Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1002

 

 

 

 

 

2023           07         19                                   2023/ШЦТ/1002

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                         

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.А ,

улсын яллагч Д.Аззаяа,

шүүгдэгч С.А  , түүний өмгөөлөгч Л.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.А  т холбогдох эрүүгийн 2206 02771 1832 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

С.А   нь ...   ХХК-ий захиалгаар “...  ” ХХК-ий Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт гүйцэтгэж буй барилгад хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны ерөнхий инженерээр ажиллахдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь хэсэгт “Аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалтад хамрагдаагүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх”, “Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм /БНбД 12-03-04/-ийн 6 дугаар зүйлийн 6.2.21 дэх хэсэгт “Өндөрт ажил гүйцэтгэж байгаа үед ажлын байрны доод хэсэгт аюулгүй бүсийг гаргаж өгөх хэрэгтэй ... байрлаж байгаа ажлын байрнаас 6 метрээс ихгүй зайд доод талын ажлын байрыг хамгаалалтын төхөөрөмжөөр тоноглосон байвал зохино” гэж заасныг тус тус зөрчсөн эс үйлдэхүйн улмаас 2022 оны 05 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө тус барилгын 11 дүгээр давхрын цутгалтын ажил хийгдэж байх үед мужааны ажил үүрэг гүйцэтгэж байсан Ц.С  өндрөөс унаж түүний амь насыг хохироосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.А   нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж мэдүүлэг өгөхөөс татгалзав.

Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичмэл нотлох баримт болон эд мөрийн баримтыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 13-18 дахь тал/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, уг бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол  /хавтаст хэргийн 19-21 дэх тал/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 22-27 дахь тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Ц ийн “Талийгаач хүү Ц.С  нь Дундговь аймагт 1988 оны 02 дугаар сарын 19-ний өдөр айлын том хүү болж мэндэлсэн. Нэг охин дүүтэй. Манайх 2001 онд талийгаачийг 5 дугаар ангид байхад Улаанбаатар хотод шилжиж ирсэн. Баянгол дүүргийн 13 дугаар дунд сургуулийн 8 дугаар ангийг төгссөн, хөдөө өвөө, эмээ дээрээ байж байгаад цэргийн алба хааж ирснээс хойш өнөөдрийг хүртэл хувиараа барилгын ажил хөдөлмөр эрхэлж байсан. Талийгаач нь эхнэр С.Б , охин М  /6 настай/, хүү М  /11 настай/ нарын хамт нийтийн байр түрээсэлж амьдардаг байсан. Уг барилгын компанид 2022 оны 03 сард барилгын ажил эхлэх үед орж ажилласан. 2022 оны 05 дугаар сарын 26-нд шилжих шөнө 02 цагийн үед барилгын ажил дээр нь очиж талийгаачийг 10 давхраас унаж нас барсан гэдгийг мэдсэн. Уг барилга дээр ямар ажил эрхэлж байсныг нарийн хэлж мэдэхгүй байна. Манай талийгаач том хүү минь өөрийн эхнэр, 2 хүүхэд, намайг, охин дүү болон түүний хүүхэд зэрэг зургаан ам бүлийг тэжээдэг ганц хүн байсан тул амьдрахад хэцүү байна. Цаашид талийгаачийн ар гэрийнхий амьдрах баталгаа болон оршуулгын зардлыг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,

Гэрч Э.Ө гийн “Би одоогоос 9 хоногийн өмнө талийгаачийн удирдлагад мужааны ажил буюу хэв хашмал угсарч авах ажилд орсон. 2022 оны 05 дугаар сарын 25-ны өглөө 8 цагт ажилдаа ирж хэв угсрах ажлыг хийсээр байгаад 19 цагт ажил дуусахад бетон цутгалт авах эсэх нь шийдэгдэхгүй хоолоо идчихээд хэсэг хүлээж байхад цутгалт авахаар болж талийгаач, Э , Т  бид гурав 11 давхарт цутгалт хийж байгаа газрын хэв хашмал задрахаас сэргийлж харж байсан. Тэгээд орой 23 цагийн үед талийгаач намайг дээшээ гараад хэв бүтээ гэж хэлэхээр нь тэр ажлыг нь хийж байхад нэг хүн уначихлаа гэсэн. Тэгээд би доошоо буусан чинь талийгаач унасан байсан ... Талийгаач намайг харахад бүстэй байсан унасан байхдаа бүсгүй байсан. Б.Жамбал гэдэг хүн өдөр 1-2 удаа каск өмсөөрэй, дэгээгээ зүү гэж шаардлага тавьдаг” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 191-192 дахь тал/,

