Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 285

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2020/00153/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа би даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... аймаг, ... сум, ... баг, ... тоотод оршин суух, /утас .../, .. регистрийн дугаартай, .. овогт Ж-ийн С-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... аймаг, Дархан сум, ... баг, .. байр, ... тоотод оршин суух, /утас .../, ... регистрийн дугаартай, ... овогт Р-гийн Р-т холбогдох

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.С-, хариуцагч Р.Р-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

 

                 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.С- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би .. аймгийн ... суманд охины хамт амьдарч байгаа. Бид 2008 онд танилцаж 2009 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. 2010 оны 09-р сарын 02-ны өдөр охин Р.У-төрсөн. Бид 2 жил орчим Дарханд хамт амьдарч байгаад 2011 оноос охиноо 1 ой гарантай байхад тусдаа амьдарч эхэлсэн. Би нөхрөөсөө хол нутагтаа очсон байхад Равжир өөр эмэгтэйтэй амьдрах болсон учраас салах шалтгаан болсон. Одоо гэрлэлтээ цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжид авч эцгээс нь тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Охин маань 10 настай 4-р ангид сурч байгаа гэв.

 

Хариуцагч Р.Р- шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид оюутан байхдаа танилцаж, 2010 онд хүүхэдтэй болсон. Тэгээд хүүхдээ 8 сартай байхад ажилдаа яваад тусдаа байсан учраас ийм асуудлаас болж өөр хүнтэй болсон. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Би 2017 онд хамтран амьдрагчтай болж 2019 оны 07-р сард хүү төрсөн. Охиноо ээжийнх нь асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлнө гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Ж.С- нь хариуцагч Р.Р-т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Нэхэмжлэгч Ж.С-, хариуцагч Р.Р- нар нь 2008 онд танилцаж, 2009 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гэр бүл болон 2009 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулан хамтран амьдарч байх хугацаандаа 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр охин Р.У-г төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлэгдсэн хуулбар, талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Зохигчид нь 9 жил гаруй хугацаанд тусдаа амьдарч байгаа бөгөөд хэн аль нь эвлэрэн хамтын амьдралаа үргэлжлүүлэх талаар санаачилга гаргаагүй, тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 144 дугаартай Эвлэрлийн гэрээгээр уригдагч тал Р.Р- өөр хүнтэй хамтран амьдарч хүүхэдтэй болсон үндэслэлээр талууд эвлэрэн хэлэлцээгүй эвлэрэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд ... өнгөрсөн намар бусадтай хуримаа хийж хамтран амьдарч байгаа гэсэн тайлбар зэргийг үндэслэн талууд цаашид хамтран амьдрах боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй.

 

Хариуцагч нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд хүүхэд нь төрсөн цагаасаа эхийнхээ асрамжид байгаа тул ээнэгшин дассан орчин нөхцлийг өөрчлөхгүйгээр эх Ж.С-ийн асрамжид үлдээх нь зүйтэй.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 26 дугаар зүйлийн 26.1-д Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 26.4-д Эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заасан тул Р.Уянгад эцэг Р.Р-аар сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан ... овогт Р-гийн Р, ... овогт Ж-гийн С нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн охин Р.У-г эх Ж.С-ийн асрамжид үлдээж, 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Р.Р-аар тэжээн тэтгүүлсүгэй.

3.  Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэрэгжүүлж байхыг эцэг Р.Р-, эх Ж.С- нарт даалгасугай.

4. Зохигчид нь эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210 600 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 210 600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагчаас нэг жилийн хугацаанд төлөгдвөл зохих хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд улсын тэмдэгтийн хураамж тооцож 31 492 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн               119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ө.Ягаанцэцэгт даалгасугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

    

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.АЛТАНТУЯА