Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/972

 

 

 

 

 

 

 

  2023         07           05                                     2023/ШЦТ/972

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбурам,

улсын яллагч П.Итгэл,

шүүгдэгч Х.Э , түүний өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2303 00265 0253 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Х.Э  нь  2023 оны 04 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Цайзын замд Молор пабын орчим Toyota prius маркийн ...  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас замын зорчих хэсэг дээр хэвтэж байсан явган зорчигч Д.Б ийг дайрч амь нас хохирсон, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Э  гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж мэдүүлэг өгөхөөс татгалзав.

Улсын яллагч хавтаст хэргээс дараах бичмэл нотлох баримт, эд мөрийн баримт зэргийг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дахь тал/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 4-8 дахь тал/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 17-19 дэх тал/,

Хяналтын камерын бичлэгийн эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 16 дахь тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Л ийн “Д.Б  миний төрсөн дүү ба манайх гэрээсээ зургуулаа. Миний доод талын дүү юм. Миний дүү 1974 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн. 2001 онд гэрээрээ Улаанбаатар хотод шилжин ирж Д.Б  эхнэр 3 хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүрэг 8 хороо Шар хаданд амьдардаг байж байгаад 2010 оны орчим эхнэрээсээ салж тусдаа амьдарч Цайз зах орчим хувиараа ажил хийж сүүлдээ найз нөхөд, хамаатан садныхнаараа амьдардаг болсон. Цайз зах дээр ажил хийхийн хажуугаар архи согтууруулах ундаа уудаг болж архины хамааралд орсон байсан. Ах дүү нартайгаа 10 хоног орчим болоод хүний утсаар холбоо барьдаг, хоол ундны мөнгө гуйхаар нь шилжүүлчихдэг. Сая 2023 оны 04 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө зам тээврийн аваарт ороод Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаад 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 08 цаг 16 минутад нас барсан. Суурь өвчин гэх зүйл байгаагүй. Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байхад сахиур болон хэрэглээний зардал болох 500 000 төгрөг, оршуулгын зардал 5 500 000 төгрөг бусад лам залах, цайллага зэрэг зардалтай нийлээд 10 000 000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-24 дэх тал/,

Гэрч Т.Б ын “2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр би гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох бүлээрээ гэртээ амарч байтал манай эхнэр Э ы захирал нь утсаар залгаад барилгын материалын дэлгүүрээс ойр зуурын бараа, материал аваад явуул гэхээр нь бид хоёр ...  улсын дугаартай приус-10 маркийн автомашинтай гарч захисан зүйлүүдийг нь авч явсаар байтал орой болж харанхуй болсон. Мөн эхнэрийн найз С  ирж хамт явж байсан. Орой 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монел орчихоод буцаж Цайз захын гэрлэн дохиотой 4 замын уулзвараар урагш офицеруудын ордон явах замаар явж байтал зам дээр нь хүн хэвтэж байхаар нь би хараад эхнэр Э д яаран хэлэхэд эхнэр хараад унаж явсан машинаа зогсоох арга хэмжээ авсан боловч дээгүүр нь дайран гарч машин оволзоод өнгөрсөн. Машинаа замын хажууд байрлуулаад дайруулсан хүний хажууд замын анхааруулах тэмдэг байрлуулж цагдаа, түргэн дуудсан ба удалгүй түргэний машин ирэхээр нь би эмчтэй нь хамтарч дайруулсан хүнийг нацилкээр зөөн түргэний машинд оруулж явуулсан. Мөн удалгүй пургонтой цагдаа ирээд зураг дараад явчихсан ба тус цагдаад С  хүн дайрсан талаар хэлээхгүй хүн зам дээр хэвтэж байхаар нь дуудлага өгсөн гэж хэлсэн. Харагдах байдлаас дух хэсэгт шалбарсан, толгой хэсгээс бага зэрэг цус гарсан, бага зэрэг ёолж дугарч байсан. Э  автомашиныг унаж байхад би хажууд нь С  хойд суудалд сууж явсан. Хэрэг гарах үед согтууруулах ундаа Э , С , бид 3 хэрэглээгүй байсан. Унаж явсан машины гадна гэрэлтүүлэг, тормосны ажиллагаа хэвийн ажилладаг боловч гэрэл нь бүдэг тусдаг. Цагдаад дуудлага өгсөн боловч тухайн хүнийг Э  дайрсан талаар хэлээгүй, би их сандралтай байсан ... Цайзын зам уруудаад Э  Тоёота Приус маркийн ...  дугаартай тээврийн хэрэгсэл жолоодоод явж байх үед урдаас машины гэрлийн гялбаа их байсан. Тэгээд урд хүн зам дээр хэвтэж байгаа харагдсан. Тэгээд би сандраад хүн хүн гээд хэлтэл Э  хаана хаана гээд дээгүүр нь дайраад гарчихсан. Тэрийг бид 2 сайн мэдээгүй цуг явж байсан. С  гэх хүн уулзаад байсан. Х.Э  нь зан аашийн хувьд төлөв даруу, нийтэч, эелдэг, тусархаг, хүн чанар сайтай. Бага насны 5 хүүхэдтэй ажилд идэвхтэй, тусч хүн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 75-76, 86 дахь тал/,

Гэрч О.С гийн “Би Говьсүмбэр аймагт ажлаа хийж байгаад 14 цагийн үед Улаанбаатар хот руу дүү Г.А ын цагаан өнгийн акуа машинд сууж ирсэн. Улиастад байдаг гэртээ очоод хувцсаа солиод халуун усанд ороод О тай уулзах гээд таксинд суугаад явж байхад найз Н.Ц тай таараад хамт улиастайн эцэст байсан Ц гийн нөхөр Э ийн машинд 0.5 eden хувааж уугаад талдаа орж байхад Х.Э  дуудаад төмрөө ачъя гэхээр нь такси бариад амгалангийн тэнд байдаг төмрийн үйлдвэр дээр очоод тэнд байсан ачааны машинд бүх төмрөө ачуулж дуусаад бид 3 Улаанхуаранд байдаг караоке ороход дүүрэн байсан гарч ирээд манай найз Сугарыг авахаар мянган оюутны байрны тэнд очоод авах гэхэд их согтуу байхаар нь орхиод Амгалангийн тэнд байдаг Их буурал караоке орох гээд явж байхад цайзаас доошоо уруудаад явж байхад манай найзын нөхөр Б  хөөе хүн дайрлаа хүн гэхэд найз Х.Э  баруун тийшээ огцом дараад зогссон буугаад харахад машины ар талд хүн ухаангүй хэвтэж байхаар цагдаа болон түргэн дуудсан түргэний машин ирээд тухайн газар хэвтэж байсан хүний толгойг нь боогоод аваад явсан. Удалгүй цагдаагийн машин ирээд бид хэдийг дуудсан нөгөө хүн хаана байна гэхэд бид хэд түргэн аваад явсан гэхэд хэн дуудлага өгсөн гэхээр нь би өгсөн гэж хэлээд овог нэрээ хэлээд бүртгүүлсэн. Цагдаа бууж ирээд тухайн газрын зургийг дараад бид хэдийг явж болно гэсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 78 дахь тал/,

Гэрч Я.Н ын “Би Э  гэх хүн танина. Миний хадам эгч юм. 2003 оноос хойш би охин дүүтэй нь ханилж эхэлснээр таньдаг болсон ба хувиараа ажил, хөдөлмөр хийж гэр бүлээ авч явдаг. 5 хүүхэдтэй өрх толгойлсон хүн юм. Ямар нэг гаж муу зуршилгүй, архи согтууруулах ундаа хэрэглээд байдаггүй. Тус Тоёота-Приус 11 маркийн ...  улсын дугаартай авто машин миний эзэмшлийн машин ба би хөдөө хаягтай тул Улаанбаатар хотын дугаар авах гэж төрсөн эгч Э ын нэр дээр уг машиныг 2018 оны 02 сард авч байсан. 2023 оны 04 сарын 16-ны өдөр би машинтайгаа хадам аавынд очоод байж байтал над руу Э  эгч залгаад өнөөдөр машин хэрэгтэй болчхоод байна машинаа түр өгч тус болооч гэсний дагуу би зөвшөөрч удалгүй манайд ирж миний Тоёота-Приус 11 маркийн ...  улсын дугаартай автомашиныг авч яваад тэр өдрөө осол гаргасан байсан. Одоо авто машин ажиллагаа хэвийн асуудалгүй явдаг байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 80 дахь тал/,

Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1172 дугаартай “Шинжилгээгээр талийгаач Д.Б ийн цогцост цээж, хэвлий, аарцгийн хавсарсан гэмтэл өвчүү баруун дал ясны бяцарсан хугарал, хавирганы зөрөөтэй хугарал, уушгины дунд дэлбэнгийн хатгагдсан шарх, баруун бүрэн бус авчийлт, цээжний хөндийн баруун талын хий, шингэн хуралдалт, зүүн талын шингэн хуралдалт, хоёр уушгины дээд дэлбэнгийн хатгагдсан шарх, эдийн няцрал, хоёр талын умдаг ясны дээд болон доод салаа үүсгэсэн бяцарсан, зүүн талын сүүжний дэлбээний хоёрлосон ташуу, ууц ясны зүүн талын олон яс уулзах үеэр салсан хугарал, бүсэлхийн 1 нугалмын зүүн хөндлөн сэртэн, бүсэлхийн 5 нугалмын их бие шахагдсан, зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, зулайд шарх, цээж, хэвлий, баруун ташаа, өвдөгт цус хуралт, цээж, нуруу, зүүн өвдөлт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр авто ослын үед үүсгэгдэх боломжтой. Үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь цээж, хэвлий, аарцгийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас олон эрхтний дутагдалд орж нас барсан. 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 11:02 цагт хийгдсэн цогцсын гадна үзлэгээр нас бараад 2-3 цаг болсон байж, гуравдугаар бүлгийн цустай” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 102-107 дахь тал/,

