| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Александрын Сарангэрэл |
| Хэргийн индекс | 122/2025/0005/З |
| Дугаар | 221/МА2025/0754 |
| Огноо | 2025-12-03 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 221/МА2025/0754
“ХСми” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Б.Адъяасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Г.Мөнхтулга
Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл
Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Аб
Нэхэмжлэгч: “ХСми” ХХК
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Засаг дарга
Гуравдагч этгээд: Б.Оэ
Нэхэмжлэлийн шаардлага: “ХСми” ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрийн эрүүл ахуйн хамгаалалтын бүсэд хамаарах газарт Баруун-Урт сумын иргэн Б.Оэд төмс хүнсний ногооны усалгааны тариалан эрхлэх зориулалтаар олгосон Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/*** дугаартай захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 19 дугаар шийдвэртэй,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Дд, хариуцагч Ж.Жт,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Өсөхбаяр
Хэргийн индекс: 122/2025/0005/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 19 дугаар шийдвэрээр:
Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ХСми” ХХК-ийн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/*** дугаартай захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Аб дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:
“... Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 122/ШШ2025/0019 дугаартай шүүхийн шийдвэрийг хүлээн авч танилцаад анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан шаардлагыг хангаагүй гэж үзээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх зүйлд заасны дагуу дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:
2.1. “ХСми” ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрийн эрүүл ахуйн хамгаалалтын бүсэд хамаарах газарт Баруун Урт сумын иргэн Б.Оэд төмс, хүнсний ногооны усалгаатай тариалан эрхлэх зориулалтаар 30,048 м2 газар олгосон Баруун-Урт сумын Засаг даргын 2024 оны А.*** дугаартай захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэнд гомдол гаргах үндэслэл болгов. Тус компани нь Сүхбаатар аймгийн Баруун Урт сумын 8 дугаар багийн Х ү 1-*** тоот хаяг дээр ХАА-н үйлдвэрлэлийн цогцолбор газрын зориулалтаар 10,000м2 газрыг дуудлага худалдаагаар худалдан авч, Баруун Урт сумын Засаг даргын 2020 оны 8 дугаар сарын 17-ний өдрийн А.175 дугаар захирамжаар, мөн Баруун Урт сумын 8 дугаар багийн Х ү 1-*** тоот хаяг дээр 2500м2 газрыг дуудлага худалдаагаар худалдан авч, Баруун Урт сумын Засar даргын 2020 оны 9 дүгээр сарын 10-ний өдрийн А.199 дугаар захирамжаар, мөн Баруун Урт сумын 8 дугаар багийн Х ү 1-*** хаяг дээр 2500м2 газрыг дуудлага худалдаагаар авч Баруун Урт сумын Засаг даргын 2020 оны А/201 тоот захирамжаар тус тус баталгаажуулан ХАА-н үйлдвэрлэлийн цогцолбор газрын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшиж байна.
2.2.Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.7-д "Энэхүү хэргийн тухайд Сүхбаатар аймгийн Баруун Урт сумын Засаг даргаас 2022 онд маргаан бүхий газрыг иргэн Б.Оэд эзэмшүүлсэн нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, маргаан бүхий акт Газрын тухай хуулийн дагуу гарсан байна" гэсэн дүгнэлтийг хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
2.3.Баруун Урт сумын Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 8-ний өдрийн зохицуулалт тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 5.1-д "Техникийн Газар эзэмшүүлэх тухай" А/*** тоот захирамж нь Стандартчилал, техникийн зохицуулалтын зорилго нь хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад оршино", мөн хуулийн 5.2-д "Техникийн зохицуулалтыг нийтээр заавал дагаж мөрдөнө" гэсэн хуулийн зүйл заалтуудыг зөрчсөн байна.
2.4.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д "Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана" гэж заасныг зөрчиж гаргасан гэж үзэж байна.
