Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 182/ШШ2020/00817

 

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 182/ШШ2020/00817

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэгт байрлах, ЕШ ХХК /28/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сүхбаатар дүүрэгт байрлах, НШШГГ т холбогдох

2019.11.19-ний өдрийн 11/1086 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Г , хариуцагчийн төлөөлөгч П.Б , Б.С , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Дэлгэрмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Манай байгууллага төлбөр төлөгч Ц.Э гаас нийт 3.586.958 төгрөгийг гаргуулахаар НШШГГ тай 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр гэрээ байгуулсан боловч 2 жилийн хугацаанд нэг ч төлбөр төлөөгүй байсан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн албан тоотоор барьцаа хөрөнгө болох 90-49 УНЛ улсын дугаартай Тоёота ипсум маркийн автомашиныг журамлан саатуулах талаар холбогдох байгууллагад тоот явуулсан байдаг. Энэ шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах хугацаанд 2018 оны 12 дугаар сард Кемпински зочид буудлаас манай компанитай холбогдсон байдаг. Ингэхдээ танай автомашин манай зогсоол дээр эвдрээд 14 хонож байна. Авч ирсэн хүн нь ирж авахгүй байна, ирж ав гэж холбогдсон. Ингэж холбогдсон учраас манайх 2018 оны 12 сард автомашин дээр очиж, шийдвэр гүйцэтгэгч С тай утсаар холбогдож, түүний зөвшөөрсний дагуу зураг бичлэгээр баталгаажуулсан бөгөөд ачилтын автомашин дуудаж, байгууллагынхаа хашаанд байршуулсан байдаг. Тухайн үед орой 9 цаг болж байсан учир шийдвэр гүйцэтгэгч ирээгүй. Ингээд би маргаашнаас нь шийдвэр гүйцэтгэгч С тай уулзаж, автомашин олдсон учраас барьцаа хөрөнгө дээр битүүмжлэх, хураах, үнэлгээ хийх зэргээр ажиллагаа хийж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад удаа дараа амаар болон бичгээр мэдэгдсэн.

Ажиллагаа хийлгэх гэсэн шалтгаан нь манайх автомашиныг худалдан борлуулж, төлбөрөө авах боломжгүй байсан. Яагаад гэвэл автомашин онгойхгүй, мотор нь эвдэрсэн байсан учраас ямар нэгэн байдлаар хөдөлгөх боломжгүй байсан. Тэгэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэлд ажиллагаа хийж өгнө үү гэсэн хүсэлт гаргахад ямар нэгэн ажиллагаа хийхгүй байж байгаад төлбөр төлөгч нь танайх уг автомашиныг эзэмшилдээ авсан учраас үүгээр төлбөрийг төлье гэсэн хүсэлт гаргасан учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тогтоолыг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан. Үүнийг бол манайх хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

Яагаад гэвэл энэ тогтоол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.9 дэх хэсэгт заасан төлбөр төлөгч нь гүйцэтгэх баримт бичигт заасан тодорхой үйлдэл, үйл ажиллагааг гүйцэтгэх боломжгүй болсон нь тогтоогдсон гэдэг үндэслэлээр хаасан байгаа. Учир нь гүйцэтгэх хуудаст нийт 4.586.950 төгрөг гаргуулах гэж заасан байхад нэг ч төгрөг төлөөгүй, барьцааны зүйл болох 90-49 УНЛ улсын дугаартай автомашиныг битүүмжилж, хурааж, яг ямар асуудал гарсан дээр нь үнэлгээ тогтоолгож, зах зээлийн ханш нь хэдэн төгрөгөөр худалдах боломжтой гэдэг талаар ажиллагаа хийж байж манайх авч, үлдэгдэл төлбөр гарах эсэх талаар ажиллагаа хийлгэх хүсэлт өгч байсан боловч ажиллагааг шууд дуусгавар болгосонд манайх гомдолтой байгаа. Бодит нөхцөл байдал дээр машины мотор нь эвдэрсэн автомашин нь 2001 онд үйлдвэрлэгдсэн, 2010 онд Монгол улсад орж ирсэн байдаг. Энэ зээлийн гэрээ нь 2014 онд байгуулагдсан байдаг. Зээлдэгч зээлийг графикийн дагуу төлөхгүй байсан учраас шүүхэд нэхэмжлэл өгсөн бөгөөд шүүхийн шийдвэр 2016 онд гарсан байдаг ба шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 2017 онд өгсөн байдаг. 2014 оноос хойш гэхээр 6 жилийн хугацааны эдэлгээ, он хуучирсан байгаа байдлыг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тодруулах ёстой байтал шийдвэр гүйцэтгэгч ажиллагааг хуульд заасны дагуу явуулаагүй учир 2019.11.19-ний өдрийн 11/1086 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 946 дугаартай захирамжаар төлбөр төлөгч Эрдэнэдалайгаас 4.586.950 төгрөг гаргуулж, ЕШ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байдаг. Энэ шийдвэрийн дагуу бичигдсэн гүйцэтгэх хуудасны дагуу 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, хүсэлтийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан. Албадан явуулах хугацаанд төлбөр төлөгч Эрдэнэдалай нь хөдөө орон нутагт байна гэж байж байгаад барьцаа хөрөнгө гэсэн заалтын дагуу Эрдэнэдалайн ашиглаж байсан тээврийн хэрэгсэл буюу ЕШ ХХК-ийн нэр дээр шилжсэн автомашиныг олж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг албадан явуулахаар болсон байдаг. Гэтэл замын хөдөлгөөнд оролцож байгаа автомашиныг шийдвэр гүйцэтгэгч нь олох боломжгүй байсан учраас Замын цагдаагийн шуурхай удирдагын хэлтэст 2017 оны 8 дугаар 28-ны өдөр 1/862 дугаартай албан бичгээр журамлан саатуулахаар хандсан байдаг. Ингээд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд оролцох, нөгөө талаас бичиг ирэх хугацаанд төлбөр төлөгчийн барьцаа хөрөнгийг битүүмжлэх, хураан авах боломжгүй байсан учраас хугацаа явсан асуудал байгаа.

Ингээд төлбөр авагч талаас дахин журамлан саатуулах талаар хүсэлтээ дахин гаргаж өгнө үү гэсэн учраас манайх хандсан байдаг. Төлбөр авагч талаас бол 2018 оны 12 дугаар сард уг автомашиныг өөрийнхөө эзэмшилд авсан байдаг боловч шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдээгүй мөн Замын цагдаагийн газарт нь хэлээгүй. Харин нэхэмжлэгч нь машиныг өөрийн байгууллагын хашаанд байлгаж байгаа талаар бидэнд 2019 оны 10 дугаар сард мэдэгдэж, барьцааны хөрөнгөөр ажиллагаа хийлгэх хүсэлт гаргасан. Энэ хугацаад төлбөр төлөгч Эрдэнэдалайг олсон бөгөөд түүнтэй уулзалт хийхэд миний машиныг ЕШ ХХК-иас аваад явчихсан, тэгээд ч үүргийн гүйцэтгэлийг машинаар хангуулахаар эвлэрсэн, өөр надад яриад байх юм байхгүй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болох ёстой гэсэн. Мөн машины мотор эвдэрсэн талаар тодруулахад тийм зүйл байхгүй гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь барьцааны гэрээнд заасны дагуу машиныг нэгэнт хураан авсан, харин машины мотор эвдрэлтэй байсан гэдэг нь тогтоогдохгүй байна. Тийм учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т заасан үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019.11.19-ний өдөр дуусгавар болгож, тогтоол гаргасан. Энэ ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ЕШ ХХК нь хариуцагч НШШГГ т холбогдуулж 2019.11.19-ний өдрийн 11/1086 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцааны хөрөнгө болох автомашиныг 2018 оны 12 сард шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр Кемпински зочид буудлын гадна талбайгаас ачуулж, өөрсдийн хашаандаа авчирсан бөгөөд уг автомашиныг хураалгах, битүүмжлэх, шинжээч томилуулах зэргээр ажиллагаа хийх хүсэлтийг хариуцагчид гаргаад байхад ажиллагаа хийлгүй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь үндэслэлгүй гэж тайлбарлав.

 

Харин хариуцагч тал нь нэхэмжлэгчийн гаргасан тайлбарыг зөвшөөрөхгүй байх бөгөөд үүргийн гүйцэтгэлийг хангуулах байсан машиныг эрэн сурвалжилж байсан, нэхэмжлэгч машиныг олж, өөрсдөө авсан талаар шийдвэр гүйцэтгэгч болон Замын цагдаагийн газар мэдэгдээгүй, төлбөр төлөгч Эрдэнэдалай нэгэнт миний машиныг нэхэмжлэгч авсан учир шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусах ёстой гэдэг, иймд ажиллагааг дуусгавар болгосон нь хууль зөрчөөгүй гэж мэтгэлцсэн.

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.05.02-ны өдрийн 946 дугаартай шүүгчийн захирамжаар Ц.Э  нь 4,500,000 төгрөгийг тодорхой хуваарийн дагуу ЕШ ХХК-нд төлөх, төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох 90-49 УНЛ улсын дугаартай, Тоёота ипсум маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

 

Дээрх шийдвэрийн дагуу Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.06.20-ны өдрийн 6445 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж гарч, 2019.06.29-ний өдөр 629 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн байна.

