Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
Хэргийн индекс | 102/2018/00349/И/ |
Дугаар | 984 |
Огноо | 2018-04-25 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 984
Р.Хгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/00737 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Р.Хгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Т” эмнэлэгт холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичүүлэх тухай маргаантай хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,
шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.С,
Хариуцагчийн төлөөлөгч: Д.Я,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие тус байгууллагад 2013 онд асрагчаар ажилд ороод өнөөдрийг хүртэл ажиллахдаа ямар нэгэн сахилгын шийтгэл авагдаж байгаагүй. 2018 оны 01 сарын 02-ны өдөр Талимаа эмнлэгийн өөрийн түрээслүүлдэг дэлгүүрийн хугацаа нь дуусаад өөрсдөө ажиллахуулахаар болсон дэлгүүртэй давхар ажил гэсэн тул 3 хоног дэлгүүрт ажилласан. Дэлгүүрт ажиллах хугацаанд захиргааны дарамт үзүүлж байсан. Үүнээс хойш миний хууч өвчин болох бөөр өвдөөд 2018 оны 01 сарын 05-ны өдрөөс 2018 оны 01 сарын 06-ны өдрийн хооронд өвдсөн. Энэ хооронд эмнэлэгт үзүүлэх тэнхэлгүйгээр хэвтэрт байсан. 2018 оны 01 сарын 07-ны өдөр нь амралтын өдөр байсан бөгөөд 2018 оны 01 сарын 08-ны өдөр ажилдаа очиход ажил тасалсан тул халлаа гэээд ажил хийлгэхгүй байсан. Тухайн дэлгүүр нь хүйтэн, мөн хүнд зүйл өргүүлж, зөөлгөснөөс болоод өвдсөн. Гэтэл намайг “ажлаас гарах өргөдлөө өөрөө өг, чиний оронд хүн авсан” гээд ажил хийлгээгүй. Ажил олгогч нь ажиллах нөхцөл боломжоор хангахгүй, ажлаас чөлөөлсөн тушаал гаргаж өгөхгүй байна. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилогдож, ажиллаагүй байсан бүх хугацаатай тэнцэх 762 764 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулалт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажилтан Р.Х нь 2013 оны 11 сараас манай эмнэлэгт үйлчлэгчийн орон тоо дээр хөдөлмөрийн гэрээ байгуулж үндсэн ажилчнаар ажилд орсон. Хөдөлмөрийн гэрээний хугацаа 2017 оны 12 сарын 31-ний өдөр дуусгавар болсон. Үйлчлэгч Р.Х нь багаар ажиллаах чадвар муутай, бусадтай зүй бусаар харьцаж удаа дараа ёс зүйн алдаа гаргаж байсан. Ажлын байран дээр бусадтай зодолдож байсан удаатай. Энэ бүх тохиолдолд эмнэлгийн захирал сануулга өгч, хамт олны хурлаар авч хэлэлцэж байсан. Тэрээр шалтгаангүйгээр хэд хэдэн удаа ажил тасалсан. Яагаад ажил тасалсан, цаашид яаж ажиллах талаараа бичгээр бич, ажиллах сонирхолгүй гэвэл ажлаас халагдах өргөдлөө бичээд ороод ир гэдэг шаардлагыг тавьсан. Ажилтныг ажлаас чөлөөлөх тушаал гаргаагүй. Би ажлаас халахыг сануулах нь байтугай яаж ажиллахаа бичээд ороод ир гэсэн. Хоёрдугаарт энэ хүний нэхэмжлээд байгаа ажиллаагүй үеийн цалинг олгох ямар ч боломж байхгүй. Бие нь өвдсөн актаа аваад ирвэл актанд нь тохирсон мөнгөө нийгмийн даатгалаас авах нь ойлгомжтой. Түүнээс биш гэртээ хэвтчихээд, байгууллагын үйл ажиллагаанд асуудал үүсгэчихээд мөнгө нэхээд байх нь зохимжгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар “Талимаа эмнэлэг” ХХК-д холбогдох ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин болох 762 764 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч Р.Хгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 21 856 төгрөгийг нөхөн гаргуулж улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 5.1 дэх хэсэгт “ажил олгогч нь ... ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, энэ хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрхтэй байна гэжээ. Шүүх ажил олгогчийн эрх хэмжээний асуудлыг шийдвэртээ заасан юм бол мөн адил ажилтны эрх хэмжээний асуудлыг яагаад адилхан авч үзсэнгүй вэ? Учир нь тус хуулийн 6.1 дэх хэсэгт “Ажилтан нь аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн хөдөлмөрийн нөхцлөөр хангуулах ...” гэсэн эрхийнхээ дагуу ажиллах нөхцөлөөр хангуулахаар шаардлага тавихад “орны чинь хүн энэ байна чамайг ажлаас халлаа” гэхээр нь “тушаалаа авъя” гэтэл “чамд тушаал өгдөггүй юм” гээд хөөгөөд байхад хэнд хандаж асуудлаа шийдвэрлүүлэх вэ. Хариуцагч үнэхээр нэхэмжлэгчийг ажлаас халах сонирхолгүй бөгөөд халах санаачилга гаргаагүй юм бол тус шүүхэд 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдөр гаргаж өгч байгаа хариу тайлбартаа ажлаас халаагүй ажилдаа ирэхэд татгалзах зүйлгүй гэж тайлбараа гаргаж өгөх байсан болов уу. Гэтэл нэхэмжлэгчийг муулсан ажлаа хийдэггүй, өөрөө санаачлагаараа ажлаас гарч байгаа гэх мэтээр тайлбараа гаргаж өгөхгүй байсан болно. Үнэхээр ажлаас халаагүй байсан бол өнөөдөр ажлаа хий гэх байсан атал өнөөдрийг хүртэл хийлгэхгүй байгаа болно. Ийнхүү хуульд заасны дагуу ажил олгогч буюу хариуцагчийг ... ажил тасалсан шалтгаан, цаашид хэрхэн ажиллах талаараа тайлбар бичүүлээд ирүүлэх ... утга бүхий шаардлага тавьсныг шүүх буруутган, ажилтныг ажлаар хангах үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болохгүй гэж үзнэ гэжээ. Хариуцагч хариу тайлбараа шүүхэд гаргаж өгөхдөө ажиллаж чадахгүй бол халагдах өргөдлөө бичээд ороод ир гэсэн нь цагаан дээр хараар тодоос тод байгаа бөгөөд шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа оронд нь хүн авч ажиллуулсан боловч ажлаасаа гарсан гэдгийг тайлбартаа хэлсэн нь шүүхийн тэмдэглэл болон бичлэгт бичигдсэн байгаа болно. Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажилдаа ирээгүй байхад өнөөдрийг хүртэл яагаад халахгүй байгаа юм бэ. Халах тушаал гаргаж өгөхгүй байгаа нь харин хариуцагч өөрөө Хөдөлмөрийн тухай хуулийн 43-т заасныг зөрчиж байгаа болно. Нэхэмжлэгч хариуцагчийг “чиний оронд хүн авсан хүн нь энэ байна яв” гээд ажиллах нөхцлөөр хангахгүй байгааг ажлаас халсан шийдвэр гаргасантай адилтгаж үзээд шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-д заасан хугацаанд буюу 5 хоногийн дараа өгсөн. Ингэж хурдан түргэн хугацаанд шийдвэрлүүлэхгүй бол банкны зээлээ хэрхэн төлөх болж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. Нэхэмжлэгч энэ үүргээ биелүүлээгүй гэжээ. Нэхэмжлэгч ийм үүрэгтэйгээ мэдэж байна. Гэхдээ хөдөлмөрийн маргааны онцлог нь нэхэмжлэгч өөрөө өөртөө тушаал шийдвэр гаргадаггүй бөгөөд нэхэмжлэгчид Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөдөлмөрийн гэрээний нэг хувь, Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хуулбар, цалинг банкаар өгч байсан бол банкны хуулга, ажиллаж байхдаа авсан ажил байдлын тодорхойлолтоос өөр зүйл байдаггүй. Гэтэл дээрх баримтаас хариуцагч нийгмийн даатгалын дэвтрийг нь хүртэл аваад барьцаалчихаад өгөхгүй байсныг шүүхээр албадуулан авсан тухай баримт хэргийн материалд хүртэл байгаа. Хариуцагч ч гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрхтэй. Үүнийгээ ганцхан хариу тайлбараар л нотлосон бөгөөд нэхэмжлэгч нь энэ бол худлаа гээд маргаад байхад маргаагүй юм шиг асуудалд хандаж болохгүй гэж үзэж байна. Хариуцагч нэхэмжлэгчийг ажилдаа ирээгүй байхад яагаад өнөөдрийг хүртэл халахгүй байгаа юм энэ талаас шүүх авч үзээгүй бөгөөд нэхэмжлэгчийг ажиллах нөхцөл боломжоор хангасан юм бол үүнийгээ ч гэсэн тайлбараасаа өөрөөр нотлох ёстой гэж үзэж байна. Гэтэл хариуцагч өөрөөр нотлоогүй болно. Эндээс үзэхийн бол анхан шатны шүүх зөвхөн хариуцагчийн тайлбарт үндэслээд нэг талыг барьсан шүүхийн шийдвэр гаргалаа гэж үзэж байна. Иймд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 102/ШШ2018/00737 тоот шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэн нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.
Нэхэмжлэгч Р.Х нь хариуцагч “Т” ХХК-ийн “Т” эмнэлэгт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.
Ажилтан Р.Х нь 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс ажил олгогч “Т” эмнэлэгт асрагчийн ажилд орж, 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл уг байгууллагад асрагч, үйлчлэгчээр ажиллаж байсан нь түүнийг ажилд авсан тушаал, хөдөлмөрийн гэрээ, Нийгмийн даатгалын дэвтэр зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 5-6, 51-52, 57-58 дугаар тал/
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... 2018 оны 1 дүгээр сарын 05-06-ны өдрүүдэд өвчний улмаас ажилдаа ирээгүйгээс ажил олгогч нь ажил тасалсан гэж үзэж, 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс ажил хийлгээгүй ба ажлаас халсан гэж хэлсэн” гэж тайлбарлажээ,
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах үндэслэлээ “... ажилтан Р.Хг ажлаас чөлөөлөөгүй, тэрээр өөрөө ажилдаа ирэхгүй байгаа бөгөөд удаа дараа шалтгаангүйгээр ажил тасалдаг, хамт олонтой зүй бусаар харьцдаг, ажлын байранд бусадтай зодолдсон. Ажилласан 3 хоногийн хугацааны цалинг өгч болно” гэж тайлбарласан болно.
Талуудын шүүхэд гаргасан тайлбарыг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудтай харьцуулан дүгнэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
Ажил олгогчоос 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл буюу 1 жилийн хугацаатай байгуулжээ. /хх-ийн 54-55 дугаар тал/ Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д “байнгын ажлын байр” гэж ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил үүргийг ойлгохоор тодорхойлжээ.
Үүнээс үзвэл ажилтан Р.Хгийн гүйцэтгэх ажил нь байнгын ажлын байранд хамаарах атал ажил олгогч нь түүнтэй хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-т заасныг зөрчсөн байна.
Түүнчлэн ажил олгогч нь ажилтныг ажлаас халсан шийдвэрийг бичгээр гаргаж өгөөгүй атлаа ажилтны ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгохгүй байгаа үйлдлийг ажлаас халсантай адилтган үзнэ. Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх тушаал гаргаагүй, ажилтан өөрөө ажил тасалж ирэхгүй байгаа, ажил олгогчийн зүгээс ажлын байраар хангасан гэх боловч энэхүү тайлбараа хариуцагч тал баримтаар нотлоогүй. Нөгөө талаар ажилтаны нийгмийн даатгалын дэвтэрт 2017 оны 12 дугаар сараас хойш цалингийн бичилт хийгдээгүй байгаа нь хариуцагчийн уг татгалзлыг үгүйсгэж байна. Эдгээр үйл баримтуудаас үзэхэд ажил олгогч нь 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш ажилтныг ажиллуулах нөхцөл боломжоор хангаагүй гэж үзнэ.
Анхан шатны шүүх талуудын нотлох үүргийн хуваарилалтыг буруу тодорхойлж, нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй, ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаал гараагүй тул дүгнэлт өгөх боломжгүй гэх үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.
Иймд нэхэмжлэгч Р.Хг “Т” эмнэлэгийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 762 764 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасантай тус тус нийцнэ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх байтал түүнээс улсын тэмдэгтийн хураамж гаргуулж шийдвэрлэсэн нь буруу болжээ.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/00737 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Р.Хг “Т” эмнэлэгийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 762 764 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч Р.Хгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай“гэж,
2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 000 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Т” эмнэлгээс улсын тэмдэгтийн хураамжид 93 056 төгрөг гаргуулж улсын орлогод /Улаанбаатар хотын банк 2602041615 тоот данс/ оруулсугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ТУЯА
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Г.ДАВААДОРЖ