Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 526

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2020/00464/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа би даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байр, ... тоотод оршин суух, /утас .../, ... регистрийн дугаартай, Б овогт Д-ы Ц-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... хот, ... дүүрэг, ... хороо, ... тоотод оршин суух, /утас .../, ... регистрийн дугаартай, Д овогт А-ын Ч-т холбогдох

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Ц, хариуцагч А.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцов.

 

                 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие А.Ч-той 2012 онд танилцаж, 2013 онд охин Ч.Я төрсөн. 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр албан ёсоор гэр бүлээ батлуулсан. Хамт амьдарсан 7 жилийн хугацаанд үргэлж хэрүүл маргаантай өнгөрсөн. Мөн гэр бүлийнх нь гишүүдийн дарамт шахалт, хэрүүл зодоон, өвчин гэх мэт элдэв асуудал болж өнгөрсөн. Үнэндээ би энэ бүхнээс залхаж байна. Мөн А.Ч нь 2016 онд гэр бүлээс гадуурх харилцаагаар А.Э гэгчээс 1 хүүхэдтэй болсон байдаг. Мөн удаа дараагийн гэр бүлээс гадуурх харилцаанаас нь болж би олон удаагийн хэрүүл маргаан болж байсан. Энэ мэт асуудлаас болж би олон удаа доромжлуулж, зодуулж, дарамт шахалтад орж байсан. Гэр бүлийн хүчирхийллээр 2018 оны 12 дугаар сард шүүхэд гомдол гаргаж шийдүүлж байсан. Цаашид А.Ч-той хамтран амьдрах хүсэлтэй тул гэр бүлийн гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.

 

 

Хариуцагч А.Ч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Д.Ц-той албан ёсоор гэр бүлээ батлуулсан. Бид хоёр 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 1 охинтой болсон. Охинтой болсон цагаас хойш хамт амьдарч байгаагүй ба нэг гэрт орж байсан удаа байхгүй. Хоёр талд тус тусын амьдралаар амьдарч байгаад гэр бүл болж чадахгүй, тохирохгүй болсон. Д.Цийн нэхэмжлэлийн шаардлага буюу гэрлэлт цуцлуулах, насанд хүрээгүй нэг хүүхдээ өөрийн асрамждаа авах хүсэлтэд татгалзах зүйл байхгүй, хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч А.Чт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Нэхэмжлэгч Д.Ц хариуцагч А.Ч нар нь 2012 онд танилцаж, 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр гэр бүл болон албан ёсоор гэрлэлтээ батлуулан хамтран амьдарч байх хугацаандаа 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр охин Ч.Яыг төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлэгдсэн хуулбар, талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Зохигчид нь тусдаа амьдарч байгаа бөгөөд хэн аль нь эвлэрэн хамтын амьдралаа үргэлжлүүлэх талаар санаачилга гаргаагүй, А.Ч нь хардалтын улмаас Д.Цийн бие махбодид удаа дараа халдаж, зодож байсан гэсэн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй, энэ нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн шийтгэх тогтоолоор давхар нотлогдож байгаа бөгөөд зохигчдын хэн аль нь цаашид хамтран амьдрах боломжгүй гэсэн тайлбар зэрэг нөхцөл байдлыг үндэслэн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй.

 

Зохигчид нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин Ч.Яыг эх Д.Цийн асрамжид үлдээх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэж нэхэмжлэл гаргаж байгаа боловч хүүхдийн эрхийг төрөөс хуулиар хамгаалсан байдаг бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эхийн хооронд эрх, үүрэг үүснэ, 26 дугаар зүйлийн 26.1-д “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, 26.4-д “эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан үүрэг хэвээр үлдэнэ”, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасан байх тул Ч.Ят сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг А.Чоор тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д овогт А-ын Ч, Б овогт Д-ы Ц нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин Ч.Яыг эх Д.Цийн асрамжид үлдээж, 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг А.Чоор тэжээн тэтгүүлсүгэй.

3.  Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэрэгжүүлж байхыг эцэг А.Ч, эх Д.Ц нарт даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид

 

төлсөн 140 400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140 400 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагчаас нэг жилийн хугацаанд төлөгдвөл зохих хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд улсын тэмдэгтийн хураамж тооцож 31 492 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн               119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ө.Ягаанцэцэгт даалгасугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

    

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.АЛТАНТУЯА