Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 36

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Баттөмөр хөтлөн

улсын яллагч Б.Жаргал

шүүгдэгч Б.Наранбат, түүний өмгөөлөгч С.Санжаажамц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Монгол улсын иргэн, 1979 оны 9 дүгээр сарын 15-нд Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш-дасгалжуулагч мэргэжилтэй, Ценос дэлгүүрт борлуулагч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Богд-Ар хорооллын 9а байрны 97 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй /ТЕ79091531/ Ханх овогт Баасанхүүгийн Наранбатад холбогдох эрүүгийн 201626021474 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Шүүгдэгч Б.Наранбат нь 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдөр 8 цагийн үед Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Богд-Ар хотхоны 9а байрны гадна нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчиж БНХАУ-ын иргэн Ц.Гарьдыг ...муу хужаа гэж илтэд үл хүндэтгэн зодож, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулж догшин авирлан танхайрсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Б.Наранбат шүүхийн хэлэлцүүлэгт: Мэдүүлэг өгөхгүй. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Шүүгдэгч Б.Наранбатын хувийн байдалтай холбоотой ял шалгах хуудас /хх-ийн 117/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 118/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 119/, гэрлэлтийн гэрээний хуулбар /хх-ийн 120/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 122/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 123/,

гэрч Ж.Оюунтунгалагийн...Б.Наранбат нь манай нөхөр байгаа юм. Би 2005 онд Наранбаттай танилцаж гэр бүл болж одоог хүртэл амьдарч байгаа. Гэр бүлийн баталгаатай, дундаасаа 2 хүүхэдтэй. Том хүүхэд нь 9 настай, бага хүүхэд 6 настай. Манай нөхөр хувиараа хөдөлмөрлөдөг. Манай нөхөр бол дөлгөөн тайван, бусадтай харилцахдаа эелдэг, зөөлөн, найз нөхөддөө нэр хүндтэй, ийм учраас найз нөхөд, хамаатан садандаа өөрийнхөө чадах чинээгээр тусалдаг. Наранбат нь их ажилсаг, зүгээр суудаггүй, их хөдөлмөрч хүн байгаа юм. Өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, хүнтэй өөрөө хэрүүл өдөж маргалддаггүй, ер нь хэрүүл маргаанаас хол байдаг. Гэр бүлээ тэжээдэг, гэр бүлийнхээ амгалан байдлыг алдагдуулдаггүй, архи согтууруулах ундаа болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэдэггүй. /хх-ийн 151-152/ гэсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Наранбат 2016 оны 5 дугаар сарын 4-ний өглөө 8 цагийн үед Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд-Ар хотхоны 9а байрны гадна нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчиж БНХАУ-ын иргэн Ц.Гарьдыг ...муу хужаа гэж бусдыг илтэд үл хүндэтгэн зодож, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулж догшин авирлаж  танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Ц.Гарьдын...Би 2016 оны 5 дугаар сарын 04-ний өглөө өөрийн охиноо сургуульд хүргэж өгөхөөр 7 цаг 20 минутанд Баянгол дүүргийн 1-р хороо Богд-Ар хорооллын 9а байрны 159 тоотод байдаг гэрээсээ гараад хятад хэлний сургуульд нь хүргэж өгсөн. Тэгээд би буцаад 7 цаг 50 минутын орчимд өөрийнхөө машиныг зогсоолд байрлуулж тавиад ганцаараа 9а байрны орц руу явж байтал гэнэт нэг машин намайг дайрах гээд миний өмнө зогссон. Тэгээд харсан чинь шар саарал өнгийн Верна машинаас зүс таних манай байрны Наранбат гэх залуу бууж ирсэн. Тэгээд над руу амандаа хараал хэлсээр над руу дайрч ирээд гараараа миний нүүр лүү 1-2 удаа удаа цохиод намайг газар унахад нэг эрэгтэй дундуур орж ирээд салгасан. Тэр эрэгтэйг хэн болох талаар мэдээгүй, Өмнө нь тэр хүнийг харж байгаагүй. Тэгээд би газраас босож ирээд Наранбатыг цохих гэсэн боловч цохиж чадаагүй. Наранбат нь намайг цохих үед миний өмсөж явсан малгай газар унасан. Тэгээд намайг хавсарч унагаад дээрээс дэвсээд гар хөлөөрөө цохиод байсан. Би нэг хэсэг юу болсон талаар санахгүй байна. Нэг ухаан ороод сэргэхэд би газар хэвтэж байхаар нь босох гэтэл миний баруун хөл шагай орчмоор эргээд хойшоо харсан байсан.  Тэр үед анх салгаж байгаа эрэгтэй нь байхгүй байсан. Тэгээд би эхнэр Будмаа руу миний хөгшин байрны гадаа буугаад ир гэж хэлэхэд яасан гэж манай эхнэр асуухаар нь миний хөлийг хугалчихлаа гэж хэлсэн . Тэгээд удаагүй манай эхнэр Будмаа гэрээс гарч ирээд түргэн тусламж, цагдаа нарыг дуудсан. Тэгээд цагдаа ирээд Наранбатыг аваад явсан. Намайг түргэний машинд суулгаад гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Намайг Наранбат ганцаараа зодсон. Би 2016 оны 4-р сарын 11-ний өдөр БНХАУ руу явах гээд гэрийн гадаа байж байхад Наранбат гэх өмнө харж байгаагүй эрэгтэй хөөш хөөш гээд намайг дуудсан. Тэгээд би харсан чинь нэг машинд 3 эрэгтэй сууж байсан. Тухайн үед Наранбат нь байрны Нямка, Боогий нартай сууж байсан. Наранбат чи намайг таних уу, хэн гэдгийг мэдэх үү чи гэхээр нь би танихгүй мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд Наранбат нь чи хаашаа явах гэж байгаан гэхээр нь би урагшаа явах гэж байна гэхэд тэгвэл ирэхээр чинь уулзана гэж хэлсэн. Тэрнээс өөр зүйлийг сайн санахгүй байна Мөн тухайн үед надаас мөнгө байна уу гэж асуугаад байсан. Намайг ямар учраас зодсон талаар мэдэхгүй байна. Би архи уугаагүй байсан. Наранбат нь архи уугаагүй байсан. Миний биеийн дух, хамар, хацар зулгарч цус гарсан, уруул цус болсон, урд талын шүд хөдөлж, эмтэрсэн, хүзүүнд боосон шарх тэмдэгтэй, хүзүү майжсан, зүүн талын хэсгээр хүндүүр орж гараа хөдөлгөж дийлэхгүй, баруун хөлний нарийн яс нь хугарч булгарч үеэрээ мултарсан байсан. Толгой жаахан өвдөж байсан. Өөр гэмтэл бэртэл байхгүй. Би өмнөх шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Наранбатын биед гарсан хүндэвтэр зэргийн гэмтлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Наранбатын хөл хугарсан зүйл байхгүй зодооны өдөр 12 цагийн орчимд Наранбат нь манай гэрт ирж уучлалт гуйгаад хөгшөөн чамайг жаахан хашраая гэж бодсон юм, тэгээд 2 удаа хавсарч унагаалаа ш дээ, би өөрөө хөлөө хугалж байсан гээд бид нарт харуулж байсан. Тэр үед хөл нь зүв зүгээр байсан. Цагдаа нарын машинд суугаад явах үедээ хөл нь бол зүгээр байсан. Би Наранбатыг дахиж зодсон зүйл байхгүй. Наранбат нь надаас нялх олон хүүхэдтэй, одоо гэмшсэн, хөгшин нь хохирол мөнгө өгч барагдуулсан гээд уйлах гээд нилээн олон удаа гуйгаад байсан учраас би Наранбаттай эвлэрэхээр болсон. Эмчилгээний зардал болох 4.000.000 төгрөгийг авсан, одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй, сайн дураар хоорондоо эвлэрсэн. /хх-ийн 44-48/ гэсэн,

