Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2022/00708

 

                                    “ **** ****” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                 иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 181/Ш1Х12020/00510 дугаар шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1036 дугаар магадлалтай, 

“ **** ****” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

****д холбогдох 

1,546,904,110 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй, 2,089,969,091 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэцогтийн гаргасан гомдлоор 

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэцогт, Б.Баяржаргал, өмгөөлөгч Ж.Батзоригт, Б.Баатарсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганзориг, өмгөөлөгч Л.Отгондорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1.  **** **** ХХК нь ****д холбогдуулан гэрээний үлдэгдэл төлбөр, ажлын хөлсний зөрүү, алданги, барьцаа, магадлашгүй ажлын зардалд нийт 1,549,904,110 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч марган, гүйцэтгээгүй ажлын зардал, ажлын доголдлыг арилгахад гарах зардал, алданги, хохирол нийт 2,089,696,091 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ. 

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2020/00510 дугаар шийдвэрээрИргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 355 дугаар зүйлийн 355.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Болормаагаас 918,839,205 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч  **** **** ХХК-д олгож, нэхэмжлэлээс 631,064,905 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 355 дугаар зүйлийн 355.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Болормаагийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,154,316 төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,025,233 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ****гаас 4,752,146 төгрөгийг гаргуулж  **** **** ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 56 дугаар зүйлийн 56.1-дзаасныг баримтлан хариуцагч ****гаас шинжээчийн ажлын хөлс 5,430,000 төгрөгийг гаргуулж, 3,080,000 төгрөгийг Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын 100900005409 тоот дансанд, 2,350,000 төгрөгийг Барилгын төсөвчдийн холбооны Бэсгэ ХХК-ийн Улаанбаатар хотын банкны 2611037182 дансанд оруулахааршийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1036 дугаар магадлалаарСүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2020/00510 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,200,627 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна. 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэцогтхяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...магадлалыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6, 172 дугаар зүйлийн 172.1-д тус тус заасныг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргаж байна. Хариуцагч **** нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа “Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.4-д ажил гүйцэтгэгч төсөв зохиохдоо үндэслэлгүй өндөр үнэлгээ тогтоосон бол захиалагч хөлс төлөхөөс татгалзах эрхтэй гэж заасан. Барилгын төсөвчдийн холбоо 3,102,739,119 төгрөг, төсөвчин Г.Пэлээсүрэн 2,665,332,146 төгрөг гэж барилгын гүйцэтгэлийн нийт төсвийг гаргасан” гэж маргасан. Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.4-т заасан ажлын төсвийг үндэслэлгүй зохиосонтой холбоотойгоор хөлс төлөхөөс татгалзах захиалагчийн эрх нь талууд гэрээгээр тохирсон ажлыг хийж гүйцэтгэх үнийг урьдчилан тооцоолох боломжгүй тохиолдолд ажлыг гүйцэтгэх явцдаа тухай бүр төсөв батлах замаар үнэ хөлсийг тооцоолж байгаа үед хэрэгжүүлэх эрх юм. Гэтэл хариуцагч **** нь “ **** ****” ХХК-ийн урьдчилан тооцсон үнийн саналыг хүлээн зөвшөөрч, гүйцэтгэх ажлын үнийг гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу гэрээгээр урьдчилан тохирсон тул тэрээр Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.4-т заасан эрхийг хэрэгжүүлж, гэрээний тал биш гуравдагч этгээдийн гаргасан тооцооллыг үндэслэн “ **** ****” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөхөөс татгалзах эрхгүй. Түүнчлэн хариуцагч нь барилгын ажил гүйцэд бус гэсэн үндэслэлээр үлдэгдэл төлбөрийг төлөхөөс татгалзаж байгаа хэрнээ 2016.09.12-ны өдөр маргаан бүхий барилгыг “Монгол таг” ХХК-д “Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ”-ний үндсэн дээр шилжүүлсэн байдаг бөгөөд ийнхүү шилжүүлснийхээ дараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль зүйн үндэслэлгүй сөрөг нэхэмжлэл гаргасан. Өөрөөр хэлбэл **** нь өмчлөх эрхээ бусдад шилжүүлснээр ажлын үр дүнг хүлээн зөвшөөрч, хөрөнгийг захиран зарцуулсанд тооцогдох тул тэрээр гэрээгээр тохирсон хөлсийг төлөх үүрэгтэй бөгөөд гуравдагч этгээдийн өмчлөлд шилжүүлсэн хөрөнгө доголдолтой эсэх талаар шаардлага гаргах болон шинжээч томилж дүгнэлт гаргуулах эрхгүй этгээд юм.” гэжээ. 

