Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 982

 

 

 

 

 

 

 

 

 

 

“ЭАИСМК ББСБ” ХХК-ийн

Нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШШ2018/00539 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “ЭАИСМК ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Т” ХХК болон Ч.Б, А.Б, М.С нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 27 236 253 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч: М.С,

Хариуцагчийн өмгөөлөгч: А.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

 

   Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч З.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ЭАИСМК ББСБ” ХХК-аас иргэн М.С, А.Б, Ч.Б болон “Т” ХХК нар нь 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдөр ЗГ2015/03/02 тоот зээлийн гэрээ, БГ2015/03/02 тоот барьцааны гэрээ байгуулан 17 000 ам.доллар болон 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ЗГ2015/10/03 тоот зээлийн гэрээ, БГ2015/10/03 барьцааны гэрээ байгуулж 4 500 ам.долларын зээлийг сарын 3,0 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар тус тус зээл болон барьцааны гэрээ байгуулж Хаан банкны 5122018797 тоот М.С гэсэн эзэмшигчийн данс руу шилжүүлэн зээл олгосон. Зээлдэгч нь зээлийн барьцаанд Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, ................... газар, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зуслан/баруун салаа/, 400 м.кв ................ газар, 3.Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Эрдэнэтолгойн 40 дүгээр гудамжны ................ тоот хаягт байршилтай, 506 м.кв талбайтай . газрыг тус тус барьцаалсан. Зээлдэгч зээлийн гэрээний дагуу зээл болон хүүгийн төлбөрийг бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа зээлээ төлөхийг шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл тавьсан, хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй зээлийн гэрээний үүргээ байнга зөрчсөөр байсан тул зээлийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг хүргүүлж, мэдэгдсэн болно. Иймд зээлдэгчдээс ЗГ2015/03/02 гэрээний зээлийн үлдэгдэл 2.156,5 ам доллар буюу 5 268 869 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэл 888,83 ам доллар буюу 2 171 634 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 63.83 ам доллар буюу 155 953 төгрөг, нийт 3.109,16 ам доллар буюу 7 596 456 төгрөг, ЗГ2015/10/03 гэрээний зээлийн үлдэгдэл 4.383,10 ам доллар буюу 10 709 009 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэл 2.727,32 ам доллар буюу 6 663 520 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 265.69 ам доллар буюу 649 149 төгрөг, нийт 7.376,1 ам доллар буюу 18 021 677 төгрөг буюу 2 гэрээний нийт үлдэгдэл 26 618 133 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр нэмэгдүүлж ЗГ2015/03/02 гэрээний зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүүг 527 655 төгрөгөөр ЗГ2015/10/03 гэрээний зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүүг 1 072 465 төгрөгөөр нэмэгдүүлж, зээлдэгч нараас нотариатын үйлчилгээний 18 000 төгрөг, нийт 27 236 253 төгрөгийг гаргуулж өгнө үү. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгө болгож барьцаалсан хөрөнгүүд болох газруудаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

     Хариуцагч А.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлж боломжгүй байдалтай байгаа. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлтэй байна. Зуслангийн газраа өгөхөд татгалзах зүйлгүй. Би гурван хүүхэдтэй хүн. Надад илүү өгөх мөнгө байхгүй. Бид анх нэхэмжлэгч байгууллагаас 17 000 доллар зээлж авсан. н.Наранжаргал гэдэг эдийн засагч бидэнд уг зээлийг гаргаж өгөхдөө Ч.Б гэж хүнийг хамтран зээлдэгчээр оруулаад 2 000 долларыг авсан. Бид зээлээ бүтнээр нь хаах гээд нэхэмжлэгч байгууллагаас хэдэн төгрөгийн үлдэгдэл төлөх ёстой вэ гэж утсаар асуусан. Эргэж холбогдоод хариу өгөхдөө Ч.Бийн 2 000 долларыг хасаад, үлдэгдэл 13 248 доллар байна гэсэн. Үүнийг нь бид төлсөн. Ингээд энэ зээлээс үлдэгдэлгүй болсон гэж бодож явсан гэжээ.