2.5.Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 224 дүгээр тогтоолоор "Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалт"-ыг баталж, 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөх Техникийн зохицуулалтын 3.1.2-т Эрүүл ахуйн хамгаалалтын бүсийн хэмжээ, ерөнхий шаардлага" стандартын шаардлагад нийцүүлэн тухайн бүс нутгийн газар зүйн байршил, онцлогийг харгалзан төхөөрөх үйлдвэрт 500м-ээс, мах боловсруулах үйлдвэрт 100м-ээс багагүй зайд тогтоох" гэж заасныг зөрчиж, "ХСми ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрийн эрүүл ахуйн хамгаалалтын бүсэд хамаарах газарт иргэн Б.Оэд төмс, хүнсний ногооны усалгааны тариалан эрхлэх зориулалтаар 30,048м2 газар олгосон байна.
2.6.Анхан шатны шүүх Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 8 дугаар сарын 24 өдрийн №195 тоот албан шаардлага, 2021 оны 12 дугаар сарын 28 өдрийн №397 тоот албан бичиг, Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2021 оны 9 сарын 07 өдрийн №1/309 тоот албан бичгүүдэд Эрүүл ахуйн хамгаалалтын бүс дотор зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгааг тодорхойлсон нотлох баримтуудыг хэрэг шийдвэрлэхдээ үнэлж дүгнэлт хийгээгүй хэт нэг талын эрх ашиг сонирхолд хөтлөгдөн шийдвэрлэсэн нь хэргийн бодит нөхцөл байдалд нийцээгүй байна. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-д "Үндэслэх хэсэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, ...тэдгээрийн хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана" гэж заасныг хангаагүй гэж үзэж байна.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад, дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
1.Нэхэмжлэлийн шаардлага, талуудын маргаж буй зүйлийн тухайд:
1.1.Нэхэмжлэгч “ХСми” ХХК-иас “гуравдагч этгээд Б.Оэд газар эзэмших эрх олгосон Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/*** захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Засаг даргад холбогдуулан гаргасан.
1.2.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ “..."ХСми” ХХК-ийн мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн эрүүл ахуйн хамгаалалтын бүсэд иргэн Б.Оэд “төмс, хүнсний ногооны усалгаатай тариалан” эрхлэх зориулалтаар 30,048м2 газар олгосон нь Засгийн газрын 2022 оны 224 дүгээр тогтоолын 3.1.2-т заасан мах боловсруулах үйлдвэрийн эрүүл ахуйн хамгаалалтын бүсийн стандарт шаардлагыг зөрчсөн, тухайн газар нь тухайн оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд багтаагүй” гэж тайлбарлан маргажээ.
1.3.Хариуцагчаас “...Б.Оэ-ийн газар нь өмнө эзэмшиж байсан газрыг нөхөн олговортойгоор аваад хууль ёсны дагуу байршлыг өөрчлөн буцаан олгосон, тухайн оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд “төмс, хүнсний ногооны усалгаатай тариалан” эрхлэх зориулалтаар тусгагдсан газар болно.” гэсэн тайлбарыг өгчээ.
1.4.Гуравдагч этгээдээс “...Миний бие улсаас зааж өгсөн газрыг зохих журмын дагуу хүсэлт гарган гэрчилгээ авч, хашаажуулан эзэмшиж байгаа тул уг асуудалд ямар ч холбогдолгүй болно” гэх тайлбар ирүүлжээ.
2.Хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож буй маргааны үйл баримтын тухайд:
2.1.Нэхэмжлэгч “ХСми” ХХК нь 2020 оны 08 дугаар сараас эхлэн мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэл, ноос ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хоёрдогч түүхий эд боловсруулах, ургамлын болон малын гаралтай тос үйлдвэрлэл эрхэлдэг, тус үйлдвэр нь яс боловсруулах цех, сэвс бусад хаягдлаар органик бордоо үйлдвэрлэх цех, ноос угаах цех, хаягдал усыг дахин цэвэршүүлэх цехийг ажиллуулдаг, 2020-2023 онд мах боловсруулах үйлдвэрийн барилга баригдсан гэдэг нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, шүүхийн үзлэг, бичгээр ирүүлсэн тайлбар зэргээр тогтоогдож байна.
2.2.Мөн нэхэмжлэгч “ХСми” ХХК-ийн хувьцаа эзэмшигч А.Ожд Сүхбаатар аймгийн Баруун Урт сумын 8 дугаар багийн Х ү 1-*** тоот, 1-*** тоот, 1-*** тоот хаягт байрлах 15,000 м.кв газрыг дуудлага худалдааны анхны үнээр Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолбор газрын зориулалтаар Баруун Урт сумын Засаг даргын 2020 оны 8 дугаар сарын 17-ний өдрийн А/175 дугаар захирамж[1], мөн даргын 2020 оны 9 дүгээр сарын 10-ний өдрийн А/199 дугаар[2], А/201 дүгээр захирамжуудаар[3] газар эзэмших эрхийн гэрчилгээг олгожээ.
2.3.Харин хариуцагч захиргааны байгууллагаас 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/377 дугаар захирамжаар[4] “гуравдагч этгээдийн өмнө нь эзэмшиж байсан газрыг нийтийн эзэмшлийн буюу наадмын талбайтай ойр үндэслэлээр чөлөөлж, нөхөн олговорт маргаан бүхий Сүхбаатар аймгийн Баруун Урт сумын 8 дугаар багийн Х ү 1 гудамж, 100 тоот хаягт байршилтай, 2612419 төлөвлөлтийн нэгж талбарын дугаартай 3.0048 га /30,048м.кв/ газрыг “төмс, хүнсний ногооны усалгаатай тариалангийн” зориулалтаар 13 жилийн хугацаатай эзэмшүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээг[5] гуравдагч этгээд Б.Оэд олгосон, үүний дараа 2022 оны А/377 дугаар захирамжийг техникийн алдаатай үндэслэлээр хүчингүй болгож, маргаан бүхий 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/*** дүгээр захирамжаар нэхэмжлэгчид маргаан бүхий газарт 30,048м.кв газрыг “төмс, хүнсний ногооны усалгаатай тариалангийн” зориулалтаар 11 жилийн хугацаатай эзэмшүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон.
2.4.Мөн нэхэмжлэгч компанийн мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн хашааны урд захаас гуравдагч этгээдийн хашаа хүртэл 31-34 метрийн зайтай болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 397 дугаар албан бичиг, Шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
2.5.Дээр дурдсан маргааны үйл баримтаас дүгнэхэд, нэхэмжлэгч компани мах, махан бүтээгдэхүүн боловсруулах, ноос угаах, арьс шир боловсруулах үйлдвэрлэл эрхэлдэг, тус үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эрхлэхээр гэрчилгээ авч, барилгыг барьсан зэрэг нөхцөл байдлаас үзэхэд гуравдагч этгээдэд маргаан бүхий газрыг эзэмших эрхийг хариуцагчаас 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр олгосоноос өмнө нэхэмжлэгч компани нь мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэл эрхэлж эхэлсэн, мөн нэхэмжлэгч компанийн мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн хашааны урд захаас гуравдагч этгээдийн хашаа хүртэл 31-34 метрийн зайтай зэрэг үйл баримт хэрэг авагдсан баримтуудаас тогтоогдож байна.
3.Маргаанд холбогдох хууль зүйн үндэслэлийн тухайд:
3.1.Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно.” гэжээ.
3.2.Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “стандарт” гэж тодорхой хүрээнд хэм хэмжээ бий болгоход чиглэсэн ерөнхий зарчим, үзүүлэлтийг сонирхогч талууд зөвшилцөн боловсруулж баталсан, ... баримт бичгийг хэлэхээр заасан.
