд зарцуулсан. Сүхбаатар дүүргийн цагдаагаас мэдүүлэг аваад шууд хорих гээд байсан учраас худал мэдүүлэг өгсөн юм. Би хохирогчийн хохирлыг барагдуулна. Энэ хэрэгт өөр хамааралтай хүн байхгүй, би энэ хэргийг ганцаараа үйлдсэн...” гэв.

Хохирогч С.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтаар цагдаа нар Д.Б-г намайг залилсан гэж тогтоосон учраас энэ хүнийг л миний мөнгийг авсан гэж бодож байна. Миний хувьд хохирлоо барагдуулаад авчихвал энэ хүнд нэг их ял төлөвлөөд байх юм алга. Миний хохирлыг яаж барагдуулах эсэхийг мэдэхгүй байна .Тухайн үед байр зэргээ зараад мөнгөтэй байсан учраас хохирсон эрсдэлээ өөрөө давж гарч байсан. Жил гаруй хугацаа өнгөрөхөд ямар ч мөнгө надад өгөөгүй. Би одоо 18,800,000 төгрөгийн хохирлоо барагдуулж авмаар байна...” гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогч С.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... би өөрийн фэйсбүүк хаягаас “...задгай цемент их хэмжээгээр авна...” гэсэн зарыг байршуулсан бөгөөд зарын дагуу 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 19 цагийн үед 9529**** гэсэн дугаараас залгаад 400 тонн цемент байна гэж хэлсэн тэгээд би мөнгөө болгочихоод тэр хүн рүү залгасан тэгэхэд зараад бараг дуусчихсан гэсэн тэгэхээр нь би гуйгаад ядахдаа 50 тонныг өгчихөөч гэхэд урьдчилгаа хийж захиалгаа баталгаажуул гээд байхаар нь 18.800.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Шинэ Улаанбаатар хотхоны 1004 байрны гадна зогсоол дээр байхдаа Хаан банкны 5925******** гэсэн Баярмаа гэх данс руу шилжүүлчих гэхээр нь шилжүүлчихсэн. Тэгээд “Техник импорт”-ын хашаа руу очиж цементээ авах гэж очоод утасны дугаарыг нь хэлэхэд тийм дугаар байхгүй гэсэн тэгээд залилуулсан гэдгээ мэдсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-22 дахь тал)

“Мобиком корпораци” ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 4/8233 дугаартай “...9529**** дугаарын эзэмшигч нь Х.Отгонбаатар болно, 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 18:38 минутад 8095***** дуудлага хийсэн байна...” гэх албан бичиг (хавтаст хэргийн 52-54 дэх тал)

Гэрч Х.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би паспорт, гар утсаа 2022 оны 04 дүгээр сард Улаанбаатар хотод явж байхдаа автобусанд хулгайд алдсан, ...9529**** дугаарыг би ашигладаггүй, мэдэхгүй, ...паспортаар минь дээрх дугаарыг хэн нэгэн авсан байх...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44 дэх тал)

Гэрч Д.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо 16 дугаар хорооллын хойд талын автобусны буудал дээр түргэн үйлчилгээний цэг ажиллуулдаг. Мөн давхар “Мобиком корпораци” ХХК-ийн агентын ажил хийдэг, ...өнөөдөр буюу 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр над руу 9581**** дугаараас Х.Отгонбаатар гэдэг хүн залгаад миний иргэний үнэмлэхийг ашиглаад өөрөөс чинь 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр миний нэр дээр 9529**** дугаар авсан байна гэж хэлсэн. Би тэгэхээр нь тухайн цаг хугацааны хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд 30-40 орчим насны махлаг эрэгтэй хүн манай түргэн үйлчилгээний цэгийн гадаа саарал өнгийн **** УАК улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч талаас бууж ирээд надад бичиг баримт үзүүлж 9529**** дугаарыг авсан байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-27 дахь тал)

Д.Ц-н эзэмшлийн түргэн үйлчилгээний цэг дотор болон гадна талын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн: “...2022-09-08 19:13:00 гэсэн бичиглэл байх бөгөөд уг бичлэгийг нээж үзэхэд ТҮЦ-ний дотор талын хэсэг рүү харсан дүрс байв, ...00:40 секундэд гаднаас нүдний шилтэй, цагаан өнгийн амны хаалттай, саарал өнгийн фудволктой 30-35 орчим насны махлаг, өндөр эрэгтэй хүн орж ирж зогсох ба худалдагч очиж үүрэн телефоны дугаар олгодог машинаас хамт юм үзэх ба 8 минут болоод тухайн хүн ТҮЦ-ээс гарч явж байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 14-16 дахь тал)

Ш.Б-н эзэмшлийн Хаан банкны 5925***** дугаартай дансны дэлгэрэнгүй “ ...2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 5090**** дугаарын данснаас 18.800.000 төгрөгийн орлого орсон...” хуулга (хавтаст хэргийн 46-49 дэх тал)

