| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2020/00300/и |
| Дугаар | 433 |
| Огноо | 2020-04-09 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 433
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2020/00300/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ... аймаг, ... сум, ... баг, ... гудамж, ... тоотод оршин суух, /утас .../, /... регистрийн дугаартай/, Б овогт Д-ийн О-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... аймаг, ... сум, ... дугаар баг, ... гудамж, ... тоотод оршин суух, /утас .../, /... регистрийн дугаартай/, Ж овогт Э-гийн Д-д холбогдох
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Адъяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие 2016 онд Э.Д-тэй танилцаж, гэр бүлийн харилцаатай байсан. Бидний дундаас 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүү Д.Б төрсөн. Бид өөрийн гэсэн гэр оронгүй түрээсийн байранд амьдардаг байсан. Тэрээр хүүгээ төрснөөс хойш гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж, бидний харилцаа тогтворгүй болсон. Би өөрийн гэсэн ажил төрөлгүй, хүү маань цэцэрлэгт явдаг болсон тул Э.Дгээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэгч Д.Отгончимэгийн нэхэмжлэлийн дагуу хүү Д.Б-ийн тэтгэмж тогтоолгох хүсэлтийг хүлээн зөвшөөрөв гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч Э.Д-д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ... сумын ... дугаар багийн Засаг даргын ам бүлийн тодорхойлолт, “...” өрхийн эрүүл мэндийн төвийн хүүхэд эрүүл бойжиж байна гэсэн эмчийн тодорхойлолт зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.
Хариуцагч Э.Д нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа ... Нэхэмжлэгч Д.О-гийн нэхэмжлэлийн дагуу хүү Д.Б-ийн тэтгэмж тогтоолгох хүсэлтийг хүлээн зөвшөөрөв гэж зөвшөөрсөн тайлбарыг гаргаж, маргаагүй болно.
Нэхэмжлэгч Д.О, хариуцагч Э.Д нарын дундаас 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүү Д-гийн Б төрсөн болох хэрэг авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Зохигчид нь гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй боловч эрх бүхий бүртгэлийн байгууллагад хандаж хүү Б-ийг эцэг Э.Д-гээр овоглосон байна.
Зохигчид нь хүүхэд төрснөөс хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд хүү Д.Б нь төрсөн цагаасаа эхийн асрамжид байгаа, хариуцагч хүүхдийн асрамжийн талаар маргаагүй тул хүү Д.Б-ийг эх Д.О-ийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 21 дүгээр зүйлийн 21.5-д Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус зааснаар эцэг Э.Д-гээс сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Д.О-ийн нэхэмжлэлтэй Э.Д-д холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 09:00 минутад товлосон бөгөөд нэхэмжлэгч Д.О нь биечлэн оролцох боломжгүй талаарх хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нараас гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн тэдгээрийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн хүү Д-гийн Б-ийг эх Д.О-ийн асрамжид үлдээж, 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Э.Дгээр тэжээн тэтгүүлсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэрэгжүүлж байхыг эцэг Э.Д, эх Д.О нарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 70 200 төгрөг, хариуцагчаас нэг жилийн хугацаанд төлөгдвөл зохих хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд улсын тэмдэгтийн хураамж тооцож 31 492 төгрөг тус тус гаргуулж, төрийн сангийн орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА