Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 182/ШШ2020/00878

 

2020 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 182/ШШ2020/00878

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэгт оршин суух, М овогт Х Ч /РД:ПД72/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэгт байрлах, НЗДБУХЗ д холбогдох,

 

Ажилгүй байсан 9 /есөн/ сарын хугацааны цалин 8,197,200 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Ч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Х.Ч  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Х.Ч  би нь 2016 оноос Сонгинохайрхан дүүргийн 124 дүгээр сургуулийн захирлаар ажиллаж эхэлсэн. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Сахилгын шийтгэл оногдуулах тухай Б/173 дугаар захирамжаар миний бие ажлаас халагдсан болно.

Нийслэлийн Засаг даргын Б/173 дугаар захирамжийг эс зөвшөөрч миний бие тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг хянан шийдвэрлээд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2019/00530 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 765 дугаар магадлал тус тус гарч нэхэмжлэгч миний нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн болно.

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь одоо хүртэл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхгүй байгаа бөгөөд миний хөдөлмөрлөх эрх өнөөдрийг хүртэл зөрчигдсөөр байна.

Одоо миний бие шүүхийн шийдвэрт заагдсан 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалингаа хариуцагчаас нэхэмжилж байна.

Тус шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2019/00530 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч миний сарын дундаж цалинг 890,087 төгрөг, нэг өдрийн цалин 41,400 төгрөгөөр тогтоосон болно.

Иймд нэхэмжлэгч миний ажилгүй байсан 9 сарын цалин нийт 8,197,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү.

Нэхэмжлэгч Х.Ч  би анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан 2019 оны 12 дугаар сарын 25-ныг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалингаа хариуцагчаас нэхэмжилж шүүхэд хандсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2019/00530 дугаар шийдвэрийг биелүүлж Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 сарын 05-ны өдрийн Б/17 тоот захирамжаар намайг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн томилсон.

Тус захирамжид 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Сонгино хайрхан дүүргийн 124 дүгээр сургуулийн захирлаар эгүүлэн томилсон тул нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж байна. Иймд нэхэмжлэл гаргасан 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс ажилд томилсон 2020 оны 02 дугаар сарын 05-ны Б/17 тоот захирамж гарсан өдрийг хүртэлх ажилгүй байсан 32 хоногийн цалин нийт 1,324,800 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, Нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Х.Ч ын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох иргэний хэрэгт дараах тайлбарыг хүргүүлж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан байдаг.

Мөн хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д Ажил олгогч, ажилтны хооронд гарсан хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс, шүүх тус тусын харьяаллын дагуу шийдвэрлэнэ. гэж зааснаас үзэхэд хөдөлмөрийн марган таслах комисс, шүүхэд аль алинд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан гомдол гаргах хугацаа хамаарахаар байна. Нэхэмжлэгч нь гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Х.Ч  нь хариуцагч  Н д холбогдуулан Ажилгүй байсан 9 /есөн/ сарын хугацааны цалин 8,197,200 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэж 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 1,324,800 төгрөгөөр ихэсгэж, нийт 9,522,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Х.Ч  нь хариуцагч  Н ийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/173 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын 124 дүгээр сургуулийн захирлын албан тушаалаас чөлөөлөгдсөн байх ба, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2019/00530 дугаартай шийдвэрээр Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын 124 дүгээр сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2,401,200 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл төлсөн тухай бичилт хийхийг даалгаж шийдвэрлэжээ. /хх-ийн 5-8 дугаар тал/

 

Дээрх шийдвэрийг хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 765 дугаартай магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2019/00530 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан баримт зэргээр нотлогдож байна. /хх-5-8, 9-13 дугаар тал/

 

Шүүх Х.Ч ыг ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэж, түүнийг урьд эрхэлж байсан Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын 124 дүгээр сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2019 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацааны дундаж цалин 2,401,200 төгрөгийн олговор олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн байх ба шүүхийн дээрх шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр байна.

 

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлохгүй болно.

 

Ажил олгогч Нийслэлийн Засаг дарга нь нэхэмжлэгч Х.Ч ыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилсон шийдвэрийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/17 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2019/00530 дугаар шийдвэрийг биелүүлж Х.Ч ыг Сонгинохайрхан дүүргийн 124 дүгээр сургуулийн захирлаар 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн томилсон болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/17 дугаар захирамж зэрэг баримтаар тогтоогдож байна.

 

Ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан учир Х.Ч  ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагч Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас шаардах эрхтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гараагүй, эсхүл давж заалдах гомдлыг давж заалдах шатны шүүх хянаад гаргасан магадлалд хяналтын журмаар гомдол гараагүй, эсхүл давж заалдах шатны шүүхийн магадлалд гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн буюу өөрчилсөн тогтоол гаргасан бол анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болдог байна. Энэ утгаар ажил олгогч хууль бус шийдвэр гаргасны үр дагаврыг ажилтны ажилгүй байсан бүх хугацаанд, түүний дотор гурван шатны шүүхээр тухайн эрх зүйн маргаан хянан шийдвэрлэгдэх хугацааг багтаан хариуцах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан шаардлагад нийцнэ.

 

Өөрөөр хэлбэл, ажил олгогч ажилтныг ажлаас халах тухай хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргаагүй бол ажилтан шүүхэд эрхээ хамгаалуулахаар хандах үндэслэл үүсэхгүй байсны адил эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг ажил олгогч хүндэтгэн биелүүлэх, эсхүл эс зөвшөөрч, гомдол гаргах нь түүний эрхийн асуудал тул гомдол гаргасны үр дагаврыг хариуцах хууль зүйн үндэслэлтэй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 120 дугаар зүйлийн 120.4-т зааснаар хэргийн оролцогч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй ба шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй болно. Харин шүүхээр шийдвэрлэгдсэн маргаантай холбоотой боловч өөр үндэслэлтэй өөр шаардлагыг шүүхээр хянан шийдвэрлүүлэхэд шүүхийн урьд гарсан шийдвэр саад болох учиргүй юм.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Х.Ч  ажлаас үндэслэлгүй халагдсан үйл баримтын талаар тухайн хэргийн оролцогчид дахин маргах эрхгүйгээс гадна түүнийг ажилд эгүүлэн тогтоох, ажлаас халагдсан өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг олгох зэрэг асуудлаар шүүх дахин шийдвэр гаргахгүй боловч шүүхийн шийдвэр гарснаас хойшхи хугацаанд ажилгүй байсан үеийн цалинтай тэнцэх нөхөх олговрын асуудлаар ажилтан шүүхэд хандах эрхтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан байх ба ажилгүй байсан бүх хугацаа гэдэгт ажилтныг ажлаас халах тухай ажил олгогчийн шийдвэр гарснаас хойш түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаа орохоос гадна шүүхийн шийдвэр гарснаас хойш уг шийдвэрийг биелүүлэх хүртэлх хугацаа мөн хамааралтай болно.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.3-т Мэдэгдлийг хүлээн авсан ажил олгогч урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, тухайн ажилтныг эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосноор гүйцэтгэх баримт бичгийн шаардлага биелэгдсэнд тооцно. гэж заасан байх тул ажилтны ажилгүй байсан хугацаа түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарснаар бус харин шүүхийн шийдвэрийг биелүүлсэн ажил олгогчийн шийдвэр гарснаар дуусгавар болно.

 

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь шүүхийн шийдвэрийг 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр биелүүлсэн тул нэхэмжлэгч Х.Ч ыг дээрх хугацаа хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг олгох үүрэгтэй болно.

 

Нэхэмжлэгч Х.Ч  нь 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр анхан шатны шүүхээр хэргийг шийдвэрлэснээс хойш ажилд эгүүлэн томилсон 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл нийт 10 сар 02 хоног ажилгүй байсан байна.

 

Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргахаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасны дагуу гомдлоо гаргана.

Нийслэлийн Засаг дарга нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2019/00530 дугаар шийдвэрийн заалтыг 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр биелүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгч Х.Ч  шүүхэд нэхэмжлэл гаргасан 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байсан буюу ажилтны эрх зөрчигдсөн хэвээр байсан тул нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж үзнэ.

 

Иймд нэхэмжлэгч Х.Ч ыг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг хариуцагч НЗДТГ раас гаргуулах нь зүйтэй байна.

 

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт нэхэмжлэгч Х.Ч ын сарын дундаж цалинг 890,087 төгрөг буюу нэг өдрийн 41,400 төгрөг гэж тооцсон болно.

 

Нэхэмжлэгч Х.Ч ын 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор нь 8,983,670 төгрөг болж байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан НЗДТГ раас 8,983,670 төгрөг гаргуулан Х.Ч т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 538,330 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй. гэж заасны дагуу хариуцагч НЗДТГ арт нэхэмжлэгч Х.Ч ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасч тооцож, нөхөн бичилт хийхийг даалгах нь зүйтэй байна.

 

Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У т 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 13 цаг 30 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2, 77.5-д заасан журмын дагуу 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр өөрт мэдэгдэж гарын үсэг зуруулсан боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 8,983,670 төгрөгийг хариуцагч НЗДТГ аас гаргуулан нэхэмжлэгч Х.Ч т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 538,330 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан дээрх олговроос Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, Нийгмийн даатгалын, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухайн бичилт хийхийг НЗДТГ арт даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182,252.80 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 158,688 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Ч т олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.АМАРТӨГС