Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/129

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж, Ерөнхий шүүгч Х.Ганболд, шүүгч Э.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,

Улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ /томилолтоор/,

Иргэдийн төлөөлөгч Б.,

Хохирогч Л.*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

Шүүгдэгч Л.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 122 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******т холбогдох эрүүгийн 2307000000195 дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, токерчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, *******,******* тоотод оршин суух,

урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 160 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн,

******* овогт *******гийн ******* /РД:*******/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Л.******* нь 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******, Их амын 16 дугаар гудамжны 07 тоотод байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эцэг Л.*******г үл ялих зүйлээр шалтаглан түүний толгойн тус газарт цохиж, өшиглөсний улмаас хохирогч Л.*******гийн биед дагз, зүүн чамархайн ясны шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн дагз, зулай, чамархайн дэлбэнгийн эдийн няцрал, тархины шулуун синусын аалзан хальсан доорх цус харвалт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, шанааны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирлыг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хэлбэрээр санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Л.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...04 дүгээр сарын 21-ний өдөр ажилдаа явахад аав ганцаараа манай гэрт үлдсэн. Тэгээд би орой 5 цагийн үед гэртээ ирэхэд хүнд нүдүүлчихсэн байдалтай нүд нь хөхөрчихсөн байдалтай байсан. Тэгээд би аавыг шалгаасаар байгаад асуухад гэрч *******гийн нөхөр нь нүдсэн гэж хэлсэн. 04 дүгээр сарын 28-ны өдөр аав нэг шил архи уумаар байна гээд дэлгүүрээс 1 шил архи авч уусан. Тэгээд дахиад 1 шил архи аваад уусан. Аав нэлээн согтох гээд байсан болохоор нь би тэр архинаас нь уусан. Тэгээд аав хашаан дотор ганцаараа залбираад орилоод хашхираад байсан. Тэгээд би аавыг гэртээ ор гэхэд орохгүй орилоод байсан. Тэр үед н.******* хашааны завсраар харсан байх. Тэгээд би аавыг хүчээр гэр рүү оруулаад хэвтүүлэх гэтэл хэвтэхгүй байсан. Тэгээд би аавд би явлаа орилж хашхираад хэцүү юм гэхэд аав нь хүүтэйгээ хамт явна гээд явсан. Тэгээд би аавтай хамт төв рүү ороод аавтай хамт караоке орсон. Тэгээд ороод нэг шил архи гаргаж ирээд уух гэтэл аав гэнэт амнаас нь хөөс гараад ухаангүй болсон. Тэгээд яачих ваа гээд биед нь хүртэл халуунтай байсан. Би халууны эм өгөөд хэсэг байж байгаад түргэн тусламж дуудсан...би портероо журмын хашаанд хураалгачихсан байсан. Тэгээд аавтайгаа хамт 04 дүгээр сарын 20-ны өдөр очиж авсан. Би хашаандаа бол аавыг цохиж зодоогүй, харин караокед байхдаа хэд хэдэн удаа сэгсэрсэн. Тэгэхэд толгой нь гэмтсэн байж магадгүй...аавыг орилж чарлаад байхаар нь намайг зодсон гэж гэрч хэлсэн байх. Би хашаанд болсон үйл явдлыг санаж байгаа. Караокед байхад би аавыг сэгсчээд байхад толгойгоо буйданд цохисон байж магадгүй. Л.*******д учирсан хохирлыг би учруулсан. Учир нь ухаангүй болсон байхад нь сэгсрээд байхад буйдангийн модонд цохисон байх...эмчилгээний зардалд 500,000 төгрөг л өгсөн. Эгч маань аавыг эмнэлэгт сахиж байсан учраас эмчилгээг хийлгэсэн. Манай эхнэр намайг хаяад явчихсан учраас аав надтай хамт байсан. Би аавтайгаа хамт амьдраад 2 сар болж байгаа. Энэ хугацаанд муудалцаж байсан зүйл байхгүй” гэв.