 

гэрч Б.Будмаагийн...Ц.Гарьд нь миний нөхөр байгаа юм. 18 жилийн өмнө гэр бүл болж байсан. Дундаасаа 2 хүүхэдтэй. Том хүүхэд нь 9 настай, бага нь 7 настай 2 хүүхэдтэй. Манай нөхөр Гарьд нь Өвөрмонголын Таншин гэх хотод биедээ эмчилгээ хийлгэж байгаа. Хэзээ Монгол улсад ирэх талаар мэдэхгүй. 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр манай нөхөр 7 цаг 10 минутанд Баянгол дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 9а байрны 159 тоотоос том хүүхдээ Багшийн дээдэд байрлах сургуульд нь хүргэж өгөхөөр гарсан. Тэгээд 07 цаг 40 минутанд уг нь гэртээ ирдэг байсан. Тэр өдөр төрсөн ах нь урдаас охиныхоо хамт ирсэн байсан. Тэгээд би гар утсаа болон цаг байнга хараад орж ирэхгүй байхаар нь гармаар санагдаад байж байтал манай нөхөр Гарьд надруу залгаад миний хөгшин буугаад ир гэж хэлэхээр нь би аан за яасан юм гэж асуухад Гарьд нь надад хөл хугарсан юм шиг байна гэж хэлэхээр нь нөгөө залуу чинь байна гэсэн. (яагаад нөгөө залуу байна гэсэн бэ гэвэл манай нөхөр нь нэг байгууллагын ногоон байгууламж хийхээр төсөл авсан байсан. Тэрнийхээ моднуудыг урдаас оруулж ирэхээр явах гээд 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 20 цагийн орчим гэрээсээ Хятад улс руу вагонд суухаар гарсан. Тэр үедээ 9а байрны гадна одоо энэ Наранбат гэх залуу нь машин дотроосоо манай нөхрийг хөөш гэж дуудсан гэсэн. Тэгснээ нөгөө Наранбат гэх залуу нь машиндаа 2-3 хүн суулгачихаад машинаасаа бууж ирээд гар далайгаад хаашаа явж байгаан гэж асуухад нь урагшаа явж байна гэж хэлсэн гэсэн. Тэгснээ манай нөхрөөс мөнгө өг гээд байн байн гар далайгаад цохих гээд айлгаад байсан тэгээд би шууд явсан гэж хэлсэн. Манай нөхөр Гарьд нь Хятад улсад 11 хоног болоод буцаад Улаанбаатар хотод ирсэн. Тэгээд ирэхдээ мод тарьдаг гэх мэргэжилтэн гэх хүнтэй ирсэн. Тэгээд 04 дүгээр сарын 22-ны өдрийн ажил дээрээсээ орой манай нөхөр Гарьд нь Хятадаас ирсэн хүнтэйгээ хамт гэрлүү очно, ахиухан хоол хийгээрэй гэж хэлсэн. Тэгээд гэр рүүгээ орох гэж байгаад Наранбат гэх залуутай лифтний өмнө тааралдахад өө муу хужаа минь хэзээ ирсэн юм гээд гараа далайгаад цохих гээд байсан гэж хэлсэн. Тэгтэл манай нөхөр өчигдөр ирсэн гэж хэлсэн. Тэгтэл нөгөө Наранбат нь хужаа минь чамайг ална шүү гээд айлгаад байсан, Тэгээд манай нөхрийг лифт рүү орох үед нь өшиглөсөн үед зайлж холдох үед гарт байсан тортой