 

НШШГГ  нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар уг албадан захирамж, гүйцэтгэх хуудасны дагуу 2017.08.17-ны өдөр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн, 44 дүгээр зүйлд зааснаар холбогдох ажиллагаа буюу Замын хөдөлгөөний удирдлагын төв болон Замын цагдаагийн албанд хандаж автомашинтай холбоотойгоор /журамлан саатуулах, замын хөдөлгөөний бичлэг авах тухай/ албан бичиг хүргүүлсэн байх бөгөөд төлбөр авагч ЕШ ХХК-ийн гаргасан хүсэлтийн дагуу 2018.04.05-ны өдрийн 4/6-4 тогтоолоор төлбөр төлөгч Ц.Э г эрэн сурвалжилсан байна.

 

Энэ хугацаанд буюу 2018 оны 12 сард нэхэмжлэгч ЕШ ХХК нь Кемпински зочид буудлын жижүүрийн ярьсны дагуу маргааны зүйл болсон 90-49 УНЛ улсын дугаартай, Тоёота ипсум маркийн автомашиныг тус зочид буудлын гадна талбайгаас шийдвэр гүйцэтгэгч Б.С д утсаар мэдэгдэж, зөвшөөрөл авсны дагуу ачилтын машинаар ачиж, өөрийн байгууллагын хашаанд буулгасан байх бөгөөд тэрээр уг автомашинтай холбоотой ажиллагаа хийх хүсэлтээ шийдвэр гүйцэтгэгчид амаар болон бичгээр тавьж байжээ.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч Ц.Э г эрэн сурвалжилсан тогтоолын дагуу 2019.05.28-ны өдөр олж уулзсан байх бөгөөд мөн өдрөө түүнээс хөрөнгийн мэдүүлэг авсан, 2019.05.27-ны өдөр төлбөр төлөгч Ц.Э тай уулзаж, тээврийн хэрэгслийг хураан авсан талаар болон автомашины эвдрэлийн талаар тодруулсан байх бөгөөд уг тэмдэглэлээс үзвэл шийдвэр гүйцэтгэгч нь нэхэмжлэгч ЕШ ХХК тээврийн хэрэгслийг өөрийн хашаандаа байлгаж байгаа талаар мэдсэн болох нь тогтоогдов.

 

Харин шийдвэр гүйцэтгэгч нь дээр дурдсанаас өөр ажиллагаа хийгээгүй байх бөгөөд 2019.11.19-ний өдрийн 11/086 дугаар тогтоолоор Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29.1.9-т заасныг баримтлан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байх боловч чухам ямар үндэслэлээр дуусгавар болгож байгаа нь тодорхойгүй болжээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.9-т төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан тодорхой үйлдэл, үйл ажиллагааг гүйцэтгэх боломжгүй болсон нь тогтоогдсон бол шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцно гэж заасан.

 

Гэтэл хэргийн үйл баримт, нотлох баримтуудаас дээр дурдсан үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд харин төлбөр төлөгч Ц.Э  нь машиныг төлбөр авагч ЕШ ХХК хураан авсан, барьцааны гэрээгээр 12 сая төгрөгөөр үнэлэгдсэн, өөр төлөх төлбөргүй гэх байдлаар буюу төлбөрийг уг машинаараа төлж дуусгаж байгаа агуулгаар тайлбар гаргасаныг үндэслэн шийдвэр гүйцэтгэгч ажиллагааг дуусгавар болгосон байна гэж дүгнэлээ.

 

Өөрөөр хэлбэл шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож байгаа үйл баримт, хууль зүйн үндэслэл хоёр хоорондоо тохирохгүй байх бөгөөд шийдвэр гүйцэтгэгч нь барьцааны хөрөнгө буюу маргааны зүйл болсон 90-49 УНЛ улсын дугаартай, Тоёота ипсум маркийн автомашиныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.8, 44.2.9, 48, 49, 50, 54, 55, 56 дугаар зүйлүүдэд заасан дараалал, журмын дагуу хураан авах, битүүмжлэх, үнэлэх, худалдан борлуулах зэргээр ажиллагааг явуулах үүрэгтэй байхад уг үүргээ биелүүлээгүй, зохих ажиллагааг хийлгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь хууль зүйн үндэслэлгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасантай нийцсэнгүй.

 

Тодруулбал, хариуцагч НШШГГ  нь маргааны зүйл болсон 90-49 УНЛ улсын дугаартай, Тоёота ипсум маркийн автомашины шинж байдал, үнэлгээ, элэгдэл хорогдлын байдлыг тодруулахгүйгээр нэхэмжлэгч ЕШ ХХК-ийн 4,500,000 төгрөгийн үүргийг төлбөр төлөгч Ц.Э гаар бүрэн хангуулсан, тус шүүхийн 2017.05.02-ны өдрийн 946 дугаартай шийдвэрийг бүрэн биелүүлсэн гэж үзэх боломжгүй юм.

 

Иймд НШШГГ  нь хуульд заасан дараалал, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулаагүй байх тул 2019.11.19-ний өдрийн 11/086 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019.11.19-ний өдрийн 11/086 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол-ыг хүчингүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1‑д зааснаар нэхэмжлэгч ЕШ ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ЕШ ХХК-нд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА