Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/157

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                      

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн,

Улсын яллагч Б.Ариунтөр,

шүүгдэгч С.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ариунтөрөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С-н Ж-д холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2023 оны 09 сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн,С.Ж

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч С.Ж нь 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Э-г “нэр ээ сул хэллээ” гэх үл ялих зүйлээр шалтаглан түүний толгой тус газар нь хатуу зүйлээр цохиж эрүүл мэндэд нь “...духны шарх...” бүхий хөнгөн хохирлыг санаатайгаар учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч С.Ж шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан...” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Э.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 23 цагийн орчимд Айраг сумын төвд байрлах 5 давхар байрны шийдэн дээр сагс тоглож байгаад дуусаад гэр лүүгээ найз Л хүүгийн хамт явж байхад суваргын баруун  урд талд Ж, Э // нартай таарсан. Ж нь намайг нэрээ хэл гээд би И байна гэхэд бүтэн нэрээ хэлдэггүй юм уу гээд төмөр зүйлээр миний толгой хэсэг рүү 1 удаа цохиод явсан миний толгойноос цус гарч эмнэлэгт үзүүлээд зүүн нүдний дээр дух хэсэгт 4 оёдол тавиулсан биеийн өөр хэсэгт цохисон зүйл байхгүй... С.Ж надад эмчилгээний зардалд 1,000,000 төгрөг өгсөн. Одоо надад гомдол санал байхгүй. Гомдол нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй. Улаанбаатар хотод Их засаг сургуульд байгаа тул завгүй ...” гэсэн мэдүүлэг /хх 5-6 ху/,

Насанд хүрээгүй гэрч Т.Л-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Би 2023 оны 08 дугаар сарын 07-ны орой найз Эын хамт 5 давхар байрны гадаа байдаг шийдэн дээр сагс тоглож байгаад 23 цагийн үед дуусаад Эа бид 2 хамт гэр рүүгээ суваргын тэнд явж байтал Ж гэх ах, нэг найзтайгаа хамт явж байгаад таарсан. Ж намайг нэрээ хэл гэхээр нь Л байна аа гэхэд Э-г нэрээ хэл гэхэд И байна гэхэд нэрээ бүтнээр нь хэлсэнгүй гээд төмөр зүйлээр Э-н толгой руу нь нэг удаа төмөр юмаар цохиод явсан. Ж-н хамт байсан найз нь зайтай зогсож байсан. Би Э-н хамт эмнэлэг явсан Э толгойндоо 4 оёдол тавиулсан. Намайг цохиж зодоогүй гар хүрээгүй...” гэсэн мэдүүлэг /хх 9-10 ху/

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн .... дугаартай “...1. духны шарх гэмтэл тогтоогдлоо... 3. Гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх 14 ху/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 37 ху/ зэргийг шинжлэн судлав.

 

          1.Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.Ж нь 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Э-г “нэр ээ сул хэллээ” гэх үл ялих зүйлээр шалтаглан түүний толгой тус газар нь хатуу зүйлээр цохиж эрүүл мэндэд нь “ ...духны шарх...” бүхий хөнгөн хохирлыг санаатайгаар учруулсан үйл баримт тогтоогдлоо.

 

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Э.Э-н мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Би 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 23 цагийн орчимд Айраг сумын төвд байрлах 5 давхар байрны шийдэн дээр сагс тоглож байгаад дуусаад гэр лүүгээ найз Л хүүгийн хамт явж байхад суваргын баруун  урд талд Ж, Э /Э/ нартай таарсан. Ж нь намайг нэрээ хэл гээд би И байна гэхэд бүтэн нэрээ хэлдэггүй юм уу гээд төмөр зүйлээр миний толгой хэсэг рүү 1 удаа цохиод явсан миний толгойноос цус гарч эмнэлэгт үзүүлээд зүүн нүдний дээр дух хэсэгт 4 оёдол тавиулсан биеийн өөр хэсэгт цохисон зүйл байхгүй... С.Ж надад эмчилгээний зардалд 1,000,000 төгрөг өгсөн. Одоо надад гомдол санал байхгүй. Гомдол нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй. Улаанбаатар хотод Их засаг сургуульд байгаа тул завгүй ...” гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Т.Л-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Би 2023 оны 08 дугаар сарын 07-ны орой найз Э-н хамт 5 давхар байрны гадаа байдаг шийдэн дээр сагс тоглож байгаад 23 цагийн үед дуусаад Э бид 2 хамт гэр рүүгээ суваргын тэнд явж байтал Ж гэх ах, нэг найзтайгаа хамт явж байгаад таарсан. Ж намайг нэрээ хэл гэхээр нь Л байна аа гэхэд Э-г нэрээ хэл гэхэд И байна гэхэд нэрээ бүтнээр нь хэлсэнгүй гээд төмөр зүйлээр Э-н толгой руу нь нэг удаа төмөр юмаар цохиод явсан. Ж-н хамт байсан найз нь зайтай зогсож байсан. Би Э-ын хамт эмнэлэг явсан Э толгойндоо 4 оёдол тавиулсан. Намайг цохиж зодоогүй гар хүрээгүй...” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн №02/337 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч С.Ж-н хохирогч Э.Э-н биед учруулсан гэмтэл нь  гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмтэлд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

            Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 

Шүүгдэгч С.Ж-н үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд тэрээр хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байх эрх чөлөөнд халдаж, хөнгөн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэж үзнэ.

 

            Иймд хяналтын прокуророос шүүгдэгч С.Ж-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч С.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч С.Ж нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.      

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

 

          Хохирол төлбөрийн талаар: Хохирогч Э.Э-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч хохирогчоос хохирол төлбөрт баримтаар гаргаж нэхэмжилсэн зүйлгүй бөгөөд тул шүүгдэгч С.Ж-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

         2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс шүүгдэгч С.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.Ж-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч С.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, саналыг гаргасан бөгөөд Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

 

            Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчийн хувийн байдал улсын яллагчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч С.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ. 

 

Бусад асуудлаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж, хохирогч Э.Э нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7,36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч С-ийн Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж-д оногдуулсан 450,000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

           

                            

 

                                                                                             

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.ОДБАЯР