Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 40

 

   

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Ц.Дайрийжав  нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Баттөмөр хөтлөн,

иргэдийн төлөөлөгч Н.Чулуунбаатар,

улсын яллагч Т.Оюунжаргал,

хохирогч Д.Сувд, түүний өмгөөлөгч Б.Бүрнээ,

иргэний хариуцагч Ногоон хөдрөг ХХК-ийн захирал Б.Баттулга, түүний өмгөөлөгч Б.Даваажанцан,

шүүгдэгч Т.Хулан, түүний өмгөөлөгч Х.Баатарбилэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Тэрбишийн Хуланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж тус шүүхэд ирүүлсэн 201626021744 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         Монгол Улсын иргэн, 1996 оны 6 дугаар сарын 1З-нд Төв аймгийн Борнуур суманд төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монголын Үндэсний Их сургуулийн барилгын менежментийн 3 дугаар курсын оюутан, ам бүл З, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Сармисын хонхорын 2-28 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй /РД:НЙ96061309 / Боржигон овогт Тэрбишийн Хулан.

  

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Шүүгдэгч Т.Хулан 2016 оны 02 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах +25 бааранд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, хүч хэрэглэж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн, бусад руу пивоны шил шидэж, иргэн Д.Сувдын толгойг цохиж биед нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Т.Хулан шүүхийн хэлэлцүүлэгт: 2016 оны 2 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 01 цагийн үед би найз Должин, Ариунаа, Авирмэд нартай +25 бааранд орсон. Тус бааранд ороход зөөгч нь хоёр ширээ шахаж хоёр танихгүй эрэгтэй хүнтэй биднийг хамт суулгасан. Тэр хоёр танихгүй эрэгтэй хүний нэгнийх нь пивыг би босохдоо санаандгүй юбканыхаа хормойгоор шүргээд асгачихсан юм. Тэгтэл тэр танихгүй эрэгтэй “өмдөн дээр пиво асгаад норгочихлоо, хатааж өг” гэсэн. Тэгэхээр нь би “санаандгүй асгачихлаа, уучилаарай, энд би яаж хатаах вэ дээ” гэж хэлэхэд тэр үл таних эрэгтэй хүн манай найз Авирмэдийн зургыг утсан дээрээ аваад “та нарын зургыг facebook-д тавина” гэсэн. Тэгэхээр нь би “утсан дээрээ авсан зургаа устгачих л даа” гэж нилээн гуйсан. Тэгэхэд тэр танихгүй эрэгтэй намайг түлхсэн. Тухайн үед миний гараас шилтэй пиво хальтирч унаад Сувдыг оносон. Миний зүгээс Сувдын эмчилгээнд баримттай 525000 төгрөг, баримтгүйгээр 240000 төгрөг нийт 765000 төгрөг төлсөн гэв.

 

Хохирогч Д.Сувд шүүхийн хэлэлцүүлэгт: Би +25 бааранд зөөгчөөр ажилладаг  байсан. 2016 оны 2 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнийн 04 цаг 30 минутын орчим захиалга авах гээд текэн дээрээ зогсож байтал толгойны ар луу гэнэт юмаар цохисон.  Миний толгой руу шилтэй пивоор Хулан цохисон юм байна лээ. Тухайн үед би Хуланд “намайг эмнэлэгт үзүүлээд өгчих” гэж хэлэхэд Хулан “за” гэж хэлчихээд алга болчихсон. Тэгэхээр нь би эмнэлэгт үзүүлэхэд тархинд чинь цус харвалт явагдсан байна гэж эмч хэлсэн.  Би эмнэлэгт удаа дараа хэвтсэн. Одоо толгой маш их өвдөж байна. Эмч нар намайг группэд ор гэж хэлсэн. Одоо би яах учраа мэдэхгүй байна. Намайг зөөгчөөр ажиллуулж байсан +25 бааранд хандаж ажилд орохдоо байгуулсан гэрээгээ авъя, ажлын тодорхойлолт авъя гэхээр өгнө гэчихээд одоо болтол надад өгөхгүй байгаад гомдолтой байна.  Баар болон Хулан нараас ажилгүй байсан хугацааны цалинд 4290000 төгрөг, эмчилгээний зардалд 480351 төгрөг нэхэмжилж байна гэв.