эд зүйлийг цохиж газар унагааж хагалсан чинь манай нөхөр Гарьд нь би завтай болохоороо уулзана гэсэн гэж хэлсэн гэсэн. Тэгээд салсан гэж манай байрны орцны жижүүр эмэгтэй надад хэлсэн. Тухайн үед унаж хагарсан зүйлийг цэвэрлэсэн гэдгээ хэлсэн. Тэгээд би ганцаараа гэрээсээ гараад нөхрийнхөө байгаа газарт очиход манай нөхөр Гарьдын баруун хөл нь жийсэн, зүүн хөл нь нугарсан, хамаг хувцас нь шороо болоод , хамар ам нь цус болоод хатсан байдалтай газар сууж байсан. Хажууд нь орцны жижүүр гэх эмэгтэй хараад зогсож байсан. Тэгээд нөхөр дээрээ очоод хүүшээ яасан бэ гэж асуухад нөхөр Гарьд нь баруун хөлөө өргөөд харуулахад шилбэнийхээ доод хэсгээр хугараад үеэрээ мултраад арьс нь дээрээ тогтож байсан. Тэр үед Гарьд наад пизда чинь ингэчихлээ, намайг машинаараа дайрах шахлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би Наранбат гэх залуу руу хэл амаар доромжлон хашгирсан. Тэгээд би шууд цагдаад дуудлага өгсөн. Тэгээд удаагүй 7 минутын дараа 2 цагдаа ирэхээр болсон асуудлын талаараа хэлсэн. Тэр үед манай нөхөр газар суусан байх үед нэг эмэгтэй ирээд наад хужаагаа эндээс холдуулаач, муусайн хужаануудаас дандаа болдог биздээ гэж хэлсэн. Тэгтэл Наранбат гэх залуу нөгөө эмэгтэйд та намайг гэрчилнэ шүү гээд хэлэхэд нөгөө эмэгтэй нь үгүй би очиж байцаалт өгч заваарахгүй гэж хэлсэн. Цагдаа тэр эмэгтэйгийн нэр гар утсыг тэмдэглэж авч байсан байхаа. Тэгээд Наранбатыг цагдаа нар аваад явсан. Би нөхрөө аваад гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Манай нөхөр огт архи уудаггүй. Тухайн үед Наранбат нь архи уугаагүй байсан. Баруун хөлний шилбэ шагайны хэсгээрээ хугарсан, дух, хамарны үзүүр, хүзүү, баруун хөл зэрэг нь зулгарсан. Шүд нь хөдөлсөн байдалтай байсан. Наранбатын уруулын зүүн дээд хэсэгт шалбарч цус гарсан байсан, цусаа 00-ын цаасаар арчаад манай нөхөр лүү шидээд байсан. Өөр гэмтэл бэртэл огт байгаагүй. Зүүн хөл нь зүв зүгээр байсан. Надад гэрчлэх хүн байгаа. Тухайн зодоон болсон гэх үед цагдаа нарын хажууд зүгээр алхаад явж байсан. Өдөр 12 цагаас 13 цагийн орчимд манай гэрт Наранбат нь нэг найзынхаа хамт орж ирсэн гэсэн. Би араас нь орж ирэхэд Наранбат нь би хүнд зодуулаад хөлөө хугалуулж байсан, наадах чинь зүгээр болно гээд байсан. Тухайн үед бид нар зүүн хөлөө үзүүлж байсан. Тэр үед хөл нь ямар ч гэмтэл бэртэлгүй байсан... /хх-ийн 55-58/ гэсэн,

