Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1120

 

 

 

 

 

 

 

     2023        08         25                                  2023/ШЦТ/1120

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч Т.Мөнх-Амгалан /томилолт/,

хохирогч Э.Б ,

шүүгдэгч Д.Д  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Д д холбогдох эрүүгийн 2210 01710 1603 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Д.Д  нь 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт бизнесийн зээл бүтээж өгнө, урамшуулал өгөх хэрэгтэй гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж хохирогч Э.Б оос 6 000 000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Д  “Ж.Б-г танилцуулсан. Тухайн үед Б ын саналыг хүлээж авсан. Миний карт хаягдаад хүчингүй болсон байсан. 2020 онд ковид гарсан тул он дамнаад зээл олгогдоогүй. 2022 оноос эхлэн зээл олгож эхэлсэн. Би тэр хүртэл хүлээж байсан. Би тэр мөнгийг төсөл бичих зорилготой авсан. Энэ үйлдэл миний буруу тул гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Б од 3 сая төгрөг төлсөн. Үлдсэн хохирол төлбөрийг энэ сарын 10-ны өдөр өгөх байсан боловч өгч чадаагүй. 3 сая төгрөгийг төлөх боломж надад байгаа. Надад хохирол төлөх боломж олгож өгнө үү” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Б  “2020 онд Д тай уулзаад мөнгө өгөөд 3 сая төгрөг буцааж авсан. 3 сая төгрөг аваагүй байгаа. Ар гэрт гачигдал гарсан. Ээж минь өнгөрсөн жил хагалгаанд орсон. Мөн одоо дахин хагалгаанд орох гэж байгаа тул мөнгөний хэрэг их байгаа. Хохирол төлбөрөө авмаар байна” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хохирогч Э.Б ын “Би 2020 онд бизнесийн чиглэлээр хувийн жижиг дэлгүүр ажиллуулахаар 100-200 сая төгрөгийн зээл хөөцөлдөх гэж банкинд таньдаг хүн байгаа эсэх талаар найз нөхдөөсөө асууж байсан. Тэгээд найз Э   маань энэ хүнтэй холбогдоод үзээрэй гээд 2020 оны 08 дугаар сард Н.Ж ы дугаарыг өгсөн. Баянзүрх дүүргийн жуковын ...  дэлгүүрийн гадаа машин дотор уулзахад Ж  гэх хүн Д  гэдэг хүнтэй хамт ирсэн. Тэгсэн Д  нь би бизнесийн зээлийг чинь гаргаад өгье, мөнгө хэрэг болох байх, надад банкинд нэг том фракц байдаг түүнтэй ярьж тохироод хариу хэлье зохицуулчхаад ярина гэсэн. Тэгээд хэд хоногийн дараа Хан-Уул дүүргийн үйлчилгээний төвийн тэнд машин дотор Д , Ж  нар ирж уулзахдаа Д  нь 2 банк байгаа, ямар ч байсан зөвшөөрсөн гээд зээл гаргах хүнд урамшуулал болгоод 6 000 000 төгрөг өгөх хэрэгтэй байна, зээл бүтсний дараа надад нэмэлтээр мөнгө өгнө шүү гэсэн. Яг хэдэн төгрөг зээл авах талаар хэлээгүй. Тэгээд Хаан банкны ...  тоот Д гийн данс руу 6 000 000 төгрөг шилжүүлсэн. Шилжүүлэхээсээ өмнө зуучилж байгаа гэсэн гэрээ байгуулъя гээд 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээг би өөрөө интернэтээс татаад Ж , Д  нартай байгуулаад найдвартай гэж итгэсэн. Тэгээд Д тай ...  дугаарын утсанд холбогдоод зээл гаргаж өгнө яасан гэхэд удахгүй өнөө маргаашгүй гээд хойшлуулаад байхаар нь сүүлдээ бүтэхгүй болохоор нь мөнгөө авъя гэхэд удахгүй өгнө гээд байдаг. Д  надаас зээлийн материал асууж байгаагүй. Зээл авах материалаа бэлдэж байгаарай гэсэн. Д  хохирлын мөнгөнөөс 1 500 000 төгрөгөөр 2 хувааж 3 000 000 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-20 дахь тал/,

Гэрч М.Ж ы “Би 2020 оны 05 дугаар сард Хан-Уул дүүргийн эмнэлэгт хэвтэж байхдаа Д тай танилцсан. Э.Б  миний таньдаг хүнээс утасны дугаар аваад холбогдож байсан. Д тай надад хандаж би банкинд таньдаг хүнтэй зээл авахаар бол хэлээрэй би тусална шүү, чамайг шагнана гэж хэлсэн. Тэгээд эмнэлгээс гараад танил хүндээ хэлсэн байх. Тэгээд над руу Б  гэх хүн ярьсан. Тэр дороо Д тай холбогдоод хэлэхэд хоёулаа хамт очиж уулзъя гэсэн. Тэгээд бид 3 Баянзүрх дүүргийн тэнд байдаг ...  худалдааны төвийн хажууд хоолны газар уулзаад ярилцсан. Б  худалдах, худалдан авахаар зээл авна, ресторан ажиллуулна 600 сая төгрөг авна гээд Д  тэр 2 ярилцаад байсан. Би тухайн яриаг ойлгоогүй. Б  Сүхбатаар дүүргийн 3 дугаар сургуулийн тэнд байдаг нэг объект үзүүлье гэхээр нь очиж үзээгүй, тэгэхээр нь би Д гаас банкны хүмүүс чинь очиж үздэггүй юм уу гэхэд би үзэж болно гэхээр нь банкны хүмүүс Д гаар зуучлуулдаг гэж ойлгосон. Тэгсэн Б  би энэ объектыг худалдаж авах хүнтэй яриад эргээд хэлье гэсэн. Хэд хоногийн дараа Б  над руу яриад эгчээ та нөгөө хүнээ уулзуулаад өгөөч гэхээр нь чамд дугаар нь байгаа юм чинь яриад уулз, би уулзаж яах вэ дээ гэхэд Б  хамт явъя та бас үзчих гэхээр нь Д , Б  нартай  хамт явсан. Тэгээд өөрсдөө мэдэж байгаа байх гээд нэг их оролцоогүй. Б  Д д 6 000 000 төгрөг өгсөн болохыг мэдэж байгаа. Би Б од зээл гарах үгүй нь тодорхой бус юм чинь ийм их мөнгө өгч яах гэж байгаа юм гэхэд Б  бодож байгаад зээл гаргаж өгөх юм чинь авах л байхдаа гээд зөвшөөрсөн. Б  зүгээр байх аа эгчээ гэж байсан. Би тэр мөнгөнд ямар ч хамааралгүй тэр мөнгөнөөс авсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