ХЯНАВАЛ: 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэцогтын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

6. Анхан шатны шүүх хариуцагч Г.Болормаагаас 918,839,205 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ **** ****” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 631,064,905 төгрөгийн шаардлагыг болон хариуцагч Г.Болормаагийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасан байна. 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5- д зааснаар анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзвэл давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах үүрэгтэй. 

8. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн, нотлох баримтыг шүүх дутуубүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэж дүгнэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

Тодруулбал:

9. Анхан шатны шүүх хариуцагчийн шинжээч томилуулах тухай хүсэлтүүдийг шинжээчид тавьж буй асуултууд талуудын маргааны зүйл, шинжээчийн тусгай мэдлэг шаардсан асуудалд хамааралгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь буруу, зохигчийн хоорондох маргаантай асуудлаар мэргэжлийн тусгай мэдлэг шаардагдах талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ. 

Учир нь нэхэмжлэгч “ **** ****” ХХК-аас 219,672,456 төгрөгийн өрлөгийн ажил хийж гүйцэтгэсэн, гүйцэтгээгүй өрлөгийн ажилд 300,327,544 төгрөгийг хасаж нэхэмжилнэ гэсэн боловч хариуцагч **** нь өрлөгийн ажлыг нэхэмжлэгч дутуу хийсэн гэж үзэж, бусдаар хийж гүйцэтгүүлэхэд гарах зардалд 468,000,000 төгрөг гаргуулахаар сөрөг шаардлага гаргасан байна. Анхан шатны шүүх ажлын хөлснөөс өрлөгийн ажлын зардал 300,327,544 төгрөгийг хасаж тооцохдоо талуудын байгуулсан гэрээний заалтыг буруу тайлбарлаж, ямар нотлох баримтад үндэслэсэн нь тодорхой бус байна. 

Давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн шинжээч томилуулах хүсэлт нь хууль зөрчөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6- д заасан хуулиар олгогдсон эрхээ эдлэхээр хүсэлт гаргасан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. 

Хэрэгт байгаа баримтын хүрээнд “ **** ****” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын хэмжээг анхан шатны шүүх ямар баримтад тулгуурлан дүгнэсэн нь шүүхийн шийдвэрт тусгагдаагүй байна. 

10. Талуудын байгуулсан гэрээний 2.1-д “барилгыг зураг төслийн дагуу, Монгол Улсад мөрдөгдөж байгаа барилгын норм, дүрэмд зааснаар төмөр бетон, карказан хавтгай дээвэртэй барилгыг барьж гүйцэтгэх” гэж тохиролцсон байна. Хариуцагч ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэсэн ажлын хэмжээ, үр дүнгийн талаар маргасан бөгөөд ажил гүйцэтгэх явцад барилгын арматур төмөр шаардлага хангаагүй талаар зохигчид хэн алиндаа албан бичиг хүргүүлж байжээ. 

Анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 10135 дугаар шүүгчийн захирамжаар томилогдсон Барилгын төсөвчдийн холбооны шинжээч Ж.Гомбо нь цаг агаарын байдлаас шалтгаалж барилгад үл эвдэх аргаар шинжилгээ хийж чадаагүй, барилгыг цаашид ашиглалтад авахад аюулгүй ажиллахад боломжтой эсэх талаар бие даан дүгнэлт гаргах эрхгүй гэсэн байна.

10.1. Зохигчийн маргаантай байгаа асуудлаар гаргасан шинжээч Ж.Гомбын дүгнэлт эргэлзээтэй байхад анхан шатны шүүх Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Шинжээчийн дүгнэлт, эсхүл түүний зарим хэсэг үндэслэлгүй буюу үнэн зөв болох нь эргэлзээтэй байвал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, захирамж, хүсэлтээр дахин шинжилгээ хийнэ" гэж заасны дагуу хариуцагчийн хүсэлтээр дахин шинжилгээ хийлгэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэснийг буруутгах хуулийн үндэслэлгүй. 

Энэ нь давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хэрэгжүүлсэн гэж үзнэ. 

11. Хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хэмжээнд хэргийн үйл баримтын талаар дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэцогтын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1036 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэцогтын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг үндэслэн нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,752,147 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.БАНЗРАГЧ

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Г.АЛТАНЧИМЭГ

                                                ШҮҮГЧИД                                   П.ЗОЛЗАЯА

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД