Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 983

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Зын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч  Т.Туяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2018/00308 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Зын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ХНХЯанд холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичүүлэх тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Сайдад холбогдуулан Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Сайдын 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/10 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын мөнгийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан билээ. Үүнтэй холбоотойгоор Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Сайдын 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/10 дугаар тушаалыг эс зөвшөөрч, захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоож, Д.Зыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын тэргүүн дэд даргын албан тушаалд эгүүлэн тогтоохоор шийдвэрлэн тус шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Гэтэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд уг шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэлгүй нэхэмжлэгч Д.Зыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын тэргүүн дэд даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгүй өдийг хүрлээ. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 1023 дугаар шийдвэр гарсан өдрөөс хойш ажигүй байсан 12 сарын дундаж цалин хөлс болох 17 528 160 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

 Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.З нь анх Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Сайдын 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/10 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан албан тушаал буюу Нийгмийн даатгалын ерөнхий газрын тэргүүн дэд даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэл гаргасан. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/10 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, Д.Зыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын тэргүүн дэд даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Д.Зд 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл ажилгүй байсан 3 сар 10 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 4 988.800 төгрөгийг гаргуулах шийдвэр гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан байна. Гэтэл шүүхээс Д.Зыг 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл ажилгүй байсан” гэж дүгнэн 3 сар 10 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг бүтнээр гаргуулах шийдвэр гаргасан. Гэтэл нэхэмжлэгч Д.З нь 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс хойш өдийг хүртэл Улсын Их хурал дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны даргын албан тушаал буюу улс төрийн албан тушаал эрхэлж байсныг мэдээллийн хэрэгсэл болон Улсын Их хурлын Тамгын газраас ирүүлсэн нотлох баримтаар хожим бидэнд илэрхий болсон юм. Уг хэргийг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч нь ажиллаж байгаа тухайгаа шүүхэд үнэн зөв мэдүүлээгүй бөгөөд Д.Зыг улс төрийн албан тушаал хашиж байгаа тухай нотлох баримтыг шүүх бүрэлдэхүүн болон хариуцагчид мэдэгдээгүй, захиргааны хэргийн шүүхийн хувьд нотлох баримтыг бүрдүүлэх үүргээ хангалттай сайн явуулаагүй. Энэ дагуу бид шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулахаар хандахад уг асуудал нь үндсэн нэхэмжлэлтэй хамааралгүй, цалин тооцож олгохдоо суутгал хийх боломжтой гэсэн агуулгаар дүгнэж хүсэлтийг хүлээн аваагүй болно. Шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах шийдвэр гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгоэр зүйлийн 69.1 дэх хэсгийг баримталсан хэрнээ “... 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн одоог хүртэл ажил, албан тушаал эрхлээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон” гэж дүгнэсэн боловч, нэхэмжлэгч нь тухайн хугацаанд намын бүлгийн ажлын албанд улс төрийн албан тушаал эрхэлж байгааг харгалзаагүй болно.  Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

  Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 заасныг баримтлан хариуцагч ХНХЯнаас 17 528 160 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Зд олгуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагч ХНХЯанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХНХЯнаас 245 551 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Зд олгуулахаар шийдвэрлэжээ.

 

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, талуудын хооронд үүссэн нөхцөл байдалд зөв дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий’’ байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа тул дор дурдсан үндэслэл, шалтгааны улмаас шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэгч нь ХНХЯанд холбогдуулан “Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинд 17 528 160 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгуулах” нэхэмжлэл гаргасан. Энэхүү нэхэмжлэлийн хүрээнд хариуцагч талаас шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй гэж маргаагүй бөгөөд харин нэхэмжлэгч нь төрийн албаны өөр байгууллагад ажиллаж байгаа учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар цалингийн зөрүү гарсан тохиолдолд түүнтэй тэнцэх олговрыг олгох ёстой гэж маргасан. Гэтэл анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т "Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасныг буруу тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл шүүх шийдвэр гаргахдаа Д.Зыг 2016 оны 10 дугаар сараас Улсын Их хурал дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны даргын албан тушаал буюу улс төрийн албан тушаал эрхэлж байгааг анхаарч үзэлгүй шийдвэр гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг шүүх өргөжүүлэн тайлбарлан хэрэглэсэн нь энэ тохиолдолд буруу юм. Учир нь төрийн албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар давхар ажил эрхлэх боломжгүй байдаг. Мөн хуулийн 69 дүгээр зүйлд шүүх тайлбарлаж байгаа ч бага цалинтай ажил эрхэлж байгаа бол зөрүүг олгох зохицуулалт нэхэмжлэгч зөвхөн тухайн байгууллага дотор ажиллаж буй тохиолдолд хамаарна гэж хуулийн утга санаа, зохицуулалтыг явцууруулж тайлбарлаж байгаа нь хууль дээдлэх зарчимд нийцэхгүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

                                        

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.З нь хариуцагч ХНХЯанд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 17 528 160 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1023 дугаар шийдвэрээр ажилтан Д.Зыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын тэргүүн дэд даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4 988 800 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын  шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдсон байна. /хх-ийн 5-15 дугаар тал/

 

Ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгох талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан. Иймд Д.З нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагч ХНХЯнаас шаардах эрхтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэг болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т тус тус зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй. Хариуцагч ХНХЯ нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1023 дугаар шийдвэрийг биелүүлээгүй болохыг хариуцагч үгүйсгээгүй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй тул хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс үүсэх эрх зүйн үр дагаврыг хариуцах учиртай юм.

 

Нэхэмжлэгч нь өөр ажил албан тушаалд хөдөлмөр эрхэлж буй нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт зөв байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн татгалзал болон давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасантай тус тус нийцжээ.

 

Харин анхан шатны шүүх нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэхдээ шийдвэрийн тогтоох хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгийг орхигдуулсныг давж заалдах шатны шүүхээс залруулах нь зүйтэй байна.             

 

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2018/00308 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 ...” гэсний дараа “, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт” гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                    Т.ТУЯА

                                               

                                          ШҮҮГЧИД                                    Ч.ЦЭНД

                                                                                                 

                                                                                   Г.ДАВААДОРЖ