 

Иргэний хариуцагч шүүхийн хэлэлцүүлэгт: Манай Ногоон хөдрөг ХХК, +25 баарны үйл ажиллагааг явуулдаг. Гэхдээ яг би уг баарыг ажиллуулахгүй байгаа, манай найз Жаргалсайхан хариуцаад ажиллуулаад явж байгаа. Бааранд хүмүүс тогтвор суурьшилтай ажилладаггүй онцлогыг харгалзаад +25 бааранд зөөгчөөр ажилд орсон Сувдтай хөдөлмөрийн ямар нэг гэрээ байгуулаагүй байсан. Тус бааранд зөөгчөөр ажиллаж байсан Сувд, уг баараар үйлчлүүлж байсан Хулан нарын хоорондын асуудлыг манай байгууллага хариуцах үндэслэлтэй эсэхийг сайн мэдэхгүй байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Хулангийн хувийн байдалтай холбогдолтойгоор түүний оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 40/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 41/, ял шалгах хуудас /хх-ийн 43/, оюутаны үнэмлэхийн хуулбар /хх-ийн 44/

 

хохирогчоор Д.Сувдын...”2016 оны 2 дугаар сарын 4-ний өдөр 20 цагийн үед би ажил дээрээ буюу Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах +25 нэртэй бааранд ирээд ажлаа хийгээд байж байсан. Шөнийн 4 цаг 30 минут өнгөрч байх үед би захиалгаа авах гээд баарныхаа тек рүү хараад зогсож байтал миний араас толгойны баруун дээд талын хэсэгт чанга оноод тек дотор уначихсан. Тэгээд шууд миний толгой өвдөөд толгой эргээд доошоо суухад надтай хамт ажилладаг зөөгч Баясгалан над руу ирээд намайг түшиж босгоод хувцас солих өрөө руу оруулсан. Хувцас солих өрөө рүү орчихоод би буцаж гараад тек рүү очоод зөөгч Баясгалангаас сая толгой руу юу оночихвоо  гэж асуухад Баясгалан надад баарны 2 дахь ширээн дээр сууж байгаа 3 охин 2 залуу руу заагаад тэр хүмүүс хоорондоо хэрэлдэж маргалдаад хар цагаан хосолсон алаг хормойтой, хар өнгийн богино платье өмссөн үсээ задгай тавьж ороосон эмэгтэйг заагаад тэр эмэгтэй хажуудаа байгаа эрэгтэй хүмүүстэй маргалдаад тэр хүмүүс рүүгээ шилтэй пиво шидэхдээ санамсаргүй чамайг оночихсон байна гэж хэлсэн. Тэгээд би тэр даруй Хулан руу Баясгалангийн хамт очоод чи миний толгойг шилтэй пивоор цохьчихлоо ш дээ яаж байгаа юм бэ гэж хэлэхэд хажуу талаас Хулангийн найз гэх танихгүй эмэгтэй орж ирээд намайг “гичий зайл, түй май” гэх мэтээр хэл амаар доромжлоод байсан ба би буцаад тек рүүгээ явчихсан. Энэ үед Хулан орилоод нэг юм яриад байгаа юм шиг байсан боловч бааранд чанга хөгжимтэй чимээ ихтэй байсан учир би юу бариад байгааг нь ойлгож сонсож чадаагүй. Би хувцасны өрөөнд ороод толгойгоо барьж үзэхэд миний толгойны баруун дээд хэсэгт их том хэмжээтэй хавдсан байсан.

Хулан бид хоёрт хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Бид хоёрын хооронд ямар нэгэн хувийн таарамжгүй харилцаа, өс хонзон, өр авлагын асуудал байхгүй ээ.

Хулан миний толгой руу 900 граммын савалгаатай нэрийг нь мэдэхгүй пивоны шил шидсэн ба пивоны шил тухайн үедээ хагараагүй бас задлаагүй шинээрээ байсан учраас цааш худалдчихсан. /хх-ийн 10-11/

Би Хулангаас хохиролын мөнгөнд нийт 765000 төгрөгийг бэлнээр авсан. Одоо нийт ажилгүй байсан хугацааны 6 сарын хөдөлмөрийн хөлс гэж 2.700.000 төгрөгийг нэхэмжилж байна. Хуланд цохиулснаас хойш миний баруун талын нүдний хараа муудсан. Цаашид нүдээ нарийн мэргэжлийн эмчид үзүүлж эмчилгээ хийлгэнэ. Цаашид Хулангаас надад 2.700.000 төгрөгийг төлж барагдуулахаас нааш би годмолтой байна.  /хх-ийн 12/

 

гэрч Г.Ариунаагийн:..” 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр найз Хулан, Авирмэд, Должин нартай уулзаад...Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт +25 бааранд ороход зөөгч нь ширээ шахаж бид нарыг 1 эрэгтэй хүн сууж байгаа ширээнд суулгасан...ширээн дээрээ сууж байтал Хулан босохдоо тэр танихгүй эрэгтэй хүний өөрийнх нь ууж байсан пивийг санаандгүй асгачихсан. Гэтэл тэр эрэгтэй жаахан уурлаад, Авирмэдийн зургыг дарчихаад “фэйсбүүкэд тавина” гээд босоод, цаад талын заал руу орохоор нь Хулан, Авирмэд хоёр араас нь зургаа устгуулна гээд явсан. Тэгээд би араас нь 2-3 минутын дараа очиход нөгөө үл таних эрэгтэй хүнтэй Хулан маргалдаад байх шиг юм яриад байхаар нь би Хуланг боль гэж хэлчихээд, ширээн дээрээ ирж суусан. Хулан ч удаагүй миний араас ширээн дээрээ ирж суусан. Хулан энэ үед нилээн бухимдалтай байх шиг байсан нөгөө танихгүй эрэгтэй хүн манай ширээний хажуугаар явахаар нь Хулан хажуу талын ширээн дээр байсан шилтэй пивийг аваад, тэр эрэгтэй хүний зүгт шидсэн боловч оноогүй. Тэр эрэгтэй хүн өөр рүү нь пивоны шил шидэхийг харсан эсэхийг би мэдэхгүй байна. Харин шидсэн пивоны шил нь баарны зөөгч эмэгтэйг оносон бололтой тэр эмэгтэй текний дор суучихсан. Тэгээд Хулан зөөгч эмэгтэйгээс уучлалт гуйгаад байсан. Энэ үед зөөгч Хулангаас 20,000 төгрөг өг гэж хэлэхэд Хулан “чамд өгөх илүү гарсан 20,000 төгрөг алга” гэж хэлэхэд нөгөө зөөгч охин яваад өгсөн. Тэгээд удаагүй бид нар баарнаас гарах гэтэл цагдаа нар ирээд аваад явсан . /хх-ийн 14/

 

гэрч Д.Должингийн:..”Хулан, Авирмэд, Ариунаа нартай уулзаад...Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах + 25 бааранд ороход баарны зөөгч нь бид нарыг 2 эрэгтэй хүн сууж байгаа ширээнд шахаад суулгасан...тэр 2 эрэгтэй хүний өндөр нь буюу 30 орчим настай гэмээр эрэгтэй хүн бид нартай яриад өдөөд байхаар нь бид нар ямар нэг зүйл яриагүй, тоогоогүй... баарны нөгөө талын заалны үүдэнд Хулан нөгөө хамт сууж байсан өндөр залуутай маргалдаад, муудалцаад зогсож байхаар нь би очоод, юу болсон талаар асуухад Хулан “энэ залуу бид нарын зургыг дарчихаад фэйсбүүкэд тавина гээд сүрдүүлээд байна, би яагаад зураг авч байгаа юм бэ устга гэж хэлэхэд устгахгүй байна, найзыг нь хойд талын зааланд бараг зодох шахлаа” гэж хэлээд Хулан бид хоёр ширээн дээрээ суух гээд байж байтал тэр залуу араас бид нарыг нэг муухай үгээр хараах шиг болсон. Тэгээд Хулан хаанаас ч юм нэг пивоны шил аваад, тэр залуугийн явж байгаа зүг рүү шидсэн тэр залууг оноогүй. Харин тэр шил нь зөөгч охины толгойг оносон юм шиг байна лээ. Ямар ч байсан миний харснаар баарны зөөгч охин уйлаад, текний дор суучихсан. ... Ширээнд байсан эрэгтэй хүн бид нарын зургыг фэйсбүүкэд  тавина гэж хэлснээс болж мөн Хуланг хэл амаар доромжилсноос болж Хулан уурандаа пивоны шил авч тэр залуугийн зүг шидсэн. Тэр зураг дарсан эрэгтэйг танихгүй. /хх-ийн 16/

 

гэрч А.Нямбаясгалангийн:..”2015 оны 12 дугаар сарын сүүлээр би Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах +25 нэртэй бааранд ажилд орсон юм. 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр 2 цагийн үед байхаа би яг сайн санахгүй байна. Би Сувдтай цуг баарны тек дээр захиалгаа авах гээд зогсож байтал хаанаас ч юм гэнэт пивоны шил Сувдын толгойг оноод текний араар уначихсан. Энэ үед Сувд толгойгоо бариад текний урд суучихсан. Тэгээд би Сувдыг яачихваа гэж асуухад Сувд миний толгой эргээд байна гэж хэлэхээр нь түшээд ажилчдын өрөө рүү оруулчихаад өөрөө би буцаад заал руугаа ороход 2 дугаарын ширээ дээр сууж байсан 3, 4 эмэгтэй гарах гэж байх шиг байхаар нь би буцаад ажилчдын өрөө рүү ороод чам руу пивоны шил шидсэн хүмүүс гарах гэж байна гэж хэлэхэд Сувд өөрөө босоод заал руу ороод 2 дугаарын ширээ дээр сууж байсан охидууд руу очоод Сувд хэн нь пивоны шил шидсэн бэ гэж асуухад Хулан гэх охин би санаандгүй андуураад шидчихлээ уучлаарай гэж хэлж байсан шиг санаж байна.

Хулангийн найзуудтайгаа сууж байсан ширээ нь 2 дугаарын ширээ байсан ба баарны текнээс 2 метр орчим зайтай л газар. .. өөр шил шидэх хүн байгаагүй ээ. /хх-ийн 20/ гэсэн,

 

гэрч Г.Авирмэдийн:..”2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр найз Хулан, Должин, Ариунаа нартай уулзаад...Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах +25 нэртэй бааранд орсон. Бааранд ороход баарны зөөгч нь бид нарыг хоёр эрэгтэй хүн сууж байгаа ширээнд шахаж суулгасан...баарны ширээнд хамт сууж байсан 2 залуугийн өндөр залуугийн өмдэн дээр Хулан санаандгүйгээр пиво асгачихсан юм байна лээ. Үүнээс болоод Хулан хамт сууж байсан 2 залуутай маргалдаж өмдэн дээрээ пиво асгуулсан гэх өндөр залуу нь миний зургыг дараад фэйсбүүк дээр тавина гэснээс болоод Хулан бид хоёр дээрх 2 залуутай маргалдсан юм. Маргалдаж байхдаа өндөр залуу нь Хулан руу дайраад нэг удаа чанга түлхсэн. Тэгээд Хулан ширээ дээрээ ирээд сууж байхдаа уурандаа маргалдсан өндөр залуу руу пивоны шил шидсэн байх. Тэрнээс биш баарны зөөгч эмэгтэйрүү шил шидсэн зүйл байхгүй /хх-ийн 22/

 

