Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 288

 

 

 

 

 

 

   2020             3              10                                        2020/ДШМ/288

 

 

   Д.А-, Н.Р- нарт холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Уранбайгаль,

яллагдагч Н.Р-, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн,

яллагдагч Д.А-, түүний өмгөөлөгч Я.Баярсайхан, Ж.Ариунаа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.У-, түүний өмгөөлөгч Ц.Ариунзул, Ө.Энхтайван,  

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 149 дугаартай шүүгчийн захирамжийг эсэргүүцэж прокурор Н.Уранбайгалийн бичсэн 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 12 дугаартай прокурорын эсэргүүцлийг үндэслэн Д.А-, Н.Р- нарт холбогдох эрүүгийн 1903004570473 дугаартай хэргийг 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Хайнзан овгийн Д.А-, 19.. оны 10 дугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, түүхч, эрх зүйч мэргэжилтэй, Тагнуулын ерөнхий газарт ажилтай, ам бүл ........... хамт Чингэлтэй дүүргийн .... хороо, ............... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ............. /;

2. Гарамбөө овгийн Н.Г-, 19.. оны 2 дугаар сарын 22-ны өдөр Завхан аймгийн .... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, автобус 1 дүгээр баазад засварчин ажилтай, ам бүл ............ хамт Хан-Уул дүүргийн .......... хороо, ................. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ............./;

Н.Р- нь 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 23 цаг 35 минутын үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Чингисийн өргөн чөлөө, “Номин” агуулахын хойд замд өөрийн эзэмшлийн “Тоёота Приус” маркийн 09-20 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 29 настай, эрэгтэй Э.Б-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан,

Д.А- нь 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 23 цаг 35 минутын үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Чингисийн өргөн чөлөө, “Номин” агуулахын хойд замд М.О-ийн эзэмшлийн “Тоёота Приус” маркийн 32-29 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам дээр хэвтэж байсан явган зорчигч Э.Б-ыг дайрч, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Н.Р-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Д.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн 5608 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Э.Б-ын биед баруун талын уушгины эдийн урагдал, задрал, няцрал, авчилт, цээжний баруун хөндийд хий, шингэн хуралдалт, цээжний баруун талын 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 10 дугаар хавирга, зүүн талын 2, 3, 4, 5, 6, 7 дугаар хавирганы дан болон хоёрлосон хугарал, баруун эгэм ясны хугарал, духны хөндийн урд ханын цөмөрч бяцарсан хугарал, хоёр нүдний ухархайн хажуу хана, зүүн хацрын нум, хоншоор яс, эрүү ясны хугарал, нүүрний хэсэгт зулгаралт, цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэжээ. /1хх 46-47/,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоох шинжилгээг заавал хийнэ” гэж заасан. Гэтэл хохирогч Э.Б-ын биед учирсан дээрх олон тооны гэмтлүүдийг нь ямар хүчний нөлөөгөөр, хэдэн удаагийн үйлчлэлээр, ямар байрлалаас учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоох ажиллагаа хийгээгүй. Зөвхөн шинжээч эмч Т.Сэлэнгээс 2 удаа байцаалт авснаар шалгах ажиллагааг хязгаарлажээ. /1хх 88, 237/

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “яллагдагч шинжээч томилсон тогтоол, шинжээчийн дүгнэлттэй танилцах”, мөн хуулийн 27.2 дугаар зүйлд заасан оролцогчийн эрхийг зөрчиж шинжээчийн дүгнэлтэд тусгагдаагүй асуудлаар шинжээчээс мэдүүлэг авсан байх ба шинжээчийн мэдүүлгийг үндэслэн яллагдагч нарын гэм буруу болоод хэргийн зүйлчлэлийг тогтоож ирүүлсэн нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хууль бусаар хязгаарласан гэж үзнэ. Иймд хохирогчийн биед учирсан дээрх олон тооны гэмтэл нь ямар хүчин зүйлийн нөлөөгөөр, хэдэн удаагийн үйлчлэлээр, ямар байрлалаас хэрхэн үүссэн болохыг нарийн мэргэжлийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж үзлээ.

2. Хохирогч Э.Б-ын өмсөж явсан хувцасны гэрэл зураг 1 дүгээр хавтас хэргийн 18 дугаар хуудаст авагдсан боловч хувцсанд ул мөр үүссэн эсэхийг тогтоох ажиллагаа хийгээгүй, хохирогчийн хувцсыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна.

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Химийн №2809 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн “Э.Б- эр” гэж хаягласан цусанд 1.7 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 1.7 промилли нь согтолтын “дунд” зэрэгт хамаарна. /1хх-51/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминиластикийн 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн №4665 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 23:34:31 секундийн орчим дэлгэцийн баруун талаас зүүн тийш чиглэлтэй автомашины зорчих хэсгээр явган зорчигч явж байгаа дүрс дүрслэгдэх ба уг явган зорчигч нь дэлгэцийн зүүн тал руу явсаар камерын үзэгдэх орчноос гарч байна. Дэлгэцийн цагаар 23:36:01 секунд орчимд 2 гэж дугаарласан автомашины их гэрлийн тусгалд авто зам дээр юу нь тодорхойгүй байх мэт зүйл дүрслэгдэх боловч 2 гэж дугаарласан автомашин 3 гэж дугаарласан зүйлийн хаагуур нь явж байгаа нь тодорхой харагдахгүй байна гэжээ. /1хх 233-234/

Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг дээр “хохирогч мөргүүлсэн гэх А цэгээс хохирогч мөргүүлээд унасан гэх Б цэг хүртэл 4.5 метр зайтай, мөн хохирогчийн өмсөж явсан пүүз нь зүүн хөлийнх нь замын эсрэг урсгалд А цэгээс 16.84 метр зайтай, баруун хөлийнх нь А цэгээс 17.75 метр зайтай шидэгдсэн байна” гэжээ. /1хх 11-20/

Гэтэл Тээврийн цагдаагийн албаны №318 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэд”...Тоёота Приус-20” маркийн 09-20 УНЗ улсын дугаартай автомашины жолооч Н.Р-, “Тоёота Приус-41” маркийн 32-29 УБР улсын дугаартай автомашины жолооч Д.А- нарыг тус тус Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасныг зөрчсөн” гэж дүгнэсэн боловч хохирогч зам тээврийн осолд орох үедээ дунд зэргийн согтолттой байсан нь Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалт зөрчсөн эсэх талаар дүгнэлт хийгээгүй байна.

Тээврийн цагдаагийн албаны №318 дугаартай шинжээчийн дүгнэлт 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр гарснаас /1хх 221-222/ хойш эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэгт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминиластикийн 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн №4665 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргажээ.

Иймд дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах зайлшгүй шаардлагатай байна. Тухайлбал, хэргийн газрын үзлэгээр хохирогч Э.Б-ын мөргүүлсэн гэх А цэг, унасан гэх Б цэг хоорондын зай болон хохирогчийн өмсөж явсан зүүн хөлийн гутал замын эсрэг урсгалд А цэгээс 16.84 метр зайтай, баруун хөлийн гутал А цэгээс 17.75 метр зайтай шидэгдэж унасан байдал мөн Криминиластикийн шинжилгээний №4665 дугаартай шинжээчийн дүгнэлтэд явган зорчигч замын зорчих хэсгээр явж байгаа цаг хугацаа болон жолооч Н.Р-, жолооч Д.А- нарын замаар явж өнгөрсөн хугацаа, машин хоорондын зай зэргийг үндэслэн жолооч саадыг хармагц зогсоох арга хэмжээ авах бүрэн боломжтой эсэхийг нарийн мэргэжлийн техникийн шинжээчээр дүгнэлт гаргуулах шаардлагатай байна. Нэмж хийлгэх ажиллагаа нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Н.Уранбайгаль бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Прокурорт буцаасан шүүгчийн захирамжийн 1 дэх заалтын тухайд: Хэрэгт авагдсан бичгийн баримтаар шинжээч эмч Т.Сэлэнгэ нь Э.Б-ын эрүүл мэндийн талаархи 5608 дугаартай дүгнэлтийг гаргасан байх ба дээрх гаргасан дүгнэлтийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ “Э.Б-ын биед гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтлүүд учирсан байна. Үүнээс босоо байрлалд духны хөндийн урд ханын цөмөрч бяцарсан хугарал, 2 нүдний ухархайн хажуу хана, доод хана, зүүн хацрын нум, хоншоор яс, эрүү ясны хугарал, нүүрний хэсэгт зулгаралт, цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд учирсан байна. Хэвтээ байрлалд баруун талын уушгины эдийн урагдал, задрал, няцрал, авчилт, цээжний баруун хөндийд хий шингэн хуралдалт, цээжний баруун талын 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 10 дугаар хавирга, зүүн талын 2, 3, 4, 5, 6, 7 дугаар хавирганы дан болон хоёрлосон хугарал, баруун эгэм ясны хугарал зэрэг гэмтэл учирсан байх боломжтой. Хэвтээ байрлалд учирсан цээжний гэмтлүүд нь хүнд зэрэгт, босоо байрлалд авсан толгой нүүр хэсгийн гэмтэл нь хүндэвтэр зэрэгт хамаарна. Э.Б- нь толгой болон нүүр хэсэгтээ гэмтэл авсан боловч энэ нь хүнд гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэж тодорхой мэдүүлсэн байна. Иймд дахин бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулах шаардлагагүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, хохирогчийн биед учирсан дээрх олон тооны гэмтэл нь ямар хүчин зүйлийн нөлөөгөөр, хэдэн удаагийн үйлчлэлээр, ямар байрлалаас хэрхэн үүссэн болохыг шинжээч мэдүүлэгтээ тодорхой дурьджээ.

2 дахь заалтын тухайд: Хэрэгт хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтээс харахад хохирогчийн өмсөж явсан хувцсанд ил харагдах ул мөр илрээгүй байсан учраас эд мөрийн баримтаар хураан авах ажиллагаа хийгдээгүй. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч “тухайн хувцсыг угаасан” гэж тайлбар өгсөн тул энэ талаарх ажиллагаа хийгдэх боломжгүй болно.

3 дахь заалтын тухайд: Хэрэгт авагдсан Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн бүрэлдэхүүнтэй хийсэн 318 дугаартай дүгнэлтээр “явган зорчигч Э.Б-ыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12-т заасан “Явган зорчигчид дараахь зүйлийг хориглоно: а/ үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай ба гарамтай хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах гэснийг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлтэй байна.” гэж дүгнэсэн байх ба Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “Тав” дахь хэсэгт “Явган зорчигчийн үүрэг”-ийг тусгаж өгсөн бөгөөд явган зорчигч нь согтуугаар замын хөдөлгөөнд оролцохыг хориглоогүй, энэ талаар Замын хөдөлгөөний дүрэмд тодорхой заалт байхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч Н.Р- тус шүүх хуралдаанд “...Хэлэх тайлбаргүй.” гэв.

Шүүгдэгч Н.Р-ын өмгөөлөгч Ж.Хандсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлгүй. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Хэрэг гарсан А, Б цэгийг өөрчлөгдөхгүй бөгөөд дахин үзлэг хийсэн ч хэргийн нөхцөл байдал тогтоогдохгүй. Шүүх эмнэлгийн дүгнэлтийн хувьд, хэвтээ болон босоо байрлалд ямар гэмтэл учрах талаар шинжээч эмч ялгаж тогтоосон учир дахин хийх ажиллагаа байхгүй. Яллагдагч нарын зүйл анги өөр өөр байна. Техникийн шинжээчийн дүгнэлтээр Д.А-, Н.Р- нарыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан заалтыг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлтэй тул дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилж, дүгнэлт гаргуулах шаардлагагүй. Явган зорчигчийн тухайд, согтуу, гарцгүй газраар гарсан буюу Замын хөдөлгөөний дүрмийн 5.12-т заасан заалтыг зөрчсөн болох нь хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.А- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би иргэн хүний үүргээ биелүүлсэн. Хуулийн байгууллагад ажилладаг учир хууль сахиулах байгууллагын ажилтнуудын шийдвэрт хүндэтгэлтэй хандаж өөрийн гэм буруугаа шалгуулж, нотлуулах талаар хандсан. Тойрч гараагүй асуудлын тухайд, Н.Р- тойрч гарсан талаараа мэдүүлсэн нь хавтас хэрэгт авагдсан байдаг. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

