Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 1261

 

 

Д.У-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШЗ2018/00810 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.У-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Т” ХХК-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл 141 хоногийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5 465 442 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын цалин болох 393 559 төгрөгийг олголгүй хугацаа хэтрүүлсэн 57 хоногийн 0,3 хувийн алданги 67 299 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны дутуу олгогдсон цалин 314 936 төгрөгийг тус тус гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл ажилгүй байсан хугацаанд нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О,  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т,

Хариуцагчийн өмгөөлөгч Л.З,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компанид Д.У нь 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр гадаад харилцаа хариуцсан мэргэжилтнээр ажилд орсон. Захиргааны зүгээс түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажилд авсан тухай тушаал гаргаагүй. Сүүлд нь нөхөж гаргасан гэж Д.О захирал хэлж байсан. Өнгөрсөн хугацаанд би ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байсан. Захиргааны зүгээс түүнд хөдөлмөрийн сахилга бат зөрчсөн гэж сахилгын арга хэмжээ авч байгаагүйг хамт ажиллаж байсан хүмүүс мэднэ. 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар их дэлгүүрийн оффисын өрөөнд гүйцэтгэх захирал Д.О, бүтээгдэхүүн хариуцсан менежер Т.Э, гоо сайханч С.С нар болон намайг оролцуулан Г.Б захирал хурал хийсэн. Уг хурал дээр би өгч байгаа үүрэг даалгаврыг тэмдэглээд сууж байтал гэнэт Г.Б захирал над руу хандаж чанга дуугаар “чи нүүрэндээ ямар тос түрхдэг вэ, чийгшүүлэгчтэй тос түрхдэг үү” гэхэд нь би сандраад “үгүй гэж хэлснээ, тийм чийгшүүлэгчтэйг нь түрхдэг юм байна” гэж хэлтэл тэр маш их уурлан “чи 40 хүрлээ, тэнэг юм уу, хаашаа юм” гэж хашгирч хэл амаар дорожилсон. Энэ үед Д.О захирал над руу хандан чамайг ажлаас халлаа, чи одоо яв гэсэн учир би явсан. Хагас, бүтэн сайн өдөр би халуураад нэг дэх өдөр нь арай ч намайг ажлаас халаагүй байх, уурандаа захирлууд намайг халсан гэж хэлсэн байх гэж бодоод эрүүл мэндийн даатгалын дэвтрээ авъя, эмнэлэгт үзүүлье гээд Д.О захирлын 9906-1202 утас руу залгатал ...чи ирж тойрохоо зуруулж, ажлаа хүлээлгэн өг. Ажлаа хүлээлгэн өгсний чинь дараа чиний бичиг баримт, ажлаас халсан тушаалыг чинь өгнө гэсэн. Намайг ажлаа хүлээлгэн өг, тойрох хуудас зуруул, чамайг халсан гэж хэлээд ажил хийх ямар ч боломжгүй болгосон. Анх тус компанид ажилд орсны дараа ажилчид нь манайд удаан хугацаагаар ажиллаж байгаа хүн их цөөн, ихэвчлэн 1-3 сар ажиллаад ажлаасаа халагддаг гэж ярьж байсан. Иймд “Т” ХХК-ийн гадаад харилцаа хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал ажилгүй байгаа 141 хоногт урд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 5 465 442 төгрөг, 2017 оны 9 сарын цалин болох 393 559 төгрөгийг олголгүй хугацаа хэтрүүлсэн 57 хоногийн 0,3 хувийн алданги 67 299 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүртэлх хугацааны дутуу олгогдсон цалин 314 936 төгрөг, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл ажилгүй байсан хугацаанд нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.У нь 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр №Б/49 тоот гүйцэтгэх захирлын тушаалаар 3 сарын туршилтын хугацаатайгаар ажилд томилогдсон улмаар туршилтын хугацаа дуусахтай зэрэгцээд 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 25-ны хүртэл хугацаанд цалингүй чөлөө авсан. Ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.1-т заасан туршилтын хугацааны ажлын үр дүнг дүгнэх, цаашид хөдөлмөрийн харилцааг үргэлжлүүлэх эсэх тухай шийдвэрлэхэд ажилтны өөрийнх нь хүсэлтийг үндэслэн удирдах албан тушаалтнуудын хурлаар шийдвэрлэх гэсэн боловч ажилтан өөрөө байгаагүй ажиллах тухай хүсэлгүй тул шийдвэрлэх боломжгүй байдал бүрдсэн. Д.У нь 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдөр ажилдаа орсон бөгөөд энэ хугацаанд компаний ажлын ачаалал, ажилтны өөрийн хүсэлт зэргээс шалтгаалж хөдөлмөрийн гэрээ байгуулах нөхцөл боломж бүрдээгүй. Өнөөдрийн байдлаар компаний зүгээс Д.У-ийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн аливаа тушаал, дарамт шахалт, нэхэмжлэлд дурдсан зүй бус бүдүүлгээр доромжилсон үйл явдал болоогүй.

Д.У-г ажлаас халаагүй, тушаал гаргаагүй, 9 дүгээр сарын 15-ны хурал дээр ажлаас халсан үйл ажиллагаа болоогүй, өөрөө ажилдаа ирээгүй атлаа бусдыг буруутган сүүлдээ ажлаас халсан мэтээр зохиомол үйл явдал бий болгож байна. Д.У-ийн эрхэлдэг гадаад харилцааны мэргэжилтний ажлын байр нь өнөөдрийг хүртэл хэвээр хадгалагдаж байгаа болно. Ажлаас халаагүй учир ажилгүй байсан хугацааны олговор олгох үндэслэлгүй. 9 дүгээр сарын цалинг байгууллага шилжүүлж олгосон, дутуу олгогдсон цалингийн маргааныг хөдөлмөрийн хуульд зааснаар Хөдөлмөрийн маргаан таслах комиссоор шийдвэрлүүлэх ёстой, гомдол гаргах хугацаа хэтэрсэн. Нэхэмжлэгч өөрийн сарын цалинг Ц.Мөнгөнтуяагийн гаргасан тодорхойлолтыг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Ц.Мөнгөнтуяа байгууллагыг төлөөлж тодорхойлолт гаргах эрхгүй этгээд учир энэ тодорхойлолт цалингийн хэмжээг тогтоосон тодорхойлолт биш. Манай гаргаж өгсөн цалингийн тайлангуудаар Д.У-ийн цагийн цалингийн хэмжээг 4 400 төгрөг гэж тооцсон. Д.У нь 9 сараас хойш одоо хүртэл ажилдаа ирэхгүй байгаа, ажлын байр нь хэвээрээ байгаа. Иймд нэхэмжлэгчийн гаргасан шаардлагууд нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1., 141 дүгээр 141.4.-т заасныг үндэслэн Д.У-г Т ХХК-ийн гадаад харилцааны мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт Т ХХК-иас 5 139 200 төгрөгийг гаргуулж Д.У-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын цалин хугацаанд нь олгоогүй алданги 67 299 төгрөг, дутуу олгосон цалин 314 936 төгрөг тус тус гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Д.У-ийн болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Т ХХК-ийн гүйцэтгэх захирал болон нягтлан бодогчид даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 71.1., 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэл тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103 812 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, тэмдэгтийн хураамжид хариуцагч Т ХХК-иас 97 177 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Д.У-ийн ээж Ж.С нь ажлаас халсан гэх шийдвэрийг охин Д.У-ийн амнаас сонссон гэх дам эх сурвалжаас үйл баримтыг шүүхэд мэдүүлж байгааг шүүх анхаарч үзээгүй, Д.О ажлаас халсан тухай утсаар ярьсан гэх үйл баримт нь Д.Одонтуяагийн мэргэжлийн хяналтын зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэхэд мэдүүлсэн мэдүүлгээр няцаагдаж байна. Д.У-г ажлын байраа дур мэдэн орхиж явсантай холбоотой н.Эрдэнэцэцэгийг гадаад харилцааны менежерийг хавсран гүйцэтгэх тухай тушаал түүнд олгосон цалингийн нэмэгдэл тус тус материалаар Д.У-ийн хөдөлмөрлөх эрхийг “Т” ХХК зөрчөөгүй болохыг тус тус нотлох юм. Нэхэмжлэгч нь 70 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин  хөлс шаардсан. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж 141 хоногоор шаардсан. Нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг шүүх хүлээн авахаас татгалзсан атлаа 146 хоногоор ажилгүй байсан цалин хөлсийг олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан үндэслэл, шаардлага болоод мөн хуулийн 66 дугаар зүйлд заасан иргэний хэрэг үүссэн захирамжийн хүрээнд зохигчдын мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй, нэхэмжлэлийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулаагүй гэж үзэж байна. 2017 оны 9 дүгээр сарын эхний 12 хоногийн цалинд 477 232 төгрөг, хугацаа хэтрүүлсэн 56 хоногийн алдангид 80 175 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд дутуу олгосон цалинд 335 652 төгрөг гаргуулах тухай шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд заасан шүүхэд харъяалах маргаан биш бөгөөд энэхүү үйл баримттай холбоотой зөрчлийн хэргээр хянан шийдвэрлэсэн үйл баримт байгаа болно. Иймд хэрэгт цугларсан нотлох баримт, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Д.У нь хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл 141 хоногийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5 465 442 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын цалин болох 393 559 төгрөгийг олголгүй хугацаа хэтрүүлсэн 57 хоногийн 0,3 хувийн алданги 67 299 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны дутуу олгогдсон цалин 314 936 төгрөгийг тус тус гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл ажилгүй байсан хугацаанд нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч Д.У-г ажлаас халаагүй, ажлаас халсан тушаал гаргаагүй тул ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор олгох үндэслэлгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Д.У нь хариуцагч “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирлын Б/49 тоот тушаалаар тус компанийн гадаад харилцааны мэргэжилтний албан тушаалд 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн 3 сарын туршилтын хугацаанд ажиллаж байсан үйл баримт хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдсон байна.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШЗ2017/13686 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй гэсэн үндэслэлээр Д.У-ийн гаргасан “Т” ХХК-ийн ерөнхий захирал Ганзоригийн Баттүшиг, гүйцэтгэх захирал Доржнямын Одонтуяа нарт холбогдох, “Т” ХХК-ийн гадаад харилцааны менежер ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3 279 464 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын эхний 12 хоногийн цалинд 433 400 төгрөгийг хугацаа хэтрүүлсэн 29 хоногийн алданги тус тус гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ.