 

 Хариуцагч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хаан” банкнаас 200 000 000 төгрөгийн зээл авсан боловч манай үйлдвэр шатсан. А.Бгоос гэр бүлээ цуцлуулж, гэр бүл салж сарнисан байгаа. Гэсэн ч би залуу хүний хувьд улсаа ямар ч өргүй болгоё гэж бодож явдаг. Би анхнаасаа өөрийн нэр дээр байгаа хашаагаа өгөөд зээлээ хаая гэж хэлж байсан. Монгол хүмүүс байна. Бие биенээ хэцүү үед нь ойлгоосой гэж хүсч байна. Нэмэгдүүлсэн хүү болон хүүг өгөх боломжгүй байна. Үндсэн 4 500 долларын зээлийн үүргийн гүйцэтгэлийг барьцаанд байгаа хөрөнгөөр хангуулах хүсэлтэй байна. Би урьд нь энэ байгууллагатай удаа дараа харилцаад явж байсан. Бид алтан түнш байлаа. Тухайн үед зах зээл сайхан байлаа. Дор бүр нь төлбөрийг өгч байсан. Өмнө зээлсэн зээлийн үлдэгдэл 2 000 доллартай холбоотой асуудлыг бид хариуцах боломжгүй. Нэхэмжлэгч байгууллагын эдийн засагч н.Наранжаргал, Ч.Б гэх хүний нэр дээр 2 000 долларыг бидний зээлж авсан 17 000 доллараас авсан. Бид нарын нэрийг ашиглаад орлого нь хүрээгүй учраас нэхэмжлэгч байгууллагын ажилтан өөрөө ийм асуудал гаргасан. Ч.Б энэ 2 000 доллартой холбоотой зээлийг өөрөө хариуцна гэдэг. Бид 15 000 долларыг хүүтэй нь төлж барагдуулсан. Ингээд асуудал мартагдсан байсан чинь гэнэт ийм нэхэмжлэл гарч ирсэн. Бидний зүгээс сүүлд авсан 4 500 долларыг барьцаа хөрөнгөөр барагдуулах хүсэлтэй байна. 4 500 доллараар хариуцагч А.Б гэртээ тавилга авсан гэжээ.

 

 Хариуцагч Ч.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие А.Б, М.С нартай хамтран зээлдэгч болж 2 удаа зээлэнд оролцсон боловч миний бие нийт 2 000 ам.долларын зээлийг 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр авсан. Би өөрийн авсан зээлээс 1 050 ам.долларын төлөлт хийсэн. Би өөрийн төлсөн баримтыг ”ЭАИСМК ББСБ” ХХК-ийн эдийн засагч н.Батгэрэлд өгч тооцоог гаргаж өгөхийг хүссэн. Уг зээлээс 2 000 долларыг би авсан. 2 000 ам.доллар буюу 4 886 500 төгрөгийн төлөлтийг хариуцна, 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл 2 000 ам.доллар авснаа хүлээн зөвшөөрч байна. Гарын үсэг зурсан нь үнэн. Үүнээс би 7 удаагийн төлөлтөөр 1 080 долларыг төлсөн, н.Наранжаргал гэдэг хүнд тодорхой хэмжээгээр төлж байсан. Н.Батжаргал гэдэг хүнд баримтуудыг өгсөн байгаа. Би өөрийнхөө авсан 2 000 ам.долларын төлөлтийг хариуцна. Өөрийнхөө авсан зээлийг тусад нь гаргуулах саналтай байна гэжээ.

 