Гэрч Ц.Т ын “осол болсон барилга дээр талийгаач 5 давхраас нь эхэлж ажилласан. 2022 оны 05 дугаар сарын 25-ны орой цутгалт авна, авахгүй гэж байснаа талийгаач болон захирлууд ярилцаж байгаад авахаар болсон. Талийгаач, Ө , Э  бид дөрөв 11 давхарт цутгалт хийх явцад хэв хашмалыг задрахаас сэргийлж ажиллаж байхад талийгаач нь Ө г дээшээ гарч тор бүтээ гэж хэлээд гаргасан. Тэгээд бид 3 байж байхад Э  өөр хүмүүсийн хийсэн хана задарчихлаа гэж хэлэхээр нь талийгаач гүйж ирээд задарсан хэсгийг төмрөөр уяж янзалсан. Тэгээд Э г хойшоо очоод хэвээ манаж бай гэж хэлээд явуулсан. Намайг урд талын өрөөний хэв хашмал задрах эсэхийг харж байгаад удаагүй хойд талын өрөөнд ороход талийгаач барилгын гадна талын хэв хашмал угсарч авахад хүн явах зориулалттай торгон хаалттай, банзан шалтай, тавцан дээр зогсож байхаар нь дотор асгарсан бетоныг яах вэ гэсэн чинь шатан дээр байгаа хүрз аваад ир гэхээр нь маш хурдан хүрзээ аваад ирсэн чинь байхгүй болохоор нь 1-2 удаа дуудахад хариу өгөөгүй тул өөр тийшээ явсан гэж бодоод зогсож байсан чинь дээрээс хүн уначихлаа хүмүүсээ бүртгээрэй гэж арматурын Г  гэдэг ах орилсон. Тэгээд доошоо буугаад харсан чинь талийгаач Ц.С  байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 94-95 дахь тал/,

Гэрч Г.Э ий “2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр урд талын хэсгийн бэхэлгээг хийчхээд хойд талын хүмүүсийн үлдээсэн ажлыг хийгээд 19 цагийн үед дууссан. Тэгээд бетон цутгалт ирнэ ирэхгүй гэж байснаа ирэхээр боллоо гээд бид нар 11 давхарт гарч бетон цутгалт хийхэд эвдрэл гэмтэлтэй байгаа эсэхийг шалгаж байгаад хучиж эхэлсэн. Тэгэхэд урд талын буюу талийгаачийн унадаг хэсгийн хананы хэв дотор талаасаа задарч цүлхийж бетон асгарсан тул юм чихэж тогтоосон чинь өөрөө янзалж үзээд намайг урд хэсэг рүү явчхаад хэвт хашмалаа хар гэсэн. Тэгээд хойд өрөөнд байж байхад туслах инженер Т  ирээд гайгүй юу гэж асуугаад дээшээ гарсан. Тэгээд би урд талын өрөөнд хэв хашмалаа харж байгаад цутгалт зогсохоор нь очсон чинь Т  нь С  ах унасан юм шиг байна гээд би доошоо буусан. Талийгаач зогсож байсан гэх тавцан руу урд талын тагтаар дамжиж гардаг ба бага зэрэг өндөр нам бөгөөд хоорондын зай нь бага зэрэг зайтай. Цутгалт хийж байгаа үед гадна болон дотор талын эвдрэл гэмтлийг харах шаардлага гардаг учраас гадна талаас нь харах гэж байсан байх. Тэр үед би 11 давхарт бүс зүүсэн байсан бөгөөд талийгаач намайг харахад аваарын бүс авчирсан байсан. Тэгээд хэв задрахад сандраад бүсээ зүүлгүй явсан байх. Өөрийнхөө бүсийг тэнд өлгөсөн харагдаж байсан. Тус барилгад өндрөөс юм унахаас хамгаалсан тор байдаггүй, уг нь бусад зарим барилгуудад тор байдаг. Талийгаачийн зогсож байсан гэх тавцанг бид нар анх хийсэн хэмжээгээр нь дээш угсарч явдаг бөгөөд тэр тавцанг бид нар өөрсдөө угсарсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 98-99 дэх тал/,