Гэрч Ш.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 5925******* дугаартай дансыг нээснээс хойш өөрөө ашигладаг байсан, ...2022 оны 9 дүгээр сарын эхээр яг өдрийг нь сайн санахгүй байна Дэнжийн-1000-ийн хүчит шонхор захын орчим согтуу явж байхдаа өөрийн түрийвчээ алга болгосон. Түрийвчинд сим карт, Хаан банкны 5925********* дугаартай дансны карт, анх банкнаас ирэхэд нь ирдэг дансны дугаар, нууц үг бичсэн цаас байсан. Тэр өдрөөс хойш өнөөдрийг хүртэл картаа хаалгаагүй олж аваагүй байна, банкинд мэдэгдээгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39 дэх тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд:

Гэм буруугийн тухайд:

Шүүгдэгч Д.Б нь 2022.09.08-ны өдөр  хохирогч С.А-ын фэйсбүүк орчинд оруулсан “...задгай цемент их хэмжээгээр худалдаж авна...” гэсэн зарын дагуу түүнтэй холбогдож “...400 тонн цемент байна, авахаар бол урьдчилгаа мөнгө хийж баталгаажуул...” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 18.800.000 төгрөгийг бусдын баримт бичиг, гар утасны дугаар, банкны карт зэргийг ашиглан өөртөө шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд энэ гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч залилах гэмт хэрэг мөн болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн эрүүгийн хэрэгт хамаарал бүхий, ач холбогдолтой,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан ба нотлох баримтууд нь шүүгдэгч Д.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хязгаарласан, зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Б нь шүүх хуралдааны эхэнд: “тухайн гэмт хэргийг үйлдээгүй,  автобусны буудлын түцнээс “9536****” гэсэн утасны дугаарыг Алтангэрэл, Баясгалан, Н.С нарт худалдаж авч өгсөн. Би С.А-н мөнгийг залилж аваагүй, Отгонгэрэл, Баясгалан гэх хоёр хүн авсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогч нараас мэдүүлэг аваагүй байсан. Утасны дугаар худалдаж авч өгсөн нь бол үнэн. Тэрнээс цааш юу болсныг би мэдэхгүй...” гэж мэдүүлдэг боловч гэрч Н.С нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “би Д.Б-с утасны дугаар аваад өгөөч гэж гуйж байсан тохиолдол байхгүй, тухайн өдөр би гэртээ байсан. Отгонбаатар гэдэг хүнийг огт харж байгаагүй. Би энэ хүнийг Өлзийцэнд эгчийн машинд л 2,3 удаа харж байсан. Түүнээс танилцаж, мэнд усаа мэдсэн ч зүйл байхгүй.” гэж мэдүүлдэг.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэрч Н.С-н мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргээр Д.Б-н “хэрэг үйлдээгүй” гэх мэдүүлэг няцаагддаг бөгөөд шүүх хуралдаанд гэрч Н.С мэдүүлэг өгсний дараа шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг үйлдсэн талаараа хүлээн мэдүүлсэн бөгөөд уг мэдүүлэг нь хэргийн нөхцөл байдал, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон нөхцөл байдалтай таарч тохирч байна.

Иймд шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан буюу залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол төлбөрийн тухайд шүүгдэгч Д.Б-н үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч С.А-д 18.800.000 /арван найман сая найман зуун мянга/ төгрөгийн бодит хохирол учирсан бөгөөд шүүгдэгчийн тухайд түүнийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүхээс тогтоосон шийдвэр гармагц үйлдсэн гэмт хэргийнхээ хохирлыг төлөхөөр шүүх хуралдааныг ажлын 5 хоногийн хугацаагаар завсарлага авах хүсэлт гаргаж, шүүх хуралдааныг завсарлуулсан боловч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд хохирогч С.А-д 320.000 төгрөг төлсөн бөгөөд үлдэх 18.480.000 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-с гаргуулж, хохирогч С.А-д олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь хангалттай нотлогдож тогтоогдсон тул шүүгдэгчид энэ зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулах хууль зүйн  үндэслэлтэй байна.  

Улсын яллагч шүүгдэгчид 2 жил 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгч “...цаашид Д.Б нь юм ойлгож ухаарч байгаа бөгөөд цаашдаа хүн шиг амьдрахаа илэрхийлж байгаа. Ээжийнх нь бие муудаад хүнд байдалтай байна. 1 жил 6 сарын хугацаанаас доош татаж хөнгөн ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч Д.Б-н үйлдсэн гэмт хэргийн шинж, түүний хувийн байдал, хохирол төлбөрөө төлж барагдуулаагүй зэрэг байдлуудыг харгалзан түүнд хорих ял оногдуулж, үйлдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялд, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 180 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил 09 /ес/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, Д.Бийн нийт эдлэх ялын хугацааг тогтоов.

Мөн шүүгдэгч Д.Б-н энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон 111 /нэг зуун арван нэг/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг СД-г хавтаст хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Д.Б-г зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялд, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн №180 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 09 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Д.Б-н биечлэн эдлэх хорих ялыг 03 /гурав/ жил 09 /ес/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б-н энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон 111 /нэг зуун арван нэг/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-с 18.480.000 /арван найман сая дөрвөн зуун наян мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч С.А-д /РД:АН90101917/ олгосугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг СД-г хавтаст хэрэгт хавсарган үлдээж хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Д.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ж.БОЛДБААТАР