гэрчээр +25 баарны гүйцэтгэх захирал Б.Жаргалсайханы:..”Сувд нь манай баарны дагалдан зөөгч ажилтай байсан. Ойролцоогоор 2016 оны 1 дүгээр сарын 25-ны үеэр байхаа Сувд манай бааранд дагалдан зөөгчөөр ажилд орсон. Манай баарны дотоод журамд зааснаар 6 сар хүртэл хугацаанд дагалдан зөөгчөөр ажиллуулж болдог. Иймд манай баарны зүгээс Сувдтай ямар нэг хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ байгуулаагүй байсан. Хэрэв манай үндсэн ажилтан болсон тохиолдолд хөлсөөр ажиллах гэрээ байгуулдаг. Сувд манай бааранд ажиллах хугацаандаа 19 цагаас 04 цагийн хооронд ажилладаг ба өдөрт 15000 төгрөгийн хөлстэй ажилладаг байсан. Нийслэлийн засаг дарга билүү, хаанахын захирамжаар билээ би сайн санахгүй байна ямар ч байсан баараар үйлчлүүлэх гэж байгаа хүмүүсийн насны байдлыг тогтоохын тулд холбогдох баримт бичгийг шалгах ёстой байдаг. Ямар ч байсан баараар үйлчлүүлэх гэж байгаа хүмүүсийн насны байдлыг тогтоохын тулд холбогдох баримт бичгийг шалгах ёстой байдаг. Ямар ч байсан манай зохион байгуулагч Өсөхбаярын яриагаар Хулан болон түүнтэй явж байсан хүмүүс биеэ авч яваа байдал царай зүсийн хувьд 21 насанд хүрсэн шинжтэй харагдаж байхаар нь бааранд оруулсан гэсэн. Баримт бичгийг нь шалгасан эсхийг нь би хэлж мэдэхгүй байна /хх-ийн 160/

 

иргэний хариуцагчаар тогтоох тогтоол /хх-ийн 161/

Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 166/

         иргэний хариуцагчаар Б.Баттулгын:..”+25 баар миний “Ногоон хөдрөг” ХХК-ны нэр доор 2015 оны 5 дугаар сараас эхлэн одоог хүртэл Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт диско баарны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Гэрчилгээн дээр цайны газрын чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэж байдаг боловч диско баарны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Гэрчилгээ анх гарахдаа цайны газрын чиглэлээр гэж гарсан. Баарыг Жаргалсайхан хариуцаж ажилладаг ба баарны зохион байгуулагч ажилчиддаа ажил үүргээ гүйцэтгэж байхдаа болгоомжтой байхыг сануулдаг гэхдээ яг цаасан дээр буусан зааварчилгаа байхгүй. /хх-ийн 163/

 

яллагдагчаар Т.Хулангийн:..”Сувд миний болгоомжгүй хайхрамжгүй үйлдлээс болж биедээ хөнгөн зэргийн гэмтэл авсанд харамсаж байна. Энэ үйлдэлдээ хохирогч Сувд болон түүний эгч Туул гэх хүнээс уучлалт гуйж эмчилгээний бодит зардалд өөрийн санаачлагаар 535.000 төгрөгийг мөн дээр нь нэмж 230.000 төгрөгийг бэлнээр өгч хохиролыг барагдуулсан. Мөн дээр нь нэмж 235.000 төгрөгийг хохирогч Сувдад өгөх гэсэн боловч хохирогч Сувд хүлээж аваагүй бөгөөд надаас баримтгүй ажилгүй байсан хугацааны цалин гэх 2.700.000 төгрөгийг нэмж нэхэмжилж байна. Миний хувьд дээрх мөнгийг одоогоор төлж барагдуулах боломж байхгүй байна. Учир нь би ээж 3 настай дүүгийн хамт айлын хашаанд гэр барьж амьдардаг ба манай ээж дүүг хараад ажилгүй гэртээ байдаг. Би чөлөө заваараа олдсон цагийн ажлыг хийж гэр бүлээ тэжээдэг. Сургалтын төлбөрөө хүртэл өөрөө ажил хийж олсон мөнгөөрөө төлдөг.