 

Хохирогч Л.******* нь шүүхийн  хэлэлцүүлэгт: “...би гэмтлийн эмнэлэгт хэвтэж байгаад гарч ирсэн. Хашаан дотор болсон үйл явдлаа санахгүй байна. Орилоод байснаа мэдээд байна. Би тэгээд ухаан алдчихсан байсан. Одоо миний бие зүгээр байгаа. Өмнө нь би хүнд зодуулахад хүүхэд байхгүй байсан. Би гэрийнхээ гадаа халамцуу хүн ирээд намайг зодсон. Би түүнийг танихгүй. Л.******* бид хоёр хамт 2 сар амьдрахад хоорондоо маргалдаж байгаагүй, намайг зодсон асуудал байхгүй. Одоо надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

Улсын яллагчийн зүгээс: Гэрч М.*******гийн мэдүүлэг /хх-13/, гэрч Б.*******гийн мэдүүлэг /хх-15-16/, гэрч Ё.гийн мэдүүлэг /хх-20/, гэрч Г.ын мэдүүлэг /хх-29-30/, шинжээчийн дүгнэлт /хх-20-23/, өвчний түүх /хх-48-61/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатарын зүгээс: Шүүгдэгч Л.*******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-55/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч, хохирогч нар нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

Шүүх хуралдаанд гаргасан гэм буруугийн дүгнэлт, тайлбар:

Улсын яллагч ...Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан хохирогч Л.*******, гэрч Х.*******, н., н. нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, өвчний түүх зэрэг баримтуудаар шүүгдэгч Л.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******, тоотод байрлах хашаандаа гэр бүлийн харилцаатай хүн болох төрсөн эцэг Л.*******гийн биед халдан түүний толгойн тус газар цохих, өшиглөх зэрэг үйлдлээр түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна гэж үзэж байна. Мөн хэрэгт авагдсан иргэний бүртгэлийн лавлагаа, хохирогч, яллагдагч нарын мэдүүлгээр хохирогч Л.*******, шүүгдэгч Л.******* нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс мөн байна. Хохирогчийн хувьд тухайн үедээ шүүгдэгч рүү чиглэсэн зүй бус үйлдэл гаргаагүй. Мөн Ахмад настны тухай хуульд зааснаар хохирогч нь биеэ хамгаалах чадваргүй ахмад настан мөн болох нь тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж” мөн зүйлийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Л.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, тэрээр хохирол болон хор уршигт баримтаар нөхөн төлбөр нэхэмжлээгүй. Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилсэн 3,354,650 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж төлүүлэх дүгнэлтийг гаргаж байна.”  гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...шүүгдэгчийн хувьд хохирогчид 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр цохих, өшиглөх зэрэг үйлдлээр хүнд гэмтэл учруулах үйлдлээр маргах зүйл байхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ...өмнө нь өөр хүнд зодуулсны улмаас хохирол учирсан байж магадгүй... гэх мэдүүлэг өгсөн байдаг. Прокурорын зүгээс шүүгдэгчийг хүндрүүлэх зүйлээр хэд хэдэн зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн. Биеэ хамгаалах чадваргүй байдал гэдэг нь гэмт хэрэг гарах үед бусдын асрамжид байсан, эсрэг үйлдэл хийх чадваргүй байсан гэдгийг ойлгодог. Хохирогчийн хувьд биеэ хамгаалах чадваргүй байдалтай байсан гэдгийг нотлох баримт байхгүй. Харин гэр бүлийн хамаарал бүхий хүний хувьд мөн боловч гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх боломжгүй. Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь байнгын хүчирхийллийн шинжтэй, байнгын дарамт учруулж байгааг ойлгоно. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн ...бид хоёр хоорондоо маргалдаж байгаагүй, нэг орон ороод унтдаг байсан... гэх мэдүүлгээс урьд нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байсан гэдэг нь тогтоогдохгүй байна. Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх зүйлтэй гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдохгүй байна гэж үзэж шүүгдэгч Л.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү. Хохирогчийн зүгээс эмчилгээний зардал баримтаар нэхэмжлээгүй, шүүгдэгчийн зүгээс 500,000 төгрөгийн хохирлыг төлсөн болохыг дурдаж, түүнийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж өгнө үү...” гэв.

