Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2020/ДШМ/05

 

нарт   холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч З.Энхцэцэг, Л.Наранбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд хаалттай хийв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                   Н.Энхнаран   

Прокурор                                         С.*******

Шүүгдэгч                                           ******* /онлайнаар/

                                                          ******* /онлайнаар/

Шүүгдэгч нарын өмгөөлөгч             П.Одонтунгалаг /онлайнаар/

                                                            Э.Мягмардорж /онлайнаар/ нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/301 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Одонтунгалаг, Э.Мягмардорж нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******, ******* нарт холбогдох эрүүгийн 1702002350236 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Говь-******* аймагт 1959 оны 3 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, эрэгтэй, ******* овогт *******гийн *******, урьд Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 135 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 75 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1977 оны 5 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, эрэгтэй, ******* овогт *******ийн *******, урьд ял шийтгэлгүй.

Шүүгдэгч ******* нь Гаалийн ерөнхий газрын Дорнод аймаг дахь Гаалийн газрын даргаар ажиллаж байхдаа улаан буудайг зохих зөвшөөрөлгүй улсын хилээр нэвтрүүлж болохгүйг мэдсээр байж Монгол Улсын хилээр саадгүй нэвтрүүлэх хууль бус үйлдлийг далдлах зорилгоор албан тушаалаа урвуулан ашиглаж, 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр “******* групп”-ын 50 тонн арвайнд экспортын бүрдүүлэлт хийхийг зөвшөөрсөн албан бичгийг үйлдэн, Дорнод аймгийн Халхгол сум дахь Сүмбэр олон улсын авто замын шалган нэвтрүүлэх боомтод хүргүүлж, албан тушаалын хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, “******* ” ХХК-д давуу байдал бий болгосон,

“******* ” ХХК-ийн гүйцэтгэх захирал *******тэй бүлэглэн Монгол Улсын хилээр тарифын бус хязгаарлалттай нэвтрүүлэх барааны бүлэг жагсаалтын 23 дугаарт зааснаар стратегийн хүнсэнд багтсан 49 шуудай буюу 2332 кг улаан буудайг 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Халхгол сум дахь Сүмбэр олон улсын авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг албан тушаалынхаа байдлыг ашиглаж удирдан зохион байгуулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч ******* нь “******* ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Гаалийн ерөнхий газрын Дорнод аймаг дахь Гаалийн газрын дарга *******той бүлэглэн Монгол Улсын хилээр тарифын бус хязгаарлалттай нэвтрүүлэх барааны бүлэг жагсаалтын 23 дугаарт зааснаар стратегийн хүнсэнд багтсан 49 шуудай буюу 2332 кг улаан буудайг 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Халхгол сум дахь Сүмбэр олон улсын авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Батбаяр нь шүүгдэгч *******ыг “албан тушаалынхаа байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон, улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэхэд хамтран оролцсон, зохион байгуулсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь  хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар,

Шүүгдэгч *******ийг “улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэхэд  хамтран оролцсон, зохион байгуулсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь  хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/301 дүгээр шийтгэх тогтоолоор:

- Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийг бүлэглэн, албан тушаалынхаа байдлыг ашиглаж үйлдсэн,

- Шүүгдэгч  ******* овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан,Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийг бүлэглэн, албан тушаалынхаа байдлыг ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

- Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 6.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 6.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялаар,

- Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 6.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар оногдуулсан 6.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял дээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 6.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 12.000.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

- Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 320 ширхэг шуудай буюу 13525 кг арвай, 49 ширхэг шуудай буюу 2332 кг улаан буудай зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгож, БНХАУ-ын иргэн Hu ZHICHAO-ны 152202197405080011 дугаартай иргэний бичиг баримтыг Гадаадын иргэн харъяатын газарт шилжүүлж, шүүгдэгч *******ын 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 01/339 дугаартай албан бичиг, шүүгдэгч *******, ******* нарын ярианы бичлэгтэй 1 ширхэг СД-г тус тус хэрэгт хавсаргах, мөн HOWO маркийн УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигч “Энгис” ХХК-д буцаан олгож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирүүлсэн шүүгдэгч *******ын тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч *******ийн тоот иргэний үнэмлэхийн лавлагааг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус хүргүүлж,

- Дээрх 320 ширхэг шуудай буюу 13525 кг арвай, 49 ширхэг шуудай буюу 2332 кг улаан буудай, HOWO маркийн УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл зэрэг нь Дорнод аймгийн Хилийн цэргийн 024 дүгээр отрядын Дэгээ 5 заставт хадгалагдаж байгаа болохыг дурдаж,

- Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, ... шийдвэрлэжээ.

