| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Болормаа |
| Хэргийн индекс | 101/2020/00866/И |
| Дугаар | 101/ШШ2020/01245 |
| Огноо | 2020-04-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 101/ШШ2020/01245
2020 04 10 101/ШШ2020/01245
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Болормаа даргалж,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг дугаар хороо, -р хороолол, -р байрны тоотод оршин суух, РД:, Б овогт Ц-ын Г-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг дугаар хороо, хотхон -р байрны тоотод оршин суух, РД:, У овогт Г-ийн Г-д холбогдох зээл, алданги 16.950.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Г, хариуцагч Г.Г, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ш нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Г-д 2017-01-30-ны өдөр 6.500.000 төгрөгийг зээлдүүлсэн, 2017-07-25-ны өдөр сарын 10 хувийн хүүтэй, 2017-06-01-ний өдрөөс 2018-06-01-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатайгаар зээлийн гэрээ байгуулж, бид нотариатаар батлуулсан. 2017-07-25-ны өдөр бол мөнгө өгөөгүй. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Г.Г нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Зээлийн гэрээний 2.5-д “зээлдэгч нь зээлийг эргүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлнэ” гэж тохиролцсон.
Хариуцагч Г.Г-с 2017-07-25-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 6.500.000 төгрөг, хүү 7.800.000 төгрөг, 14.300.000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 7.150.000 төгрөг, нийт 21.450.000 төгрөг болсон. Үүнээс төлсөн 4.500.000 төгрөгийг хасч, хариуцагчаас 16.950.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Г.Г-с 2018-3-28-ны өдөр 2.000.000 төгрөг, 4-р сард 2.000.000 төгрөг, 6-р сард 2.900.000 төгрөгийг авч байсан гэв.
Хариуцагч Г.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Г-тэй 2017-07-25-ны өдрийн гэрээний дагуу 6.500.000 төгрөгийг аваагүй, гэрээний хугацааг сунгая гэж дуудсан. Гэтэл 2017-06-01-2018-06-01-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай сарын 10 хувийн хүү төлөх нөхцөлтэй зээлийн гэрээг бичгээр байгуулсан боловч энэхүү гэрээний дагуу нэг ч төгрөг хүлээн аваагүй, гэрээ бодит байдалд хэрэгжээгүй юм. Учир нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээг байгуулсанд тооцно.", мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан тул энэхүү гэрээний дагуу надаас зээлийн төлбөр, хүү, алданги нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна.
Харин хариуцагч миний бие 2017-01-30-ны өдөр 6.500.000 төгрөгийг 2017-01-30-2017-03-30-ны өдрийг хүртэл 2 сарын хугацаатайгаар зээлийн гэрээ байгуулж, гэрээний дагуу 6.488.000 төгрөгийг 2017-01-30-ны өдөр дансаар хүлээн авсан бөгөөд энэхүү гэрээний дагуу 2 сарын хүү, үндсэн төлбөр төлөх үүргээ дараах байдлаар бүрэн төлж барагдуулсан. Тодруулбал 2017-04-24-ний өдөр 1.300.000 төгрөг, 2018-03-28-ны өдөр 2.000.000 төгрөг, 2018-04-09-ний өдөр 2.000.000 төгрөг, 2018-06-05-ны өдөр 2.900.000 төгрөг, 2019-12-18-ны өдөр 500.000 төгрөг, нийт 8.700.000 төгрөгийг төлж барагдуулсан.
Ц.Г нар нь “дэрвэгэр жиргэрүү түүх зөвшөөрлийг Байгаль орчны яамнаас хөөцөлдөөд авч байгаа, энэ ажлыг хийгээд өг, тэгвэл зээлийг чинь бүрэн хааж өгье" гэхээр нь 2017 оны 07 сараас 11 сарыг дуустал Дорнод аймагт дэрвэгэр жиргэрүү түүх, худалдаж авах ажлыг 4 сар хийсэн боловч сүүлдээ “би ашиг олж чадсангүй” гэж ор тас гүрийгээд надаас мөнгөө эргүүлээд нэхэмжлэх болсон.
Ц.Г нь миний төлсөн мөнгө бүгд дансаар хийгдсэн, хэнд ч илэрхий байхад 4.500.000 төгрөг төлсөн гэж дутуу тооцсон, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Г хариуцагч Г.Г-с 2017-07-25-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 16.950.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Г.Г 6.500.000 төгрөгийг 2017-01-30-ны өдөр зээлж авсан, зээлийг хүүгийн хамт төлсөн учир 16.950.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.
Зохигч 2017-01-30-ны өдөр 6.500.000 төгрөгийн зээлийг өгсөн, авсан дээр маргаагүй.
Нэхэмжлэгч Ц.Г-ийн хариуцагч Г.Г-с 2017-07-25-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 16.950.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь: Нэхэмжлэгч Ц.Г нь 2017-07-25-ны өдөр 6.500.000 төгрөгийг 2017-06-01-ний өдрөөс 2018-06-01-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай, сарын 10 хувийн хүү тооцохоор гэрээ байгуулсан хэдий ч Иргэний хуулийн 281.1 “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу зээлийг бодитойгоор өгөөгүй болохоо нэхэмжлэгч Ц.Г зөвшөөрч маргаагүй. Энэ гэрээний дагуу зээл өгсөн гэдгээ нэхэмжлэгч нотолж чадаагүй.
Нэхэмжлэгч Ц.Г нэхэмжлэлийн үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй нь түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотлох баримтаар нотлох, тэдгээр баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг няцаах үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
Нэхэмжлэгч Ц.Г нь 2017-01-30-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 6.488.000 төгрөгийг өөрийн ХААН банкны 5700 тоот данснаас хариуцагч Г.Г-ийн ХААН банкны 5400 тоот дансруу шилжүүлсэн үйл баримт дээр зохигч маргаагүй, хэн алиных нь дансны хуулгаар нотлогдож байна. /хх-ийн 5, 17 тал/
Хариуцагч Г.Г 2017-04-24-ний өдөр 1.300.000 төгрөг, 2018-03-28-ны өдөр 2.000.000 төгрөг, 2019-04-09-ний өдөр 2.000.000 төгрөг, 2018-06-05-ны өдөр 2.900.000 төгрөг, 2019-12-18-ны өдөр 500.000 төгрөг, нийт 8.700.000 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Г-д өгсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, дансны хуулгаар нотлогдож байна. /хх-ийн 18-23, 29-30 тал/
Нэхэмжлэгч Ц.Г-с улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 242.700 төгрөгийг улсын орлого болгох.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-р зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Г-с 16.950.000 төгрөг гаргуулах Ц.Г-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Г-с төлсөн улсын тэмдэгтийн хураамж 242.700 төгрөгийг улсын орлого болгоусгай.
3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БОЛОРМАА