  Шүүх: Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1-д заасныг удирдлага болгон Ч.Боос 5 399 038,7 төгрөгийг, хариуцагч А.Б, “Тосон вүүд” ХХК, М.С нараас 15 618 982,7 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “ЭАИСМК ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6.218.231,6 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т заасныг баримтлан хариуцагч Ч.Б, А.Б, “Т” ХХК, М.С нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зуслан/баруун салаа/, 400 м.кв талбайтай ..............тоот эзэмших эрхийн гэрчилгээтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын №А/213 шийдвэртэй ............. газар, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зуслан/баруун салаа/, 400 м.кв талбайтай нэгж талбарын ...................... тоот эзэмших эрхийн гэрчилгээтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын №А/213 шийдвэртэй А.Бгийн эзэмшлийн газар; Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Эрдэнэтолгойн 40 дүгээр гудамжны ................ тоот хаягт байршилтай, нэгж талбарын 18624297144855 дугаартай, 506 м.кв талбайтай Г-2206008901 дугаартай, №000318294 гэрчилгээний дугаартай Ч.Бийн өмчлөлийн газрыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 395 985 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Ч.Боос 136 290,6 төгрөг, хариуцагч А.Б, “Т” ХХК, М.С нараас 271 099,9 гаргуулан нэхэмжлэгч “ЭАИСМК ББСБ” ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэрийг бүхэлд нь үл хүлээн зөвшөөрч гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч нь 2017 оны 8 сарны 24-ний өдөр анхан шатны шүүхэд хандан нэхэмжлэлийн шаардлагаа төгрөгт хөрвүүлэн 26 618 133 төгрөгийн шаардлага гаргасан бөгөөд улмаар 2018 оны 2 сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 771 452 төгрөгөөр нэмэгдүүлэн нийт 10 627,31 ам.доллар буюу 27 236. 53 төгрөгийг нэхэмжилсэн. Талуудын хооронд байгуулагдсан ЗГ/2015/03/02 тоот зээлийн гэрээгээр 17 000 ам.долларыг, ЗГ2015/10/03 дугаартай зээлийн гэрээгээр 4 500 ам.долларыг тус тус зээлдэгч нарт олгосон. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д заасныг үндэслэн нэхэмжлэлээ гаргасан бөгөөд нэхэмжлэлийг ойлгомжтой болгох үүднээс нэхэмжлэл гаргах өдриин байдлаар Монгол банкны ханшийн лавлагааг хавсарган төгрөгт хөрвүүлэн нэхэмжлэлдээ дурдсан. Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1 -д заасныг үндэслэн шүүхийн шийдэрийг төгрөгөөр тооцон шийдвэрлэхдээ "Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай" хуулиар Банк, банк бус санхүүгийн байгууллагад үүргийн гүйцэтгэлийг валютаар хангуулах эрх олгосон байдалд дүгнэлт хийлгүй, үүрэг үүсэх үеийн албан ханшаар тооцсоны улмаас нэхэмжлэлийн шаардлагаас 6 218 231,6 төгрөгөөр хэрэгсэхгүй болгож байгаа нь нэхэмжлэгчийн эрх ашигт хууль бусаар халдсан хохиролтой шийдвэр болжээ гэж дүгнэж байна. Иймд холбогдох хуульд нийцүүлэн өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн хангуулах боломжтой гэж үзэн гомдол гаргаж байна. Нэхэмжлэгчийн хувьд нэхэмжлэлээ хариуцагч тус бүрээр гаргаагүй боловч шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хариуцагч тус бүрээр гүйцэтгэх үүргийн дүнг тооцон дурдсан байгааг хүлээн  зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь зээлдэгч нэг бүртэй тусад нь зээлийн гэрээ байгуулаагүй, зээлийн төлбөрийг хэн хэрхэн авч ашигласан зэрэг нь зээлдүүлэгчид огт хамааралгүй бөгөөд гэрээний үүргийн биелэлтийг гэрээний нийт оролцогч буюу хариуцагч нараас нэхэмжилсэн. Гэвч хариуцагч нар нь үүргийг гүйцэтгэх байдлыг тарамдуулан төлбөрийг төлөхөөс санаатай зайлсхийх зорилгоор зохих тайлбарыг шүүхэд хүргүүлснийг шүүх хүлээн авч хэргийг шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх ашигт сөргөөр нөлөөлж байх тул нийт хариуцагч нараар үүргийн биелүүлэлтийг хангуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч “ЭАИСМК ББСБ” ХХК нь хариуцагч “Т” ХХК болон Ч.Б, А.Б, М.С нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 27 236 253 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

            Зохигчид 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, гэрээгээр зээлдүүлэгч “ЭАИСМК ББСБ” ХХК нь 17 000 ам.долларыг зээлдүүлэх, зээлдэгч “Т” ХХК болон Ч.Б, А.Б, М.С  нар нь зээлийн төлбөрийг сарын 3 хувийн хүүтэй, 12 сарын хугацаанд төлөх,  тохирсон хугацаа хэтрүүлсэн тохиолдолд 20 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг хүлээсэн байна.

