Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 53

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Баттөмөр хөтлөн

улсын яллагч Н.Дамбадаржаа

шүүгдэгч Б.Найдансүрэн, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Монгол улсын иргэн, 1993 оны 3 дугаар сарын 30-нд Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, хүү, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Дунд Наран 5 дугаар гудамжны 150 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй /РД:УИ93033009/ Энх овогт Баасанхүүгийн Найдансүрэнд холбогдох эрүүгийн 201626022733 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Б.Найдансүрэн нь 2016 оны 10 дугаар сарын 12-ны шөнө 02 цагийн үед Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оcean” бааранд үйлчлүүлж байхдаа хохирогч Б.Батчимэгийг “бүжгийн талбай дээр шахаж бүжиглэлээ” гэдэг үл ялих зүйлээр шалтаглан, олон нийтийг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн зодож, биед нь хамар ясанд хугарал, таславчийн мурийлт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан, догшин авирлаж танхайрсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүгдэгч Б.Найдансүрэн шүүхийн хэлэлцүүлэгт: 2016 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө найз Хонгорзул, Эрдэнэцэцэг нартайгаа бүжиглэхээр  Өүшин бааранд ороод 0.5 гр-ын Сархад нэртэй архи авсан. Би тэр архинаас бараг уугаагүй. Бүжгийн талбай дээр гараад бүжиглэж байхад хохирогч Батчимэг намайг “цаашаа бүжиглээч” гэхээр нь би “чи цаашаа бүжиглээч” гэснээс болж бид хоёр маргалдаад Батчимэг намайг эхэлж үсэдсэн, тэгэхээр нь би бас түүнийг үсэдсэн. Тэгээд Батчимэг бид хоёр давхралдаад унасан. Тэгтэл Батчимэгийн үс нь хиймэл үс буюу парик байсан юм байна лээ. Үс нь унахаар нь би “ Батчимэгээс уучлалт гуйсан” гэв.

 

Шүүгдэгч Б.Найдансүрэнгийн хувийн байдалтай холбоотойгоор  ял шалгах хуудас /хх-ийн 36 /, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 30/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 35/  жолооны лавлагаа /хх-ийн 37-39/,

гэрч Ц.Жаргалмаагийн...” Баасанхүү овогтой Найдансүрэн бол миний төрсөн охин, би түүний ээж юм...зан байдлын хувьд их төлөв томоотой, гэрээсээ гараад гадуур тэнээд байхгүй, даруухан зөөлөн сэтгэлтэй, хүүхдээрээ зантай юм. Найдансүрэн нэг жилийн өмнөөс нэг залуутай үерхэж байсан тэгээд энэ хэрэг асуудал болдог өдөр найз залуутайгаа маргаад орой нь 2 найз эмэгтэйн хамт бааранд орсон гэсэн тэгээд бүжиглэж байгаад нэг охинтой маргалдсан гэж байсан түүнээс өөр зүйл мэдэхгүй.../хх-ийн 48/ гэсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Найдансүрэнг үл ялих зүйлээр шалтаглан, олон нийтийг илтэд үл хүндэтгэн хохирогч Б.Батчимэгийг хүч хэрэглэн зодож биед нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэж дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бичгийн  баримтуудыг шинжлэн судлаад хэргийн үйл баримтанд дүгнэлт хийхэд Б.Найдансүрэн, Б.Батчимэг нар 2016 оны 10 дугаар сарын 12-ны шөнийн 02 цагийн үед Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ocean бааранд үйлчлүүлж бүжгийн талбай дээр бүжиглэх явцдаа хохирогч Б.Батчимэг, шүүгдэгч Б.Найдансүрэнг “цаашаа бүжиглээч” гэснээс хоорондоо маргалдаж  тодорхой  хувийн сэдэлттэйгээр  гэмт хэрэг үйлдэгдсэн байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Найдансүрэн хохирогч Б.Батчимэгийн бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж шүүх дүгнээд Прокуророос Б.Найдансүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон өөрчлөв.