 

Мөн нэхэмжлэгч Д.У нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гомдол гаргасны дагуу шалгаж тус хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Э.Билгүүн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1709000665 дугаар зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7-д заасан үндэслэлээр зөрчлийн хэрэг нээсэн “Т" богдох 1709000665 дугаартай хэргийг Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.                                                                                              /хх-92 дахь тал/

 

            Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдлыг шүүх хянан шийдвэрлэхээр заажээ.

 

            Дээрх Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШЗ2017/13686 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжийг хэзээ гардаж авсан талаар давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тодруулж асуухад “2017 оны 10 дугаар сарын 18, 19-ний өдөр хүлээж авсан” гэсэн тайлбарыг гаргаснаас үзэхэд нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэлээ хуульд заасан хугацааны дотор буюу 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гаргах байжээ.

 

            Гэтэл нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэлээ 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг ханган, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн тул Д.У-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШЗ2018/00810 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул ажилд эгүүлэн тогтоолгох, 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл 141 хоногийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5 465 442 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын цалин болох 393 559 төгрөгийг олголгүй хугацаа хэтрүүлсэн 57 хоногийн 0,3 хувийн алданги 67 299 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны дутуу олгогдсон цалин 314 936 төгрөгийг тус тус гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл ажилгүй байсан хугацаанд нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай Д.У-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Т” ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     М.НАРАНЦЭЦЭГ

 

     ШҮҮГЧИД                                      С.ЭНХТӨР

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