3.3.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.19-т “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт” гэж хөдөлмөрийн нөхцөл, аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар эрх бүхий байгууллагаас тогтоосон хэм хэмжээг хэлэхээр, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэлийн орчин нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, шаардлага хангасан байна.”, 32 дугаар зүйлийн 32.1-т “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтэд дараах этгээд өөрийн эрх хэмжээний хүрээнд хяналт тавина:”, 32.1.5-т “..., сум, ...ийн Засаг дарга,..” гэж тус тус зохицуулжээ.
3.4.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т захиргааны байгууллагын захиргааны үйл ажиллагаанд “бодит нөхцөлд тохирсон байх” зарчмыг баримтлахаар, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.” гэж тус тус зохицуулсан.
3.5.Мөн Монгол Улсын Үндэсний стандарт болох 2001 онд батлагдсан MNS 5105:2001, Хөдөлмөрийн аюулгүй байдал, үйлдвэрлэлийн эрүүл ахуй, эрүүл ахуйн хамгаалалтын бүсийн хэмжээ, ерөнхий шаардлагын С хавсралтад Эрүүл ахуйн хамгаалалтын бүс нь 300 м-т хамаарах аж ахуйн нэгж, байгууллагыг заасан бөгөөд уг шаардлагын 6-т малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэр, 6.2-т ноос, ноолуур угаах, боловсруулах үйлдвэр гэж тусгасан.
3.6.Засгийн газрын 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 224 дүгээр тогтоолоор баталсан “Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалт”-ийн 3.1-т “Үйлдвэрийн гадаад байгууламжид тавих шаардлага:”, 3.1.2-т “эрүүл ахуйн бүсийг “MNS 5105 Хөдөлмөрийн аюулгүй байдал. Үйлдвэрлэлийн эрүүл ахуй, Эрүүл ахуйн хамгаалалтын бүсийн хэмжээ, ерөнхий шаардлага” стандартын шаардлагад нийцүүлэн тухайн бүс нутгийн газар зүйн байршил, онцлогийг харгалзан төхөөрөх үйлдвэрт 500 м-ээс, мах боловсруулах үйлдвэрт 100 м-ээс, хагас боловсруулсан махан бүтээгдэхүүний үйлдвэрт 50 м-ээс багагүй зайд тогтоох” гэж тус тус заасан байна.
3.7.Энэхүү маргааны тохиолдлын бодит нөхцөл байдалд нэхэмжлэгч компани нь мах, махан бүтээгдэхүүн боловсруулах, ноос угаах, арьс шир боловсруулах үйлдвэрлэл эрхэлдэг, нэхэмжлэгч компанийн үйлдвэрээс гуравдагч этгээдийн эзэмшлийн “төмс, хүнсний ногооны усалгаатай тариалангийн” зориулалттай газар хүртэл 31-34 метрийн зайтай гэдэг нь тогтоогдож байх тул маргаан бүхий 30,048 м.кв газрын зарим хэсэг нь мах, махан бүтээгдэхүүн боловсруулах, ноос угаах, арьс шир боловсруулах үйлдвэрлэл эрхэлдэг нэхэмжлэгч компанийн эрүүл ахуйн бүсэд хамаарах газартай давхцалтай гэж үзэх үндэслэлтэй байна.
3.8.Түүнчлэн MNS 5105:2001 стандарт нь Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд тус тус нийцүүлэн 2001 онд батлагдсан норматив хэм хэмжээ байх бөгөөд аливаа үйлдвэрлэлийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах, үйлдвэрийн гадна орчинд хортой нөлөө бүхий үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн эрүүл ахуйн хамгаалалтын бүсийн хэмжээ, ерөнхий шаардлагыг тогтоох зорилготой, холбогдох төрийн байгууллага болон захиргааны байгууллагууд үйл ажиллагаандаа баримтлах ёстой баримт бичиг байна.
3.9.Тодруулбал, дээр дурдсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасан зорилгыг хэрэгжүүлэхэд MNS 5105:2001 стандарт нь хууль хэрэгжүүлэх нөхцөл шаардлагыг тодорхойлсон хэм хэмжээ бөгөөд хариуцагч захиргааны байгууллагаас гуравдагч этгээдэд газар эзэмших эрх олгохдоо тус хуулийг хэрэгжүүлэх болон бодит нөхцөл байдлыг үнэлэх хүрээнд нэхэмжлэгч компанийн үйлдвэрийн эрүүл ахуйн хамгаалалтын бүсийн стандарт шаардлагыг харгалзан үзэх хуульд заасан үүргээ тус тус биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.
3.10.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль нь 2008 онд батлагдсан, мөн уг хуулийн холбогдох заалтыг хэрэгжүүлэх нөхцөл шаардлага болох MNS 5105:2001 стандарт нь 2001 онд батлагдсан нөхцөл байдлыг анхааралгүйгээр анхан шатны шүүхээс “Засгийн газрын 2022 оны 06 дугаар сарын 08-ны 224 дүгээр тогтоолоор баталсан “Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалт”-ыг дагаж мөрдөхөөс өмнө буюу 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө гуравдагч этгээдэд тухайн маргаан бүхий газарт газар эзэмших эрх үүссэн” гэсэн дүгнэлтээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
3.11.Иймээс маргаан бүхий А/*** захирамжийн нэхэмжлэгч компанийн эрүүл ахуйн бүстэй давхцалтай хэсэг нь хуульд нийцээгүй бөгөөд уг захирамжийн улмаас нэхэмжлэгч компанийн үйлдвэрлэлийн орчин нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, шаардлага хангасан байх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж шүүхээс үзэх үндэслэлтэй байх тул маргаан бүхий А/*** дүгээр захирамжийг шүүхээс гурван сарын хугацаагаар түдгэлзүүлсэн өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
4.Хариуцагчаас маргаан бүхий газрын бодит хэмжээ, байршлыг тогтоосны үндсэн дээр нэхэмжлэгч компанийн үйлдвэрийн газрын эрүүл ахуйн бүсийг MNS 5105:2001 стандарт, Засгийн газрын 2022 оны 224 дүгээр тогтоолоор баталсан “Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалт”-ийн 3.1.2-т заасан зай, хэмжээнд хамааралтай буюу давхцалтай хэсгийг нарийвчлан тогтоосны үндсэн дээр гуравдагч этгээдэд газар эзэмших эрх олгосон маргаан бүхий А/*** дүгээр захирамжид өөрчлөлт оруулах замаар энэхүү магадлалыг биелүүлнэ.
5.Маргаан бүхий газар нь аль хэсгээрээ, ямар хэмжээгээр, хэдэн м.кв-аар нэхэмжлэгчийн үйлдвэрийн эрүүл ахуйн бүстэй давхцалтай нөхцөл байдлыг тогтоож, гуравдагч этгээдийн одоогийн эзэмшиж буй 30,048 м.кв газрын хэмжээнд хэдий хэмжээгээр өөрчлөлт орох эсэхийг шийдвэрлэх асуудал нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн буюу хариуцагч захиргааны байгууллагын хуулиар олгосон эрх хэмжээнд хамааралтай асуудал болохыг дурдах зүйтэй.
Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 19 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 32 дугаар зүйлийн 32.1.5, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т заасныг тус тус баримтлан Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/*** дугаартай захирамжийг хариуцагч Засаг даргаас дахин шинэ акт гаргах хүртэл гурван сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.” гэж өөрчилж, шийдвэрийн Тогтоох хэсэгт “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон гурван сарын хугацаанд захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/*** дугаартай захирамжийн нэхэмжлэгч “ХСми” ХХК-ийн мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрийн эрүүл ахуйн бүсэд хамаарч байгаа хэсгийг Засгийн газрын 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 224 дүгээр тогтоолоор баталсан “Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалт”-ийн 3.1.2-т заасан хэмжээгээр хүчингүй болохыг дурдсугай.” гэсэн 2 дахь заалтыг нэмж, шийдвэрийн 2, 3 дахь заалтын дугаарыг 3, 4 болгон өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