Хохирогч Д.Сувдад би өөрийн чадлынхаа хэрээр хохирлын мөнгийг өгөх тусам уулзах бүртээ хохирлын мөнгийг нэмж нэхэж байгааг ойлгохгүй байна. Миний ойлгосноор Д.Сувдаас гаргаж өгсөн эмчилгээний зардал гэх баримтууд нь  535.000 төгрөг болж байсан. /хх-ийн 38/

 

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2148 дугаартай: Д.Сувдын биед гэмтэл тогтоогдсонгүй. /хх-ийн 26/ гэсэн дүгнэлт,

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн нэмэлт үзлэг хийсэн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 257 дугаартай:  2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гаргасан 2148 дугаартай дүгнэлт гарах үед Д.Сувдын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ГССҮТ-н Толгойн КТГ-н шинжилгээнд илэрсэн субарахнойдаль зайнууд дахь бага зэргийн цус харвалт гэмтэл оношлогдоогүй байсан байна.  Д.Сувдын биед субарахнойдаль зайнуудад цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь өөрөө унах үед үүсч болохыг үгүйсгэхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна /хх-ийн 28/  гэсэн дүгнэлт болон

хохирогчийн томографийн хуулбар /хх-ийн 45-47/

гавал тархины гэмтлийн тасгийн эмнэлгээс гарах үеийн эпикризийн хуулбар /хх-ийн 48-51/ 532.953 төгрөгийн  охиролын баримтууд /хх-ийн 57/,

шүүгдэгч Т.Хулангаас хохирогч Д.Сувдад эмчилгээний зардал 525.000 төгрөг,  240.000 төгрөг тус тус бэлнээр өгсөн баримт /хх-ийн 58-59/, хохирогч Д.Сувдын өвчний түүхийн хуулбар /хх-ийн 61-69/

Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай прокурорын тогтоол /хх-ийн 73/

Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай прокурорын тогтоол /хх-ийн 171/

Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн 175-176/

Гараар бичсэн цалингийн дүн /хх-ийн 180-181/

Ногоон Хөдрөг ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам /хх-ийн 182-185/ болон бичгийн бусад баримтуудыг шинжлэн судлав.

                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.Хуланг бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, хүч хэрэглэж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн, бусад руу пивоны шил шидэж, иргэн Д.Сувдын толгойг цохиж биед нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэж дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дах хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан

яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч Т.Хулан 2016 оны 2 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө найз Должин, Ариунаа, Авирмэд нарын хамт +25 бааранд ороход үл таних хоёр эрэгтэй хүн сууж байсан ширээнд баарны зөөгч Т.Хулан, Должин, Ариунаа, Авирмэд нарыг шахаж суулгасан, шүүгдэгч Т.Хулан үл таних эрэгтэйн пивыг санамсаргүй унагаснаас тухайн залуугийн өмдөн дээр нь пиво асгарсан байна.

Улмаар үл таних залуу “өмдөн дээр пиво асгалаа” гэж Т.Хулантай маргаан үүсгэн түүний найз Авирмэдийн зургыг утсан дээрээ авч “та нарын зургыг facebook-д тавина” гэснээс болж  үл таних залуу, Т.Хулан нарын дунд маргаан үүсч улмаар түүн рүү шидсэн шилтэй пиво +25 бааранд зөөгчөөр ажиллаж байсан Д.Сувдын толгойд онож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогджээ.

 

Энэ байдал нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, шүүх шинжлэн судласан

хохирогчоор Д.Сувдын...” би зөөгч Баясгалангаас сая толгой руу юу оночихвоо  гэж асуухад Баясгалан надад баарны 2 дахь ширээнд сууж байгаа 3 охин 2 залуу руу заагаад тэр хүмүүс хоорондоо хэрэлдэж маргалдаад...тэр эмэгтэй хажуудаа байгаа эрэгтэй хүмүүстэй маргалдаад тэр хүмүүс рүүгээ шилтэй пиво шидэхдээ санамсаргүй чамайг оночихсон байна гэж хэлсэн... /хх-ийн 10-11/ гэсэн,

