Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2020/00981

 

 

 

 

 

 

 

2020           03          24                                         101/ШШ2020/00981

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа даргалж, шүүгч Д.Батцэцэг, Н.Сарангүн нарын бүрэлдэхүүнтэй, 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, дүгээр хороо, Ц-ийн тоотод оршин суух, РД:, Б овогт Н-ийн Н-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг дугаар хороо, Амины орон сууц гудамжны тоот хаягт оршин суух, РД:, Б овогтой Б-ийн Э-д холбогдох

Гэм  хорын хохиролд 1.647.710 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, иргэдийн төлөөлөгч Ц.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ш нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь “Toyota Prius” маркийн 0000 УНЦ дугаартай суудлын автомашинаар 2019-12-13-ны өдрийн 10 цаг 40 минутын үед Чингэлтэй дүүргийн 04-р хороо Соёл урлагийн их сургуулийн урд дөрвөн замын уулзвар дээр зогсож байхад “К.Бонго” маркийн 0000 УБД улсын дугаартай автомашины жолооч Б.Э хоёр удаа хүчтэй мөргөсний улмаас тархи доргиж, нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон. Түүний буруутай үйлдлийн улмаас миний эрүүл мэнд, сэтгэл санаа өөрийн эзэмшлийн автомашинд ихээхэн хэмжээний хохирол учирсан. Би хувиараа таксины үйлчилгээ үзүүлж өдөрт 40000-50000 төгрөгийн орлого олдог.

Иймд хариуцагч Б.Э-с автомашины төлбөртэй зогсоол /7000х30/ 210.000 төгрөг, эмнэлэг болон цагдаагийн хэлтэс ороход гарсан зардал 79210 төгрөг, бичиг баримт баталгаажуулсны төлбөр 8500 төгрөг, осол болсноос хойш 2019-12-13-наас 2020-01-14-ний өдрийг хүртэлх хугацаанд олох байсан орлого 30 хоногийн /1 хоногт 45000 төгрөг/ 1.350.000 төгрөг, нийт 1.647.710 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлд дурдагдсанаар 2019-12-13-ны өдөр миний зүгээс анхаарал алдан Н.Н-ын автомашины хойд хэсгийг мөргөсөн ба уг асуудлыг Чингэлтэй дүүргийн тээврийн цагдаагийн хэлтэст хянан шалгаж зөрчлийн хэрэг нээн автомашины хохиролд 1.155.000 төгрөг, эмчилгээ болон бусад зардал 327.210 төгрөгний төлбөрийг 2020 оны 01-р сард бүрэн төлж барагдуулж хохиролгүй болгосон. Иймд 1.647.710 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Э нь  С С ХХК-д жолоочоор ажиллаж байхдаа 2019-12-13-ны өдөр 0000 УБД улсын дугаартай “Kia Bongo” тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн осол гаргасан дээр маргахгүй. Компаниас хохирол 1.403.000 төгрөгийг 2020-01-14-ний өдөр шилжүүлж төлсөн болох нь Н.Н-ын сая шүүх хуралдаанд гаргаж өгсөн ХААН банкны 000 тоот дансны хуулгаар нотлогдож байна. Авсан гэдэг дээр ч маргахгүй байгаа. 1.647.710 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нэхэмжлэгч нотолж чадаагүй, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

 

Шүүх зохигчдын шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Н нь хариуцагч Б.Э-д холбогдуулан гэм хорын хохиролд 1.647.710 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б.Э “2019-12-13-ны өдөр зам тээврийн осол гаргаж Н.Н-ын автомашины хохиролд 1.155.000 төгрөг, эмчилгээ болон бусад зардалд 327.210 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан” тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Нэхэмжлэгч Н.Н-ын гэм хорын хохиролд 1.647.710 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 Б.Э нь С С ХХК-д жолоочоор ажиллаж байхдаа компанийн өмчлөлийн 000 УБД улсын дугаартай “Kia Bongo” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож 2019-12-13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4-р хороо Соёл урлагийн их сургуулийн замд 000 УНЦ улсын дугаартай автомашиныг мөргөж зам тээврийн ослыг гаргасан болох нь Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн 2019-12-13-ны өдрийн Зам тээврийн ослын үзлэгийн тэмдэглэл, 00 дугаартай Шийтгэлийн хуудас, осол гарсан газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч Б.Э нь 2019-12-13-ны өдөр зам тээврийн осол гаргахдаа С С ХХК-д жолоочоор ажиллаж байсан, зам тээврийн осол гаргахад унаж байсан 0000 УБД улсын дугаартай “Kia Bongo” маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч нь С С ХХК болох нь 000 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр нотлогдож байна. /хх-ийн 10-11 тал/

Мөн зам тээврийн ослын улмаас учирсан хохирол 1.403.000 төгрөгийг 2020-01-14-ний өдөр  С С ХХК-иас шилжүүлсэн болох нь нэхэмжлэгч Н.Н-ын ХААН банкны 000 тоот дансны хуулгаар нотлогдож байна.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасны дагуу 0000 УБД улсын дугаартай Киа бонго маркийн автомашины өмчлөгч С С ХХК нь Н.Н-ын гэм хорын хохирлыг хариуцах үндэслэлтэй гэж дүгнэлээ. 

Нэхэмжлэгч Н.Н-с улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 41.942 төгрөгийг улсын орлого болгох.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Э-д холбогдох нэхэмжлэгч Н.Н-ын гэм хорын хохирол 1.647.710 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Н-с төлсөн 41.942 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Т.БОЛОРМАА 

   ШҮҮГЧИД                                 Д.БАТЦЭЦЭГ

                                                          Н.САРАНГҮН