Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 221/ШШ2025/0034

 

 

 

 

 

                                   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдааны шүүх бүрэлдэхүүн:

            Даргалагч: Шүүгч Э.Лхагвасүрэн 

            Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч З.Ганзориг

                                                     Шүүгч Э.Зоригтбаатар     

            Нэхэмжлэгч: О.Б*******

            Хариуцагч: Монгол Улсын Засгийн газар

            Гуравдагч этгээд: Ц.М*******, Ш.О*******

            Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын шадар сайд нарын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 251 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х*******, гуравдагч этгээд Ц.М*******, Ш.О*******, иргэдийн төлөөлөгч Г.М******* нар оролцов.

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул

              Хэргийн индекс: 221/2025/0007/З

ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Нэхэмжлэгч О.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

            “...Миний бие Орсоогийн Б******* нь 2010 оны 5 сараас хойш төрийн жинхэнэ албанд ажиллаж байсан бөгөөд 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.О*******, Монгол Улсын Шадар сайд С.А******* нарын 127 дугаар тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын орон тооны гишүүнээр томилогдон ажиллаж эхэлсэн. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 13 дугаар тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Монополын эсрэг газар болж өөрчлөн байгуулагдсан. Тус байгууллага нь өөрчлөн байгуулагдахдаа бүтцийн ямар нэг өөрчлөлт хийгдээгүй бөгөөд зөвхөн нэр л өөрчлөгдсөн. Гэвч Монгол Улсын Ерөнхий сайд Л.О*******, Монгол Улсын Шадар сайд Т.Д нарын 2024 оны 12 сарын 25-ны өдрийн 251 дугаар тогтоолоор байгууллага өөрчлөн байгуулагдсантай холбогдуулан орон тооны гишүүний үүрэгт ажлаас чөлөөлсөн.

            Төрийн жинхэнэ албан хаагчаар ажиллаж байсан намайг тус ажлаас чөлөөлөхдөө Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу ямар нэг сонсох ажиллагаа хийгээгүй болно. Мөн Өрсөлдөөний тухай хуулийн 18.1-д “Монополын эсрэг газрын дарга, гишүүний бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байх бөгөөд нэг удаа улируулан томилж болно” гэсэн байх бөгөөд тус хуулийн заалтын дагуу миний бүрэн эрхийн хугацаа 2026 оны 3 дугаар сарын 23-ны өдөр дуусах ёстой байсан болно.

            Мөн Төрийн албаны тухай хуулийн 46.2-д төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх үндэслэлүүдийг дурдсан байх ба тус үндэслэлүүд нь надад хамаарахгүй болно. Мөн хуулийн 62.1.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах” гэсэн бөгөөд орон тооны гишүүний албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн, мөн ажлын байрны орон тоо цөөрөөгүй.

            Монгол Улсын Ерөнхий сайд Л.О*******, Монгол улсын Шадар сайд Т.Д нарын 2024 оны 12 сарын 25-ны өдрийн 251 дугаар тогтоол нь илт хууль зөрчсөн байх тул тогтоолыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шитгэлийг нөхөн төлүүлж өгнө үү” гэжээ. 

            2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

            “...Өрсөлдөөний тухай хуулийн 16 дугаар зүйл “Монополын эсрэг газрын хуралдаан” гэсний 16.1-д “Монополын эсрэг газрын шийдвэр гаргах үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна” гэж, мөн хуулийн 17 дугаар зүйл “Монополын эсрэг газрын дарга, гишүүнийг томилох” гэсний 17.2-т “Монополын эсрэг газрын дарга, орон тооны хоёр болон орон тооны бус гурван гишүүнийг Ерөнхий сайд, орон тооны бус 3 гишүүнийг Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын үйлдвэрчний эвлэл, хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага тус тус нэг хүнийг нэр дэвшүүлж Засгийн газар томилж, чөлөөлнө” гэж, 18 дугаар зүйл “Монополын эсрэг газрын дарга, гишүүний бүрэн эрхийн хугацаа” гэсний 18.2-т “Монополын эсрэг газрын дарга, гишүүний бүрэн эрх нь түүнийг томилсон тухай Засгийн газрын шийдвэр гарснаар эхэлж, дараагийн дарга, гишүүн томилогдсоноор дуусгавар болно” гэж тус тус заасан байдаг. Мөн Монополын эсрэг газрын орон тооны гишүүн нь Өрсөлдөөний тухай хууль болон Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 54 дүгээр тогтоолоор батлагдсан “Монополын эсрэг газрын дүрэм”-д заасан эрх, үүргийг хэрэгжүүлэн ажиллах эрхтэй албан тушаалтан юм. Харин орон тооны гишүүний ажлын байранд Төрийн албаны зөвлөлөөс зөвшөөрөгдсөн албан тушаалын тодорхойлолт байдаггүй, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасанчлан агентлагийн дэд даргын эрх, үүргийг хэрэгжүүлэх эрхгүй бөгөөд Өрсөлдөөний тухай хууль болон Монополын эсрэг газрын дүрэмд зааснаар агентлагийн даргын хуваарилсан ажил, үүргийг хэрэгжүүлэн ажилладаг, хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд Монополын эсрэг газрын хуралдаанд оролцож шийдвэр гаргах эрхтэй юм.