Шүүгдэгч Д.А-ийн өмгөөлөгч Я.Баярсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай хүсэлт гаргаснаар явагдсан. Прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хавтас хэрэгт яллагдагч нарын гэм буруугийн асуудлыг хангалттай нотолж тогтоосон нотлох баримт байхгүй. Зөвхөн шинжээч Сэлэнгийн хэвтээ болон босоо байрлалд үүссэн гэмтлийн талаар тайлбарласан дүгнэлтээр хүндэвтэр, хүнд гэмтэл учирсан болохыг тогтоосон. Уг дүгнэлт эргэлзээтэй байх тул дахин шинжээч томилж, шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулах хүсэлтэй байна. Түүнчлэн, тээврийн хэрэгслүүдийн хурдыг тогтоох боломжтой байхад хэргийн газрын үзлэг дутуу хийгдсэн. Хурдыг тогтоогоогүй хэрнээ Д.А-ийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Тухайн үед жолооч ямар хурдтай явж байсан болоод зогсоох арга хэмжээ аваагүй талаар зайлшгүй тогтоох шаардлагатай. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

Шүүгдэгч Д.- ийн өмгөөлөгч Ж.Ариунаа тус шүүх хуралдаанд “... Хэлэх тайлбаргүй.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.У- тус шүүх хуралдаанд “... Хэлэх тайлбаргүй.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.У-ын өмгөөлөгч Ц.Ариунзул тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгчийн захирамжаар гэмтлийн зэргийг тогтоогоогүй байх тул дахин шинжилгээ хийлгэх талаар дурдаж шийдвэрлэсэн. Хэрэгт Сэлэнгэ гэх шинжээч эмч дүгнэлт гаргасан. Дүгнэлтдээ хохирогчид учирсан гэмтлүүд ямар үйлчлэлээр учирсан болохыг тодорхой дурдсан. Мөн түүнээс асуухад аль автомашин, хэний үйлдлийн улмаас ямар гэмтэл учирсан болохыг  тодорхойлсон тул тул дахин шинжээч томилох шаардлагагүй гэж үзэж байна. Хохирогчийн өмсөж явсан хувцасны тухайд, урагдал болон бусад ил харагдах зүйл байхгүй байсан тул буцааж өгсөн. харин хохирогчийн биед автомашины дугуйны хээний цусан мөр гарсан байдаг. Энэ талаарх зургийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөх боломжтой. Түүнчлэн, шүүх техникийн шинжээчийн дүгнэлтийг тодорхойгүй гэж үзсэн. Хэрэг гарсан газар буюу Номин худалдааны төвийн камерын бичлэг хэрэгт авагдсан байдаг. Уг бичлэгийг шинжлэн судлуулахад хоёр дахь автомашин хоёр дугуйгаараа хохирогчийн дээгүүр гарсан болох нь тодорхой харагддаг тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. Мөн хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед ярьж, хэлж чадахгүй, амь нас, биеийн байдал нь маш хүнд байсан тул оролцож чадаагүй. Одоо хохирогчийн биеийн байдал гайгүй, шүүгчийн асуусан асуултад хариулах боломжтой тул түүнийг оролцуулах шаардлага үүсч байгаа. Иймд хэргийг буцаах нь зүйтэй. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.У-ын өмгөөлөгч Ө.Энхтайван тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус хэргийг анхан шатны шүүхээр нөхөн гүйцэтгэх боломжгүй гэдэг үндэслэлээр буцаасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд, шинжээчийн дүгнэлтийг үндэслэж яллагдагч нарын гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийг тогтоож ирүүлсэн нь хууль зөрчсөн гэж үзсэн нь  үндэслэлгүй, илт өрөөсгөл дүгнэлт юм. Учир нь, шинжээчийн дүгнэлт хөдөлшгүй бөгөөд уг дүгнэлтэд үндэслэж гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх ёстой гэсэн хуулийн заалт байхгүй. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэж шийдвэрлэх бүрэн боломжтой байхад шинжээчээр өөрийнхөө дүгнэлтийг заалгах агуулгатайгаар дутуу ажиллагаа хийсэн гэж дүгнэсэн нь буруу байна. Мөн автомашин хоорондын зайг тогтоох ёстой байсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Цаг хугацааны хувьд, хоёр автомашин өөр цаг хугацаанд явж өнгөрснийг батлах бичлэг төдийгүй автомашин хоорондын зай, дарааллаад явж байсан зэрэг асуудал байхгүй байхад шүүхийн уг дүгнэлт хэрэгт ач холбогдолгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгох саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар Д.А-, Н.Р- нарт холбогдох хэрэгт “хохирогчийн биед учирсан олон тооны гэмтэл нь ямар хүчин зүйлийн нөлөөгөөр, хэдэн удаагийн үйлчлэлээр, ямар байрлалаас хэрхэн үүссэн болохыг нарийн мэргэжлийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай, хохирогчийн өмсөж явсан хувцсанд ул мөр үүссэн эсэхийг тогтоох, дахин техникийн шинжээчийн дүгнэлт гаргуулах зайлшгүй шаардлагатай” гэсэн агуулгатай дүгнэлтүүд хийж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг “хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх”-ээр бичсэн прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч, заримыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, шүүгчийн захирамжинд дурьдсан “шинжээч эмчийн мэдүүлгийг үндэслэн яллагдагч нарын гэм буруу болоод хэргийн зүйлчлэлийг тогтоож ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтын “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоох шинжилгээг заавал хийнэ” гэснийг зөрчсөн талаарх дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Учир нь, Шүүх эмнэлгийн 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 5608 дугаартай дүгнэлтээр хохирогчийн биед хүнд гэмтэл учирсныг тогтоосон байх ба шинжээч эмчийн мэдүүлэгт “хохирогчийн босоо байрлалд байх үедээ авсан гэмтэл нь хүндэвтэр, хэвтээ байрлалд байх үедээ авсан гэмтэл нь хүнд гэмтэл” гэснийг үндэслэлтэй гэж үзэж, дахин болон нэмэлт дүгнэлт гаргуулах шаардлагагүй гэж прокурор үзсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтаас гадна мөн хуулийн 9.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Шинжээч нь ... дүгнэлтийг бичгээр гаргана” гэснийг зөрчжээ.

