| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 128/2024/0848/З |
| Дугаар | 221/МА2025/0764 |
| Огноо | 2025-12-09 |
| Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 221/МА2025/0764
“А” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Ц.О, Г.Ба нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 642 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмж
лэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Одмаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн
Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: “А” ХХК
Хариуцагч: Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Ц.О, Г.Ба нар
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.
Хэргийн индекс: 128/2024/0848/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 642 дугаар шийдвэрээр “Ашигт малтмалын тухай хууль /2019 он/-ийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2.1, 47.3.2, 47.4, 47.5, 47.8, 47.10, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль /2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн/-ийн 47.1, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль /2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн/-ийн 47 дугаар зүйлийн 47.1.2, 47.3.3, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 82 дугаар зүйлийн 82.1.2-т заасныг тус тус баримтлан “А” ХХК-аас гаргасан “Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчдын 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн НА-21220000107 дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:
2.1. “... Нэхэмжлэгч “А” ХХК-ийн зүгээс 2019-2021 оны татварын зөрчлийг Монгол Улсын Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасан "шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодорхойлох шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйл цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос нэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх" гэсэн заалтын дагуу шийдвэрлэхийг хүсэж анхан шатны шүүх хуралдаанд оролцсон бөгөөд шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байгаа болно.
Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчийн 2019-2021 онд экспортолсон жоншны АМНАТ-ын дэлгэрэнгүй тооцооллыг файлаар авч хэрэгт хавсаргасан бөгөөд уг тооцоололтой нэрэмжлэгчийн зүгээс нэг бүрчлэн танилцахад дараах зөрчил, тооцооллын зөрүүнүүд илэрсэн болно. Үүнд:
2.1.1. Жишиг үнээс АМНАТ тооцохдоо ам.доллароос төгрөгт хөрвүүлэх ханшийг Монгол банкны сарын дундаж ханшийг авч тооцоолсон нь алдаатай байна. Өөрөөр хэлбэл жонш экспортолсон өдөр тус бүрийн ханшаар тооцоогүй байгаа нь татвар төлөгчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн шийдвэр гэж үзэхээр байна. Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-д “татварын тайланд тусгах, бүртгэх төлбөр тооцоо гадаад валютаар хийгдсэн тохиолдолд тухайн гүйлгээ хийсэн өдрийн Монгол банкны албан ханшаар тооцож төгрөгөөр илэрхийлэх" гэж заасныг зөрчиж алдаатай тооцоолол хийсэн гэж үзэж байгаа болно.
2.1.2. “А” ХХК-д Ашигт малтмал, газрын тосны газар /хуучин нэрээр/-аас 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Д аймгийн Ба сумын а-1 нэртэй газарт уурхайн талбайн дугаар М\/-111111 тоот ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдож, тухайн үеэс хойш уг талбайгаас жонш олборлож байгаагүй /холбогдох лавлагаа нь хэрэгт авагдсан/ бөгөөд харин гар аргаар ашигт малтмал олборлогч нөхөрлөл, хувь хүнээс жоншны хүдэр худалдан авч физик болон механик аргаар боловсруулж баяжмал болгон хөрш орнууд болох ОХУ, БНХАУ-руу экспортолж байсан. Тухайн боловсруулсан баяжмал дахь хайлуур жоншны агууламж нь харилцан адилгүй байсан бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д заасан “...бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлт, боловсруулалтын түвшингээс хамаарч доор дурдсан хувийг нэмэгдүүлж тооцно." гэсэн зохицуулалтын хүрээнд АМНАТ-ын нэмэлт хувийг тооцохдоо ямар ч ойлгомжгүй, алдаатай тооцоолсноос улсын байцаагчийн акт үндэслэлгүй болох нь харагдаж байгаа болно. Энэ бүх тооцооллын алдааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасны дагуу актын биелэлтийг түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг хариуцагч байгууллагад даалгах ёстой гэж үзэж байгаа болно.
2.1.3. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2025/0642 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч “А” ХХК-аас “Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчдын 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн НА-21220000107 дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.
3. Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Ц.О, Г.Ба нар нэхэмжлэгч “А” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалтыг хийж, маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар 119,571,907,313.74 төгрөгийн зөрчилд 6,092,673,749.12 төгрөгийн нөхөн татвар, 2,379,428,540.58 төгрөгийн торгууль, 960,518,033.74 төгрөгийн алданги, нийт 9,432,620,323.44 төгрөгийн төлбөр ногдуулжээ.
4. Нэхэмжлэгчээс тус нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч гомдол гаргасан боловч Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 20 дугаар тогтоолоор маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг хэвээр баталсан байна.
5. Нэхэмжлэгч “А” ХХК нь нэхэмжлэлдээ “... Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас зарласан, зах зээлийн үнээс хэт өндөр, Үндсэн хууль зөрчсөн, сайдын тушаалаар тогтоосон “жишиг үнэ”-ийг мөрдөх үүрэггүй, ... нөхөн ногдуулалтын актад жишиг үнээс АМНАТ тооцохдоо ам доллароос төгрөгт хөрвүүлэх ханшийг Монгол банкны сарын дундаж ханшийг авч тооцоолсон нь алдаатай, экспортод гаргасан өдөр тус бүрийн ханшаар тооцоогүй, ... манай экспортыг хайлуур жонш, жоншны хүдрээр тооцон нэмэлт хувийг ойролцоогоор 5 хувиар тооцсоноос тооцооллын илт алдаа гарсан байна, ...2019-2021 оны хувьд өөрийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас бус харин гар аргаар ашигт малтмал олборлогч нөхөрлөлүүдээс жонш худалдан авч экспортод гаргасан...” гэж маргажээ.
6. Анхан шатны шүүх “... гаалийн экспортын мэдээн дэх гаалийн төв лабораторийн ашигт малтмалын агууламжийн мэдээлэлд үндэслэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох борлуулалтын үнэлгээг олон улсын зах зээлийн үнийг баримтлан тооцоолж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулсан нь үндэслэлтэй ..., маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар Засгийн газрын 2019 оны 465 дугаар тогтоолоор батлагдсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам”-ын 2.1, 2.1.2; 2.1.3-т заасан үнийг баримтлан АМНАТ ногдуулахаар тогтоосонд нийцжээ...” гэж дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй, шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн тодруулах шаардлагатай нөхцөл байдал байхгүй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын дагуу нөхөн ногдуулалтын актыг дахин шинэ акт гартал түдгэлзүүлэх шаардлагагүй байна.
6.1. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд “... “А” ХХК-д 2019 онд ... М\/-111111 тоот ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсон боловч тухайн үеэс хойш уг талбайгаас жонш олборлож байгаагүй, харин гар аргаар ашигт малтмал олборлогч нөхөрлөл, хувь хүнээс жоншны хүдэр худалдан авч физик болон механик аргаар боловсруулж баяжмал болгон хөрш орнууд болох ОХУ, БНХАУ-руу экспортолж байсан... энэ талаарх Ашигт малтмалын газраас ирсэн баримтыг шүүх үнэлээгүй ...” гэх боловч татварын хяналт шалгалтын үед болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бусдаас буюу хэнээс, хэзээ, хэдий хэмжээгээр ашигт малтмалыг худалдан авсан талаар тухайн үед нотлох баримтаа гаргаж өгөөгүй, шүүхэд ч ирүүлээгүй байна. Үүнээс үзвэл хэрэгт авагдсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2025 оны 1/2180 дугаартай “... тус компаниас MV-111111 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд 2020, 2021 онуудад үйл ажиллагаа явуулахгүй тухай Х төлөвлөгөө, мөн онуудад үйл ажиллагаа явуулаагүй талаар Х тайланг Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6-д заасны дагуу тус тус ирүүлсэн байна” гэсэн албан бичиг нь дангаараа нэхэмжлэгчийн тайлбарыг нотлох баримт болохгүй бөгөөд актын үндэслэл болсон гаалийн мэдээлэл зэрэг баримтуудыг няцаах, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх үүрэггүйг нотлох баримт болохооргүй байх тул анхан шатны шүүхийг уг баримтыг үнэлж, нэхэмжлэлийг хангаагүй гэж буруутгах үндэслэлгүй.
6.2. Мөн давж заалдах гомдолд “... жонш экспортолсон өдөр тус бүрийн ханшаар тооцоогүй, сарын дундаж ханшаар тооцсон нь татвар төлөгчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн, тооцооллын алдаатай, мөн боловсруулсан баяжмал дахь хайлуур жоншны агууламж нь харилцан адилгүй байхад нэмэлт хувийг тооцохдоо ямар ч ойлгомжгүй, алдаатай тооцоолсноос акт үндэслэлгүй болсон тул бүх тооцооллын алдааг шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй тул актын биелэлтийг түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг хариуцагчид даалгах ёстой гэж үзэж байна...” гэх боловч актыг эс зөвшөөрч гаргасан гомдолдоо энэ талаар өөрсдийн хийсэн тооцооллоо гаргаж маргаан таслах зөвлөлд маргаагүйгээс урьдчилан шийдвэрлэх ажиллагаа энэ үндэслэлээр явагдаагүй, мөн шүүхэд ханшийн зөрүүг өөрсдөө өдөр тус бүрээр тооцож, актаар илүү төлбөр тогтоосноос эрх, ашиг сонирхлоо зөрчигдсөн талаар тодорхой тооцооллоо ирүүлээгүй, мөн агууламжийн тухайд хариуцагчийн үндэслэсэн гаалийн аль мэдээлэлд тусгагдсан гаалийн төв лабортарийн шинжилгээний дүнг хэрхэн үгүйсгэсэн тооцооллыг тодорхой ирүүлээгүй байх тул шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн, тодруулах шаардлагатай нөхцөл байдал байна гэж үзэх үндэслэлгүй.
6.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д “Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй” гэж зааснаар нэхэмжлэгч өөрөө нөхөн ногдуулалтын актыг буруутгаж буй үндэслэлээ тодорхойлох, өөрт нь байгаа баримтаа шүүхэд гаргах, эсхүл эх сурвалжаа заах үүрэгтэй бөгөөд маргаж буй үйл баримтаа тодорхой заагаагүйгээс шүүх нэхэмжлэгчийн гаргасан тооцоолол болон хариуцагчийн тооцооллын аль нь зөв болох, эсхүл энэ нь шүүхийн шинжлэн судлах боломж хэтэрсэн эсэхэд дүгнэлт хийх боломжгүй байна.
6.4. Өөрөөр хэлбэл хариуцагч улсын байцаагч нар хяналт шалгалтын үед нэхэмжлэгч компанийн 2019-2022.05 дугаар сарын 30-ны байдлаарх 721 ширхэг экспортын гаалийн мэдээ, мэдээллийг тулган шалгаж, акт гаргасан байх бөгөөд нэхэмжлэгч нь эдгээрийн алиныг нь хэрхэн үгүйсгэж байгаа, экспортолсон аль хугацааны ханш болон агууламжийг хэрхэн буруу тооцож алдаа гаргаснаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн талаар тодорхойлж маргаагүй байхад шүүх маргаан бүхий нөхөн ногдуулалтыг актыг түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг даалгах үндэслэлгүй.
7. Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2025/0642 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-ны гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй
ШҮҮГЧ Ц.ОДМАА
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