Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2025/0803

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Х.А-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн 

 

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг

Илтгэгч шүүгч М.Цэцэгмаа

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Х.А

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Х.А

Хариуцагч Б аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Ж.Е

 

Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Х.А-т сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/** дугаар тушаалыг хүчингүй болгуулах, сахилгын шийтгэл ногдуулсан хугацааны цалингийн зөрүүг гаргуулах тухай

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 110/ШШ2025/0078 дугаар шийдвэр

 

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Х.А

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Е.М

Хариуцагч Б аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Ж.Е

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э

Хэргийн индекс: 110/2025/0058/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Х.А нь Б аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Ж.Е-д холбогдуулан “Б аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Х.А-т сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/** дугаар тушаалыг хүчингүй болгуулах, сахилгын шийтгэл ногдуулсан хугацааны цалингийн зөрүүг гаргуулах”-аар маргасан байна.

2. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 78 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4, 39.1.18, 23 дугаар зүйлийн 23.5, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3, 48.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.А-ын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Ж.Е-д холбогдуулан гаргасан “Б аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Б/** дугаар “Х.А-т сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, сахилгын шийтгэл ногдуулсан хугацааны цалингийн зөрүүг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Х.А дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан.

3.1 “...Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа” нь хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол болон бусад байдал, хуулийн этгээдийг өмчийн хэлбэр, эрх хэмжээгээр нь ялгаварлахгүй эрх тэгш байх зарчимд үндэслэн явагдана гэж заасныг зөрчиж зөвхөн хариуцагчийн талыг баримтлан шийдвэр гаргасан.

3.2 Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн хэм хэмжээг зөрчсөн. Х.А би төрийн жинхэнэ албан хаагч болохын хувьд намайг зөрчил гаргасан гэж байгаа бол үүнтэй холбоотой зөрчлийг илрүүлэх этгээд нь Авлигатай тэмцэх газар биш юм. Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журамд заасны дагуу ажиллагаа хийх нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны акт нь зорилгодоо нийцсэн байх, хууль ёсны итгэлцлийг хамгаалах хуулийн зарчимд үндэслэгдсэн байна гэж үзнэ. Авлигатай тэмцэх газрын мөрдөгчөөс хэдийгээр өөрийн эрх хэмжээний хүрээнд намайг зөрчил гаргасан байж болзошгүй талаарх албан шаардлагыг хүргүүлэх эрхтэй хэдий ч дээрх журамд заасны дагуу аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас албан шаардлагатай холбоотойгоор миний зөрчлийг шалган тогтоох эрхтэй бөгөөд үүрэгтэй юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дурдсанчлан албан шаардлагын тухай надад мэдэгдээгүй бөгөөд надаас тайлбар авах ажиллагаа явуулаагүй болно.

3.3 Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй учраас Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн шалгасан хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн хэдийгээр өөрийн эрх хэмжээний хүрээнд намайг зөрчил гаргасан байж болзошгүй талаарх дүгнэлтийн дагуу гаргасан надад Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтаар хариуцлага тооцох зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж шүүгчийн зүгээс үзэж байгаа нь өөрөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын дагуу явагдаагүй. Нотлох баримтыг үнэлэхдээ “Барилгын лабораторийн шинжээч”-ийн албан тушаалын тодорхойлолтыг боловсруулахдаа намайг зөрчил гаргасан гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй. Барилгын лабораторийн шинжээч нь Барилга хот байгуулалтын хэлтсийн бүтэц дотор бичигдсэн байгаа боловч уг лабораторийн үйл ажиллагаа нь Барилга хот байгуулалтын хэлтсээс хараат бус бөгөөд Барилга хот байгуулалтын сайдын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/*** тоот тушаалаар баталсан “Барилгын материалын туршилт, шинжилгээ судалгааны ажил эрхлэх нэгдсэн лабораторийн дүрэм”-ээр зохицуулагдана. Албан тушаалын тодорхойлолтын мэргэжил хэсэгт Х.А, М.Г нар мэргэжлийн индекс болон бусад өөрчлөлтүүдийг бичсэн байгаа учраас намайг буруутгах үндэслэлгүй.   

3.4 Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 78 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.

 2. Дараах үндэслэлээр нэхэмжлэгч Х.А-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

          Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтаас үзэхэд;

          3. Газар зохион байгуулалтын, геодези зураг зүйн газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/** дугаар тушаалаар аймаг, нийслэл дэх Мэргэжлийн хяналтын байгууллагыг татан буулгаж, чиг үүрэг, орон тоог шилжүүлэн баталж, хоёрдугаар хавсралтаар Б аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан тушаалын ангилал, зэрэглэл, жагсаалтыг шинэчлэн баталсан ба Барилга, хот байгуулалтын хэлтэст “Барилгын лабораторийн шинжээч” албан тушаал, гүйцэтгэх ангилал, ТҮ-6 зэрэглэл, 1 орон тоог баталжээ.

          4. Б аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/** дугаар тушаалаар “Барилгын лабораторийн шинжээч”-ийн албан тушаалын тодорхойлолт боловсруулах Ажлын хэсгийн ахлагчаар Барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга Х.А, гишүүдээр Барилгын материалын үйлдвэрлэл, лабораторийн асуудал хариуцсан мэргэжилтэн М.Г, Захиргаа, хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн Х.А нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан байна.

          5. Ажлын хэсэг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хуралдаж, “Барилгын лабораторийн шинжээч”-ийн албан тушаалын тодорхойлолтын төсөлд ...Барилга хот байгуулалтын хэлтэс, “Албан тушаалын ангилал, зэрэглэл” (ТҮМ-4), “Албан тушаалд тавигдах тусгай шаардлага”-ын мэргэжил (Барилгын инженерчлэл ******), (Барилгын бүтэц эдлэлийн технологи ******), (Барилын материалын үйлдвэрлэлийн технологи), Ажлын хэсгийн ахлагч баталгаажуулах, ...гэж тусган боловсруулж байжээ.

           6. Гэтэл Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн ** дугаар албан бичгээр хүргүүлсэн, “Барилгын лабораторийн шинжээч”-ийн албан тушаалын тодорхойлолт нь 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Ажлын хэсгийн боловсруулснаас өөрөөр буюу “...”Албан тушаалын ангилал, зэрэглэл” (ТҮ-6), “Албан тушаалд тавигдах тусгай шаардлага”-ын мэргэжил (Барилгын техник технологи ******), (Барилгын бүтэц эдлэлийн технологи ******), (Барилын материалын үйлдвэрлэлийн технологи ******) гэж тусгаж, Захиргаа, хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Х.А баталгаажуулж, Газрын дарга Ж.Е баталсан...” тодорхойлолт хүргэгдсэн болохыг (тухайн өдөр) Ажлын хэсгийн гишүүн М.Г мэдэж, уг тодорхойлолтыг буцаан авч Ажлын хэсгийн боловсруулсны дагуу зөвтгөн дахин хүргүүлсэн, түүний дагуу сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалт явагдсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон.

          7. Нэхэмжлэгч Х.А-аас Төрийн албаны зөвлөлд (2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн огноотой) “...Барилгын лабораторийн шинжээчийн албан тушаалын тодорхойлолтыг боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд томилогдсон Хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Х.А нь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын албан хаагчидтай хуйвалдан Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төрийн албан хаагчийн албаны үйл ажиллагаанд баримтлах ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн...” гэх агуулга бүхий гомдол гаргасныг Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн “Харьяаллын дагуу гомдол шилжүүлэх тухай” 04/*** дугаар албан бичгээр Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст гомдлыг шилжүүлжээ.

          8. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Ц.Ц мөрдөн шалгах ажиллагаа явуулаад “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” мөрдөгчийн саналыг хүргүүлж, Б аймгийн Прокурорын газрын прокурорын 2025 оны 06 дугаар сарын 03-ны “Хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай” *** дүгээр тогтоолд “...давуу байдал бий болгох зорилгоор өөрчилсөн хэсгийн засварлан хүргүүлэн сул орон тооны зарыг явуулсан бөгөөд ...жагсаалтын 1-д шалгарсан иргэн М.Ж Барилгын лабораторийн шинжээчээр ...ажиллаж байгаа, ... хүү А.А-т давуу байдал бий болгосон нөхцөл байдал үүсээгүй байх тул Х.А-ын уг үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй, ...нөхцөл байдал тогтоогдож байна” гэж дурджээ.

          9. Харин Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 06/**** дугаар албан бичгээр “...хэлтсийн дарга Х.А-ын ...үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар, 39 дүгээр зүйлийг зөрчсөн гэж үзэхээр байна. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцлага тооцох эсэхийг шийдвэрлэн хариу ирүүлнэ үү” гэж Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Ж.Е-д хүргүүлсэн.

          10. Ингээд хариуцагч Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Х.А-т сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/** дугаар тушаалаар Авлигатай тэмцэх газрын ирүүлсэн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 06/**** дугаар албан тоотын дагуу Барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга Х.А-т албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулж шийдвэрлэжээ.

Хууль, эрх зүйн зохицуулалтын хувьд;

11. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “албан тушаалын тодорхойлолт гэж тухайн албан тушаалын чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх албан хаагчид тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварын шаардлагыг баталгаажуулсан баримт бичгийг”, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам”-ын Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журмын 1.1-д “Энэ журмын зорилго нь төрийн албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын тодорхойлолтыг боловсруулах, хянах, зөвшөөрөл өгөх, батлахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 6.4-д “Албан тушаалын тодорхойлолтыг боловсруулахдаа тодорхой этгээдэд зориулах, жендерийн ялгаварлал гаргах, хөгжлийн бэрхшээлтэй  иргэдийн эрхийг зөрчих, зориудаар бодит бус мэдээлэлд үндэслэн боловсруулж болохгүй” гэж тус тус хуульчилж, журамласан байна.

12. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, эрх бүхий этгээд нь албан тушаалын тодорхойлолтыг боловсруулахдаа албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах, зориудаар буюу хэн нэгэнд давуу байдал үүсгэх, тодорхой этгээдэд зориулж албан тушаалд тавигдах тусгай нөхцөл, шаардлагыг боловсруулах, батлах зэргийг хууль тогтоомжоор хориглосон байна.

13. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 06/**** дугаар албан бичгээр “...хэлтсийн дарга Х.А нь уг албан тушаалын сонгон шалгаруулалтад өөрийн хүү А.А-ийг оруулан, ажиллах боломжийг бүрдүүлэх зорилгоор албан тушаалын зэрэглэл, мэргэжил, харилцах субъект, боловсруулсан хэсгийг өөрчлөн батлуулсан үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар, 39 дүгээр зүйлийг зөрчсөн гэж үзэхээр байна. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцлага тооцох эсэхийг шийдвэрлэн хариу ирүүлнэ үү” гэж хариуцагчид ирүүлсэн.

14. Улмаар хариуцагчаас маргаж буй 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Б/** дугаар тушаалаар Барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга Х.А-т албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь хуульд нийцсэн байна.

15. Тодруулбал, нэхэмжлэгч Х.А-ын Төрийн албаны зөвлөлд гаргасан гомдлын дагуу Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааг явуулсан, мөн Ба аймгийн Прокурорын газрын 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн *** дүгээр прокурорын тогтоолоор “...Х.А-ын уг үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй, ...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдож байна” гэж үзэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан байх боловч анхан шатны шүүхийн “...зөрчилтэй албан тушаалын тодорхойлолтыг үндэслэн сул орон тооны сонгон шалгаруулалт явагдаагүй, үр дагавар үүсээгүй боловч энэ нь нэхэмжлэгчийн өөрийн хүсэл зоригоос хамаараагүй, өөрөө сайн дураар буцаан авч зөвтгөөгүй, ажлын хэсгийн 2 гишүүний санаачилгаар алдаа, зөрчлийг тухайн үед илрүүлэн холбогдох байгууллагад зөвтгөж хүргүүлсэн гэж үзнэ” гэсэн дүгнэсэн нь үндэслэл бүхий байна.

16. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Төрийн албан хаагч дараах нийтлэг үүрэг хүлээнэ”, 37.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 39 дүгээр зүйлийн 39.1-д “Төрийн албан хаагч хуульд зааснаас гадна дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 39.1.2-д “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.4-д “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн бусдыг аливаа хэлбэрээр хавчин гадуурхах, ...” гэж заасан.

17. Энэ тохиолдолд “Барилгын лабораторийн шинжээч”-ийн албан тушаалын тодорхойлолт боловсруулах Ажлын хэсгийн ахлагч буюу Барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга Х.А нь уг сул орон тоонд өөрийн хүү А.А-ийг авч ажиллуулах зорилгоор тухайн албан тушаалд тавигдах тусгай нөхцөл, шаардлагууд, холбогдох заалтуудад өөрчлөлт оруулан албан тушаалын тодорхойлолтыг батлуулсан үйлдэл нь ноцтой зөрчил бөгөөд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан гэж үзнэ.

18. Нэхэмжлэгчийн гаргасан “...зөрчлийг илрүүлэх этгээд нь Авлигатай тэмцэх газар биш юм. Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журамд заасны дагуу ажиллагаа хийх, ...Авлигатай тэмцэх газрын мөрдөгчөөс хэдийгээр өөрийн эрх хэмжээний хүрээнд намайг зөрчил гаргасан байж болзошгүй талаарх албан шаардлагыг хүргүүлэх эрхтэй хэдий ч дээрх журамд заасны дагуу аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас албан шаардлагатай холбоотойгоор миний зөрчлийг шалган тогтоох эрхтэй бөгөөд үүрэгтэй юм” гэх гомдлыг хүлээн авахгүй.

          19. Энэ талаарх анхан шатны шүүхийн “...Авлигатай тэмцэх газраас зөрчлийг шалгах явцад нэхэмжлэгчээс өөрөөс нь тайлбар, мэдүүлэг авсан, бусад нотлох баримтуудыг цуглуулах замаар зөрчлийг шалгаж тогтоосон энэ тохиолдолд хариуцагчаас нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулахдаа Захиргааны ерөнхий хууль болон ...журмын дагуу тайлбар авах, санал гаргах боломж олгох, ... ажиллагаануудыг зайлшгүй хийх шаардлагатай гэж үзэхгүй” гэх дүгнэлт үндэслэлтэй.

          20. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Х.А-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 78 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Х.А-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.А-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                            ШҮҮГЧ                                           Г.БИЛГҮҮН

                            ШҮҮГЧ                                           А.САРАНГЭРЭЛ

                         ШҮҮГЧ                                            М.ЦЭЦЭГМАА