Иймд уг зам тээврийн осол, хэргийн улмаас хохирогч Э.Б-ын биед учирсан гэмтлүүдийн талаар нэмэлт, эсхүл дахин дүгнэлт гаргуулах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...шинжээчийн дүгнэлт тодорхойгүй, бүрэн биш, ...” бол мөрдөн шалгах шатанд нэмэлт дүгнэлт гаргуулах, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол ...” шүүхийн шатанд дахин шинжилгээ хийлгэж болохоор хуульчилсан байна.

Хохирогч Э.Б-ын биед учирсан олон тооны гэмтлүүдийн аль алийг ямар байрлалд ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн болохыг нэг бүрчлэн тогтоох шаардлагатай ба өмнө гарсан 2019 оны 5608 дугаартай дүгнэлтийг “тодорхойгүй, бүрэн биш” гэж үзэхээр байгаа тул шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоох нь зүйтэй.

Харин, шүүгчийн захирамжид дурьдсан хохирогчийн өмсөж явсан хувцсанд ул мөр илэрсэн эсэх, түүнийг хэрхэн шийдвэрлэсэн эсэх нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолтой заалт болж чадахгүй байна.

Мөн хэрэгт техникийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 266 дугаартай дүгнэлт болон бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 318 дугаартай дүгнэлтүүд гарч Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг хэн хэрхэн зөрчсөн байж болох талаар үндэслэл бүхий дүгнэлтүүд гаргасан байх тул шүүгчийн захирамжид дурьдсан нарийн мэргэжлийн техникийн шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ. 

Дээр дурьдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгийн 1 дэх заалтыг хэвээр үлдээж, 2, 3 дахь заалтыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийн 1 дэх заалтыг хэрэгсэхгүй болгож, 2, 3 дахь заалтыг хүлээн авсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 2020/ШЗ/149 дугаартай шүүгчийн захирамжийн 1 дэх заалтыг хэвээр үлдээж, 2,3  дахь заалтуудыг хүчингүй болгож, прокурор Н.У-ийн бичсэн 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 12 дугаар эсэргүүцлийн 1 дэх заалтыг хэрэгсэхгүй болгож, 2, 3 дахь заалтуудыг хангасугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                                                    Д.ОЧМАНДАХ

 

ШҮҮГЧ                                                                                    Б.ЗОРИГ