Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 264

 

 

 

 

 

 

  2020             3              5                                        2020/ДШМ/264

 

Б.Б- холбогдох эрүүгийн

     хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Н.Батсайхан, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Энхбаатар,

өсвөр насны шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Ю.Тогмид,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Гантуяа нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 936 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Э.Бадралын бичсэн 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 3 дугаартай прокурорын эсэргүүцлийг үндэслэн Б.Бямбацэцэгт холбогдох эрүүгийн 1911013190549 дугаартай хэргийг 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Б.Б-, 20.. оны 7 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .... , Сонгинохайрхан дүүргийн ..... хороо, ................... оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .............../;

Өсвөр насны шүүгдэгч Б.Б- нь /гэмт хэрэг үйлдэх үедээ 16 нас 9 сар 1 хоногтой байсан/ 2019 оны 4 дүгээр сарын 28-ны орой 20 цагийн үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Н.Б-ийг зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, дух, зүүн хацар, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хацарт зулгаралт, хэлэнд язрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Өсвөр насны шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-ийг 352 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Б-гт оногдуулсан 352 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт гурваас дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Б-т сануулж, Б.Б-ийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс цагдан хоригдсон 44 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагтай тэнцүү байхаар тогтоож эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.5, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Н.Б- нь өсвөр насны шүүгдэгч Б.Б-ийн асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох гар утасны дэлгэц засварлах төлбөр 400.000 төгрөг, мөн гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол, мөн ажилгүй байсан хугацааны цалин хөлс, түүнтэй адилтгах орлоготой холбогдох нэхэмжлэлийг Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурьдаж, Б.Б-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Прокурор Э.Бадрал бичсэн эсэргүүцэлдээ: “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ 14 насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх өсвөр насны хүнд нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт гурваас дээшгүй цагаар... тогтооно” гэж тус тус хуульчилсан. Гэтэл шүүх өсвөр насны шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийг журамлаагүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт өөрчлөлт оруулуулахаар эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

Өсвөр насны шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Ю.Тогмид тус шүүх хуралдаанд “... Хэлэх тайлбаргүй.” гэв.

Прокурор М.Энхбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өсвөр насны яллагдагчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлд тодорхой заасан байдаг. Гэтэл яллагдагчид шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5,4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан оногдуулж байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “өдөрт дөрвөөс дээшгүй цагаар” гэж заасан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өдөрт гурваас дээшгүй цагаар” гэж заасан байтал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлаад дөрвөөс дээшгүй цаг гэснийг өдөрт гурваас доошгүй цаг гэж шууд бичиж байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийг журамлаагүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. ...” гэв.

                                                            ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Өсвөр насны шүүгдэгч Б.Б- нь 2019 оны 4 дүгээр сарын 28-ны орой 20 цагийн үед Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тасганы овооны баруун зүгт, Гэсэр сүмийн уулзвараас хойш Телевиз өгсөх авто замын хажуугийн явган хүний замд хохирогч Н.Бадамчимэгтэй зөрж өнгөрөхдөө мөрлөснөөс болж, түүнийг цохиж газарт унаган хөлөөрөө өшиглөн зодож, эрүүл мэндэд нь “тархи доргилт, зух, зүүн хацар, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хацарт зулгаралт, хэлэнд язрал” бүхий хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

хохирогч Н.Б-ийн “... Тэгээд хойшоо буюу дээшээ Тасганы овооны баруун талаар явган хүний замаар дээш өгсөөд явж байтал өөдөөс үл таних хоёр согтуу эмэгтэй зөрөхдөө хар богино үстэй, дотуураа цагаан алаг өнгийн фудволктой, гадуураа нимгэн задгай энгэртэй хар бараан өнгийн цамцтай эмэгтэй нь хажуугаар өнгөрөхдөө мөргөчихөөр нь би хоёр гараараа цаашаа байгаач гээд түлхсэн, түлхэх үед миний баруун гарт утсаа бариад дуу сонсоод явж байсан. Тэгээд түлхсэн чинь шууд намайг зөрүүлж түлхээд чи яагаад байгаа юм бэ гээд учир зүггүй толгой руу цохиод байхаар нь өөрийгөө хамгаалах гээд цааш нь түлхтэл дахиад үснээс зулгааж, газар унагаачхаад дээрээс толгой руу өшиглөөд, үснээс чирээд байсан. Гэтэл нөгөө шар үстэй охин хажууд болиоч гээд хараад зогсоод байсан, салгах гэж оролдоогүй. ..” /хх 15-16/,

гэрч Ц.О-ы  “...2019 оны 4 дүгээр сарын 28-ны орой 20-21 цагийн үед хоёр согтуу охин манай колонкийн хажуугаар гараад хойноосоо урагшаа чигтээ уруудаад явсан байсан. Тэгээд ажлаа хийгээд байж байтал колонкийн доохон эмэгтэй хүмүүс хашгираад байхаар нь нөгөө хоёр охиныг хоорондоо хэрэлдэж байна гэж бодоод харахад тэнд байсан хар хувцастай халимаг хар үстэй охин нь нөгөө эмэгтэйг үсдэж аваад нүүр рүү нь гараараа цохиж байгаа харагдсан. Мөн унагаж байгаад өшиглөсөн. Тэгээд би ирсэн машинуудад бензинийг нь хийж өгчихөөд утсаа аваад доошоо очиход тэнд зодуулж байсан эмэгтэй нь нөгөө хоёроосоо салаад над руу ирсэн. Тэр үед би цагдаа дуудчихсан байсан болохоор удалгүй цагдаа нар ирээд аваад явсан. ...” /хх 21/,