 

гэрч Б.Байгалмаагийн...Ц.Гарьд нь манай хүргэн байгаа юм. 1993 онд манай гэр бүлд хүргэн болсон цагаас нь мэднэ...Би тэр өдөр нь мэдсэн. Би хүргэн Ц.Гарьдыг бусдад зодуулсан гэж хэлэхээр нь би шууд төрсөн дүү Будмаагийн гэрт нь ганцаараа очсон. Намайг Гарьдын гэрт очиход Будмаа нь эмнэлэг рүү нөхрийнхөө хамт явсан байсан...Миний бодож байгаагаар үдийн алдад нэг том биетэй залуу цээж түрээд нэг залуугийн хамт орж ирсэн. Тухайн үед Будмаа, Гарьд 2 гэртээ ирчихсэн байсан. Том биетэй залуу нь Гарьдаас уучлаарай хөгшөөн гэж хэлээд өмднийхөө шуумгыг сөхөөд шагайгаа харуулаад би өмнө нь зүүн хөлнийхөө шагай  орчмоор хугалж байсан, зүв зүгээр эдгэчихдэг байхгүй юу гээд харуулсан. Тэгээд бид нараас тэр залуу уучлалт гуйхаар нь бид нар уучлахгүй гээд гар гар гээд би өөрөө түлхээд гаргасан. Тэрнээс хойш намайг байхад орж ирээгүй. Гарьдын гэрт орж ирэхдээ ямар нэгэн хөл нь доголсон байдалтай орж ирээгүй, 2 хөл нь зүгээр хэвийн явж байсан. Тухайн үед уруулын дээд хэсэгт шалбархай үүссэн байсан...  /хх-ийн 59-60/ гэсэн,

 

гэрч Б.Анхбаярын...Би 2016 оны 05-р сарын 04-ний өглөө 07 цаг 50 минутын орчимд хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөх гээд гэрээсээ хүүхдийнхээ хамт гарсан. Намайг өөрийнхөө байрлуулж тавьсан машин дээр очоод хүүхдээ суулгаад машинаа гаргах гэтэл цагаан саарал жижиг тэрэг зэрэг хөндлөн болсон байдалтай нэг монгол залуу хятад юм уу өвөрмонгол юм уу нэг эрэгтэйтэй маргалдаж байсан Тэр хужаа залуу нь нөгөө монгол залуу руу чамайг алж байж сална, дуусгаж байж ална гээд цохих гээд хөөсөөр байсан. Тэгээд машины хойд талд очоод нөгөө хужаа залуу монгол залууг эхлээд нэг цохих гэхэд нөгөө монгол залуу бултсан. Дараагийн  цохилт нь дээр монгол залуугийн малгай нь унасан тэгээд малгайгаа аваад дээшээ босох үед нөгөө хужаа залуу дахиад цохиод монгол залуугийн уруулны дээд талаас цус гоожоод байсан. Тэгээд монгол залуу уурлаад буцаагаад цохиод авсан байх. Би машинтайгаа зууралдаж байгаад нэг харахад хужаа залуу монгол залуугийн гуяны дотор тал руу нэг удаа өшиглөж харагдсан. Удалгүй хужаа эрэгтэй нь хөл хөл гээд орилоод байхаар нь харсан чинь хөлний тавхай нь урагшаа харсан байсан. Тэгээд гармаар байна гэж хэлэхэд монгол залуу машинаа холдуулсан. Тэгээд би хүүхдээ хүргэж өгчихөөд буцаад ирэхэд цагдаа ирчихсэн 2 эмэгтэй ирчихсэн хэрүүл хийж байсан. Тухайн үед ямар гэмтэл авсан талаар мэдэхгүй байна, дараа нь харахад уруулын дээд хэсэгт цус гойжсон юм шиг шалбарсан, нэг хөлөө шохойдчихсон суга таягтай явж байсан. Би ойролцоогоор 2-3 хоногийн дараа харсан. Би сайн санахгүй байна. Нэг хөлнийх нь тавхай мултраад  эргэсэн байна гэж харсан сайн санахгүй байна. Би мэдэхгүй байна. Хятад залуу өөрөө өшиглөж байгаад хугалсан юм уу монгол залуу өшиглөөд хугалсан юм уу мэдэхгүй байна. /хх-ийн 62-64/ гэсэн,

 

гэрчээр Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн цагдаа О.Батхааны...Би 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 10 цагийн орчимд хэлтсийн рапорт тараад Баянгол дүүргийн 1-р хорооны Тайвшир 68 төмөр зам дахь дэд хэсэгт жижүүрийн үүргээ хүлээлцэж авсан. Тухайн үед ахмад Сэржпүрэвийн хамт гарсан. Би 2016 оны 5 дугаар сарын 04-ний 08 цагийн орчимд жижүүрээс буух гээд гарах ээлжийг хүлээгээд төмөр зам дахь дэд хэсэгт байсан. 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 07 цаг өнгөрөөд 08 цаг болох гэж байхад Тайвшир 10-аас Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Богд-Ар хорооллын 9а байрны гадаа манай нөхрийг зодчихлоо гэх дуудлагыг хүлээн авч ахмад Сэржпүрэвийн хамт 9а байрны гадаа очиход зодолдсон гэх 2 залуу нь 9а байранд оршин суудаг юм байна лээ. Өвөрмонгол залуугийн эхнэр гэх эмэгтэй манай нөхрийг зодчихлоо гээд байсан. Монгол эрэгтэй нь би наад эрэгтэйг зодоогүй, намайг машинаа гаргаж байхад энэ залуу машиныг шүргэж машины түлхүүртэй гараараа нүүрлүү цохисон гээд монгол залуу хэлсэн. Тухайн үед тэр залуугийн дээд уруул нь жаахан шалбарсан байсан. Нөгөө Өвөрмонгол залуугийн нүүр зүгээр харагдаж байсан, Газар хэвтээд хөл хугарчихлаа гээд байсан. Эхнэр нь тэнд хашгираад байсан. Монгол залуу нь  наад Хятад чинь их зэвүүн хужаа, наад хужаа чинь өөрөө эхэлсэн, намайг түлхүүрээр цохисон гэж яриад байсан. Нөгөө Хятад нь газар суучихаад нээх их юм ярихгүй байсан. Зодолдсон гэх 2 хүн нь архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Тэгээд Монгол эрэгтэйг нь Тайвшир 10-луу хүргэж өгсөн. Нөгөө Өвөрмонгол залууг 103-н яаралтай түргэн тусламжийн машин аваад явсан. Монгол эрэгтэй нь зүв зүгээр байсан. Тэр эрэгтэй бид 2-т хөл хугарсан гэж ямар нэгэн юм яриагүй. Уруулны дээд хэсэгт шалбарсан байсан. Өөр гэмтэл гээд байх зүйл байхгүй байсан. /хх-ийн 66-67/ гэсэн,

 

гэрчээр Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн офиццер П.Сэржпүрэвийн...Би 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 10 цагийн орчимд хэлтсийн рапорт тараад Баянгол дүүргийн 1-р хорооны Тайвшир 68 төмөр зам дахь дэд хэсэгт жижүүрийн үүргээ хүлээлцэж авсан. Тухайн үед цагдаа Батхаан хамт гарсан. Би 2016 оны 5 дугаар сарын 04-ний  өглөөний 7 цагийн орчимд жижүүрээс буух гээд гарах ээлжээ ирэхийг хүлээгээд төмөр зам дахь дэд хэсэгт байсан. Би цагдаа Батхааны хамт 5 дугаар сарын 04-ний өдөр 07 цаг өнгөрөөд 08 цаг орчимд байхаа сайн санахгүй байна. Тайвшир 10-аас Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Богд-Ар хорооллын 9А байрны гадаа манай нөхрийг зодчихлоо гэх дуудлагыг хүлээн авч Богд-Ар хорооллын 9а байрны гадна очиход машины зогсоолын дунд нэг эрэгтэй сөхрөөд суучихсан хөлөө барьж байсан. Нэг махлаг эрэгтэй машинд сууж байсан. Батхаан бид 2-ыг очиход нэг эмэгтэй ирээд энэ машины жолооч миний нөхрийг зодчихлоо гэж хэлж байсан. Яг юу гээд байсныг одоо сайн санахгүй байна. Тэгээд ямар ч байсан эхнэрээр нь яаралтай түргэн тусламжийн 103-ыг дуудуулсан. Тэр дунд нэг эмэгтэй наад хужаагийн буруу гээд солиороод хашгирч байгаад явсан. Тэр үед нөгөө махлаг залуугийн зүрхийг нь хөөргөөд нөгөө эрэгтэй хэлэхдээ энэ эрэгтэй машины урд зогсоод явуулахгүй байсан, мөн намайг машины түлхүүрээр цохисон гээд байсан. Би бодохдоо машин гаргах гэж байгаад маргалдсан байх гэж бодсон. Хятад залуугийн эхнэр гэх монгол эмэгтэй нь манай нөхрийг урьд нь бас дарамталж байсан гээд хэлж байсан. Тэгээд би нөгөө махлаг монгол залууг өөрийнхөө хувийн эзэмшлийн машинд суулгаад Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс рүү аваад явсан. Нөгөө хятад эрэгтэйг 103-т үзүүлээрэй гээд явсан. Зодолдсон гэх 2 эрэгтэй нь архи согтууруулах ундаа хэрэглээгүй юм шиг харагдсан. Тэр махлаг эрэгтэйг машинд суулгаад аваад явахад зүв зүгээр байсан. Ямар нэгэн хөл нь хугарсан шинж харагдаагүй. Биед нь ямар гэмтэл бэртэл учирсан талаар одоо бол санахгүй байна. Сайн мэдэхгүй байна, ямарч байсан хөл нь хугарсан гээд нэг хөлөө бариад орилоод сууж байсан. /хх-ийн 68-69/ гэсэн,

 

гэрчээр Ж.Ургамалцэцэгийн:..2016 оны 5-р сарын 04-ний өдөр би Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Богд-Ар 9а байрны жижүүрээр ажиллаж байсан. Би 9а байрны 16 давхараас доош 2 давхар хүртэл хогоо зөөгөөд явж байтал  машины зогсоол дээр хүмүүс зодолдож байсан...Би хогоо хаяад буцаад 9а байр луу явсан. Би яг хэн хэнийг зодож байсныг хараагүй  Одоо сайн санахгүй байна. Миний зүрх муу учраас байнга өвддөг, зодоон болж байгааг хараад айсан. Тэгээд дараа нь хятад эрэгтэйгийн авгай гэх монгол эмэгтэй намайг утасны дугаараа өгөөч, манай талд гэрчээр байцаалт өгөөч гэхээр нь би өгч чадахгүй би юу болсон талаар сайн хараагүй, мэдэхгүй гэж тэр эгчид хэлсэн. Тэрнээс хойш уулзаагүй. Би ажлаасаа гараад Хэнтий аймгийн Бор Өндөр суманд очиж байж байгаад удаагүй ирээд энэ ажилдаа ороод ажиллаж байна. Би яаж зодолдож байгааг хараагүй. /хх-ийн 149-150/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд болон, 

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 30-42/, хохирогчийн анхны тусламж авсан бүртгэлийн хуулбар /хх-ийн 139-140/, хохирогч Ц.Гарьдад 3.000.000 төгрөг хүлээлгэн өгсөн гэх баримт /хх-ийн 143/ зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Прокуророос Б.Наранбатад холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчийн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, хэрэгт шалгагдвал зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ханх овогт Баасанхүүгийн Наранбатын үйлдсэн гэмт хэрэг нь танхайн гэмт хэргийн бүхий л шинжийг агуулж байх тул догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүхээс Б.Наранбатад ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах боломжтой гэж шүүх дүгнэв. 

Хохирогч Ц.Гарьд...Б.Наранбатаас нэг удаагийн эмчилгээний мөнгө болох 4000000 төгрөг авсан...санал гомдолгүй...гэсэн бичгийн хүсэлтийг шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шүүгдэгч Б.Наранбатыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Мөрдөн байцаалтын явцад Ц.Гарьдыг...Б.Наранбатыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан...гэх хэрэгт холбогдуулан шалгаж Прокурор 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 366 дугаартай тогтоолоор  яллагдагч Ц.Гарьдад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан  хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байгааг дурьдах нь зүйтэй. /хх-ийн 167/