Гэрч П.М ы “Би ...  ы гүйцэтгэх захирлаар ажилладаг бөгөөд 2021 оны 09 сараас Баянзүрх дүүргийн ......  тоот газарт дахин төлөвлөлтөөр 2300 айлын орон сууц барих ажлыг зохих зөвшөөрлийн дагуу эхлүүлсэн. Манайх ерөнхий гүйцэтгэгч компаниар ...  компанитай гэрээ хийж ажиллуулж байгаа тул тус компани зарим нэг ажлаа туслан гүйцэтгэгч компаниар хийлгүүлж байгааг хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ манайх заавал хөдөлмөр аюулгүй байдлын ажилтантай байхыг шаарддаг. Манайх захиалагч компаний хувьд туслан гүйцэтгэгч нарыг ерөнхийд нь хариуцан хяналт тавьж шалгадаг хөдөлмөр аюулгүй ажиллагаа хариуцсан А  гэдэг хүн ажилладаг. Мөн ерөнхий гүйцэтгэгч ...  компани давхар аюулгүй байдал хариуцсан ажилтантай тул туслан гүйцэтгэгч ажиллуулж болно. Талийгаачийг би танихгүй бөгөөд туслан гүйцэтгэгч О.Б ийн мужааны бригад хариуцсан хүн гэдгийг мэдсэн. Манай ерөнхий инженерийн хэлснээр 2 өдрийн өмнө 16 цагт бетон зуурмагийн Тунамал хийц компанид захиалга өгсөн боловч оройтож ирэхээр болсныг О.Б ийн хүмүүсээс өнөөдөр авах уу эсвэл маргааш авах уу гэж зөвлөлдөж асуухад тэд нар нь шөнөдөө аваад дуусгая гэсэн тул цутгалт авсан. Манай байгууллагын зүгээс гүйцэтгэгч хүмүүс цутгалт авахгүй гэвэл ямар нэг асуудалгүй захиалга цуцалж болно. Тэд нар өөрсдөө зөвшөөрсөн. Бид нар туслан гүйцэтгэгч иргэн болон компанитай хийсэн гэрээний дагуу Хөдөлмөр аюулгүй ажиллагааг тухайн ажиллуулж байгаа хүн хариуцахаар заасан байдаг. ...  ы захирал Г.Б  нь манай компаний нэг хөрөнгө оруулагч бөгөөд гарын үсэг зурах эрхтэй. Туслан гүйцэтгэгчээр хувь хүн иргэнийг давхар ажиллуулж болно гэж боддог. Манайхаас зөвшөөрдөг. Гэхдээ заавал хөдөлмөр хамгаалал хариуцсан ажилтантай байхыг шаарддаг” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 101-102 дахь тал/,

Гэрч Б.Ж ын “2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр шөнө 00 цагийн орчим ...  ХХК барилгын талбай болох Баянзүрх дүүрэг 13 хорооны нутаг дэвсгэрт барилгын ажил хийж байхад баригдаж байгаа барилгын 10 давхар дээрээс нэг зүйл унасан. Тэгээд доош тонгойгоод харахад хүн байсан. Тэгээд би станциар бетоноо зогсоо хүн барилгаас уначихлаа гэж хэлсэн. Тухайн үед би ганцаараа байсан. Тэгээд унасан хүн дээр очиход талийгаачий нүд нь хөдөлж байсан хүзүү хэсгээс цуг гарч байхаар нь марлаар дарж байхад 103 ирсэн. Тэгээд үзэж байгаад нас барсан байна гэж хэлсэн. Энэ процесс 10 минут орчим болсон. Манай барилга 22 цагийн орчимд цутгалт авч эхэлсэн. Талийгаач мужаан болохоор ажлаа шалгаад явж байсан. Талийгаач нь 2022 оны 04 дүгээр сарын үед ажилд орсон. Би тэр цагаас хойш талийгаачийг бага зэрэг мэддэг болсон. Талийгаач манай барилга дээр 5-6 хүн хариуцаад бригад ахлаад мужаан хийдэг” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 104-105 дахь тал/,