гэрч Г.Ариунаагийн:..” Хулан босохдоо тэр танихгүй эрэгтэй хүний өөрийнх нь ууж байсан пивийг санаандгүй асгачихсан. Гэтэл тэр эрэгтэй жаахан уурлаад, Авирмэдийн зургийг дарчихаад “фэйсбүүкэд тавина” гээд босоод, цаад талын заал руу орохоор нь Хулан, Авирмэд хоёр араас нь зургаа устгуулна гээд явсан...Хулан хажуу талын ширээн дээр байсан шилтэй пивийг аваад, тэр эрэгтэй хүний зүгт шидсэн боловч оноогүй...хх-ийн 14/ гэсэн,

гэрч Д.Должингийн:..”...баарны зөөгч нь бид нарыг 2 эрэгтэй хүн сууж байгаа ширээнд шахаад суулгасан...Хулан “энэ залуу бид нарын зургыг дарчихаад фэйсбүүкэд тавина гээд сүрдүүлээд байна, би яагаад зураг авч байгаа юм бэ устга гэж хэлэхэд устгахгүй байна, найзыг нь хойд талын зааланд бараг зодох шахлаа” гэж хэлээд Хулан бид хоёр ширээн дээрээ суух гээд байж байтал тэр залуу араас бид нарыг нэг муухай үгээр хараах шиг болсон....ширээнд байсан эрэгтэй хүн бид нарын зургыг фэйсбүүкэд  тавина гэж хэлснээс болж мөн Хуланг хэл амаар доромжилсноос болж Хулан уурандаа пивоны шил авч тэр залуугийн зүг шидсэн. Тэр зураг дарсан эрэгтэйг танихгүй. /хх-ийн 16/ гэсэн,

гэрч А.Нямбаясгалангийн:..”...Сувд хэн нь пивоны шил шидсэн бэ гэж асуухад Хулан гэх охин би санаандгүй андуураад шидчихлээ уучлаарай гэж хэлж байсан шиг санаж байна”... /хх-ийн 20/ гэсэн,

гэрч Г.Авирмэдийн:..” Бааранд ороход баарны зөөгч нь бид нарыг хоёр эрэгтэй хүн сууж байгаа ширээнд шахаж суулгасан...баарны ширээнд хамт сууж байсан 2 залуугийн өндөр залуугийн өмдэн дээр Хулан санаандгүйгээр пиво асгачихсан юм байна лээ. Үүнээс болоод Хулан хамт сууж байсан 2 залуутай маргалдаж өмдэн дээрээ пиво асгуулсан гэх өндөр залуу нь “миний зургыг дараад фэйсбүүк дээр тавина “гэснээс болоод Хулан бид хоёр дээрх 2 залуутай маргалдсан юм. Маргалдаж байхдаа өндөр залуу нь Хулан руу дайраад нэг удаа чанга түлхсэн. Тэгээд Хулан ширээ дээрээ ирээд сууж байхдаа уурандаа маргалдсан өндөр залуу руу пивоны шил шидсэн байх. Тэрнээс биш баарны зөөгч эмэгтэй рүү шил шидсэн зүйл байхгүй /хх-ийн 22/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлгүүдээр хангалттай нотлогдсон байна.

 

Энэ хэрэгт Т.Хулантай таарамжгүй харьцаа үүсгэн маргалдсан үл таних залууг шалгаж тогтоох ажиллагаа хангалттай хийгдээгүйгээс гадна Т.Хулангийн үйлдэлд бусдыг илтэд үл хүндэтгэсэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хүч хэрэглэж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн догшин авирлаж танхайрсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд хэргийн үйл баримтыг нотолсон гэрчүүдийн мэдүүлгүүдийг үгүйсгэх баримт авагдаагүй байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.Хулан, тус баараар үйлчлүүлж байсан үл таних  залуу нарын хооронд хувийн таарамжгүй харьцаа үүсч маргалдсан тодорхой сэдэлттэйгээр Т.Хулан үл таних залуу руу шидсэн шилтэй пивонд зөөгч Д.Сувд оногджээ.