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч П.Одонтунгалаг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “... 1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон үндэслэлийн тухайд:

... Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэм буруутай үйлдлийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 01/339 тоот Сүмбэр дэх Гаалийн газрын эрхлэгч д гэж хаягласан “Гаалийн ерөнхий газрын дарга ын өгсөн зөвшөөрлийн дагуу ******* группын 50 тонн арвайнд экспортын бүрдүүлэлтийг хийхийг зөвшөөрөв” гэсэн албан бичиг бичиж, хүргүүлсэн үйлдэлд л буруутгажээ. Гэтэл уг албан бичиг “Гаалийн ерөнхий газрын дарга ын өгсөн зөвшөөрлийн дагуу ******* группын 50 тонн арвайд экспортын бүрдүүлэлт хийхийг зөвшөөрөв” гэсэн бичиглэл байдаг ба уг албан бичигт “улаан буудайг” гэсэн нэг ч үг өгүүлбэр байхгүй. Харин мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зөвшөөрөгдсөн экспортын гэрчилгээтэй арвайнд экспортын гаалийн бүрдүүлэлт хийхийг зөвшөөрөв гэж бичигдсэн байдаг. Энэ албан бичигт хууль бус үг, өгүүлбэр байхгүй бөгөөд Гаалийн байгууллага босоо удирдлагатай тул Гаалийн ерөнхий газрын даргын өгсөн чиг үүргийг албан бичгээр Сүмбэр олон улсын авто замын шалган нэвтрүүлэх боомтод хүргүүлсэн нь гэмт хэрэг гэж үзэж гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй. Мөн арвайнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас экспортын мэдэгдэл гэрчилгээ олгогдоогүй байхад гаалийн бүрдүүлэлт хийхийг зөвшөөрөв гэсэн зүйл байхгүй, эсхүл гаалийн бүрдүүлэлт хийхгүй байх буюу хянаж шалгалгүй хилээр гарга, хууль тогтоомж зөрч гэсэн нэг ч өгүүлбэр байхгүй байхад уг албан бичгийг бичсэн нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй.

... Арвай улсын хилээр экспортлох зөвшөөрөл авагдсан байхад гаалийн бүрдүүлэлт хийхгүй байх, зөвшөөрөгдсөн арвайг хилээр нэвтрүүлэхгүй байх үндэслэлгүй бөгөөд арвай, улаан буудай гэсэн хоёр зүйлийг ялгаж салгалгүй гэмт хэргийн шинжгүй, гэм буруугүй, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зөвшөөрөгдсөн гэрчилгээтэй арвайнд хуулийн хүрээнд гаалийн бүрдүүлэлт хийх нь хууль зөрчсөн үйл ажиллагаа огт биш бөгөөд хууль зөрчөөгүй үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэнд гомдолтой байна.

2. Хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд  заасны дагуу хориглосон, хязгаарлалт тогтоосон барааг улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн талаар:

“... Хэрэгт авагдсан тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр Хүнсний тухай хуульд заасан хүнс, стратегийн хүнсний төрөлд багтсан улаан буудай биш болох нь 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. ... Шинжээчийн дүгнэлтээр “******* ” ХХК-ийн 49 шуудай 2332 кг улаан буудай нь стратегийн хүнсний төрөл улаан буудай бишээс гадна, ургамлын үрслэг суулгацанд хамаарахгүй, малын тэжээл тул салбарын яамнаас зөвшөөрөл авч мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хорио цээрийн эрүүл ахуйн гэрчилгээ авах хуулийн шаардлага байхгүй ба Гаалийн тухай хуульд заасан тарифын бус хязгаарлалттай нэвтрүүлэх бараа стратегийн хүнс биш байна.

Иймд 2017 оны 11 сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Халхгол сумын Сүмбэр олон улсын авто замын шалган нэвтрүүлэх боомтоор “******* ” ХХК нэвтрүүлсэн улаан буудай нь хүнсний тухай хуульд зааснаар хүнс, стратегийн хүнсэнд хамаарахгүй тул Монгол улсын хилээр тарифын бус хязгаарлалттай нэвтрүүлэх барааны бүлэг жагсаалтын 23-т зааснаар стратегийн хүнс, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлд заасан улсын хилээр хориглосон буюу хязгаарласан бараа биш байх тул уг гэмт хэргийн ойлголт шинж үгүйсгэгдэж байна. Нэгэнт гэмт хэргийн ойлголт шинжийг хангаагүй, агуулаагүй Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлд заасан ... гэмт хэргийн ойлголт шинж байхгүй байхад Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан шийдвэрлэсэнд гомдолтой байна. ... Хүнсний тухай хуулийг буруу тайлбарлан Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхийг хориглосон хуулийн заалтыг зөрчин эрх зүйн байдлыг дордуулсан шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

3. Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан талаар:

“ Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 3, 4 дэх  заалтыг хэрэглээгүй хуулийг буруу хэрэглэсэн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн. “Улаан буудай нь шинжээчийн дүгнэлтээр хүнсний зориулалттай улаан буудайн шаардлага хангахгүй, малын тэжээлийн зориулалттай болох нь тогтоогдсон” гэсэн үндэслэлээр 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Нийслэлийн прокурорын газрын орлогч прокурор Ж.Сандагсүрэнгийн 48, 49, 50 дугаар тогтоолоор *******, *******, “******* ” ХХК-д эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг. Гэтэл Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Батбаяр 2018.06.13-ны өдөр 92 дугаартай тогтоолоор *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах мөн 2018.06.13-ны өдөр 93 дугаартай тогтоолоор *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, харин хуулийн этгээд “******* ” ХХК-д эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаагүй орхигдуулсан байдаг. Ийнхүү Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Батбаяр нь *******, ******* нарт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тогтоолыг хүчигүй болгосон дээд шатны прокурорын шийдвэр хүчин төгөлдөр байсаар байтал тэдгээрт 2018.06.13-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д заасныг ноцтой зөрчсөн. *******, ******* нарт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан талаарх өмгөөлөгчийн гомдлын хүрээнд Нийслэлийн прокурорын орлогч Ц.Насанбат хэргийг хянахдаа 2018.06.13-ны өдрийн *******, ******* нарт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан 92, 93 дугаартай хяналтын прокурор Г.Батбаярын тогтоолыг хүчингүй болгосон байдаг. ... Нийслэлийн прокурорын газрын орлогч прокурор Ж.Сандагсүрэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 50 дугаартай тогтоол одоо ч хүчин төгөлдөр байхад ... *******, ******* нарыг гэм буруутайд тооцож, харин хуулийн этгээдийг орхигдуулсан яллах дүгнэлт, болон шүүхийн шийтгэх тогтоол, хууль ёсны үндэслэл бүхий байх, хэргийн бодит байдалд үндэслэгдсэн нийцэж байх зэрэг хуулийн шаардлагад нийцээгүй болно. Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн эрх ашиг сонирхлын төлөө гэмт хэрэг үйлдсэн гэж *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлагаас ямар үндэслэлээр хамаарахгүй буюу эрүүгийн хариуцлага хүлээх ёсгүй гэж үзэж байгаа нь ойлгомжгүй шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. ... Нэг зүйлийн талаар хэлэхэд малын тэжээл, стратегийн хүнс улаан буудай гэж зөрүүтэй дүгнэлт хийсэн байхад шүүх уг зөрүүг гаргалгүй нотолбол зохих байдал бүрэн гүйцэт шалган тогтоох ажиллагааг нэмж гүйцэтгүүлэхгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4. Хуульд заасан журмаар цуглаагүй нотлох баримтыг үнэлэн шийдвэрлэсэн тухайд:

Тус хэрэгт мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүнг нотлох баримтаар тооцохдоо хуулийн шаардлага хангаагүй нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэсэнг хүлээн зөвшөөрөхгүй байна. ... 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 170200235 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тогтоол авагдсан байдаг. Харин нууц ажиллагааны магадлагаанд 170200233 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэгт харилцаа холбооны хэрэгсэлд нэвтэрч мөрдөн шалгах ажиллагааны зөвшөөрөл өгөгдсөн байна. Ийнхүү хоёр өөр хэрэг бүртгэлтийн хэргийн дугаарыг шүүх дүгнэхдээ техникийн шинжтэй алдаа анхаарч ажиллах нь зүйтэй гэж илт үндэслэлгүй дүгнэлт хийсэн. ... Гэтэл гэмт хэрэг гарахаас өмнөх цаг хугацаа буюу 2017 оны 11 дүгээр сарын 27-нд гэмт хэрэг үйлдэгдсэн байхад 2017 оны 11 сарын 07-ны өдрийн утсыг нууцаар чагнасан магадлагааг 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хэрэг бүртгэлийн хэрэг нээх 140200235 дугаартай тогтоолын сүүлийн тоо цифрийг бичихдээ техникийн алдаа гаргажээ гэж шийтгэх тогтоолд шүүхээс дүгнэсэн нь үндэслэлгүй. ... Уг магадлагаа явуулсан хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн 170200233 дугаартай тогтоол хэрэгт авагдаагүй байхад уг нотлох баримтыг хууль ёсны гэж шүүх үнэлж дүгнэж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

5. Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн тухайд:

Шүүх хөндлөнгийн байх, хууль ёсны эрх тэгш байх зарчмыг зөрчиж прокурорын зүгээс эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлтэд огт журамлаагүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг шүүх өөрийн санаачлагаар журамлан шийдвэрлэсэн байгаа нь шүүгдэгч ямар гэмт хэрэгт буюу эрүүгийн хуулийн ямар зүйл хэсэгт буруутгагдаж байгааг мэдэх, мэдүүлэг өгөх, хэргийн баримттай танилцах эрхийг ноцтой зөрчсөн. Шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д гэж хуулийн зүйл хэсэг нэмэгдэж уг зүйл хэсгээр гэмт хэрэгт хэрхэн оролцсон оролцоог шүүх тогтоосон нь үндэслэлгүй, шүүх яллах чиг үүргийг хэрэгжүүлж мэтгэлцэх зарчмыг хязгаарласан. Өмгөөлөгч нар прокурорын журамлаж хэрэглээгүй хуулийн зүйл хэсгээр мэтгэлцэх боломжгүй байсан болно.

Иймд хэргийг бүхэлд нь хянан хуульд заасны дагуу прокурорт буцаан шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Э.Мягмардорж 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо:

“...1. Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хууль, хориглосон, хязгаарлалт тогтоосон барааг улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн талаар:

“******* ” ХХК-ийн 49 шуудай буюу 2332 кг 1 189 000 төгрөгийн үнэ бүхий улаан буудай гэх малын тэжээл нь Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийн ойлголт шинжийг хангасан Хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон, хязгаарлалт тогтоосон бараа биш байна. ... 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...улаан буудай нь хүнсний улаан буудайн стандартын шаардлага хангаагүй, малын тэжээлд ашиглаглах боломжтой ... улаан буудай нь ургамлын үрслэг суулгацанд хамаарахгүй” гэжээ. Шалгаж буй эрүүгийн хэрэгт  49 шуудай буюу 2332 кг 1 189 000 төгрөгийн үнэ бүхий улаан буудай гэх малын тэжээлийг Хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон, хязгаарлалт тогтоосон бараа болох Хүнсний тухай хуульд заасан “стратегийн хүнс” гэж тодорхойлон эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль бус байна. Шинжээчийн дүгнэлтээр “******* ” ХХК-ийн 49 шуудай 2332 кг улаан буудай нь стратегийн хүнсний төрөл улаан буудай бишээс гадна, ургамлын үрслэг суулгацанд хамаарахгүй, малын тэжээл тул салбарын яамнаас зөвшөөрөл авч мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хорио цээрийн эрүүл ахуйн гэрчилгээ авах хуулийн шаардлага байхгүй ба Гаалийн тухай хуульд заасан тарифын бус хязгаарлалттай нэвтрүүлэх бараа, стратегийн хүнс биш байна. ... Малын тэжээл нь хүний хүнсний зүйл, хүнсний түүхий эд биш тул зөвхөн улаан буудай гэх нэршлээр нь ... Хүнсний тухай хуулийг буруу тайлбарлан Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхийг хориглосон хуулийн заалтыг зөрчин эрх зүйн байдлыг дордуулсан шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2. Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан талаар:

“Улаан буудай нь шинжээчийн дүгнэлтээр хүнсний зориулалттай улаан буудайн шаардлага хангахгүй, малын тэжээлийн зориулалттай болох нь тогтоогдсон” гэсэн үндэслэлээр 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Нийслэлийн прокурорын газрын орлогч прокурор Ж.Сандагсүрэнгийн 48, 49, 50 дугаар тогтоолоор *******, *******, ******* ХХК-д эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаас татсан тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг. Гэтэл Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Батбаяр 2018.06.13-ны өдөр 93 дугаартай тогтоолоор *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж харин хуулийн этгээд “******* ” ХХК-ийг эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаагүй орхигдуулсан байдаг. Ийнхүү Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Батбаяр нь *******, ******* нарт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тогтоолыг хүчигүй болгосон дээд шатны прокурорын шийдвэр хүчин төгөлдөр байсаар байтал тэдгээрт 2018.06.13-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д заасныг ноцтой зөрчсөн. *******, ******* нарт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан талаарх өмгөөлөгчийн гомдлын хүрээнд Нийслэлийн прокурорын орлогч Ц.Насанбат хэргийг хянахдаа 2018.06.13-ны өдрийн *******, ******* нарт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан 92, 93 дугаартай хяналтын прокурор Г.Батбаярын тогтоолыг хүчингүй болгосон байдаг. Нийслэлий прокурор Ш.Нямдорж 53, 54 дүгээр тогтоолоор *******, ******* нарт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгосон 2018.11.27-ны өдрийн 48, 49 дугаартай Нийслэлийн прокурорын орлогч Ж.Сандагсүрэнгийн тогтоолыг хүчингүй болгосон байдаг. Дээрх тогтоолууд гарсны дараа Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Батбаяр нь *******, ******* нарын эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан шийдвэрлэж шийтгэх тогтоол гаргасан. Гэтэл малын тэжээл гэсэн үндэслэлээр “******* ” ХХК-д эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгосон Нийслэлийн прокурорын орлогч Ж.Сандагсүрэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 50 дугаартай тогтоол одоо ч хүчин төгөлдөр байхад малын тэжээл стратегийн хүнс улаан буудайг хууль бусаар улсын хил нэвтрүүлсэн гэж 2 жилийн хөдөлмөрийн котранктаар ажиллаж контрактын хугацаа нь одоо дуусч “******* ” ХХК-ийн захирлын үүрэгт ажлаасаа гарсан *******ийг гэм буруутайд тооцож үйлдсэн яллах дүгнэлт болон шүүхийн шийтгэх тогтоол, хууль ёсны үндэслэл бүхий байх, хэргийн бодит байдалд үндэслэгдсэн нийцэж байх зэрэг хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхлын төлөө гэмт хэрэг үйлдсэн ******* гэж тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлагаас ямар үндэслэлээр хамаарахгүй буюу эрүүгийн хариуцлага хүлээх ёсгүй гэж үзэж байгаа нь ойлгомжгүй шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

3. Хуульд заасан журмаар цуглараагүй нотлох баримтыг үнэлэн шийдвэрлэсэн тухайд:

Тус хэрэгт мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүнг нотлох баримтаар тооцохдоо хуулийн шаардлага хангаагүй нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэсэнг хүлээн зөвшөөрөхгүй байна.  1-р хавтасны 1 дүгээр хуудсанд 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 170200235 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тогтоол авагдсан байдаг. Харин нууц ажиллагааны магадлагаанд 170200233 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэгт харилцаа холбооны хэрэгсэлд нэвтэрч мөрдөн шалгах ажиллагааны зөвшөөрөл өгөгдсөн байна. Ийнхүү хоёр өөр хэрэг бүртгэлтийн хэргийн дугаарыг шүүх дүгнэхдээ техникийн шинжтэй алдаа гэж анхаарч ажиллах нь зүйтэй гэж илт үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Шүүгчийн дүгнэсэн шиг хэрэг бүртгэлтийн 2 дугаар гэж өмгөөлөгчийн мэтгэлцсэн хэргийн дугаарын төгсгөлийн 3 ба 5 гэснийг техникийн алдаа гэж үзсэнийг зөв гэвэл шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэг 2017.11.27-ны өдөр үйлдэгдсэн гэж 2017.12.14-ний өдөр гэж хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдсэн байдаг. Уг хэрэг бүртгэлтийн дугаартай хэрэгт Улсын ерөнхий прокурорын тусгай хяналтын прокурорын харилцаа холбооны хэрэгсэлд нууцаар нэвтрэх зөвшөөрөл өгсөн бол 2017.11.07-ны өдрийн утасны яриаг чагнах боломжгүй. Гэтэл 2017.11.07-ны өдрөөс эхлэн нууцаар утас чагнасан байдаг бөгөөд шүүхийн дүгнэсэн шиг техникийн шинжтэй алдаа биш, ЭХХШТХ-ийг ноцтой зөрчсөн зөрчил мөн болох нь хавтаст хэрэгт авагдаагүй хэрэг бүртгэлтийн дугаартай хэрэгт прокуророос өгсөн зөвшөөрлөөр тодорхой харагдаж байна. ... Гэтэл гэмт хэрэг гарахаас өмнөх цаг хугацаа буюу 2017 оны 11 дүгээр сарын 27-нд гэмт хэрэг үйлдэгдсэн байхад 2017 оны 11 сарын 07-ны өдрийн утсыг нууцаар чагнасан магадлагааг 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хэрэг бүртгэлийн хэрэг нээх 140200235 дугаартай тогтоолын сүүлийн тоо цифрийг бичихдээ техникийн алдаа гаргажээ гэж шийтгэх тогтоолд шүүхээс дүгнэсэн нь үндэслэлгүй. ... мөрдөн шалгах ажиллагаа явуулах прокурорын зөвшөөрлийн дугаар байгаа ба харин огноо байхгүй байгаа нь хуулиар тавигдах шаардлага хангаагүй байхад шүүх нотлох баримтаар үнэлсэн нь хууль бус байна. Уг магадлагаа явуулсан хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн 170200233 дугаартай тогтоол хэрэгт авагдаагүй байхад уг нотлох баримтыг хууль ёсны гэж шүүх үнэлж дүгнэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд хүний эрхэд халдан, нууцаар тагнаж чагнаж мөрдөн шалгах нууц ажиллагаа нь хуульд нийцсэн байх, эх сурвалж, арга хэрэгсэл нь л нууц байхаас биш харин хуулиар хэзээ ямар дугаартай зөвшөөрлөөр хийснийг хуульчлан тогтоосон мэдээлэл мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаанд тавигдаж прокурорын зөвшөөрлийн дугаар, уг дугаар бүхий зөвшөөрөл хэзээ олгогдсоныг мэдэх боломжтой байх эдгээр баримттай хуульд зааснаар яллагдагч, шүүгдэгч тэдгээрийн өмгөөлөгч танилцах эрх байхад нууцаар утсаа чагнуулсан шүүгдэгч түүний өмгөөлөгч бодит мэдээлэл авах боломжийг хязгаарлаж хэрэгт байхгүй нотлох баримтыг шалгуулах, хэрэгт авахуулах хүсэлтийг шүүх хүлээн авалгүй, техникийн шинжтэй алдаа гэж дүгнэсэнд гомдолтой байна.

4. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тухайд:

Шүүх хөндлөнгийн байх, хууль ёсны эрх тэгш байх зарчмыг зөрчиж прокурорын зүгээс эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлтэд огт журамлаагүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг шүүх өөрийн санаачлагаар журамлан шийдвэрлэсэн байгаа нь шүүгдэгч ямар гэмт хэрэгт буюу эрүүгийн хуулийн ямар зүйл хэсэгт буруутгагдаж байгааг мэдэх, мэдүүлэг өгөх, хэргийн баримттай танилцах эрхийг ноцтой зөрчсөн. Шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д гэж хуулийн зүйл хэсэг нэмэгдэж уг зүйл хэсгээр гэмт хэрэгт хэрхэн оролцсон оролцоог шүүх тогтоосон нь үндэслэлгүй, шүүх яллах чиг үүргийг хэрэгжүүлж мэтгэлцэх зарчмыг хязгаарласан. Өмгөөлөгч нар прокурорын журамлаж хэрэглээгүй хуулийн зүйл хэсгээр мэтгэлцэх боломжгүй байсан болно. Түүнчлэн шүүх тухайн улаан буудайг хүнсний зориулалттай биш гэж үзэж хуулийн этгээдийг буюу “******* ” ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэрийг зөвтгөж байгаа хирнээ шүүгдэгч *******д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохгүй байгаа нь Монгол улсын иргэн хэн боловч шүүх, хуулийн өмнө тэгш эрхтэй байх хүний язгуур эрхийг зөрчсөн үйлдэл болсон гэж үзэж байна. Иймд хэргийг бүхэлд нь хянан хуульд заасны дагуу *******ийг гэм буруугүйд тооцож хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор С.******* дүгнэлтдээ: ... Өмгөөлөгч нар Сандагсүрэн прокурорын тогтоолын талаар ярьж байна. Дээд шатны прокурорт хяналтын прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгох эрх нь байгаа. Хэрвээ тухайн хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан бүх тогтоолыг хүчингүй болгочихвол энэ хэрэг маань мөрдөн байцаалтын хэрэг байснаа эргээд хэрэг бүртгэлтийн хэрэг болчихдог. Ингээд хэрэг бүртгэлтийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байхад хяналтын прокурор Батбаяраас өөрийн эрх хэмжээний дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна. Энэ нь ямар хуулийн зүйл заалтыг зөрчиж байгаа талаар өмгөөлөгч нар тодорхой хэлсэнгүй. Хоёрдугаарт, улаан буудайн асуудал яригдаж байна. Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 10 сарын 25-ны өдрийн 219 дүгээр тогтоолын хавсралтаар “Монгол Улсын хилээр тарифын бус хязгаарлалттай нэвтрүүлэх барааны бүлэг жагсаалт” гэж батлагдсан байдаг. Энэ жагсаалтын 23 дугаарт стратегийн хүнс гэж байгаа. Хүнсний тухай хуульд улаан буудай нь стратегийн хүнс юм гэдгийг маш тодорхой заасан байгаа. Чанар байдлын хувьд ийм байх ёстой гэсэн зааглалт огт хийгээгүй. Эрүүгийн хуульд “...хязгаарлалт тогтоосон барааг нэвтрүүлсэн бол...” л гэж байгаа. Хязгаарлалт тогтоосон барааны жагсаалтад улаан буудай орсон байгаа. Үүнийг чанар муу бол улаан буудайнд тооцохгүй гэсэн зохицуулалт байхгүй. Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, оролцогч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******ын өмгөөлөгч П.Одонтунгалаг, шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Э.Мягмардорж нарын давж заалдах гомдлыг үндэслэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хуульд заасны дагуу хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх” гэмт хэргийг бүлэглэн, албан тушаалынхаа байдлыг ашиглан үйлдсэн; мөн шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн байна. Хүнсний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6, 6 дугаар зүйлийн 6.8-д зааснаар хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгуулагаас олгосон зөвшөөрлийг үндэслэн улаан буудайг экспортлох боломжтой байна. Гэтэл шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн, 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр,  ийм зөвшөөрөлгүй 49 шуудай улаан буудайг нууцаар Монгол Улсын хилээр гаргах ажлыг зохион байгуулсан болох нь нууц ажиллагааны магадлагаа, Дорнод аймгийн Гаалийн газрын даргын 2017 оны 01/339 тоот албан бичиг,  гэрчүүдийн мэдүүлэг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Одонтунгалаг, Э.Мягмардорж нарын гаргасан давж заалдах гомдлыг  дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Давж заалдах гомдолд “шинжээчийн дүгнэлтээр уг улаан буудай нь хүнсний улаан буудайн стандартын шаардлага хангахгүй, харин малын тэжээлд хэрэглэх боломжтой гэдэг нь тогтоогдсон учраас энэхүү улаан буудайг Хүнсний тухай хуульд заасан стратегийн хүнсэнд хамааруулах, улмаар шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5-д заасан хязгаарлалт тогтоосон барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй” гэж дурджээ. Хэргийн материалыг судлан үзвэл, Авилгатай тэмцэх газрын мөрдөгч 2018 оны 04 сарын 06-ны өдөр дээрх улаан буудайнаас дээж авч, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдал үндэсний лавлагаа лабораторт хүргүүлж шинжилгээ хийлгэхэд “49 шуудай хүнсний улаан буудай нь Монгол Улсын MNS0097:2010 стандартын чанарын шаардлага хангахгүй, малын тэжээлээр ашиглаж болно” гэсэн дүгнэлт гарсан /2-р хавтасны 12-р хуудас/, энэхүү дүгнэлтийг гаргасан шинжээч Д.Цэрэндуламаас  мэдүүлэг авахад “улаан буудай нь тус стандартад заагдсан чийг болон тарианы хольцоороо чанарын шаардлага хангаагүй. Хүнсний буудай нь чийг 15-аас ихгүй байхаас 16.4 хувьтай, тарианы хольц 5 хувиас ихгүй байхаас 8.74 хувьтай байгаа юм...тухайн үед чанарын шинжилгээнд хамрагдаагүй байсан учраас 2017 оны 11 дүгээр сарын 28-ны үеийн байдлаар чанарыг тодорхойлох боломжгүй. Хадгалалтын горимоос шалтгаалаад үр тарианы чанарт өөрчлөлт ордог...” гэсэн байна. /2-р хавтасны 18-21-р хуудас/

Гэвч шүүгдэгч нар хязгаарлалт тогтоосон барааг хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байгаагаа ойлгож ухамсарлаж үйлдэл хийсэн, мөн улаан буудайн чанараас шалтгаалан хязгаарлалтгүйгээр (яамны зөвшөөрөлгүйгээр) хил нэвтрүүлдэг эрх зүйн зохицуулалт байхгүй гэх нөхцөлүүдийг тооцон үзвэл уг улаан буудайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуулиар хязгаарлалт тогтоосон бараа” гэх ойлголтод хамааруулсан анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Мөн давж заалдах гомдолд “нууц ажиллагааны магадлагаа дээр 174100023 гэх хэргийн дугаар бичигдсэн. Гэтэл энэ хэргийн дугаар нь 170200235 байгаа. Энэ хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс өмнө *******ыг нууцаар чагнаж байсан болж таарч байна. 174100023 гэх хэрэг нээсэн тогтоол авагдаагүй, ямар хэрэгт, ямар хугацаагаар олгосон зөвшөөрлөөр нууцаар чагнах ажиллагаа хийгдсэн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч бодит мэдээлэлгүй, ойлгохгүйгээр хэрэг шийдэгдэж байгаа нь тэдний нотлох баримттай танилцах, мэтгэлцэх эрхийг зөрчсөн гэж үзэх, улмаар нууц ажиллагааны магадлагааг хууль бус нотлох баримт гэж үзэх үндэслэл болно. Шүүх үүнийг техникийн алдаа гэж үндэслэлгүй дүгнэсэн” гэж  дурджээ.

Хэргийн 4 дүгээр хавтаст авагдсан нууц ажиллагааны магадлагаанаас үзвэл харилцаа холбооны сүлжээнд нэвтэрч хяналт тогтоох ажиллагаа энэ хэрэг үйлдэгдэхээс өмнө, хэрэг бүртгэлтийн 174100023 дугаартай хэрэгт хийгдсэн байх бөгөөд харин 174100023 дугаартай хэрэг нь чухам ямар хэрэг байсан гэдэг нь энэ хэргийн материалаас тодорхой харагдахгүй байгаа, прокурорын зөвшөөрлийн огноог нууц ажиллагааны магадлагаанд тусгаагүй байгаа нь үнэн. Гэвч уг ажиллагаа нь Улсын Ерөнхий Прокурорын Газрын Гүйцэтгэх ажил хариуцсан хяналтын прокурорын зөвшөөрөлтэй хийгдсэн ба ажиллагааны үр дүнг Улсын Ерөнхий Прокурорын  Газрын тусгай хяналтын хэлтсийн ахлах прокурор баталгаажуулсан байна. Иймд нууц ажиллагааны үр дүнг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.8 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж үзэж, энэ хэргийн нотлох баримтаар тооцох үндэслэлтэй бөгөөд, давж заалдах гомдолд дурдсан шалтгаанаар хууль бус нотлох баримт гэж үзэх буюу хэргийн оролцогчдын эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч нь нууц ажиллагаа хууль бусаар явагдсан гэж үзэж байгаа бол гомдлоо Гүйцэтгэх ажлын тухай хуульд заасан журмын дагуу, энэ ажилд хяналт тавих эрх үүрэг бүхий байгууллага, албан тушаалтанд гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй.

Түүнчлэн давж заалдах гомдолд, — “******* Агро Трейд” ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол одоо ч хүчин төгөлдөр байгаа, уг хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаагүй атлаа *******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа нь хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн “хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэх заалтыг зөрчсөн гэжээ.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлээгүй хүн, хуулийн этгээд хэлэлцэж буй хэрэгт нь гэм буруутай эсэх талаар дүгнэх, улмаар энэ дүгнэлтээ нотлуулахаар хэлэлцэж буй хэргээ прокурорт буцаах шүүхийн эрх хэмжээ туйлын хязгаарлагдмал юм. Энэ хязгаарлалт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэх заалтын агуулга дотор багтаж байгаа. Нөгөөтэйгүүр, шүүгдэгчтэй хамт, эсхүл түүнтэй нэгэн адил эрүүгийн хариуцлагад татагдвал зохих этгээд татагдаагүй байна гэсэн шалтгаанаар, гэм буруутай нь нотлогдсон хүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхийг шүүхээс шаардсан утга санаа Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тусгагдсан “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэх заалт болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн агуулгад байгаа гэж үзэх нь тун эргэлзээтэй, үндэслэл муутай дүгнэлт болно.

“******* нь зөвхөн арвай гаргах гаалийн бүрдүүлэлт хийх бичиг үйлдсэн, уг бичигт хууль зөрчиж улаан буудай гарга гэсэн нэг ч үг, өгүүлбэр байхгүй” гэсэн мэтгэлцээн нь давж заалдах гомдлын бас нэг үндэслэл болжээ. ******* нь арвайгаар халхавчилсан улаан буудай нууцаар хилээр гарах гэж байгааг урьд нь мэдсэн атлаа, хил дээр гарах саадыг арилгах зорилгод өөрийн эрхэлж буй албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, гаалийн хяналт шалгалт хийх эрх үүрэг бүхий албан тушаалтан руу утсаар ярих, бичиг хийж явуулах зэргээр бусдад зүй бус давуу байдал бий болгоход чиглэсэн үйлдлүүдийг хийсэн байна. Иймд энэхүү үндэслэлийг хүлээн авах боломжгүй юм.

Прокурор яллах дүгнэлтдээ шүүгдэгч *******, ******* нарыг бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн байх тул, шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамласан шүүхийн ажиллагааг хууль зөрчсөн эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй бөгөөд шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Дээр дурдсан үндэслэлүүдээр шүүгдэгч *******ын өмгөөлөгч П.Одонтунгалаг, шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Э.Мягмардорж нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.9 дүгээр зүйлийн  1.1, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/301 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ын өмгөөлөгч П.Одонтунгалаг, шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Э.Мягмардорж нарын давж заалдах гомдлыг тус тус  хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.ДОЛГОРМАА                         

                  ШҮҮГЧИД                                                       З.ЭНХЦЭЦЭГ

                                                                                          Л.НАРАНБАЯР