Гэрч Б.Х гийн “Ерөнхий гүйцэтгэгчээр ...  ХХК ажилладаг ба түүний туслах гүйцэтгэгчээр О.Б ийн бригад ажиллаж байсан. Тэр бетон захиалсан  боловч 21 цагт ирэхээр болсон энэ шалтгаанаа үзелд цемент тасалдсан учраас оройтсон гэсэн. Тэгээд эхний цемент ирсний дараа гүйцэтгэгч О.Б ийн ХАБ-ын ажилтан Жамбалдоржид цутгалт хийх гэж байна гэрэл юмнууд чинь бэлэн үү, хяналт шалгалтаа сайн тавиараа гэж хэлээр гэртээ харьсан. Цутгалт хийдэг авто машинууд 22 цагаас хойш хотын хөдөлгөөнд оролцдог учраас оройн цагаар цутгалт авахаас өөр аргагүй болдог. Амь хохирогч ямар шалтгааны улмаас унаж нас барсныг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 114 дэх тал/,

Гэрч Г.А ийн “Би ...  ХХК-ий гүйцэтгэх захирал ажилтай. Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд байрлах дахин төлөвлөлтийн Офицер хорооллын орон сууцны барилгын ажилд ...   ХХК-тай гүйцэтгэгчээр гэрээ хийж ажиллаж байна. Ерөнхий захирал Б  О.Б ийг өмнө нь таньдаг байсан учраас угсралтын ажил хийлгэхээр 3 давхраас эхэлж өөрөө хариуцаад хүмүүс ажиллуулж эхэлсэн. Хэрэг гардаг өдөр Тунамал хийц компаниас 16 цагт авахаар бетон захиалсан боловч оройтож ирсний улмаас 21 цагаас цутгалт эхэлсэн, би эхлүүлэхийг зөвшөөрсөн. Энэ үед би гэртээ байсан, барилга дээр Б , Ж , О.Б ийн ажилчид цутгалт хийсэн. Амь хохирогч Ц.С  нь Таун компанитай гэрээ хийсэн О.Б тэй харилцан тохиролцож мужааны бригад болж доороо хэдэн хүн хариуцаад ажиллаж байсан. Манай О.Б т гүйцэтгэлийн цалин мөнгийг, О.Б  цаашаа ажилчиддаа цалин мөнгөө өгдөг байсан. Тус нас барсан хүний хөдөлмөрийн аюулгүй байдалд Ж  гэдэг хүн шууд хяналт тавих үүрэгтэй, мөн манай компаний хариуцсан ажилтан Х , А  нар хяналт тавьдаг. Ерөнхийд нь А  хариуцна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 122-123 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1496 дугаартай “Талийгаачийн биед гавлын суурь, турк эмээл, баруун зүүн чамархай, дагз ясны зөрөөтэй хугарал, зүүн тал бөмбөлөг, бага тархи аалзавчин хальсан доорх цус харвалт, тархины няцрал, барун зүүн чамархайн булчинд цус хуралт, баруун талын 1-12 дугаар хавирга, өвчүү ясны зөрөөтэй хугарал, голтын эрхтэн, холбоосонд цус хуралт, уушги няцрал, цээжний хөндий дэх цус, элэг, бөөрний няцрал, холбоосонд цус хуралт, баруун дунд чөмөгний ил хугарал, эрүү, баруун шуу, баруун гуянд язарсан шарх, хамрын нуруу, баруун хацар, эрүү, баруун бугалга, баруун гуянд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр цохих, цохигдох, доргих үед үүссэн байх боломжтой, нас барахын өмнө үүссэн байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3, 3.1.? зэрэгт зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаачий биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь гавал тархи, цээж, хэвлийн гэмтлийн улмаас нас барсан байна” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 36-47 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1960 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн фудболканд үүссэн гэмтлүүд нь гогдож татах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ гогдолтууд, өмдөнд үүссэн гэмтлүүд нь хатуу мохоо гадаргуутай зүйлтэй харилцан үйлчилсний улмаас үүссэн шинэ халцралтууд, татаж чангаах болон тэлэлтий хүчний үйлчлэлээр үүссэн шинэ урагдалтууд байна” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 52-57 дахь тал/,