 

Энэ байдал нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан:

хохирогч Б.Батчимэгийн ..” 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 23 цагийн орчим Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оcean”  нэртэй бааранд найз охин Номингийн хамт орсон тэнд бид тус бүр 2 шил пиво авч уугаад бүжгийн талбай дээр бүжиглэж байхад нэг эмэгтэй намайг шахаад, бөгсөөрөө түлхээд байхаар нь би “жоохон зай барьж бүжиглээч” гэхэд “чи өөрөө цаашаа болохгүй юу, зай муутай байна” гэхээр нь би тэр эмэгтэйд “ юу гэсэн үг юм бэ, заавал шахаж бүжиглээд байхдаа яадаг юм бэ” гэж хэлэхэд тэр охин бас хэдэн үг хэлсэн тэгээд бид хоорондоо маргалдаж бие биенээ янз бүрээр хэлж байтал тэр охин намайг үсдээд доош дарсан ба би бас тэр охиныг зөрүүлэн үсдээд нааш, цааш түлхэлцэж байгаад би баарны шаланд тээглээд газар унахад намайг үсэдсэн охин миний хамар луу гараа зангидаж байгаад цохичихсон ба энэ үед миний хамраас цус гарахад нөгөө охин намайг тавьсан тэгээд би босоод ОО өрөө орж хамрын цусаа цэвэрлэсэн. Би өмнөх тайлбар дээр 4 эмэгтэй бүлэглээд зодсон гэж хэлээгүй харин 4 эмэгтэй байсан тэд намайг шахаад байсан гэж хэлсэн, харин намайг үсдэж зодсон хүн бол нэг хүн юм. Тэр эмэгтэй намайг үсдээд би бас тэр эмэгтэйг үсдээд нааш, цааш түлхэлцэж байгаад би газар унах үед миний хамар луу цохчихсон тэгээд хамраас цус гарсан, түүнээс олон хүн намайг цохиж зодоогүй. Миний хамрын яс хугарсан байна. Би хамрын яс хугарч томографик зураг авахуулсан, мөн эм авч ууж байгаа гэхдээ яг хэдэн төгрөгийн зардал гарсан талаар одоогоор хэлж мэдэхгүй байна баримтаа харж байгаад хэлье. Би бүжгийн талбай дээр бүжиглэж байхдаа Самсунг глакси эс-6 эдж плас загварын гар утсаа гартаа бариад бүжиглэж байсан тэгээд тэр охинтой маргах үед гар утас гарнаас унасан байсан. Гэхдээ миний гар утасыг хэн авсан гэдгийг би хэлж мэдэхгүй байна ямарч байсан гар утас алга болсон байна. Намайг зодсон хүнийг Найдансүрэн гэдэг юм байна лээ би зодуулснаас хойш тэр эмэгтэйдээ хэд хэдэн удаа уулзсан яг зодоон болсны дараа тэр эмэгтэй надаас уучлалт гуйж 1 цаг орчим бид хоорондоо ярилцсан, үүнээс хойш мөн хэд хэдэн удаа уулзсан. Би эмчилгээний зардалд 650.000 төгрөг нэхэмжилсэн, гэхдээ би энэ мөнгөөр “Сонс” чих, хамар, хоолойн эмнэлэгт хамрын яс тэгшлүүлэх хагалгаа хийлгүүлэхэд зарцуулах мөнгө юм. Харин энэ мөнгийг Найдансүрэн надад төлсөн тул одоо надад ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэлт гаргаж байна. Би томографик зураг авахуулахад 120.000 төгрөгийн зардал гаргасан тэр баримтыг өгсөн, харин бусад зардал нь эмчилгээнд одоо хэрэглэх ёстой юм.  /хх-ийн 18-19/ гэсэн,

 

гэрч Э.Номингийн...” 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 22 цаг өнгөрч байхад найз Батчимэгийн хамт Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оcean”  нэртэй бааранд орсон. Тэнд бид тус бүр 4 лааз пиво захиалан авч уусан ба бид бүжиглэж байтал Батчимэгийн араас нэг охин бөгсөөрөө цохчихсон тэгэхээр нь Батчимэг жоохон цаашаа бүжиглээч гэж хэлж байгаа харагдсан ба тухайн үед би өөр тийш хараад эргээд хартал Батчимэгийг нэг охин үснээс нь зулгаан доош дарсан байхаар нь би очин салгах гэтэл араас өөр 2 охин намайг татаад авчихсан ба энэ үед баарны хамгаалагч нар ирээд бид нарыг салгаад Батчимэгийн хиймэл үс газар унаад бас хамраас нь цус гарсан байсан тул Батчимэг үсээ аваад ОО өрөө лүү гүйгээд орохоор нь би араас нь очсон гэтэл Батчимэг миний гар утас алга болсон байна гэхээр нь би гар утсыг олох гээд баарны тайз руу гүйгээд очин хайсан боловч олоогүй тул Батчимэгтэй зодоон хийсэн эмэгтэйчүүд дээр очин Самсунг галакси эс 6 загварын гар утас харсан уу гэхэд чиний тэр утсыг яаж мэдэх юм гээд над руу дайраад байсан тэгээд би буцаад орсон. Манай найзын гар утсыг харсан уу гэж асуусан гэтэл тэд бид нар чиний утсыг яаж мэдэх юм гээд хэрэлдээд байсан. Батчимэгийг хэн үсэдсэн гэдгийг би хэлж мэдэхгүй байна энэ явдал маш хурдан болсон тэгээд ч баарны гэрэл бүдэг байсан тул зүс царайг харж чадаагүй ямарч байсан нэг эмэгтэй үсдээд дарсан байсан. Харин хамраас нь яагаад цус гарсан гэдгийг би мэдэхгүй. Бүжгийн талбай дээр бүжиглэж байхад нэг эмэгтэй Батчимэгийн бөгсрүү хүрчихсэн юм шиг байсан. Тэгээд Батчимэг жоохон хол бүжиглээч гэж хэлж байгаа харагдсан ба тэгээд нэг мэдсэн нэг эмэгтэй Батчимэгийг үсэдсэн байсан. Би салгах гээд иртэл 2 эмэгтэй намайг татаад холдуулсан энэ үед харахад Батчимэг газар хэвтчихсэн нөгөө эмэгтэй нь дээрээс нь үсдээд дарсан байсан. Би тэр эмэгтэйг таних эсэхээ хэлж мэдэхгүй байна танина гэж баттай хэлж чадахгүй. /хх-ийн 20 гэсэн,