 

Хэргийн үйл баримтаар Т.Хулан, Д.Сувд нар бие биенээ огт танихгүй бөгөөд тэдгээрийн дунд ямар нэгэн хувийн таарамжгүй харьцаа үүсээгүй боловч, тухайн нөхцөл байдалд шүүгдэгч Т.Хулангийн үл таних залуу руу чиглэсэн тодорхой сэдэлттэй гэм буруугийн санаатай үйлдлийн улмаас хохирогч Д.Сувдын бие махбодид хөнгөн гэмтэл учирсан байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас Т.Хуланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон өөрчилж,  шүүгдэгч Т.Хуланг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Т.Хулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд түүнд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-д заасан “хөөн хэлэлцэх хугацаа дууссан”  үндэслэлээр хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасныг баримтлан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэлээ.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Сувдын биед субарахнойдаль зайнуудад цус харвалт гэмтэл шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд

шүүхийн хэлэлцүүлэгт “хохирогч гомдолтой байгаа” талаар мэдүүлж түүний өмгөөлөгчөөс “Д.Сувдын эмчилгээний зардалд 480.351 төгрөг, 11 сар ажилгүй байсны хохиролд 4.290.000 төгрөгийг гэм буруутай этгээдүүдээс нэхэмжилнэ” гэсэн тайлбарыг гаргаж  байна.

 

Хавтаст хэрэгт хохиролтой холбогдох нийт 532953 төгрөгийн баримтууд авагдсан байх бөгөөд /хх-ийн 52-57/, шүүгдэгч Т.Хулангаас  525000 төгрөг /хх-ийн 58/, 240000 төгрөг /хх-ийн 59/ нийт 765000 төгрөг хохирогч Д.Сувдад хүлээлгэж өгсөн байна.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт эмчилгээтэй холбогдуулан хохирогч талаас гаргасан нийт 480351 төгрөгийн баримтуудаас нотлох баримтын шаардлага хангасан баримтын хэмжээнд 207400 төгрөгийг хангаж шийдвэрлэх хуулийн үндэслэлтэй.

 

Хохирогч Д.Сувдын эмчилгээтэй холбогдуулан гаргасан баримтуудаас хэрэгт авагдсан 532953 төгрөгийн, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан баримтуудаас 207400 төгрөгийн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаж байх бөгөөд шүүгдэгч Т.Хулангаас мөрдөн байцаалтын шатанд хохирогчид 765000 төгрөг төлснийг баримтын хэмжээнд хохирол төлөгдсөн гэж үзнэ.

 

Иймд Т.Хуланг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Нэхэмжлэлийн эмчилгээтэй холбогдох баримтаас (480351-207400=272951) төгрөгийн  баримтыг хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй, 11 сарын хугацаанд ажилгүй байсан хугацааны 4290000 төгрөгийг холбогдох нотлох баримтгүй тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй юм.

 

Харин хохирогч Д.Сувд эдгээр эмчилгээ болон цалин хөлстэй холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар иргэний хариуцагч Ногоон хөдрөг ХХК-иас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                                                                                                     

ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн прокурорын газраас Т.Хуланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон өөрчилсүгэй.

 

2.Шүүгдэгч Боржигон овогт Тэрбишийн Хуланг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

 

3.Шүүгдэгч Т.Хуланд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-д заасан  үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасныг баримтлан түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

4.Хэрэгт эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй,  хохирогч Д.Сувдын эмчилгээнд шүүгдэгч Т.Хулан 765000 төгрөг төлсөн  болохыг тус тус дурьдсугай.

 

5.Хохирогч эмчилгээтэй холбогдох болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хариуцагч Ногоон хөдрөг ХХК-иас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6.Шийтгэх тогтоолд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт иргэний хариуцагч гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Т.Хуланд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ,

        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          О. ЖАНЧИВНЯМБУУ

                      ШҮҮГЧИД                                          Г.ЕСӨН-ЭРДЭНЭ  

                                                                                   Ц.ДАЙРИЙЖАВ