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын ХНХТХХ-ийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч, шинжээчдийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан “Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилгын 11 дүгээр давхарын цутгалтын ажил хийгдэж байх үед тухайн барилгад мужаанаар ажиллаж байсан иргэн Ц.С  ажил үүргээ гүйцэтгэж байхдаа өндрөөс унаж нас барсан байна. Осол гарах үед баригдаж буй барилга нь ажилчдыг унахаас хамгаалсан хамгаалалтын хүрээг 6 метр тутамдаа хамгаалалтын төхөөрөмжийг тоноглоогүй, нэг бүрийн хамгаалах хэрэгслэлийг бүрэн хэрэглүүлээгүйгээс осол гарсан байна. ...   ХХК-ий захиалгаар ...  ХХК-ий гүйцэтгэж буй барилга нь хамгаалалтын хүрээг 6 метр тутамдаа тоноглоогүй нь Барилгын үйлдвэрлэлийг хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм БНбД 12-03-04-ийн 6.2.21 дэх хэсэгт заасан “Өндөрт ажил гүйцэтгэж байгаа үед ажлын байрны доод хэсэгт аюулгүй бүсийг гаргаж өгөх хэрэгтэй ... байрлаж байгаа ажлын байрнаас 6 метрээс ихгүй зайд доод талын ажлын байрыг хамгаалалтын төхөөрөмжөөр тоноглосон байвал зохино” гэсэн заалтыг, Барилга, замын ажил гүйцэтгэхэд иргэдийн аюулгүй байдлыг хангах техникийн ерөнхий шаардлага UCS0001-01:2019 хотын стандартын 9 дэх заалтыг тус тус зөрчсөн.

Барилгын захиалагч ...   ХХК нь барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгч ...  ХХК-тай 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр №УГ/06/17 дугаартай ерөнхий гүйцэтгэгчтэй байгуулах гэрээг байгуулсан. Барилгын ерөнхий гүйцэтгэгч ...  ХХК нь Барилгын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2 дахь хэсэгт заасны дагуу өндөр төвөгшилтэй барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн үндсэн дээр /БУ18-1106/18 дугаартай/ барилга угсралтын үйл ажиллагаа эрхэлж байна.

Амь хохирогч Ц.С  нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт ...  ХХК-ий гүйцэтгэж буй барилгад мужаанаар ажиллаж байхдаа 11 дүгээр давхрын цутгалтын барилга угсралтын ажил хийгдэж байх үед өндрөөс унаж нас барсан байна. ...  ХХК амь хохирогч Ц.С той хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулаагүй ч Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцно.

Амь хохирогч Ц.С ийн хөдөлмөрийн аюулгүй байдлыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт  “хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуй нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна” гэж заасны дагуу  ...  ХХК-ний захирал хариуцна.

...  ХХК нь амь хохирогч Ц.С  болон барилга дээр ажиллаж байсан бусад ажилтнуудыг 12 цагаас дээш хугацаагаар ажиллуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4 дэх хэсэгт “өдөрт ажиллаж илүү цагийн хязгаар нь 4 цагаас илүүгүй байна”, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/193 дугаартай тушаалаар батлагдсан “Ажлын цагийг нэгтгэн бодох журмын 1.3 дахь хэсэгт заасны дагуу Ажил үйлчилгээ, үйлдвэрлэлийн оргил ачааллын үед өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байна” гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

Барилгын захаар хамгаалалтын хашлагыг хийхдээ Барилгын үйлдвэрлэлийг хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм /БНбД 12-04-06/-ийн 7.1 дүгээр зүйлд заасан бетон цутгах, хэв салгах ажлыг аюул осолгүй гүйцэтгэх арга технологийг нарийвчлан тусгасан АГТ /ажил гүйцэтгэх төсөл/, ТК /технологийн карт/-г заавал боловсруулна. “... ” ХХК-ий гүйцэтгэж буй барилгын захаар хамгаалалтын хашлагыг хийхдээ хэвний хажуугаар зорчиход зориулсан тавцанг зассан боловч арга технологийг нарийвчлан тусгасан АГТ, ТК хавтаст хэрэгт авагдаагүй болно.

“... ” ХХК-ий хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу баригдаж буй барилгын цутгалтын ажлын явцыг тус компаний барилга угсралтын инженер О.Б , хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны инженер С.А   нар хяналт тавьж ажиллах үүрэгтэй.

Амь хохирогч Ц.С  тус барилга дээр цутгалт хийх явцад гадна талын тавцан дээр гарч ажиллах ажилтай мөн болно. “... ” ХХК нь Ц.С ийг ажлын тусгай хувцас, хамгаалал хэрэглэл буюу өндрийн бүсээр хангаагүй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалтад хамруулаагүй, ажилчдыг унахаас хамгаалсан хамгаалалтын хүрээг 6 метр тутамдаа тоноглоогүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан “Ажил олгогч ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй”, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь хэсэгт заасан “Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд уг үйл ажиллагааг яаралтай зогсоож, аюултай нөхцөл байдлыг шуурхай арилгах”, мөн хуулийн 28.1.8 дахь хэсэгт заасан “Аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдлын талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 84-87 дахь тал/,