гэрч Э.Н- “... 2019 оны 4 дүгээр сарын 28-ны орой 20-21 цагийн үед манай Шатахуун түгээх станцын хажуугаар согтуу хоёр охин явсан. Хүмүүстэй маргалдаад хойноосоо урагшаа чиглэлтэй уруудаад явж байсан. Тэгтэл манай ажлаас 50 метр орчим нэг эмэгтэйтэй муудалцаад хэл амаар доромжилж байгаад барьцалдаж аваад зодолдоод байсан. Тэгсэн нөгөө зодуулсан эмэгтэй над руу гүйж ирээд цагдаа дуудаад өгөөч гэсэн бөгөөд манай эмэгтэй түгээгч цагдаа дуудаж өгсөн. Харин би нэг согтуу охиныг нь барьж аваад цагдаа ирэхэд хүлээлгэж өгсөн” /хх 23-24/,

насанд хүрээгүй гэрч Б.Н-ийн “...Б- замаар явж байсан эмэгтэйтэй зөрөхдөө ... юугаа хараав гээд хэрэлдээд эхэлсэн. Юунаас болж тэгж хэлснийг нь мэдэхгүй. ... Харин Бямбацэцэг эгч тэр эмэгтэйн нуруу руу өшиглөж байгаа харагдсан. Мөн тэр хоёр хоорондоо үсээ зулгаалцаад байсан. Өөр зүйл сайн хараагүй...” /хх 25/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 5264 дугаартай “... Б-ийн биед тархи доргилт, зух, зүүн хацар, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хацарт зулгаралт, хэлэнд язрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх 31/,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 6-7/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг” гэсэн Арваннэгдүгээр бүлэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан ба шүүгдэгч Б.Б-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Түүнчлэн шүүгдэгч Б.Б-ийн үйлдсэн гэмт хэргийн шинж, түүний хувийн байдлыг харгалзан хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэсэн нь үндэслэлтэй болжээ.  

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-т 352 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 44 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагтай тэнцүү байхаар тогтоож, эдлэх ялд нь оруулан тооцсон атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтуудаар “...нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт гурваас дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоосон” болон “...нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол ... хорих ялаар тооцон сольж болохыг сануулсан” нь ойлгомжгүй болсон байна.

Учир нь, шүүх шүүгдэгч Б.Б-ийн урьдчилан цагдан хоригдсон хоногт нь тааруулж, нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн бөгөөд цаашид уг ялыг хэрхэн яаж биелүүлэх, биелүүлээгүйгээс үүсэх хууль зүйн үр дагавар бий болоогүй байхад ийнхүү шийдвэрлэсэн нь буруу юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт дээр дурьдсан байдлаар зохих өөрчлөлт оруулж, шаардлагагүй заалтуудыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” заалттай нийцэх юм.

Прокуророос “анхан шатны шүүхийн шийдвэрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Шүүх өсвөр насны хүнд нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт гурваас дээшгүй цагаар ...тогтооно” гэснийг журамлаагүй тул зохих өөрчлөлт оруулах”-аар эсэргүүцэл бичснийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.

Учир нь, анхан шатны шүүх өсвөр насны шүүгдэгч Б.Б-т 352 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, түүний цагдан хоригдсон 44 хоногт нь нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор бодож (цагдан хоригдсон 44х * ажлын 8 цаг = 352 цаг) өсвөр насны шүүгдэгч Б.Б-т шүүхээс оногдуулсан 352 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялтай дүйцүүлэн, шүүгдэгчийг ял эдэлсэнд тооцов. Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад заасан “өсвөр насны шүүгдэгч Б.Б-т оногдуулсан 352 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт гурваас дээшгүй цагаар эдлүүлэх”-ээр тогтоосон заалт бүхэлдээ ач холбогдолгүйн дээр уг заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийг журамласан” өөрчлөлт оруулах шаардлагагүй юм.   

Анхан шатны шүүх цаашид, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7, 36.8 дугаар зүйлд заасан шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох, тогтоох хэсэгт тавигдах хууль зүйн шаардлагуудыг сайтар хангаж, шийдвэрээ хэн бүхэнд ойлгомжтой байхаар бичиж байхад анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2019/ШЦТ/936 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын “...Өсвөр насны шүүгдэгч Б.Б-ийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс цагдан хоригдсон 44 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагтай тэнцүү байхаар тогтоож эдлэх ялд нь оруулан тооцсугай.” гэснийг “... Өсвөр насны шүүгдэгч Б.Б-ийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс цагдан хоригдсон 44 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагтай дүйцүүлэн нийт 352 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялд тооцуулан хасч, өсвөр насны шүүгдэгч Б.Б-ийг ял эдэлсэнд тооцсугай.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтуудыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээж, прокурор Э.Бадралын бичсэн 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 3 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

            3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ   

 

                                    ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