Иргэдийн төлөөлөгч “...гэм буруутайд тооцох...” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Л.*******т холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Л.******* нь 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******, Их амын 16 дугаар гудамжны 07 тоотод байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эцэг Л.*******г “гэртээ орохгүй “ гэх үл ялих зүйлээр шалтаглан түүний толгойн тус газарт цохиж, өшиглөсний улмаас хохирогч Л.*******гийн биед дагз, зүүн чамархайн ясны шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн дагз, зулай, чамархайн дэлбэнгийн эдийн няцрал, тархины шулуун синусын аалзан хальсан доорх цус харвалт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, шанааны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирлыг хохирогчийг өндөр настан, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хэлбэрээр санаатай учруулсан болох нь:

1. Мөрдөн байцаалтад яллагдагчаар Л.*******ийн өгсөн: “....аав гэртээ орохгүй байхаар нь баруун хөлөөрөө аавын хөл рүү нэг удаа өшиглөж, баруун гараараа эрүү хэсэгт нь нэг удаа алгадсан. Тэгээд орохгүй байхаар нь хүчээр гэр рүү чирээд оруулсан. Тэгээд аавыг амар гэхэд амрахгүй байсан. Тэгээд би төв рүү явлаа гэхэд аав хамт явъя гэж хэлээд хамт явсан. Тэгээд төв рүү ороод дэлгүүрээс нэг шил архи аваад караокены үүдэнд танихгүй 2 ахтай таараад хамт караоке орсон. Тэгээд би архиа задлах гэтэл аавын амнаас цагаан хөөс гараад ухаан алдаад унасан. Тэгээд би эмийн сан ороод нэг ширхэг эм авчраад аавд уулгасан. Тэгээд би удалгүй караоекены эрэгтэй, эмэгтэй хүмүүсээс түргэн дуудаад өгөөч гэж хэлээд удалгүй түргэн ирээд аавыг, цагдаа нар ирээд намайг авч явсан...” гэх мэдүүлэг

/хх-53-54/

 

2. Мөрдөн байцаалтад хохирогчоор Л.*******гийн өгсөн: “...2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Л.******* портер машинаа журмын хашаанд хураалгачихсан гэж хэлэхээр нь би туслах гээд тэтгэврийн зээл аваад машиныг нь гаргаж авах гээд хөөцөлдөж байсныг санаж байгаа юм. Тэгээд би юу болсон талаар огт санахгүй, миний бодлоор хөөцөлдөж яваад бие дийлэхгүй ухаан алдчихсан гэж бодож байна. Тэгээд би гэмтлийн эмнэлэгт сэргэсэн. Би Л.*******тэй хамт огт архи уугаагүй, би тэр талаар санаж байна. Би архи уугаагүй эрүүл байсан. Харин Л.******* архи уусан байж магадгүй.” гэх мэдүүлэг

/хх-5/

 

3. Мөрдөн байцаалтад гэрчээр М.*******гийн өгсөн: “...Өнөөдөр гэрээсээ 11 цагийн үед гараад дэлгүүр орох гээд явж байтал манай урд талын хашаан дотор хүмүүс хашгираад байхаар нь хашааны завсраар харахад улаан куртиктэй залуу аавыгаа бололтой настай хүнийг өшиглөж байгаа харагдсан. Архи уусан аавыгаа зодож байгаа юм байна даа гэж бодоод дэлгүүр явсан. Л.******* гэдэг залуу байнга зодож дээрэлхэж байдаг. Өнгөрсөн өвөл эхнэрээ байнга зодож дээрэлхэж байдаг. Тэгээд эхнэр нь салаад явсан....газар суусан аавынхаа нүүр рүү цохиод абйгаа бололтой аав нь хоёр гараараа нүүрээ хамгаалаад байгаа бололтой сарвайгаад байсан. Аав нь ёоо гээд орилоод байсан...өөр гадны хүн байгаагүй тэр хоёр хоёулаа байсан..” гэх мэдүүлэг

/хх-13/

 

4. Мөрдөн байцаалтад гэрчээр Б.*******гийн өгсөн: “...Л.******* нь гавал тархины хүнд гэмтэлтэй, гавлын яс зүүн дагзнаас чамархай хүрсэн хугаралтай гэсэн оноштой хэвтсэн. Яаралтай журмаар тус өдөр амь насны заалтаар тархины зүүн тал бөмбөлгөөс хатуу хальсан дээрх цусан хурааг авч, тархи дарагдалтыг чөлөөлөх мэс засал хийлгэсэн. Дээрх гэмтлийг аваад тэр доороо ухаангүй болох, таталт өгөх, олон дахин огиулж бөөлжих шинж тэмлэг илэрнэ. Толгойндоо хүнд гэмтэл авсан, их хэмжээний цус харвалттай учир юм санахгүй байж болно...” гэх мэдүүлэг

/хх-15-16/

 

5. Налайх дүүрэг дэх Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 34/58 дугаар албан бичгийн хавсралт,

/хх-34/

 

6. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Э.Баасанжавын 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 5824 дугаар “...Л.*******гийн биед дагз, зүүн чамархай ясны шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн дагз, зулай, чамархайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн зулайн дэлбэнгийн эдийн няцрал, тархины шулуун синусын аалзан хальсан доорх цус харвалт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт,

/хх-36-39 /

7. ГССҮТ-ийн Л.*******гийн өвчний түүх /хх-71-88/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Л.******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, гэр бүлийн хамаарал бүхий, хамт амьдардаг төрсөн эцэг  Л.*******гийн толгойн тус газарт гараар цохиж, өшиглөсний улмаас түүний эрүүл мэндэд нь дагз, зүүн чамархай ясны шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн дагз, зулай, чамархайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн зулайн дэлбэнгийн эдийн няцрал, тархины шулуун синусын аалзан хальсан доорх цус харвалт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүнд зэргийн хохирлыг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1.”гэр бүлийн хүчирхийлэл" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг”, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1.”эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж тус тус зааснаар хавтаст хэрэгт авагдсан 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Төрсний бүртгэлийн ...эцгийн нэр *******, өөрийн нэр *******... гэх лавлагаа /хх-91/, хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг зэргээс Л.*******, Л.******* нар нь төрсөн эцэг, хүү мөн ба Л.******* нь төрсөн эцэг буюу гэр бүлийн харилцаа хамааралтай хүний эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэв.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Л.******* нь хохирогч Л.*******гийн толгойн тус газарт цохиж, өшиглөсөн болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба шүүгдэгчид цохиулсны улмаас хохирогчид хүнд зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн №5824 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Л.*******ийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Л.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг шүүгдэгчийн өмгөөлөгчөөс бусад хэргийн оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн “... гэм буруутайд тооцох...” гэх дүгнэлт нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрт нийцэж байна гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Л.*******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Л.*******гийн бие махбодод хүнд хохирол учирсан ба хохирогч баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нь гомдол, саналгүй гэсэн болохыг дурдвал зохино.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилсэн 3,959,000 төгрөгийг шүүгдэгч нь шүүх хуралдааны 5 хоногийн завсарлага авсан хэдий ч төлөөгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөртэй гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт, тайлбар:

Улсын яллагч ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэмт хэрэг үйлдсэн зэрэг шинжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгчээс хохирогчид төлөх төлбөргүй, Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилсэн төлбөрийг шүүгдэгчээс гаргуулах, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчид мөрдөн шалгах ажиллагааны явцад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчлөх саналтай байна ” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...шүүгдэгчийн хувьд анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж байна. Шүүгдэгчийн ял шалгах хуудас, Цагдаагийн ерөнхий газрын мэдээллээр урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь тогтоогдож байна. Түүний үйлдсэн гэмт хэргийн улмаас хүнд хохирол учирсан. Хүнд хохирол учирсантай холбоотойгоор эмчилгээний зардалд 500,000 төгрөг төлсөн тул хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдаж өгнө үү. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцогдохгүй байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т зааснаар хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж өгнө үү. Мөн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож өгнө үү.” гэх тайлбар, дүгнэлтийг гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ:

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөхгүй, гэм буруугийн талаар маргаж байгаа байдлыг,

Учирсан хохиролд: хохирол, хор уршигт хандаж буй хандлага, иргэний нэхэмжлэгчийн төлбөр төлөгдөөгүй байдал,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.

Харин шүүгдэгч Л.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Л.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Бусад асуудлаар

Шүүгдэгч Л.******* нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөртэй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.1-т заасан “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.1-т шүүгдэгч Л.*******ийн 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******т оногдуулсан 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.*******ээс 3,959,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

 

6. Шүүгдэгч Л.******* нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчилсүгэй.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ЧИНЗОРИГ

 

               

                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Х.ГАНБОЛД

 

                

                                   ШҮҮГЧ                                Э.ЭНХЖАРГАЛ