Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2022/00220

 

 

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2022/00220

 

 

Азифарма ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2020/00606 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 879 дүгээр магадлалтай,

 

Азифарма ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Х.Буянжаргалд холбогдох

 

4,407,074 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Номин, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэн, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Азифарма ХХК нь хариуцагч Х.Буянжаргалд холбогдуулан 4,407,074 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

2. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2020/00606 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 135 дугаар зүйлийн 135.1.3-т заасныг тус тус үндэслэн Х.Буянжаргалаас 4,247,224.40 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Азифарма ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 159,849.06 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85,500 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 82,906 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 879 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2020/00606 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.13-ны өдрийн 101/ШШ2020/00606 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.17-ны өдрийн 879 дүгээр магадлалд гомдол гаргаж байна. Азифарма ХХК нь хангамжийн менежерийн ажлын байранд ажиллаж байсан ажилтан Х.Буянжаргалыг эд хөрөнгийн дутагдал гаргасан хэмээн үзэж, түүнээс 4,407,074 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн хэргийг хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагаас 159,849 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, харин 4,247,224 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдсэнд гомдолтой байна.

Учир нь хариуцагч Х.Буянжаргал нь тус байгууллагад 2018.04.03-ны өдрөөс эд бараа хариуцаж агуулахад ажиллаж эхэлсэн нь талуудын шүүхэд гаргасан тайлбараар нотлогддог. Мөн, энэ өдрөө ажил олгогч нь түүнтэй 14-33 дугаар Эд хөрөнгийн хариуцлагын гэрээ байгуулж, түүнийг 2018.04.12-ны өдрийн Б2-115 дугаар тушаалаар Хангамжийн менежер-ийн ажлын байранд томилсон баримтууд хэрэгт авагдсан. Гэтэл ажилтантай ажил хүлээлцсэн буюу ажилтанд агуулахын эд барааг хүлээлгэн өгсөн, ямар ч ажиллагаа хийгдээгүй, акт үйлдэгдээгүй байна. Ажил олгогчийн зүгээс Х.Буянжаргалд хичнээн төрлийн тоо ширхэг бүхий, хэдэн төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө хүлээлцэх акт үйлдэлгүй, агуулахын барааг хэнээс хүлээн авч, хэнд өгсөн нь тодорхойгүйгээр шууд ажиллуулж эхэлснийг шүүх бодитоор дүгнэсэнгүй. Х.Буянжаргалыг анх ажилд ороход эд барааг хууль ёсоор хүлээлцсэн акт үйлдээгүй атлаа ажилд орсноос хойш 58 хоног эд хөрөнгө хариуцуулж ажиллуулсны дараа 2018.05.30-ны өдөр тооллого хийж, түүнийг 3,269,716 төгрөгийн эм барааны дутагдал гаргасан, үүний дараа 2018.08.30-ны өдрийн 1,717,508 төгрөгийн дутагдал нэмж гаргасан гэж нийт 4,987,722 төгрөгийн дутагдал гаргасан гэх баримт хэрэгт гаргаж өгсөн атлаа шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад 4,407,074 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг шүүхээс 4,247,220 төгрөгийг 05 сарын 30, 07 сарын 30-ны өдрүүдэд хийсэн тооллогоор гарсан дутагдлыг хариуцагч төлөх үүрэгтэй байна гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, Х.Буянжаргал нь анх эд хөрөнгө хариуцаж эхлэхдээ ямар хэмжээний бараа бүтээгдэхүүн хүлээж авсан баримт огт байхгүй байхад юуг үндэслэж, дутагдал гаргасан гэж шүүхээс дүгнээд байгаа нь ойлгомжгүй. Шүүхээс ажил олгогчийн Х.Буянжаргалтай байгуулсан 2018.04.02-ны өдрийн Эд хөрөнгийн хариуцлагын гэрээ байгуулсныг эд хариуцан ажилласанд тооцоогүй, туршилтын хугацаагаар ажилласан гэж үзсэн нь учир дутагдалтай байна. Хэрвээ үүнийг туршилтын хугацаанд ажиллаж байсан гэж үзвэл туршилтын хугацаанд эд хөрөнгө хариуцуулдаггүй байсан гэдгийг нэхэмжлэгч тал нотлоогүй. Тиймээс ажил олгогчийн зүгээс Х.Буянжаргалыг

2018.04.02-ны өдрийн Эд хөрөнгийн хариуцлагын гэрээгээр ажиллуулж эхэлсэн өдрөө эд хөрөнгө хүлээлцсэн акт баримт үйлдээгүй, бараа бүтээгдэхүүнийг тоолж, хүлээлгэж өгөөгүй. Хэрвээ туршилтын хугацаанд эд хөрөнгө хариуцдаггүй байсан, тооллого хийх шаардлагагүй гэж үзсэн бол үүнийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй. Үндсэн ажилтнаар ажиллуулж эхэлснээс хойш эд хөрөнгө хариуцагчаар томилсон бол түүнд эд хөрөнгийг хариуцуулж, хүлээлгэж өгсөн тооллого хийгээгүй, акт үйлдээгүй. 2018.05.30-ны өдөр буюу эд хөрөнгө хариуцуулж эхэлснээс хойш 58 хоногийн дараа хийсэн тооллогыг эхлэлийн эд барааг хаанаас харж тооцож, дутагдал гаргасан гэж үзэж, хариуцагчийг төлбөр төлөх үүрэгтэй хэмээн шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, тодорхойгүй. Анх ажилтанд туршилтын хугацаанд ч тэр үндсэн ажилтнаар томилогдсон өдөр ч тэр байгууллагын эм бараа бүтээгдэхүүнийг тоолж, хүлээлгэн өгсөн ямар ч баримт аль аль нь хэрэгт авагдаагүйг судлан үзэж, НИХДЗШШүүхийн 879 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Нэхэмжлэгч Азифарма ХХК хариуцагч Х.Буянжаргалаас 4,407,074.00 төгрөгийг шаардахдаа ...2018.04.03-ны өдөр хөдөлмөрийн гэрээ болон эд хөрөнгийн хариуцлагын гэрээ байгуулан, 2018.04.12-ны өдрийн захирлын тушаалаар Х.Буянжаргалыг хангамжийн менежерээр туршилтын 3 сарын хугацаатай томилон ажиллуулсан ба ажиллах хугацаандаа 4,987,224 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг дутааснаас гадна 159,849 төгрөгийн үнэтэй барааг хожим үнийг төлөх нөхцөлөөр авсан боловч төлөөгүй, нийт 5,147,074 төгрөгөөс 740,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 4,407,074 төгрөгийг Х.Буянжаргалаас нэхэмжилж байна. гэжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ...2018.04.12-ны өдөр эд хариуцагчаар томилох үедээ ямар нэгэн бараа хүлээлцсэн акт үйлдээгүй, бараа хүлээлгэж өгөлгүйгээр ажилд томилсон. Ажилд томилсноос хойш 3 сарын дараа тооллого хийж, гарсан үр дүн дээр гарын үсэг зуруулсан... гэсэн тайлбар гаргаж, маргажээ.

6. Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 4,247,224 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо ...Х.Буянжаргал нь тус байгууллагад 2018.04.03-ны өдрөөс эд бараа хариуцаж агуулахад ажиллаж эхэлсэн нь талуудын шүүхэд гаргасан тайлбараар нотлогддог. Мөн энэ өдрөө ажил олгогч нь түүнтэй 14-33 дугаар Эд хөрөнгийн хариуцлагын гэрээ байгуулж, түүнийг 2018.04.12-ны өдрийн Б2-115 дугаар тушаалаар Хангамжийн менежер-ийн ажлын байранд томилсон. Гэтэл ажилтантай ажил хүлээлцсэн буюу ажилтанд агуулахын эд барааг хүлээлгэн өгсөн, ямар ч ажиллагаа хийгдээгүй, акт үйлдэгдээгүй. Ажил олгогчийн зүгээс Х.Буянжаргалд хичнээн төрлийн тоо ширхэг бүхий, хэдэн төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө хүлээлгэж өгсөн нь тодорхойгүй, акт үйлдээгүй, агуулахын барааг хэнээс хүлээн авч, хэнд өгсөн нь тодорхойгүйгээр шууд ажиллуулж эхэлснийг шүүх бодитоор дүгнэсэнгүй. ... шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулсан байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

8. Азифарма ХХК нь 2018.04.12-ны өдөр Х.Буянжаргалыг компанид хангамжийн менежерийн ажил албан тушаалд туршилтын 3 сарын хугацаагаар томилсон, тэрээр уг ажлыг 2018.10.09-ний өдрийг хүртэл хугацаанд гүйцэтгэсэн нь хэргийн баримтаар тогтоогджээ. (хх-3-4, 5-15)

Талууд хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулсан, Х.Буянжаргал хангамжийн менежерийн ажил үүргийг гүйцэтгэж, цалин хөлс авч байсан тул зохигчийн хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн, энэ талаарх шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т нийцсэн.

9. Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3.-т Ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил, албан тушаалын жагсаалтын дагуу ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулна гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчтай 2018.04.03-ны өдөр хөдөлмөрийн болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулжээ. (хх-5-15)

10. Нэхэмжлэгч Азифарма ХХК-ийн 2018.07.25-ны өдөр эм барааны тооллогын 20180725 тоот актын хавсралтад дурдсанаар бараа бүтээгдэхүүний тооллого хийхэд нийт 93,152,612.95 төгрөгийн үнэ бүхий 1007 нэр төрлийн бараанаас 6,228,402.05 төгрөгийн бараа дутсан ба үүнээс Х.Буянжаргалд 3,269,716 төгрөгийг ногдуулсан. Мөн 2018.08.30-ны өдөр бараа бүтээгдэхүүний тооллогыг дахин хийхэд нийт 14,720,169.08 төгрөгийн үнэ бүхий бараанаас 3,727,171.30 төгрөгийн бараа дутсанаас Х.Буянжаргалд 1,717,508 төгрөгийг ногдуулсныг хариуцагч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан нь хэрэгт авагдсан үйл баримтаар тогтоогдож байна. (хх-17-22)

11. Нэхэмжлэгч дээрх актыг нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан ба хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-т зааснаар шүүхэд гаргасан татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч Х.Буянжаргал нь 4,987,224.40 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг дутаагаагүй гэдгээ нотлоогүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Тодруулбал, шүүх 2020.01.10-ны өдрийн 101/ШЗ2020/01212 тоот захирамжийн дагуу нэхэмжлэгч Азифарма ХХК-аас ирүүлсэн тооллогын баримтаар хариуцагч Х.Буянжаргалд 2018.05.30-ны өдөр 70,321,150 төгрөгийн үнэ бүхий 601 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгсөн, хариуцагч Х.Буянжаргал 4,407,074 төгрөгийг 2019.07.30-ны өдрийн дотор төлөхийг зөвшөөрсөн (хх-23) байх тул дутагдуулсан барааны үнэ 4,987,224 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 740,000 төгрөгийг хасч 4,247,224 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 135 дугаар зүйлийн 133.1.3-т заасныг хоёр шатны шүүх зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

12. Дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2020/00606 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 879 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 83,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

П.ЗОЛЗАЯА

 

Д.ЦОЛМОН