Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/974

 

 

 

 

 

 

  2023        07         05                                    2023/ШЦТ/974

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярбат,

улсын яллагч Ч.Хүслэн /томилолт/,

хохирогч, шүүгдэгч Ч.Ө ,

хохирогч, шүүгдэгч Ш.А , түүний өмгөөлөгч Н.Оюун-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Е танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.А , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Ө  нарт холбогдох эрүүгийн 2206 05418 1441 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ш.А , Ч.Ө  нь 2022 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Home Plaza төвийн орчим хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж харилцан бие биедээ хүч хэрэглэн халдсаны улмаас Ш.А ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Ч.Ө ын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.А , Ч.Ө  нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.

Хохирогч Ш.А ын өгсөн “Яг тухайн үеийн зодооноос болж баруун талын дээд 3, 4 дүгээр шүүд гэмтэж паалан нь хагарсан. Сувгийн эмчилгээ болон ломбо тавиулсан. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Хохирогч Ч.Ө ын өгсөн “Би Ш.А аас хохиролд 4 000 000 төгрөг авсан. Тэгээд эвлэрлийн гэрээ байгуулсан. Надад өөр санал хүсэлт, нэхэмжлэх зүй байхгүй” гэх мэдүүлэг.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагч хавтаст хэргээс дараах бичмэл нотлох баримтуудыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Ч.Ө ын “2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 00 цагийн үед би Жуковын автобусны буудал дээр багийн найзууд болох М , О , Х , Ш  нартай уулзсан. Бид нэг газар ороод нэг шил архи уучхаад баар хаах цаг болоод гарцгаасан. Гараад явж байхад хоёр үл таних залуутай хамт явж байсан эмэгтэйчүүд танилцсан байсан. Тэгээд М , Ш  бид 3 нөгөө 2 залуутай 2 пиво аваад 2 залуугийн нэг нь Хоме Плазагийн хажууд байх гэрт орсон. Тэнд пиво ууж байгаад бандгар арзгар нүүртэй залуутай би маргалдаад тэр залуу миний нүүр рүү 2 удаа гараараа цохиод гараад гүйчихсэн. Би араас нь гараад бид хоёр гадаа уулзаад уг нь зодолдоогүй юм яриад зогсож байсан. Гадаа Ш  нөгөө 2 залуу бид 4 байсан. Би нөгөө бандгар залуутай юм яриад зогсож байхад миний ярьж байсны нөгөө залуу нь хажуугаас намайг боогоод би ухаан алдсан. Тэгээд сэрээд босох гэсэн чинь миний баруун хөл эвгүй болчихсон байсан. Нөгөө 2 залуу яваад өгсөн. Нөгөө шар, бандгар, арзгар нүүртэй 30 орчим насны залуутай би муудаад намайг цохисон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,

Хохирогч Ш.А ын “Би 2022 оны 10 дугаар сарын 20-ны орой өөрийн найз болох Л тай Баянзүрх дүүргийн 2 хороо Хоме Плаза төвийн ойролцоо 22 цаг 30 минут үед уулзаад бид хоёр 23 цагийн үед Кино үйлдвэрийн автобусны буудлын ард байдаг бааранд ороод хүний 1 шил пиво уугаад бүжиглэж байтал ойролцоогоор шөнийн 00 цагийн үед бүжгийн талбай дээр үл таних 1 эрэгтэй, 2 эмэгтэйн хамт явж байхдаа үл таних эрэгтэй нь бүжгийн талбай дээр бусад хүмүүстэй маргалдаад байхаар нь би түүнд хандаж ахаа та 2 эмэгтэй хүмүүстэй явж байна энэ хүмүүс олуулаа байна гэж хэлээд тэр ахыг тайвшруулаад суулгасан чинь удалгүй нөгөө үл таних эрэгтэй нь намайг түүний ширээний хажуугаар явсан чинь намайг дуудаж өөрийн сууж байсан ширээн дээр суулгаад надад 1 хундага архи хийж өгөөд надад хандан дүү ёстой дажгүй залуу байна танилцъя гэж хэлээд бид хоёр хоорондоо юм ярьж танилцаад хэсэг бүжиглэж байгаад би өөрийн найз Л ын хамт баарнаас гарсан. Нөгөө надтай танилцсан нэрийг нь санахгүй байгаа үл таних эрэгтэй нь үл таних 2 эмэгтэй хамт баарнаас гарч таараад бид нар баарны гадаа ярилцаж байгаад цугтаа манай найз Л ын гэрт очиж нэмж пиво уунгаа юм ярьж суухаар болоод такси бариад Л ын гэр рүү явсан. Ингээд бид нар гэрт ороод пиво уугаад сууж байсан чинь нөгөө үл таних эрэгтэй нь тухайн үл таних 2 эмэгтэй нэгийг нь өөрийнхөө анхны хайр гэж танилцуулаад нөгөөхийг нь найз гэж хэлсэн. Тэгээд бид пиво уугаад юм яриад сууж байтал нөгөө үл таних эрэгтэй нь миний хажууд сууж байсан өөрийн найз гэх О  гэдэг эмэгтэйтэй надтай ямар нэг шалтгаангүй хардаад надад хандан чи намайг мэдэх үү би бол Сэлэнгийн атаман гэж өөрийгөө яриад миний урдаас намайг дарамталсан өнгөтэй ярьж эхэлсэн чинь  манай найз болох Л  бид хоёрын яриаг сонсоод энэ чинь муу ч үгүй айл гэх, та нар маргалдах бол манай гэрээс гараад маргалд, та хүний гэрт орж ирээд ямар сонин хүн бэ гэж тухайн үл таних эрэгтэйд зөндөө хэлсэн чинь удалгүй би түрүүлээд нөгөө үл таних эрэгтэй над руу агсраад миний хувцаснаас зуураад байсан тул би түрүүлээд Л ын гэрээс таавчик өмсөж гараад Л ын гэр 1 давхарт байдаг ч гэсэн тухайн үл таних эрэгтэйгээс зугтаж дээшээ 3 давхарт гарч нуугдсан чинь удалгүй ардаас нөгөө О  гэх эмэгтэй миний араас гараад ирсэн. Энэ үед нөгөө үл таних эрэгтэй нь нөгөө анхны  хайр гэх эмэгтэй хамт шатны дээшээ, доошоо намайг хайгаад би одоо чамайг ална, би өглөө гэхэд энэ байранд десант буулгана хаана байна гээд орилоод байсан. Тэгээд би 3 давхраас буцаад 1 давхар руу буутал Л ын гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох рүү орох гэсэн чинь хаалга нь цоожтой байсан тул буцаад нэг давхартаа нуугдсан боловч араас нөгөө үл таних эрэгтэй намайг олж ирээд шууд миний хувцаснаас заамдаж аваад миний хоолойд ханатай шахаж боосон чинь би доошоо ухаан балартаж унаад босож ирээд би түүнтэй зууралдаад ноцолдоод хувцаснаас заамдаж аваад миний нүүрэн тус газарт буюу ам руу өөрийн дураараа 1 удаа мөргөөд мөн баруун гараараа миний цээжин тус газар 2-3 удаа цохиод байсан тул би барьцалдаж байгаад Л ын орцны гадаа гараад ирсэн чинь нөгөө үл таних эрэгтэй миний 2 талын чих рүү 2 талаар 2-3 дахин алгадаад байсан. Энэ үед нөгөө үл таних 2 эмэгтэй байрны орц дотроос эхлэн гадаа гарах хүртэл надаас тухайн үл таних эрэгтэй салгах гээд чадаагүй. Тэгээд би байрны гадаа байхдаа Хоме Плаза төвийн чиглэлтэй гүйгээд зугтааж байсан чинь нөгөө үл таних эрэгтэй нь миний араас хөөгөөд дахин намайг барьж аваад миний цээжин тус газарт 2 гараараа 2 удаа цохиод, чих рүү 2-3 удаа алгадсан чинь энэ үед Л  нь намайг хайж байгаад ирлээ гэж хэлээд надаас тухайн үл таних эрэгтэйг салгах гээд бид хоёрын дундуур ороод хоёр тийш нь салгаж байхад нь тухайн үл таних эрэгтэй намайг зодсон учраас мөн миний 2 талын чих рүү удаа дараа алгадсан тул уурлаад нүүр рүү нь цохиод мөн өөрийн хөлөөрөө тухайн эрэгтэй хөл рүү хэд хэдэн удаа өшиглөсөн. Би яг хэдэн удаа гэдгийг санахгүй байна. Тэгээд нөгөө хоёр үл таних эмэгтэй нөгөө эрэгтэйг авч үлдээд харин Л  бид хоёр яваад өгсөн. Миний биед үл таних эрэгтэй нь миний хоолойноос боож намайг ухаан балартуулсан. Мөн баруун талын чих, баруун гарын шуунаас хазсан, мөн нүүрэн тус газар мөргөж баруун дээд талын уруул дотор талдаа язарсан. Мөн 2 талын чих рүү олон удаа алгадсан. Цээжин тус газарт хэд хэдэн удаа цохисон. Би шүүх эмнэлэгт үзүүлсэн. Миний дээд талын уруул дотор талдаа язарсан баруун талын чих, баруун гарын шуунд гэмтэл учирсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-23 дахь тал/,

