Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2023/ШЦТ/694

 

 

 

  2023          08         26                                     2023/ШЦТ/694

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Өнөрцэцэг,

Улсын яллагч: С.Бичинхүү /томилолтоор/,

Шүүгдэгч ...нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ...д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305000000326 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..., ..... тоот регистртэй,

 

Шүүгдэгч ...нь 2023 оны 01 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хороон нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Коко банана” бааранд хохирогч ...г архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ шалтгаангүйгээр цохиж биед нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруунд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, духанд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулж “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ...шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч ...ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 12 цагийн үед Баянгол дүүргийн 21 дүгээр хороонд оршин суудаг ...гийн гэрт очих үед ...болон түүний эхнэр байсан. ...бид хоёр тэдний гэрээс гараад дэлгүүр явж байсан чинь ...гийн найз гэх үл таних эрэгтэй таараад тухайн эрэгтэй бид хоёрт 0.33 литрийн хэмжээ бүхий нэг шил архи авч өгөөд явсан. Тухайн архийг аваад цааш яваад дэлгүүр ороод 0.75 литрийн хэмжээ бүхий “Хараа” нэртэй архи нэг шилийг аваад ...гийн гэрт буцаж ирэх үед ...гийн эхнэр хүүхэд хоёр байсан. ...түүний эхнэр бид 3 хоёр шил архи хувааж уугаад сууж байсан чинь ...миний хацар хэсэг рүү цохиод авсан. Би ...д хандаж “яаж байгаа юм бэ” гэж асуусан чинь хариулахгүй миний нүүр хэсэг рүү олон удаа цохиж байгаад араас боогоод “чамайг ална” гэж хэлээд байсан. Тэрийг тэдний гэрээс зугтаж гараад цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 6-7/,

Шинжээчийн 2056 тоот дүгнэлтэд: “......ийн биед хамар яс, таславчийн хугарал, мурийлт, баруун дээд, доод зовхи, зүүн доод зовхи, нүдний дотор булангийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний алиманд цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байна...” гэжээ. /хх-н 14-15/,

Яллагдагчаар ...гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэжээ /хх-н 24-25/,

 

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 1/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 32, 35-60/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

  Шүүгдэгч ...нь 2023 оны 01 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хороон нутаг дэвсэгрт үйл ажиллагаа явуулах “Коко банана” бааранд хохирогч ...г архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ шалтгаангүйгээр цохиж биед нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруунд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, духанд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулж “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ...гийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч ...нь хохирогч ...г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ цохиж, зодон түүнд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон буюу хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ...гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсангэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч ...нь хохирогч ...г цохисон үйлдлийг улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтэл учирсан нь хоорондоо шууд  шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч ...нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар буюу хохирогч ...гийн эрүүл мэндэд хохирол учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Хохирогч ... нь баримтаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлээгүй ба тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаархи баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлт гаргасан болохыг дурдав.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч ...гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ...гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаагүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 376 цаг нийтэд тустай ажил хийлгэх оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч ...нь шүүхээс оргон зайлж, 2023 оны 7 дугаар сарын 12-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа хорих ангид цагдан хоригдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 47 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, 376 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцов.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ...г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ...г 376 цаг нийтэд тустай  ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ...гийн цагдан хоригдсон 47 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, 376 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцсугай.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Хохирогч нь тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаархи нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ...д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР