| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 163/2023/0174/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/177 |
| Огноо | 2023-09-01 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 09 сарын 01 өдөр
Дугаар 2023/ШЦТ/177
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
улсын яллагч М.Сайнзаяа,
шүүгдэгч Л.М******* нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Л.М*******д холбогдох эрүүгийн 2315000000195 дугаартай, 163/2023/0174/Э индекстэй хэргийг 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* овогт *******ийн М*******, ******* аймгийн ******* суманд 1993 оны 09 дүгээр 15-ны өдөр төрсөн, Булган аймгийн ******* сумын 4 дүгээр багийн Шар хоолойн шар чулуут гэх газарт оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Булган аймгийн Рашаан сумын Засаг даргын Тамгын газрын хууль эрх зүйн мэргэжилтэн ажилтай, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг, 30 настай, эрэгтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД: *******.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Л.М******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2315000000195 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Л.М******* нь 2023 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Булган аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг Өвгөнтийн шар толгой гэх газарт байхдаа иргэн Т.Г*******ийн эзэмшлийн ******* улсын дугаартай Toyota Probox загварын тээврийн хэрэгслийг түгжээгүй онгорхой байх үед дотроос нь Төрийн банкны виза карт 1 ширхэг, бэлэн мөнгө 50.000 төгрөгийн хамт хулгайлан авч, улмаар уг виза картыг ашиглаж Булган аймгийн ******* сумын 2 дугаар багийн Бумбат Баянхангай дэлгүүрт байрлуулсан Хаан банкны ATM-ээс 2023 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 100.000 төгрөг, мөн дахин 1.000.000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 1.000.000 төгрөг буюу 2.100.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч, виза картыг үрэгдүүлж нийт 2.157.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- шүүгдэгч Л.М*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ мэдүүлсэн: 2023 оны 07 дугаар сарын 16-ны өдөр манайх Булган аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутагт Өвгөнтийн үзүүр, шар хоолой гэх газарт унага тамгалах найр хийсэн. ...би машинд ороод малгайг хайгаад голын хайрцагт байсан малгайг нь авсан тэгэхэд хажууд нь Г******* ахын Төрийн банкны виза карт байсныг нь авчихсан. Тэгээд Рашаант сумын төв ороод картнаас нь тухайн оройноо 100,000 төгрөг, 1,000,000 төгрөг авсан. Би Г******* ахын Төрийн банкны картанд мөнгө байгаа талаар мэдэж байсан учир нь Г******* ах надад хэлж байсан юм... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дэх тал)-ээс гадна гэмт хэргийн талаарх гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, цагдаагийн газарт гаргасан гомдол (хавтаст хэргийн 1 дэх тал),
- хохирогч Т.Г*******ийн өгсөн: Миний эзэмшлийн Төрийн банкны дугаартай данснаас 2023 оны 07 дугаар сарын 16-наас 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн хооронд 3 удаагийн гүйлгээгээр 2.100.000 төгрөгийг алдсан. Би 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Булган аймгийн ******* сумын Төрийн банк руу ороод хүүхдийн данс руу 100.000 төгрөг шилжүүлэх гээд орж ирээд данснаасаа мөнгө алдсаныг мэдсэн. Миний Төрийн банкны виза карт миний эзэмшлийн Ргоbох загварын тээврийн хэрэгсэл дотор шар өнгийн арьсан түрүүвчинд байсан. Төрийн банкны виза карттай цуг байсан 50.000 төгрөг байхгүй байсан. Тэгээд би цагдаад бичгээр өргөдөл гаргасан юм. Төрийн банкны теллерээр өөрийн эзэмшлийн дансыг хаалгуулсан. М******* нь надаас 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 550.000 төгрөг зээлж байсан. Тухайн үед би Төрийн банкны виза картаа М******* өгч явуулаад данснаасаа 550.000 төгрөг авахуулж байсан юм... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дахь тал),
- Гэрч Н.Тийн өгсөн: Манай нөхөр машинд байсан түрүүвчнээсээ Төрийн банкны виза картаа хулгайд алдаж дансанд нь байсан мөнгөнөөсөө 2.100.000 төгрөг алдсан. Жын гаднаас л машин дотор байсан шар өнгийн арьсан түрийвчнээсээ Төрийн банкны виза карт, бэлнээр 50.000 төгрөг байсныг хулгайд алдсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дахь тал),
- Хаан банкны 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн лавлагаа болон Төрийн банкин дахь Төмөрбатын Г*******ийн эзэмшлийн дугаартай дансны хуулга (хавтаст хэргийн 25-26, 28 дахь тал),
- Төрийн банкны Булган салбарын ******* тооцооны төвийн захирлын “энгийн картыг 5000 төгрөгөөр захиалан авдаг” гэх утга бүхий тодорхойлолт (хавтаст хэргийн 55 дахь тал),
- Төрийн банкны Булган салбарын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 28/472 дугаартай: дугаартай дансны виза карт нь Эко энгийн Т карт/чоно ба тухайн картыг хаяж үрэлдүүлсэн тохиолдолд 7000 төгрөгөөр дахин захиалж болно гэх албан бичиг (хавтаст хэргийн 47 дахь тал)
- АТМ-ын камерний бичлэг бүхий CD-нд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 44-45 дахь тал),
- Булган аймгийн ******* сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 42 дугаартай: Иргэн Ш.Ж нь ам бүл 2, хүү М*******гийн хамт амьдардаг. ...Ш.Ж нь тус сумын 4 дүгээр багийн Өвгөнтийн шар толгой гэх газарт 2023 оны 07 дугаар сарын 05-аас 07 дугаар сарын 21-ний өдрийн хооронд зусаж байсан үнэн болно гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 56 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтууд болон эд мөрийн баримтаар хавсаргагдаж ирсэн бичлэг бүхий 2 ширхэг CD зэргийн агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж, нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судласнаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунайхайн сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авч, эд хөрөнгийг эзэмшилдээ өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо өөртөө үүсгэснээр төгс үйлдэгддэг материаллаг шинжтэй гэмт хэрэг.
Түүнчлэн өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авах идэвхитэй үйлдлээр илрэх ба амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсч үйлддэг шунахай сэдлээр бусдын өмчлөлд халдаж байгаа нийгмийн хор аюул ихтэй гэмт хэрэг юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Л.М******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан ба шүүгдэгч Л.М******* нь хохирогч Т.Г*******ийн эзгүй байдлыг далимдуулан түүний машин дотор байсан Төрийн банкны виза карт, бэлэн 50.000 төгрөгийг түүнд мэдэгдэлгүйгээр сэм, нууц аргаар, хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр авсанаар тухайн картад байгаа мөнгийг өөрийн өмчийн адил захиран зарцуулах бодит боломж бүрдсэн буюу виза картнаас мөнгийг автомат теллерийн машинаас бэлнээр авах боломж бий болсоноор хулгайлах гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдоно.
Иймд шүүгдэгч Л.М*******д холбогдох хэргийг хяналтын прокуророос нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг болно гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй байна.
Тодруулбал, шүүгдэгч нь хохирогч Т.Г*******оос 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 550.000 төгрөгийг зээлж авахдаа түүний Төрийн банкны виза картны нууц дугаарыг авч өөрөө автомат теллерийн машинаас 550.000 төгрөгийг авсан бөгөөд уг виза картад мөнгө байгааг урьдчилан мэдсэн улмаар нууц далд аргаар виза картыг хулгайлан авч, картад байгаа мөнгийг захиран зарцуулах боломжийг өөртөө бий болгосноор хулгайлах гэмт хэрэг төгссөн, шүүгдэгч тодорхой хугацааны дараа давтамжтайгаар картыг ашиглан автомат теллерийн машинаас бэлэн мөнгө авсныг хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлах шаардлагагүй гэж үзэв.
Шүүгдэгч Л.М******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Л.М*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Л.М*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Г*******т виза картнаас 2.100.000 төгрөг, карт захиалгын төлбөрт 7.000 төгрөг, бэлэн байсан 50.000 төгрөг, нийт 2.157.000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч Л.М******* нь гэм хорын хохиролд өмнөх зээлсэн 550.000 төгрөгөө нийлүүлж 3.000.000 төгрөгийг хохирогч Т.Г*******т хүлээлгэн өгснөөр хохирогч нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна.
Иймд шүүгдэгч Л.М*******г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Л.М*******гийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Л.М*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирол төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирлоо төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Л.М******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.М*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Л.М******* нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Т.Г******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ATM-н бичлэг бүхий хоёр ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган хадгалах нь зүйтэй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн М*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М*******г хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Л.М*******г тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэж, хяналт тавихыг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М******* нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг сануулсугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч Л.М******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.М*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч Л.М******* нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ATM-н бичлэг бүхий хоёр ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган хадгалж, хохирогч Т.Г******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүхийн энэхүү шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах ба бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