 

гэрч Э.Эрдэнэцэцэгийн ...” 2016 оны 10 дугаар сарын 13-ны орой 23 цаг өнгөрч байхад найз Хонгорзул, Найдансүрэн нарын хамт Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оcean” нэртэй бааранд орсон бид бааранд 500 гр-ын нэг шил архи авч ууж байхад Найдансүрэн бид хоёр бүжгийн талбай дээр гараад бүжиглэж байгаад нэг хартал Найдансүрэн нэг эмэгтэйтэй бие биенээ үсдэлцсэн Найдансүрэн доош тонгойсон, харин нөгөө охин нь бөгсөөрөө газар суусан байхаар нь би очин Найдансүрэнг салгаж авах үед Хонгорзул ирээд Найдансүрэнг аваад гадагшаа гарсан ба харин нөгөө охин хиймэл үс нь газар унасан байхыг аваад ОО өрөө лүү явсан. Үүнээс хойш ямарч зодоон болоогүй харин Найдансүрэн тэр охинтой уулзаад уучлалт гуйгаад байсан тэгээд бид явах гэтэл цагдаа нар ирсэн. Найдансүрэн тэр эмэгтэйтэй үсдэлцсэн байсан түүнээс цохиж байхыг би хараагүй, тэднийг салгах үед нөгөө эмэгтэй хиймэл үсээ газраас аваад ОО өрөө явсан. Гэхдээ хамраас цус гарсан эсвэл хавдаж, хөхөрсөн гэмтэл огт харагдаагүй. Тэд яагаад маргалдсан талаар мэдэхгүй нэг харсан тэд бие биенээ үсэдсэн байсан. Тэгээд би очиж салгасан. Би тэр охинд хуруугаа ч хүргээгүй тэр охин газар сууж байхаар нь татаж босгосон. Гэтэл тэр охин үсээ аваад ОО өрөө явсан. Одоо энд хохирогч гээд яваад байгаа охинтой хамт  явж байсан жижиг охин миний гар утас алга болсон гээд байхаар нь бид нар хүний юм авдаг хүмүүс биш, чи баарны камераа шүүлгээд хайгаад ол бид нарт ямар ч хамаагүй гэдгийг хэлсэн. /хх-ийн 21/ гэсэн,

 

гэрч Б.Хонгорзулын ...” 2016 оны 10 дугаар сарын 12-ны орой 23 өнгөрч байхад найз Эрдэнэцэцэг, Найдансүрэн нарын хамт Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оcean” нэртэй бааранд орсон бид бааранд 500гр нэг шил архи авч ууж байхад Эрдэнэцэцэг, Найдансүрэн нар бүжгийн талбай дээр гарч бүжиглэж байсан. Харин миний дотор эвгүйрхээд ОО өрөө ороод гараад иртэл Найдансүрэн тайрмал үстэй нэг жижигхэн охинтой зууралдаад 2 биенээ үсдэлцсэн харагдахаар нь тэднийг салгах гээд очих хооронд тэд давхралдаад газар уначихсан. Тэгээд би Найдансүрэнг аваад баарны хаалга хүртэл дагуулан явахад Найдансүрэн агаар амьсгалъя гэж хэлээд гарч явсан харин би ширээн дээрээ буцаад суусан.  Гэтэл баарны хүмүүс зодоон хийсэн хүн хаана байна гээд надаас асуугаад байсан ба энэ үед Эрдэнэцэцэг хүрч ирэхээр нь нөгөө охин яасан гэхэд Эрдэнэцэцэг нөгөө охин чинь хиймэл үстэй юм байна лээ үс нь унаад ОО өрөө явахаар нь  араас нь очиход ОО өрөөнд алга байна гэсэн тэгээд Найдансүрэнийг надаас асуухаар нь гадаа салхилаж байгаа гэдгийг хэлэхэд Эрдэнэцэцэг Найдансүрэнгийн араас гараад буцаж орж ирэхдээ цаадах чинь нөгөө охинтойгоо юм яриад зогсож байна хэдүүлээ явъя чи хувцасаа аваад гараад ир гэхээр нь би араас нь гарсан тэгээд биднийг явах гэтэл цагдаа нар ирээд Найдансүрэнг аваад явсан. Намайг ОО өрөө орохоос өмнө бүжгийн талбай дээр Найдансүрэн, Эрдэнэцэцэг болон өөр танихгүй хэд хэдэн хүн бүжиглэж байсан. Намайг ОО өрөөнөөс гараад иртэл хүмүүс бөөгнөрсөн Найдансүрэн тайрмал үстэй нэг охинтой үсдэлцээд газар унасан хажууд нь Эрдэнэцэцэг салгах гээд гарнаас нь татаад зогсож байсан. Тэгээд би Найдансүрэнг татаж босгоод аваад явсан. Түүнээс тэд юунаас болж маргалдсан гэдгийг би мэдэхгүй. Тэнд хэнээс ч ямар ч цус гараагүй. Гар утас алга болсон талаар би огт сонсоогүй. /хх-ийн 22/ гэсэн,

 

гэрчээр “Оcean” баарны зохион байгуулагч С.Анхбаатарын ...” Би одоо сайн санахгүй байна. Гэхдээ 2016 оны 10 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө би ажил дээрээ байсан манай баар орой 18 цагт онгойж 21 цагаас үйл ажиллагаа эхлээд шөнө 04 цагт хаадаг. Таны хэлж байгаа өдөр би ажил дээрээ байсан мөн зодооны талаар зарим зүйлийг санаж байна. Гэхдээ яг зодоон болох үед нь дэргэд нь байгаагүй, зодоон болоод дууссаны дараа би мэдээд зодолдсон гээд байгаа эмэгтэйчүүд дээр очин зодуулсан нэг эмэгтэй байсан, харин түүнийг зодсон гэх 3-4 эмэгтэй байсан тэгээд би зодуулсан хүмүүсийг баарнаас гаргах үед гадаа гараад хоорондоо баар хаатал хүлээж байя гараад ирэхээр нь тэр охидуудыг зодоод хаячихъя гэж хоорондоо ярьж байхыг сонсоод энэ хүмүүс дахин зодоон хийж магадгүй юм байна гэж бодоод цагдаа дуудсан тэгээд цагдаа нар ирэхэд тэнд хүлээлгэн өгөөд явуулсан. Тухайн үед тэр эмэгтэйгийн хамраас цус гарчихсан гэхдээ ОО өрөө ороод угаасан гэсэн, үс нь сэгсийсэн нэг эмэгтэй байсан харин зодсон гэх хүн ямар хүн байсныг би хараагүй мөн зодоон хэдэн хүний хооронд болсон гэдгийг би мэдэхгүй намайг ирэхэд зодоон хийсэн хүмүүс 2 тийш салсан зодсон гэх хүмүүс нь бааран дотор, харин зодуулсан гэх хүмүүс нь баарны гадаа байсан тэгээд цагдаа ирээд зодсон, зодуулсан гэх хүмүүсийг аваад явсан. Энэ талаар би мэдэхгүй. Тухайн үед гар утсаа алдсан гэж надад болон манай баарны бусад ажилтан нар дээр ирээгүй, хэрэв гар утсаа алдсан гэх юм бол хүмүүс шууд надад хэлдэг тэгээд би камер шүүн өгдөг гэхдээ энэ өдөр хэн нэг хүн гар утсаа алдсан гэж надад хандаагүй. /хх-ийн 23/  гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд болон

 

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №14200 дугаартай: Батчимэгийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 10/ гэсэн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдсон байна.