            Дээрхээс үзвэл Монгол Улсын Ерөнхий сайд нь Өрсөлдөөний тухай хуулийн 17.2-т заасан Монополын эсрэг газрын орон тооны гишүүнийг томилж, чөлөөлөх хуулиар олгогдсон эрхийг хэтрүүлсэн гэх үндэслэлгүй юм.

            Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 251 дүгээр тогтоол нь илт хууль зөрчсөн гэх тухайд:

            Маргаан бүхий акт болох Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 251 дүгээр тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус захиргааны акт биш юм.

            Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд захиргааны актыг илт хууль бус болох тохиолдлыг хуульчилсан байх бөгөөд нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хуулийн аль заалтаар маргаан бүхий Засгийн газрын тогтоолыг илт хууль зөрчсөн гэж үзэж байгаа нь тодорхойгүй байна.

            Иймд нэхэмжлэгч О.Б*******ийн 2025 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

            3.Гуравдагч этгээд Ц.М******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

            “...Миний бие одоо Монополын эсрэг газрын орон тооны гишүүнээр ажилладаг, иймд миний хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа тул гуравдагч этгээдээр оролцож байгаа билээ.

            Миний бие анх ажилд орохдоо ямар нэгэн хууль зөрчөөгүй, анх Б.Б******* даргатай уулзаж ажилд орох талаар ярилцахад О.Б*******ийг сурын спортоор явдаг зун болохоор олон сараар ажилдаа ирэхгүй явдаг, араас нь утсаар ярихаар “...хөдөө аймагт явж байна” гээд ажилдаа ирдэггүй нь цаашид хамтран ажиллах боломжгүй байгаагаа яриад О.Б*******тэй уулзаж яриад ажлаа өгөх болсон тухай надад хэлсэн. Мөн ажлаа өөрийн хүсэлтээр өгсөнтэй нь холбогдуулан Б.Б******* дарга байгууллагаас нөхөн төлбөр болгож мөнгө олгосон байдаг.

            О.Б*******ийн өөрийн хүсэлт нь “...ажилдаа ирж чаддаггүй болохоор ажлаасаа гарахад ямар нэгэн асуудал үүсэхгүй” гэж Б.Б*******д хэлсний дагуу Засгийн газарт тус газрын хүсэлт явсан байдаг. Ц.М******* миний хувьд 2009 оноос төрд ажиллаж байгаа ямар нэгэн хууль бус зүйл хийдэггүй тул хууль бусаар ажилд томилогдоогүй болно” гэжээ.

            4.Гуравдагч этгээд Ш.О******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

            “Миний бие төрийн албанд 22 дахь жилдээ ажиллаж байгаа. Нэхэмжлэгч О.Б*******ийг огт танихгүй, мэдэхгүй байж байгаад Засгийн газрын шийдвэр гараад томилогдож очоод мэдсэн. Миний бие сул орон тоон дээр томилогдсон, анх Монополын эсрэг газрын дарга Б.Б*******тэй очиж уулзахад 1 орон тооны гишүүний сул орон тоо байгаа түүнд та томилогдоно гэж яриад Авлигатай тэмцэх газар руу явуулсан. Энэ үед О.Б******* ажлаасаа чөлөөлөгдсөн байсан” гэв.

            5.Иргэдийн төлөөлөгч Г.М******* шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “Миний бие өмнө нь шүүх хуралд сууж байсан туршлагагүй бөгөөд талуудын тайлбар үндэслэлийг сонсож дууссаны дараа миний харж байгаагаар нэхэмжлэгч О.Б*******ийн нэхэмжлэл нь үндэслэлтэй гэж бодож байна” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

1.Улсын Их Хурлын 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” 13 дугаар тогтоолоор Засгийн газрын тохируулагч агентлаг-Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрыг “хэрэгжүүлэгч агентлаг-Монополын эсрэг газар” болгож статус болон нэрийг өөрчилсөнтэй холбогдуулан Засгийн газрын мөн оны 251 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч О.Б*******ийг хуучнаар Засгийн газрын тохируулагч агентлаг-Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын орон тооны гишүүний үүрэгт ажлаас чөлөөлж, улмаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Монополын эсрэг газрын орон тооны гишүүнээр гуравдагч этгээд Ц.М*******, Ш.О******* нарыг тус тус томилсон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

Өрсөлдөөний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт “Монополын эсрэг газар нь хамтын удирдлагын зарчмаар ажиллах бөгөөд дарга, найман гишүүний бүрэлдэхүүнтэй байх ба гишүүдийн хоёр нь орон тооны, зургаа нь орон тооны бус байна”, 17.2 дахь хэсэгт “Монополын эсрэг газрын дарга, орон тооны хоёр болон орон тооны бус гурван гишүүнийг Ерөнхий сайд, орон тооны бус 3 гишүүнийг Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын үйлдвэрчний эвлэл, хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага тус тус нэг хүнийг нэр дэвшүүлж Засгийн газар томилж, чөлөөлнө”, 17.5 дахь хэсэгт “Монополын эсрэг газрын гишүүн нь эдийн засаг, эрх зүйн аль нэг чиглэлээр мэргэжил эзэмшсэн, мэргэжлээрээ гурваас доошгүй жил, үүнээс төрийн байгууллагад нэгээс доошгүй жил ажилласан Монгол Улсын иргэн байна”, 17.6 дахь хэсэгт “Энэ хуулийн 17.2-т заасан нэр дэвшигчийг Засгийн газар дэмжээгүй бол нэр дэвшүүлэх эрх бүхий этгээд ажлын 10 өдрийн дотор өөр хүний нэрийг дэвшүүлэх бөгөөд уг саналыг хүлээн авснаас хойш Засгийн газар ажлын 15 өдрийн дотор хэлэлцэж томилно”, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “Монополын эсрэг газрын дарга, гишүүний бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байх бөгөөд нэг удаа улируулан томилж болно”, 18.2 дахь хэсэгт “Монополын эсрэг газрын дарга, гишүүний бүрэн эрх нь түүнийг томилсон тухай Засгийн газрын шийдвэр гарснаар эхэлж, дараагийн дарга, гишүүн томилогдсоноор дуусгавар болно”, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “хуульд зааснаас бусад үндэслэлээр …үүрэгт ажлаас нь чөлөөлөх, халахыг хориглох” нэмэгдэл баталгаагаар хангагдана” гэж тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл Монополын эсрэг газрын гишүүн нь Төрийн албаны тухай хуульд заасанчилан "чадахуйн” буюу мерит зарчмаар сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилогдож, чөлөөлөгддөггүй, харин Өрсөлдөөний тухай хуулийн 17.5-д заасан шаардлага хангасан иргэнийг ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр Ерөнхий сайдаас нэр дэвшүүлж, улмаар Засгийн газраас томилогдог, мөн чөлөөлдөг албан тушаал болно.

2.Түүнчлэн нэхэмжлэгч О.Б*******өөс “…Засгийн газрын 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 127 дугаар тогтоолоор анх орон тооны гишүүнээр томилогдсон тул хуульд заасны дагуу бүрэн эрхийн 4 жилийн хугацаа 2026 оны 3 дугаар сарын 23-ны өдөр дуусгавар болох байсан, гэтэл ажлаас чөлөөлөх талаар ямар ч сонсох ажиллагаа хийгдээгүй, Өрсөлдөөний тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д заасан “хуульд зааснаас бусад үндэслэлээр …үүрэгт ажлаас нь чөлөөлөх, халахыг хориглох” гэсэн нэмэгдэл баталгааг зөрчсөн гэх зэргээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлох боловч эдгээр нь дараах байдлаар хангагдахааргүй байна.

Хэдийгээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын нэр, статус өөрчлөгдсөнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдаас тус агетлагийн орон тооны гишүүнээр Ц.М*******, Ш.О******* нарыг шинээр томилуулахаар нэр дэвшүүлсэн  талаар маргаан бүхий тогтоолд ч, мөн Монгол Улсын Шадар сайдаас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад хүргүүлсэн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Санал авах тухай” ЗГ-3/393 дугаар албан бичигт ч тус тус тодорхой тусгасан, иймд гишүүний бүрэн эрхийн 4 жилийн хугацаа дуусгавар болохоос өмнө Монгол Улсын Ерөнхий сайд хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд дараагийн гишүүнийг томилуулахаар Засгийн газрын хуралдаанд нэр дэвшүүлж байгаа тохиолдолд үүнийг “хуульд заасан үндэслэл”-ээр нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэж ойлгох бөгөөд Өрсөлдөөний тухай хуулийн 21.1.1-т заасан эрх, баталгаа зөрчигдсөн гэж үзэхгүй.

Учир нь нэгэнт сонгон шалгаруулалтгүйгээр томилогддог албан тушаалтны хувьд бүрэн эрхийн хугацааг хуулийн 18.1-т дөрвөн жил байхаар заасан ч, 18.2-т дараагийн гишүүн томилогдсоноор өмнөх гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болохоор хуульчилсан байх тул 18.2 нь энэ тохиолдолд Хууль тогтоомжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3, 29 дүгээр зүйлийн 29.1.5-д заасны дагуу гишүүний бүрэн эрхийн хугацаатай холбоотой илүү нарийвчилсан зохицуулалт юм.

3.Мөн нэхэмжлэлд дурдсан Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах” төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаа нэхэмжлэгч О.Б*******ийн тухайд хэрэглэгдэхгүй.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын нэр Монополын эсрэг газар болж, тохируулагч агентлаг хэрэгжүүлэгч болж тус тус өөрчлөгдсөн ч гишүүдийн тоо багасаагүй, чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй боловч Монгол Улсын Ерөнхий сайд хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд дараагийн орон тооны гишүүдийг шинээр томилуулахаар нэр дэвшүүлж, Засгийн газрын тогтоолоор томилсон энэ тохиолдолд тухайн албан тушаалын шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг шалгаруулж томилох харилцаа Монополын эсрэг газрын гишүүдэд хамаарахгүй.   

4.Нэхэмжлэгч О.Б******* Засгийн газрын тогтоолоор чөлөөлөгдсөний дараа, шүүхэд нэхэмжлэх гаргахаас өмнө буюу 2025 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр тус газрын дарга Б.Б*******д хандаж 3 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгохыг хүссэний дагуу даргын мөн оны 2 дугаар сарын 3-ны өдрийн А/13 дугаар тушаалаар нэг сарын үндсэн цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмжийг олгохыг зөвшөөрсөн, мөн олгосон талаарх баримт хэрэгт авагдсаныг гишүүний албан тушаалаасаа чөлөөлөгдсөн болохыг хүлээн зөвшөөрсөн гэхээс илүүтэй нэхэмжлэгч хуулиар олгогдсон эрхээ эдэлсэн гэж үзнэ.

            Өөрөөр хэлбэл Засгийн газрын тогтоолоор чөлөөлөгдсөн албан хаагчийн хувьд тэтгэмж хүсэх нь шүүхээр маргасан эсэхээс үл хамаарч ажил олгогчоос шаардах эрх болно.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Г.М******* нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй гэсэн боловч түүнийхээ хууль зүйн гаргалгааг тодорхойлж чадаагүй, иймд давж заалдах шатны шүүхийн шийдвэрт дээрх үндэслэлүүдээс өөрөөр иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн талаар тусад дүгнэлт өгөх шаардлагагүй гэж шийдвэрлэв.  

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 112 дугаар зүйлийн 112.1.5-д  заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Өрсөлдөөний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт заасныг баримтлан О.Б*******ийн Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан “Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Орон тооны гишүүнийг чөлөөлөх, томилох тухай” 251 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

         

                         ШҮҮГЧ                                                   Э.ЛХАГВАСҮРЭН

 

                           ШҮҮГЧ                                                   З.ГАНЗОРИГ

 

                                  ШҮҮГЧ                                                   Э.ЗОРИГТБААТАР