Авто тээврийн үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 1139362895 дугаартай “Тоёота приус маркийн ...  улсын дугаартай тээврийн хэрэгслийн ... Зүүн гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 2500cd, хол дээрээ 900cd, баруун гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 1200cd, хол дээрээ 800cd /стандарт 10.000-225.000cd/ урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 19.9 мм /стандарт +-0-5/ байгаа нь автотээврийн хэрэгсэлд шаардагдах стандартын шаардлагыг хангахгүй байна” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 167-171 дэх тал/,

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч Б.Б ын 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гаргасан 635 дугаартай “Жолооч Х.Э  нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. Мөн дүрмийн 12.2 харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. Мөн дүрмийн 3.4 жолооч дараах үүргийг хүлээнэ гэх заалт, 3.5 зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ, энэ дүрмийн 9.5-д заасны дагуу ослын зогсолтын тэмдэг тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдох бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, в/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх ... гэх мэт арга хэмжээ авах гэснийг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Явган зорчигч Д.Б  нь Замын хөдөлгөөний дүрмийн 5.12 явган зорчигчид дараах зүйлийг хориглоно б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх гэснийг зөрчсөн гэх үндэслэлтэй байна” гэсэн магадлагаа /хавтаст хэргийн 174-175 дахь тал/,

Шүүгдэгч Х.Э ы өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр хавтаст хэргээс дараах бичмэл нотлох баримтыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөгчийн магадлагаа /улсын яллагчийн шинжлэн судалсан/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 192 дахь тал/,

Х.Э ы гэрлэсний бүртгэлгүй талаарх лавлагаа /хавтаст хэргийн 196 дахь тал/,

Баянзүрх дүүргийн 37 дугаар хорооны засаг даргын “Х.Э  нь тус хорооны 2 дугаар хэсэг Чулуут амины орон сууц 4 гудамж 84 тоотод өрх толгойлон 5 хүүхдийн хамт оршин сууж байгаа нь үнэн болохыг тодорхойлов” гэсэн тодорхойлолт /хавтаст хэргийн 209 дэх тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Л ид 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 500 000 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 3 900 000 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1 600 000 төгрөг, 2023 оны 06 дугара сарын 13-ны өдөр 5 000 000 төгрөг тус тус шилжүүлсэн талаарх  баримт /хавтаст хэргийн 210-213 дахь тал/,

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Л ийн Х.Э д цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн хүсэлт /хавтаст хэргийн 214 дэх тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчийг бүрэн хамруулж, шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

  1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, хариулт, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбар зэргийг харгалзан хууль зүйн дүгнэлт хийлээ.

Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Х.Э , түүний өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэл хүлээн зөвшөөрч оролцсоныг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Х.Э  нь  2023 оны 04 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Цайзын замд Молор пабын орчим Toyota prius маркийн ...  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэг “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 12.2 дахь хэсэг “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас замын зорчих хэсэг дээр хэвтэж байсан явган зорчигч Д.Б ийг дайрч амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Л , гэрч Т.Б , О.С , Я.Н  нарын мэдүүлэг, Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын шинжээчийн дүгнэлт, Автотээврийн үндэсний төвийн шинжээчийн дүгнэлт, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн магадлагаа зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

Харин авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн жолооч Х.Э  нь хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.

Х.Э ыг зам тээврийн осол гаргасан даруйд түүнтэй хамт зорчиж явсан гэрч О.С  нь түргэн тусламж, цагдаад утсаар дуудлага өгсөн, дуудлагын дагуу очих хүртэл хүлээж байсан, дуудлагаар очсон цагдаагийн ажилтанд утасны дугаараа хэлж тэмдэглүүлсэн нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ үед бүгд сандарсан байдалтай, сэтгэлзүйн цочролтой байсан тул хэн ямар тээврийн хэрэгслээр дайрсан талаарх мэдээллийг цагдаагийн ажилтанд хэлээгүй эс үйлдэхүйг гаргажээ.

Үүнийг улсын яллагчаас хэргийн газраас тээврийн хэрэгслээ хөдөлгөсөн, хэргийн газрын үзлэг, хэмжилт хийх боломжгүй болгосон, ихэвчлэн согтууруулах ундааны зүйл хэрэглэснээ нуухыг тулд зугтдаг онцлогтой гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан гэмт хэргийг талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлээс үзэхэд дуудлагыг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн цагдаагаас өгсөн гэж, яаралтай тусламжийн хуудаснаас үзэхэд 103-р хүргэгдэн ирсэн гэснээс өөрөөр ямар дугаарыг утсаар дуудлага хүлээн авсан байдал харагдахгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Хэргийн газрыг зориуд орхиж зугтаах гэдэгт осол гаргаснаа мэдсэн даруйд тусламж үзүүлэхгүйгээр, зохих байгууллагад мэдэгдэхгүйгээр шууд хаяж явсан байх санаатай идэвхтэй үйлдлийг ойлгоно.

Цагдаагийн ажилтанд хэн ямар тээврийн хэрэгслээр хүн дайрсныг хэлэхгүй байдал, мөн зам тээврийн осол гаргасан жолооч Замын хөдөлгөөний дүрэмд заасан үүргээ зөрчсөн байдал зэрэг нь хэргийн газрыг зориуд орхиж зугтах гэмт хэргийн шинжид хамаарахгүй.    

Авто тээврийн хэрэгслийн жолооч гэж авто тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш хамаарна гэж Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт тодорхойлсон байдаг. 

Шүүгдэгч Х.Э  нь тээврийн хэрэгсэл жолоодохдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон байх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүйгээр үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан бөгөөд Х.Э ы үйлдэл нь хохирогчийн амь хохирсонтой шууд шалтгаант холбоотой байна.

Х.Э ы жолоодох эрхийг оноо дууссан үндэслэлээр 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр түдгэлзүүлсэн болох нь жолоодох эрхийн лавлагаагаар тогтоогдсон бөгөөд үүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн гэсэн ойлголтод хамааруулахгүй талаар хэлсэн улсын яллагчийн тайлбар үндэслэлтэй болжээ.

Тээврийн прокурорын газраас Х.Э д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон тул түүнийг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

Харин Х.Э д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирохгүй байх тул уг хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийг шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөлийн хувьд нэг талаас талийгаачийн гарцгүй газраар өнхөрч замын хөдөлгөөний хэсэгт хэвтсэн байдал, нөгөө талаас шүүгдэгчийн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа шалгаагүй, шаардлага хангаагүй гэрэлтэй явсан байдал зэрэг нь нөлөөлжээ.

Шүүгдэгч Х.Э аас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Л ид 11 000 000 төгрөг нөхөн төлсөн баримт хэрэгт авагдсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчаас цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болохоо илэрхийлсэн байгааг тэмдэглэвэл зохино.       

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Х.Э  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Х.Э д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоон оногдуулах санал гаргасан бол шүүгдэгчийн өмгөөлөгчөөс эрх хасах ялын хэмжээг 1 жилийн хугацаагаар хасаж, зорчих эрхийг хязгаарлах ялын эдлэх бүсийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоох санал гаргасныг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж, нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан сонгох ялын төрөлтэй хөнгөн гэмт хэрэгт хамаарна.

Шүүгдэгч Х.Э ы хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “Гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирол төлсөн”, 1.4 дэх заалтад заасан “Хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг гарсан” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдгийг мөрдөн байцаалтын шатнаас өөрийн хийсэн үйлдлээ, холбогдсон хэргийн зүйлчлэлээ, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг бүгдийг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж заажээ.

Шүүхээс Х.Э д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч ухамсарласан байдал, бусдад төлөх төлбөргүй, бага насны 5 хүүхэдтэй өрх толгойлсон ганц эх гэх хувийн байдал, гэм буруугийн холимог хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, хор уршиг арилахгүй нөхөгдөхгүй гэх шинж чанар, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял оногдуулахгүйгээр албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс буюу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолно.

Шүүхээс тэнссэн 2 жилийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн эсхүл шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг Х.Э д мэдэгдэх зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож хураагдсан дүрс бичлэг бүхий 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган хадгалж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Э  нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Э д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Тээврийн Прокурорын газраас Х.Э д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан “Гэмт хэргийг шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

2. Х.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар Х.Э д шүүхээс тэнссэн 2 жилийн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тэнссэн 2 жилийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн эсхүл шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг Х.Э д мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар тооцогдсон дүрс бичлэг бүхий CD 1 ширхэгийг хэрэгт хавсарган хадгалсугай.

8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Х.Э  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.  

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Х.Э д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.ХАТАНЦЭЦЭГ