“...  ” ХХК-ий ерөнхий захирлын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн №22/06 дугаартай С.А  ийг тус компанид ерөнхий хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны инженерээр томилсон тухай тушаал, Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны ерөнхий инженер С.А  ийн ажлын байрны тодорхойлолт, /хавтаст хэргийн 171-174 дэх тал/,

Шинжээч А.Урангуагийн “Уг барилгын захиалагч ...   ХХК нь барилгын тусгай зөвшөөрөлтэй ...  компанитай барилга бариулах гэрээ хийсэн учраас барилга угсралтын буюу цутгалтын бүх үйл ажиллагааг ...  компани Барилгын тухай хуулийн дагуу бүрэн хариуцна. Өөрөөр хэлбэл амь хохирогч нь иргэнээр гэрээ хийсэн /бригад/ гэсэн хүний удирдлагад биш ...  компанийн мэргэжлийн сургалтад хамрагдсан үндсэн ажилтан байх ёстой байсан. Барилгын угсралт цутгалтын ажлыг тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж хуулийн этгээд гүйцэтгэхээс биш ямар нэгэн иргэн, хувь хүн, бригад хийж гүйцэтгэхгүй. О.Б тэй байгуулсан гэрээ нь барилгын тухай хуулийг зөрчсөн байна. Гүйцэтгэгч ...  компани болон түүний хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал хариуцсан ажилтан нар бүрэн хариуцах үүрэгтэй. Захиалагчтай гэрээ хийсэн ...  компани угсралтын ажлыг бүрэн хариуцах учраас захиалагч ...   ХХК нь хууль журам зөрчсөн үйлдэл байхгүй. Захиалагч компаний үүрэг бол аюулгүй байдалд өдөр бүр нэг бүрчлэн хяналт тавихгүй боловч барилга зураг төсөв барилгын материал, аюулгүй байдалд зарцуулах хөрөнгөд ерөнхий хяналт тавина. Иргэн О.Б тэй хамт ажиллаж байсан Б.Ж ын хувьд ямар нэг үүрэг хүлээхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 182-183 дахь тал/,

Амь хохирогч Ц.С ийн ар гэрт олгох нөхөн олговор буюу 2 өрөө орон сууц авч өгөх талаар тохиролцсон хэлэлцээр, Хохирол барагдуулсан тухай гэрээ, Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 125-129 дэх тал/ зэрэг болно.

Шүүгдэгч С.А  , түүний өмгөөлөгч Л.Бурмаа нар хавтаст хэргээс тусгайлан шинжлэн судлуулах нотлох баримтгүй гэснийг дурдах нь зүйтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчийг бүрэн хамруулж, шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

  1. Гэмт буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбар зэргийг харгалзан дараах хууль зүйн дүгнэлтийг хийлээ.

Шүүгдэгч С.А   нь ...   ХХК-ий захиалгаар “...  ” ХХК-ий Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт гүйцэтгэж буй барилгад хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны ерөнхий инженерээр ажиллахдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь хэсэгт “Аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалтад хамрагдаагүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх”, “Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм /БНбД 12-03-04/”-ийн 6 дугаар зүйлийн 6.2.21 дэх хэсэгт “Өндөрт ажил гүйцэтгэж байгаа үед ажлын байрны доод хэсэгт аюулгүй бүсийг гаргаж өгөх хэрэгтэй ... байрлаж байгаа ажлын байрнаас 6 метрээс ихгүй зайд доод талын ажлын байрыг хамгаалалтын төхөөрөмжөөр тоноглосон байвал зохино” гэж заасныг тус тус зөрчсөн эс үйлдэхүйн улмаас 2022 оны 05 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө тус барилгын 11 дүгээр давхрын цутгалтын ажил хийгдэж байх үед мужааны ажил үүрэг гүйцэтгэж байсан Ц.С  өндрөөс унаж түүний амь насыг хохироосон  гэмт хэрэг үйлдсэн болох нь

хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Ц , гэрч Э.Ө , Ц.Т , Г.Э , П.М , Б.Ж , Б.Х , Г.А , шинжээч А.Урангуа нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн дүгнэлт, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын ХНХТХХ-ийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч, шинжээчдийн дүгнэлт, С.А  ийг ажилд томилсон тухай тушаал, ажлын байрны тодорхойлолт зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх эрхтэй”, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Амьд явах эрх бол хүн бүрийн салшгүй эрх мөн. Энэ эрхийг хуулиар хамгаална. Хэний ч амь насыг дур мэдэн бусниулж болохгүй” Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй” гэж тус тус зааж, хүний амьд явах эрхийг баталгаажуулсан.