Хохирогч Э.Б ын эзэмшлийн Хаан банзны ...  дугаартай данснаас Т.И ын эзэмшлийн  Хаан банкны ...  дугаартай данс руу 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 6 000 000 төгрөгийг “зуучлалын үйлчилгээний 20/01 тоот гэрээ” гэсэн утгатайгаар шилжүүлсэн баримт /хавтаст хэргийн 55 дахь тал/,

Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа /хавтаст хэргийн 77 дахь тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 71 дэх тал/,

Сонгинохайрхан Дүүргийн 27 дугаар хорооны засаг даргын “Д.Д  нь тус хорооны ...  тоот хаягт нөхрийн хамт амьдардаг” гэсэн тодорхойлолт /хавтаст хэргийн 73 дахь тал/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 76 дахь тал/,

Шүүгдэгч Д.Д гаас шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн хохирол төлсөн талаарх 2 хуудас баримт зэрэг болно

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчийг бүрэн хамруулж, шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, яллах, өмгөөлөх талуудын гаргасан дүгнэлт, тайлбар зэргийг харгалзан дараах хууль зүйн дүгнэлтийг хийлээ.

Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Д  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэл, учруулсан хохирлыг хүлээн зөвшөөрсөн байр суурь илэрхийлж оролцсоныг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Д  нь 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт бизнесийн зээл бүтээж өгнө, урамшуулал өгөх хэрэгтэй гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж хохирогч Э.Б оос 6 000 000 төгрөгийг бусдын дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, мөнгө шилжүүлэн авсан баримт зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

Д.Д гийн үйлдэл нь бусдын эд хөрөнгийг шунахайн сэдэлтээр өөртөө хууль бусаар олж авахын тулд худал үг, идэвхтэй үйлдлээр итгүүлэн үнэмшүүлж эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу эд хөрөнгийг шилжүүлэн авах, бодит хохирол учруулсан байх зэрэг залилах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна.

Д.Д  өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр атлаа хүсэж үйлдсэн, уг үйлдлээрээ хохирол хор уршигт зориуд хүргэсэн тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, түүний үйлдлийн улмаас хохирогчид бодит хохирол учирсан, уг үйлдэл, хохирол 2 хоорондоо шууд шалтгаант холбоотой байна гэж дүгнэв.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай тохирсон байна.

Иймд шүүгдэгч Д.Д г “Хуурч, зохиомол байдлыг зариудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн” гэм буруутайд тооцов.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Б од 6 000 000 төгрөгийн хохирол тогтоогдож, 3 000 000 төгрөгийг буцаан төлсөн тул Д.Д гаас үлдсэн 3 000 000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Б олд олгох нь зүйтэй.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Д.Д  нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Д.Д д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах санал гаргасан бол шүүгдэгч Д.Д  торгох ял оногдуулж өгнө үү гэснийг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчөөс долоон зуун хорин цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах сонгох ялын төрөлтэй хөнгөн гэмт хэрэгт хамаарна.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдгийг мөрдөн байцаалтын шатнаас өөрийн хийсэн үйлдлээ, холбогдсон хэргийн зүйлчлэлээ, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг бүгдийг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Д.Д гийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзлээ.

Д.Д гийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Д.Д  нь 69 настай, 55-аас дээш насанд хамаарах тул түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж болохгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлөөгүй, тэтгэврээс өөр орлогогүй байхад торгох ял оногдуулах нь зохимжгүй, иймд зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон оногдуулах нь тохиромжтой юм.

Шүүхээс Д.Д гийн нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, 69 настай, урьд энэ төрлийн гэмт хэрэгт удаа дараа ял шийтгүүлж байсан гэх хувийн байдал, гэмт хэргийн улмаас бага хэмжээнээс дээш хохирол, хор уршиг учирсан, хохирол бүрэн төлөгдөөгүй гэх шинж чанар, шунахайн сэдэлтээр өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал зэргийг харгалзан

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Д д 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Д г 1 жилийн хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар буюу Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэхээр тогтоолоо.

Шүүгдэгч Д.Д  нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй зөрчсөн тохиолдолд зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдвэл зохино.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хулийн хүчин төгөлдөр болох хүртэл Д.Д д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Д.Д г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зариудаараар бий болгон эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар Д.Д д 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар буюу Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 1 /нэг/ жилийн хугацаанд хүлээлгэх нөхцөлөөр эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Д.Д д мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.Д гаас 3 000 000 /гурван сая/ төгрөг гаргуулж хохирогч Э.Б од олгосугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Д  нь цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Д.Д д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ХАТАНЦЭЦЭГ