 

Түүнчлэн яллагдагч “өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэгт холбогдолгүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэггүй” хэдий ч Б.Найдансүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн:

яллагдагчаар Б.Найдансүрэнгийн:...” анх бааранд би хэрүүл маргаан үүсгээгүй, одоо энэ хохирогч гээд байгаа Батчимэг гэдэг эмэгтэй намайг бүжгийн талбай дээр бүжиглэж байхад шахаж бүжиглээд байна гэж хэлсэн тухайн үед бүжгийн талбай дээр хүн ихтэй байсан тул би бүжиглэж байхдаа Батчимэгт хүрсэн юм шиг байсан гэхдээ өөрөө анзаараагүй, мөн тэр эмэгтэйг санаатай ямар нэг шалтгаан хайж шахаж бүжиглээгүй, санаандгүй хүрсэн байх гэтэл Батчимэг үүнийг маш хурцаар хүлээн авч хол бүжиглэ соёлгүй амьтан бэ гэх зэргээр намайг доромжилсон гэхдээ би түүнээс уучлалт гуйсан боловч янз бүрээр доромжилж байгаад намайг эхлээд үсдээд авсан тэгээд би түүнийг зөрүүлэн үсдсэн тэгээд бид зууралдаж байгаад газар давхаралдаад унасан харин энэ үед би Батчимэгийн нүүр лүү нь нэг удаа гараараа цохьсон гэхдээ тухайн үед Батчимэгийн хамраас цус огт гараагүй, хиймэл үс нь унаад тэр үсээ аваад ОО өрөө явсан, харин ОО өрөөнөөс гарч ирсний дараа нилээн хугацаа өнгөрсний дараа гэнэт гар утас алга болсон талаар хэлсэн. Тухайн үед бид адилхан зууралдсан байсан болохоор би түүнийг гар утастай байсан эсэхийг ажиглаагүй, хэрэв байсан бол надтай зууралдаж байхдаа газар унагсан байх. Тухайн үед би найз охидууд болох Эрдэнэцэцэг, Хонгорзул нартай байсан. Би Батчимэгтэй зууралдаж байхад тэд хаана байсан эсэхийг мэдэхгүй ямарч байсан маргаан болоод дууссаны дараа  Хонголзул намайг аваад гарсан. Эрдэнэцэцэг уг нь бүжгийн талбай дээр байсан гэхдээ зодоонд огт оролцоогүй би ганцаараа Батчимэгтэй маргалдаж зодолдсон. Би 2 найзын хамт Сархад нэртэй 500 гр архи авч бага хэмжээтэй уусан, би жижиг хундагаар нэг уусан бусад нь бааранд тэр чигтээ үлдсэн байсан.  Би хохирогч Батчимэгт эмчилгээний зардалд 650.000 төгрөг бэлнээр төлсөн. /хх-ийн 28/ гэсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд болон, шинжээчийн дүгнэлт, хохирлын баримт /хх-ийн 12/, хохирогчийн эмнэлэгт үзүүлсэн бичиг /хх-ийн 14/, хохирогч Б.Батчимэг шүүгдэгч Найдансүрэнгээс 650.000 төгрөг хүлээн авсан гэх баримт /хх-ийн 15/ зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн баримтуудаар давхар нотлогдож байх тул Б.Найдансүрэн яллагдах үндэслэл болно.

Иймд шүүгдэгч Б.Найдансүрэнг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан ял оногдуулах хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Б.Найдансүрэнд холбогдох хэргийн хохирогч Б.Батчимэгээс тус шүүхэд “...миний бие Б.Батчимэг нь Б.Найдансүрэнтэй үл ойлголцох шалтгааны улмаас хоорондоо муудалцаж зодолдож миний биед хөнгөн гэмтэл учирч гэмтлийн хохирлыг барагдуулан 650.000 төгрөг төлж хохиролгүй, гомдолгүй болсон тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлтийг нотариатчаар баталгаажуулан ирүүлсэн байна.

 

Тус хүсэлтийг шүүх хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах гэмт хэргийг анх удаа үйлдсэн Б.Найдансүрэнд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д заасныг  баримтлан түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэлээ.

 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын 2016 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 53 дугаартай прокурорын тогтоолоор Б.Найдансүрэнгийн самсунг эс6 маркын гар утас хулгайлсан гэх хэргийг Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул дурдах нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүй болохыг дурдаж байна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

     ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Найдансүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг өөрчлөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

2.Энх овогт Баасанхүүгийн Найдансүрэнг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3.Б.Найдансүрэнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

4.Б.Найдансүрэн цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүй, хохирогч Б.Батчимэг гомдол саналгүй гэснийг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Найдансүрэнд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