Холбогдох хууль буюу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, уг хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу “Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм” тус тус зөрчигдсөн, хариуцвал зохих эрх бүхий албан тушаалтан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг хэрэгжүүлж ажиллах үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон хохирол, хор уршиг учирсан байх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийн үндсэн шинжийг хангажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэнэ” гэж хуульчилсан бөгөөд С.А  ийн эс үйлдэхүй нь гэм буруугийн холимог хэлбэртэй, уг эс үйлдэхүй болон учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна гэж дүгнэв.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас С.А  т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай тохирсон байх тул түүнийг “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тухайн үед амь хохирогч Ц.С ид өндрийн бүс байсан, харин өөрөө зүүлгүйгээр хэргийн газарт өлгөсөн байсан нөхцөл байдал тогтоогдсон байхад “...  ” ХХК-иас амь хохирогчийг өндрийн бүсээр хангаагүй гэж шинжээч дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Дээрх гэмт хэрэг үйлдэгдэхэд ажил олгогч, ажилтан хэн аль нь хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны талаарх хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлж ажилладаггүй байдал нөлөөлжээ. Өөрөөр хэлбэл нэг талаас ажил олгогч ажилчдыг унахаас сэргийлсэн хамгаалалтын торыг бүрэн татаж тоноглоогүй байдал, нөгөө талаас ажилтан өндрийн бүстэй атлаа ажлын талбайд бүсээ зүүгээгүй хайхрамжгүй байдал зэрэг нь шалтгаан нөхцөл болсон байна.

“...  ” ХХК-ий зүгээс ...  тоот Ү-2205029976 улсын бүртгэлийн дугаартай 31 м.кв орон сууцыг 76 000 000 төгрөгөөр худалдан авч өгсөн баримт хэрэгт авагдсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Ц ээс цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн болохыг тэмдэглэж, шүүгдэгч С.А  ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.        

            2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч С.А   нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.

             Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч С.А  т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, нээлттэй хорих ангид эдлүүлэх санал гаргасан бол шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Бурмаагаас С.А  т хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх санал тус тус гаргасныг дурдах нь зүйтэй.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан ба энэ гэмт хэргийн улмаас хүний амь хохирсон хор уршиг учирсан, уг хор уршиг арилахгүй тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх талаар гаргасан өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

             Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэж тодорхойлсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хорих ял оногдуулах сонгох санкцитай хөнгөн гэмт хэрэгт хамаарна.

            Тус гэмт хэрэгт хорих болох хорихоос өөр төрлийн ял оногдуулахаар хуульчилсан байх бөгөөд шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан хорихоос өөр төрлийн ял болох зорчих эрхийг хягзаарлах ялыг сонгон хэрэглэх, уг ялыг хөнгөрүүлэн оногдуулах нь зохимжтой гэж дүгнэв. 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх энэ хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан байдлаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах ...” гэж тус тус заажээ.

             Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдгийг мөрдөн байцаалтын шатнаас өөрийн хийсэн үйлдлээ, холбогдсон хэргийн зүйлчлэлээ, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг бүгдийг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч С.А  ийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэвэл зохино.

С.А  ийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “Учруулсан хохирол төлсөн”, 1.4 дэх заалтад заасан “Хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ С.А  ийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож харилцаа хандлага, дүгнэлт хийж ухамсарлаж буй байдал, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух тодорхой хаягтай, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж буй барилга дээр ажилладаг гэх хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирол учирсан, хор уршиг нөхөгдөхгүй, арилахгүй гэх шинж чанар, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирол төлсөн, хохирогчийн тодорхой зүй бус үйлдэл гэмт үйлдэгдэхэд нөлөөлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан

С.А  т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялыг 2 сарын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх ажил руу зорчих чиглэлийг тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган хадгалах нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.А   нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.  

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.А  т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6,  36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. С.А ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “... хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.А  т 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.А  т 2 /хоёр/ сарын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх ажил руу зорчих чиглэлийг тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар С.А   нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5 . Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган хавсаргасугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.А   нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.  

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл С.А  т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Г.ХАТАНЦЭЦЭГ