           Мөн зохигчид 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр дахин зээлийн гэрээ байгуулж, зээлдэгч нар  өмнөх нөхцөлөөр  4 500 ам.долларыг зээлж, дээрх 2 зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зуслан/баруун салаа/, 400 м.кв газар, Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Эрдэнэтолгойн 40 дүгээр гудамжны ........ тоотод байрлах 506 м.кв газрыг тус тус барьцаалсан байна. /хх-ийн 3-24 дүгээр тал/                                          

                                                                                   

            Зохигчдын байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн хийсэн хүчин төгөлдөр хэлцэл байх тул нэхэмжлэгч “ЭАИСМК ББСБ” ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийг, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хариуцагч нараас шаардах эрхтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

            Зээлдэгч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн гэрээний хугацаа дууссан байхад 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний үндсэн төлбөрт 2 156,5 ам доллар, 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн төлбөрт 4 383,10 ам.доллар тус тус төлөөгүй үйл баримтад талууд маргаагүй атлаа хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж мэтгэлцэх үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

 Иймд анхан шатны шүүх хариуцагч нараас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн  451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцсэн байх боловч Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэснээс зээлийн гэрээний дагуу зээлдэгч нарын төлбөл зохих мөнгөн хөрөнгийг буруу тооцжээ.

 

Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт “төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө”  гэж заасан нь тухайн мөнгөний ханш өсөх, буурах ойлголт юм. Өөрөөр хэлбэл гадаад мөнгөн тэмдэгтийг төгрөгт харьцах ханшаар тооцох агуулгад хамаарахгүй. Гэтэл анхан шатны шүүх зээлийн үүргийг талуудын гэрээ байгуулсан үеийн ам.долларын ханшаар тооцсон нь буруу.

 

Мөн нэхэмжлэгч нь өөрийн үзэмжээр зээлийн гэрээг хамтран байгуулсан үүрэг гүйцэтгэгч нараас тэнцүү хэмжээнд үүргийн гүйцэтгэлийг шаардсан байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3, 242.8-д заасныг буруу тайлбарлан хэрэглэжээ. Тодруулбал, талууд зээлийн гэрээндээ хамтран хүлээх үүргээс хэн нь ямар хэмжээтэй үүрэг гүйцэтгэх талаар тохиролцоогүй байх тул үүрэг гүйцэтгүүлэгч нь хамтран үүрэг гүйцэтгэгчээс адил тэнцүү, эсхүл бүхэлд нь, хэсэгчлэн шаардах эрхтэй. Хэдийгээр хариуцагч нар нь зээлийн үүргийн талаар өөр байр суурьтай байх боловч энэ нь зээлийн мөнгөн хөрөнгийг хэрхэн зарцуулах тэдний эрхтэй холбоотой бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгчийн тэнцүү хэмжээнд шаардсан шаардлагыг няцаах үндэслэл болохгүй юм.

 

Хариуцагч нар нь 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний үндсэн төлбөрт 2 156,5 ам.доллар, хүү 1 069,98 ам доллар, нэмэгдүүлсэн хүү 100,06 ам.доллар, 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн төлбөрт      4 383,10 ам.доллар, хүү 3 095,5 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 339,33 ам.доллар, нийт 11 144,47 ам.долларыг төлөх үүрэгтэй байна. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах үед ам.долларын төгрөгт хөрвөх ханш 2 443,25 төгрөг байсан болох нь Монголбанкнаас зарласан ханшийн лавлагаагаар тогтоогдож байх тул /11 144,47 ам.доллар х 2 443,25 төгрөг/ хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 27 228 726 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцнэ.

 

Хариуцагч нар үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйгээс нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахад нотариатын зардалд 18 000 төгрөгийг зарцуулсан байх тул уг төлбөрийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас шаардах эрхтэй. Хариуцагч нарын төлбөл зохих зээлийн гэрээний үүрэг болон нотариатын зардал бүгд 27 246 726 төгрөг буюу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас илүү байх тул нэхэмжлэгчийн шаардсан хэмжээнд нийт 27 236 253 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасантай нийцнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШШ2018/00539 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч М.Саас 6 809 063 төгрөг, А.Бгоос 6 809 063 төгрөг, Ч.Боос 6 809 063 төгрөг, “Т” ХХК-иас 6 809 063 төгрөг буюу нийт 27 236 253 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ЭАИСМК ББСБ” ХХК-д олгосугай” гэж,

3 дахь заалтын “… хариуцагч Ч.Боос 136.290,6 төгрөг, А.Б, “Тосон вүүд” ХХК, М.С нараас 271.099,9 …” гэснийг “хариуцагч нараас 294 131 төгрөг” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114 442 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Т.ТУЯА                                         

                             ШҮҮГЧИД                                           Ч.ЦЭНД                                                                                                    

                                                                                                     Г.ДАВААДОРЖ