Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 1251

 

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2018/00796 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.Н-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 17 250 840 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны болон бусад хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Г.Н нь “М” ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 20 000 000 төгрөгийг 90 хоногийн хугацаатай 6 хувийн хүүтэй зээлж авсан. Энэхүү зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 20 000 000 төгрөг, зээлийн хүү 3 600 000 төгрөг нийт 23 600 000 төгрөгийг 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн дотор төлөх байсан боловч уг үүргээ бүрэн гүйцэтгээгүй байна. Тодруулбал, 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл 7 627 000 төгрөг буцаан төлж үүнээс хойш ямар ч төлөлт хийгээгүй. Нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 13 533 000 төгрөг, хүү 2 440 000 төгрөг, уг зээлийн төлбөрийг төлөлгүй 2018 оны 01 дүгээр сарын 09-нөөс 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл 16 хоногийн хугацаа хэтрүүлсэний алданги 1 277 840 төгрөг, нийт 17 250 840 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгчид зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөхийг удаа дараа сануулж, шаардаж ирсэн боловч хариуцагч сайн дураар биелүүлэхгүй байгаа тул хариуцагч Г.Н-ээс 17 250 840 төгрөгийг гаргуулж “М” ХХК-д олгож өгнө үү. Хариуцагч төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны гэрээнд заасны дагуу Бараа материалын жагсаалтад дурдсан бараа материал, түүнээс олсон орлого зэрэг барьцаа хөрөнгө болон бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Г.Нямсүрэн нь 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 20 000 000 төгрөгийг 90 хоногийн хугацаатай 6 хувийн хүүтэй зээлж зээлийн гэрээ байгуулагдсан. Зээлийг бодсон аргачлалыг харсан, зөв шаардсан байсан. Барьцааны гэрээгээр дэлгүүрийн бараа, орлогыг барьцаалсан байдаг. Хариуцагч нь одоо дэлгүүрээ ажиллуулж байгаа боловч орлого нь ихээхэн муудаж, дэлгүүрийн үйл ажиллагаа нь доголдож байгаа гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар Г.Н-с 17 250 840 төгрөгийг гаргуулж “М” ХХК-д олгож,

Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Н нь зээлийн төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох дэлгүүрийн бараа, түүнийг худалдсанаас олсон орлогоор үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар “М” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 314 410 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Н-ээс 314 410 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр “М” ХХК-д зээлийн буцаалт гэж 3 000 000 төгрөг өгсөн байснаа итгэмжлэгдсэн төлөөлөгчдөө хэлээгүй орхигдуулсан байсны улмаас нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үнийн дүнг бүхэлд нь хүлээн зөвшөөрчээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж, 17 250 840 төгрөгөөс 3 000 000 төгрөг хасуулах хүсэлтэй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч Г.Н-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17 250 840 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны болон бусад хөрөнгөөр хангуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

           

Талуудын хооронд 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 17/100022 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь 20 000 000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 90 хоног /2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл/-ийн хугацаатайгаар хариуцагчид зээлдүүлэхээр тохиролцож зээлийн гэрээг бичгээр байгуулсан тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Түүнчлэн, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 9 872 250 төгрөгийн үнэлгээ бүхий бараа материалын эргэлтийн хөрөнгүүд, барьцааны зүйлийг захиран зарцуулснаас олсон орлогыг барьцаалж, 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №17/100022 тоот барьцааны гэрээг бичгээр тус тус байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн тул Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан хэлцэлд тавих хуулиар тогтоосон шаардлагыг хангасан, гэрээнүүд хуулийн хүчин төгөлдөр байна.                                                                                                    /хх-7-13 дахь тал/

 

Нэхэмжлэгч нь 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 20 000 000 төгрөгийг зээлийн гэрээний дагуу хариуцагчид шилжүүлсэн болох нь хэргийн 13-14 дүгээр талд авагдсан Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл, депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудаар тогтоогдсон ба хариуцагч нь 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл 7 627 000 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй байна.

 

            Иймд үндсэн зээл 20 000 000 төгрөг, зээлийн хүү 3 600 000 төгрөг, нийт 23 600 000 төгрөгийн үүргээс хариуцагчийн төлсөн 7 627 000 төгрөгийг хасч тооцон хариуцагч нь зээлийн гэрээний үүрэг 15 973 000 төгрөгийг төлөөгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

            Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 7.1 дэх хэсэгт “зээлдэгч энэхүү гэрээний хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд  гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө. Алдангийн нийт хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй” гэж тохиролцсон ба нэхэмжлэгч нь 1 277 840 төгрөгийн алданги нэхэмжилснийг буруутгахгүй. Иймд анхан шатны шүүх зээл, зээлийн хүү 15 973 000 төгрөг, алданги 1 277 840 төгрөг, нийт 17 250 840 төгрөгийг хариуцагч Г.Н-с гаргуулж нэхэмжлэгч “М” ХХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан нийцсэн байна.

 

Хариуцагчийн 17 250 840 төгрөгөөс 3 000 000 төгрөг хасуулах тухай давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй болно. Учир нь энэ талаар нотолсон баримт хэрэгт авагдаагүй тул хасч тооцох боломжгүй байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр тул барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхийг нэхэмжлэгчид Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар олгогдсон тул хариуцагч Г.Н зээлийн төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох дэлгүүрийн бараа, түүнийг худалдсанаас олсон орлогоор үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн нь зөв байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2018/00796 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                    

                          ШҮҮГЧИД                                         Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