Гэрч А.О  ийн “Би 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өөрийн найз М тэй уулзаад бид хоёр орой 22 цагийн үед найз Ө ыг дуудаад Жуковт уулзсан. Ингээд бид гурав тухайн үедээ юм ярьж уулзаад бааранд орохоор болоод кино үйлдвэрийн ард байрлах нэрийг нь сайн санахгүй байгаа бааранд орсон. Бид бүжиглэж байхдаа 1 шил архи захиалаад тухайн архийг хувааж уусан. Шөнийн 02 цагийн үед найз Ө  нь тухайн бааранд үл таних 2 залуутай танилцаж үүний дараа бид 3 баарнаас гараад баарны гадна байхад Ө  болон тухайн 2 үл таних залуу цуг пиво уунгаа юм яриад сууя гэж тохирсон. М  бид 2 Ө тай цуг тухайн үл таних 2 залуутай такси бариад замдаа 2 том пиво аваад үл таних 2 залуугийн гэрт нь очсон. Ингээд гэрт бид нар юм яриад пиво уугаад цуг байсан чинь миний найз М  унтаад өгсөн. Тэгээд бид нар пиво уугаад сууж байтал найз Ө  нь зэрэгцээд сууж байсан гэрийн эзэн гэх залуугийн нөгөө биеэр арай намхан барзгар царайтай залуутай маргалдаад хоорондоо барьцалдаж аваад ноцолдоод байсан. Би тухайн үед хэн гэнгээ цохисон эсэхийг хараагүй. Тэгсэн чинь удалгүй салаад маргалдаж байсан чинь нөгөө Ө тай маргалдсан залуу гэрийн хаалгаар гараад Ө ыг дуудаад нааш ир нааш ир гэж хэлсэн чинь Ө ын дүү боль гэж хэлж байсан. Нөгөө залууг дагаад гарсан тул санаа зовоод тэр хоёрыг гарч харсан чинь Ө  нөгөө маргалдсан намхан бандгар царайтай залуутай маргалдаж хоорондоо барьцалдаж аваад ноцолдож байсан чинь нөгөө үл таних залуу Ө аас салаад орцны хаалгаар гараад байрнаас зүүн зүг рүү түрүүлээд гүйцгээд араас нь Ө  бид хоёр гарсан. Тухайн үл таних залуу хашааны булан эргээд хараагаад Ө  тухайн залуугийн араас очоод гудамд хоорондоо юм яриад зогсож байсан. Гэнэт нөгөө гэрийн эзэн нь хэрүүл гуйж ирээд Ө ын араас хоолойноос нь боогоод арагш өөр рүүгээ татсан чинь энэ үед нөгөө анх Ө тай муудалцсан залуу шууд л Ө ыг нүүрэн тус газар, биеийн цээж хэсэг рүү гараараа цохиод мөн хөлөөрөө Ө ын хөл рүү өшиглөөд байсан тул би Ө ыг зодоод байгаа анх маргалдсан залууг салгах гээд хажуугаас нь татаж чангаагаад дийлээгүй. Гэнэт Ө  миний хөл, хөл, хөл өвдөөд байна гэж чанга орилсон чинь анх араас нь боосон залуу боохоо болиод тавьсан чинь Ө  шууд газар хэвтээд миний хөл хөдлөхгүй байна гээд аймаг чанга орилсон чинь нөгөө 2 залуу яваад өгсөн. Би М ийг дуудсан чинь М  ирээд би Ө ын баруун хөлийн өмдийг шагай хэсгээс дээш татаад харсан чинь их гэмтэж цус гарсан байхаар нь цагдаа болон эмнэлэг дуудсан. Харин нөгөө хоёр залуу дахиж ирээгүй. Үүнээс хойш дахиж хэрүүл маргаан болоогүй. Би согтсон гэхдээ биеэ авч явах чадвартай байсан. Болсон зүйлийг сайн санаж байна. Хэрүүл гарах үед гадаа гэгээ орчихсон байсан. Намайг Ш  гэж дууддаг. Харин Ө ыг У , М ийг Ч  гэж дууддаг. Хэрүүл маргаан зодоон болохоос өмнө Ө  болон тухайн хоёр үл таних залуу бид ямар нэгэн ил харагдах гэмтэл байгаагүй. Анх Ө  болон нөгөө гэрийн эзэн гэх залуугийн найз 2 хоорондоо юм ярьж байгаад маргалдсан. Би тухайн яриаг мэдэхгүй. Анх Ө  нөгөө намхан барзгар царайтай залуутай маргалдаж, хоорондоо ноцолдоод муудаад байсан чинь гэнэт нөгөө гэрийн эзэн гэх залуу Ө тай хэрүүл маргаан хийхгүй ямар нэг шалтгаангүй гудамд шууд Ө ыг араас нь хоолойг нь боосон. Тэгээд энэ үед Ө ын урдаас нөгөө анх маргалдсан залуу зодож эхэлсэн. Тухайн үед Ө  араасаа боолгосон байсан учир ямар нэгэн эсэргүүцэл үзүүлж чадахгүй байсан ба салгах гээх дийлээгүй. Би нэрийг нь мэдэхгүй харин дахин царайг нь болон биеийг нь харвал танина” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-40 дэх тал/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 14710 дугаартай “Ч.Ө ын биед баруун шилбэний шаант, тахилзуур ясны ил хугарал, уруулын дотор салстын язарсан шарх, зүүн нүдний дээд зовхи, цээж, баруун шууны зулгаралт, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн үед үүсгэгдсэн шинэ гэмтлүүд, гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 43-44 дэх тал/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 14744 дугаартай “Ш.А ын биед дээд уруулын салстад няцарсан шарх, дээд үүдэн баруун 4 шүдний эмтрэл, баруун чихний дэлбэн, баруун шуу, зүүн бугалга, хүзүү, цээж хүзүүнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх шарх, шүдний эмтрэл бүхий гэмтлүүд тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-1д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Зулгаралт бүхий гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулах тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 48-49 дэх тал/,

Хохирогч, шүүгдэгч Ш.А ын өмгөөлөгч Н.Оюун-Эрдэнэ хавтаст хэргээс дараах бичмэл нотлох баримтуудыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Ч.Ө , Ш.А , гэрч О.А  нарын мэдүүлэг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 14710 дугаартай дүгнэлт /улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримттай давхацсан/,

Ш.А ын гэрчээр өгсөн “Би хэн нэгний биед халдан цохиж зодсон зүйл байхгүй. Би тухайн эрэгтэйтэй зодолдохгүй гээд байнга зугтааж байсан. Би өөрөөсөө салгах гэж түүнтэй хувцаснаас нь зууралдаж ноцолдсон зүйл байгаа. Миний биед тухайн үл таних эрэгтэй хоолойноос боож намайг ухаан балартуулсан. Мөн баруун талын чих, баруун гарын шуунаас хазсан, мөн нүүрэн тус газар мөргөж баруун дээл талын уруул дотор талдаа язарсан. Мөн 2 талын чих рүү олон удаа алгадсан, цээжин тус газарт хэд хэдэн удаа цохисон. Би шүүх эмнэлэгт үзүүлсэн миний дээд талын уруул дотод талдаа язарсан. Баруун талын чих баруун гарын шуунд гэмтэл учирсан. Хоолой урдаа болон ардаа олон удаа боосны улмаас урагдаж улайсан. Манай найз Л ын биед хэн нэгэн халдаагүй. Мөн тэрээр хэн нэгний биед халдаж цохиж зодсон зүйл байхгүй. С.Л  нь тухайн үл таних эрэгтэйтэй маргалдаагүй, харин тухайн үл таних эрэгтэй нь над руу дайрсан. Тухайн хэрүүл маргаан нь би болон нөгөө үл таних эрэгтэй дунд болоод тухайн үл таних эрэгтэй нь намайг зодсон. Харин хамт байсан үл таних 2 эмэгтэй болсон зүйлийг бүгдийг нь харсан. Тэгээд тухайн үедээ нөгөө үл таних эрэгтэй надаас салгах гээд чадахгүй байсан. Мөн манай найз хамгийн сүүлд намайг боогоод миний чих рүү алгадаж байхад ирээд намайг түүнээс салгасан. Тухайн үед миний болон С.Л , үл таних эрэгтэй, үл таних 2 эмэгтэй ил харагдах хэсэгт ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй. Тухайн үед бүгдээрээ согтолт ихтэй бүгд адил хэмжээний согтсон юм шиг санагдсан. Тухайн үл таних эрэгтэй нь ямар нэг байдлаар миний хажуу хамт байхдаа түлхэгдэж эсвэл өөрөө халтирч унасан зүйл байхгүй. Намайг үл таних эрэгтэй нь халдаж байхыг нөгөө хамт байсан 2 эмэгтэй харсан. Мөн тэр хоёр намайг зодож байхыг болиулах гээд чадаагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-30 дахь тал/,

Гэрч С.Л ын “Би 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр өөрийн гэртээ байсан чинь орой 21 цагийн орчимд найз А  надтай уулзахаар манай гэрт ирсэн. Тэгээд бид хоёр манай гэрт том пиво ууж юм ярьж сууж байгаад орой 23 цагийн орчимд хальт баар орох талаар ярилцаад цугтаа Кино үйлдвэрийн урд талын автобусны буудлын хажууд байдаг бааранд ороод 3 шил пиво уугаад бүжиглэж байтал бүжгийн талбай дээр нэг үл таних залуу ганцаараа хүмүүстэй маргалдаад байсан чинь эн үед манай найз А  нь очоод тухайн залууг ганцаараа байсан тул өмөөрсөн. Тэгээд хэсэг хугацааны дараа нөгөө үл таних залуу А ыг өөрийн сууж байсан ширээн дээрээ дуудаад ууж байсан архинаас хийж өгч байсан. Үүнээс хойш 02 цагийн үед А  бид 2 эмэгтэйн хамт гарч таараад бид юм ярьж байгаад манай гэрт очихоор болсон. Тэгээд манай гэрт пиво уугаад сууж байтал манай найз А  нөгөө үл таних залуугаас 1 тамхи байвал өгчих гэхэд үл таних залуу нь өөрийн татаад дуусч байсан тамхийг өгтөл 1 бүтэн тамхи өгчих гэж хэлээд хоорондоо маргалдсан. Би хэн нэгний биед халдаагүй. Миний биед хэн нэгэн халдаагүй. Байрны гадаа А ыг үл таних залуу буланд шахчихсан манай найзын нүүрэн тус газар 1-2 удаа цохисон. Тухайн хэрүүлд тэр хоёроос өөр хэн нэгэн оролцоогүй. Би тухайн эрэгтэй харвал танина” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-34 дэх тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгчөөс гаргаж өгсөн хохирол төлбөр төлсөн болон хувийн байдалтай холбоотой Баянзүрх дүүргийн 29 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт, “Шилдэг фасат” ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээ, Ш.А ын эзэмшлийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга, хүүхдийн төрсний гэрчилгээ зэрэг 14 хуудас баримт,

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 77, 79 дэх тал/,

Ш.А  нь “Шилдэг фасад” ХХК-нд ерөнхий инженерээр ажилладаг нь үнэн болно гэсэн тус компаний захирал М.Дашийн тодорхойлолт /хавтаст хэргийн 101 дэх тал/,

Ч.Ө  нь “Тавины баялаг” ХХК-нд 3 000 000 төгрөгийн цалинтай ажилладаг болох нь үнэн гэсэн тус компаний захирал Б.Ундрахын тодорхойлолт /хавтаст хэргийн 92 дахь тал/,

Ч.Ө ын эрүүл мэндийн хохирол төлбөр нэхэмжилсэн баримтууд /хавтаст хэргийн 93-96 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд уг нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлтийг харгалзан хууль зүйн дүгнэлт хийлээ.

Шүүгдэгч Ш.А , Ч.Ө  нь 2022 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Home Plaza төвийн орчим хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж харилцан бие биедээ хүч хэрэглэн халдсаны улмаас Ш.А ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Ч.Ө ын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, шүүгдэгч Ш.А , Ч.Ө , гэрч О.А , С.Л  нарын мэдүүлэг, эрүүл мэндийн хохирол тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтаар нотлогдсон байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч  Ш.А , Ч.Ө  нар нь тус тус хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг хүч хэрэглэн халдсан үйлдлийг хууль бус шинжтэй, нийгэмд аюултайг мэдсээр атлаа зориуд хийсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Ш.А , Ч.Ө  нар харилцан бие бие рүүгээ чиглэсэн хүч хэрэглэсэн идэвхтэй үйлдлийн улмаас Ш.А ын биед хөнгөн зэргийн, Ч.Ө ын биед хүнд зэргийг гэмтэл учирсан байх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж хангажээ.

Хохирогч нар мэдүүлэгтээ эх сурвалжаа тодорхой зааж чадсан, мэдүүлэг авах ажиллагаа хууль зөрчөөгүй, тус мэдүүлэг нь давхар шинжээчийн дүгнэлт бусад баримтаар нотлогдсон, Ш.А , Ч.Ө ын үйлдэл нь харилцан бие биедээ учруулсан эрүүл мэндийн хохиролтой шууд шалтгаант холбоотой гэж шүүх дүгнэв.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай тохирсон байх тул Ч.Ө ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон байх тул Ш.А ыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.

Ахуйн хүрээнд архидан согтуурсан, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, үл ойлголцсон харилцаа хандлага зэрэг нь гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл болжээ.

Шүүгдэгч Ш.А ын зүгээс хохирогч Ч.Ө ын эрүүл мэндэд учирсан хүнд хохиролд 4 000 000 төгрөг төлсөн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт Ш.А , Ч.Ө  нар харилцан бие биедээ гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ш.А , Ч.Ө  нар нь тус тус эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ш.А т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох ялыг төлөх хугацааг 6 сараар тогтоох, шүүгдэгч Ч.Ө д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750 000 төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох ялыг төлөх хугацааг 90 хоногоор тогтоох саналыг тус тус гаргасан бол шүүгдэгч Ш.А ын өмгөөлөгч Н.Оюун-Эрдэнээс торгох ялыг доод хэмжээгээр оногдуулах санал гаргасныг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ш.А ын  хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Учруулсан хохирол төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн нөхцөл байдалд тооцож, Ш.А , Ч.Ө  нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах сонгох ялын төрөлтэй хөнгөн гэмт хэрэгт,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял сонгох ялын төрөлтэй хүнд гэмт хэрэгт хамаарахаар тус тус хуульчилжээ.

Шүүхээс шүүгдэгч нарын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй харилцаа хандлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг хувийн байдал, согтуугаар, ахуйн хүрээнд, хувийн таарамжгүй харилцаа буюу хардалтын улмаас хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд, хөнгөн хохирол, хор уршиг учирсан гэх шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан

Шүүгдэгч Ш.А т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11 000 000  төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг биелүүлэх хугацааг 12 сараар тогтоох,

Шүүгдэгч Ч.Ө д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг биелүүлэх хугацааг 90 хоног буюу 3 сараар тогтоохоор тус тус шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ш.А , Ч.Ө  нарт мэдэгдвэл зохино.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ш.А , Ч.Ө  нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ш.А , Ч.Ө  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Ш.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах”,

Ч.Ө ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар Ш.А т 11 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11 000 000 төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Ө д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000  төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Ш.А т шүүхээс оногдуулсан 11 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11 000 000 төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жил хүртэл,  Ч.Ө д шүүхээс оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялыг 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд тус тус төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ш.А , Ч.Ө  нарт мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ш.А , Ч.Ө  нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ш.А , Ч.Ө  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ХАТАНЦЭЦЭГ